| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 188/2018/0126/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1384 |
| Огноо | 2020-10-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2020/ДШМ/1384
2020 10 29 2020/ДШМ/1384
Т.М-, Э.Ө- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Очирсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэмбээ, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,
шүүгдэгч Т.М-гийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Э.Ө-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Д.Чинзориг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Бямбаабаатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/862 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ө-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.М-, Э.Ө- нарт холбогдох эрүүгийн 1708000000230 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. М-,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
2. Ө-,
Т.М-, Э.Ө- нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц..Б-Э-ийн цээжин тус газарт нь цохиж, газарт унаган толгой нүүрэн тус газар нь цохиж зодон, толгойд нь “баруун зулайн шугаман хугарал баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулан алсан,
Т.М- нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Ц.Б-Э-ийн өмсөж явсан улаан өнгийн куртикыг дээрэмдэн авсан,
Э.Ө- нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Ц.Б-Э-ийн халаасанд байсан “Nokia” загварын гар утсыг дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Ө-, Т.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокуророос шүүгдэгч М-, Ө- нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг,
шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
шүүгдэгч Ө-ыг 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 10.1 дүгээр зүйл 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж,
М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Ө-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ял, шүүгдэгч Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Т.М-д энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1114 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Т.М-гийн цагдан хоригдсон 760 /долоон зуун жар/ хоногийг, Э.Ө-ын цагдан хоригдсон 758 /долоон зуун тавин найм/ хоногийг тус тус эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэмбээгээс нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 40.000.000 төгрөг, нийт 41.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.М-, Э.Ө- нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Ө- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...талийгаачид учирсан үхлийн гэмтлийн талаар цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.Ганболд шүүх хуралдаанд “Цээжин тус газарт цохих болон газарт унах хүчний үйлчлэлийн аль алинаар нь талийгаачид учирсан гэмтлүүд үүсэхгүй. Зөвхөн толгойд шууд чиглэсэн цохилтын улмаас тэдгээр гэмтлүүд үүсэж амь нас хохирсон” гэж мэдүүлсэн. Энэ нь 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс тодорхой харагдана. Миний мэдүүлэгт “Булан тойроод харахад талийгаачийг М- унагаачихсан, энгэр хэсгээс нь татаж өндийлгөж байгаад баруун гараараа нүүрэнд нь цохисон” гэдэг. М- гэрч Бодьхүүгийн машинд орж суугаад гэрч Өсөхбаатар, Бодьхүү нарт хандан “Өсөхөө би тэр залууг гоё цохиж унагаасан уу, чи харсан уу” гэх мэдүүлэг, гэрч Өсөхбаатарын “М- гартаа улаан өнгийн куртик барьчихсан машинд орж ирээд Ө-т хандаж “Би сая гоё цохиж унагаасан, чи харсан уу” гэх мэдүүлэг байдаг бөгөөд ингэж хэлснийг Бодьхүү бид хоёр сонссон. Мөн М-, Ө-, Бодьхүү бид дөрөв хамт хоносон нь үнэн гэж мэдүүлжээ. М- нь талийгаачийг цохиж унагаасныхаа дараа нүүрэнд нь баруун гараараа цохисон нь Ө- миний мэдүүлэг болон гэрч Өсөхбаатарын мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2264 дугаартай дүгнэлтэд “ГССҮТ-ийн өвчний түүх 13407-д биеийн байдал маш хүнд, комын байдалтай, дээд, доод уруул хавантай. Цогцосны гадна үзлэг уруулын баруун талд хөх өнгийн цус хурсан.” гэжээ. Ө- миний болон гэрч Өсөхбаатарын, шинжээч эмч Ц.Ганболдын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг болон дүгнэлт зэргээр М-гийн цохиж унагаасныхаа дараа нүүрэнд нь цохисон үйлдлийн улмаас талийгаачийн амь нас эрсэдсэн нь хөдөлбөргүй тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар нь гэрч Өсөхбаатараас асуусан асуултад “гэрч Бодьхүү та хоёрын хэн нь үнэн ярьж байна бэ” гэхэд, гэрч Өсөхбаатар нь “Би үнэн ярьж байна, би Бодьхүүтэй нүүрэлдэхэд бэлэн байна” гэдгээ шүүгчид 2-3 удаа хэлсэн. Мөрдөн байцаагч нь ажил тарж байхад ажил дээр ирээд мэдүүлэг авч уншиж танилцуулалгүй гарын үсэг зуруулаад явсан гэсэн. Ө-ын аав Энхбаяр нь хэргийн талаар үнэн зөвийг нь хүүхдээрээ хэлүүлээд өгөөрэй гэсэн. Гэрч Бодьхүү хэрэг болохын өмнө М- бид хоёртой санаа зорилгоороо нэгдэж дээрэм хийх зорилготой явж байсан бас машинаараа үйлчилсэн хүн. Бодьхүү энэ хэргээс зайлсхийх үүднээс Өсөхбаатарыг анхны мэдүүлэгтээ дурсдаггүй. Бас гэрч Өсөхбаатар луу facebook-ээр “чи бид хоёр одоо нэг нэгнийгээ танихгүй шүү” гэх агуулгатай чат явуулсныг нь гэрч Өсөхбаатар шүүхэд мэдүүлсэн. Бодьхүү нь шүүхээс дуудахад ирдэггүй хэрнээ мөрдөн байцаагч дээр болохоор очоод байцаалт өгчихдөг. Ө-ын мэдүүлэг дандаа зөрдөг, худал, харин М-гийн мэдүүлэг үнэн гэдэг. Харин ч эсрэгээрээ би хэрэг учрал болсон процессыг болон талийгаачийг М- хаана цохисон талаар анхан шатны мөрдөн байцаалтаас Улсын дээд шүүх хүртэл тогтвортой мэдүүлдэг. Би М-гийн худал мэдүүлснийг мэдээд л 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээс л гэрч Өсөхбаатар, Анхбат, Эрдэнэбат нарыг асуулгах, мөн баруун гараа хаана яаж гэмтээснээ, М-, Бодьхүү, Өсөхбаатар бид дөрөв хамт байснаа үнэнээр нь мэдүүлсэн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Ө- 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хорих ангиас суллагдан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсны дараа гэрч Өсөхбаатар, Анхбат, Ширчинням нарын өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх эргэлзээтэй гэж дүгнэсэн. Би 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээс анхан болон давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх хүртэл гэрч Өсөхбаатар, Анхбат, Ширчинням, Эрдэнэбат нараас мэдүүлэг авахуулах хүсэлттэй байна гэдгээ илэрхийлсэн. Дээрх гэрчүүдээс мэдүүлэг авах боломжийг Улсын дээд шүүх 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 440 дугаартай тогтоолоор олгосон. Би М- нь талийгаачийн хаана, яаж цохисон болон хамт санаа зорилгоороо нэгдэж байсан Бодьхүү, мөн Өсөхбаатар нарыг үнэн зөвөөр хэлдэг. Энэ хэрэгт миний бие хэлмэгдэж байна.
Иймд надад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10 жилийн хорих ялыг хэрэгсэхгүй болгох, эсхүл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлийг баримтлан давж заалдах гомдол гаргаж байна.
Шийтгэх тогтоолоор Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхдээ:
1. Шийтгэх тогтоолын гэм буруугийн талаарх хэсэгт “...Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт... далан дээр амь хохирогч Ц.Б-Э-э явж байсан байх бөгөөд... жалганы үзүүр дээр Э.Ө- нь хохирогчийг цохин, мөстэй халтиргаатай газар баруун хажуугаар нь унагаж амь хохирсон болох нь...” /ШТ-н 17-18 нүүр/ гэжээ.
Дээрх дүгнэлт нь дараах байдлаар няцаагдаж байна. Үүнд:
1.1 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон шинжээч эмч Ц.Ганболд шүүх хуралдаанд хариулахдаа: “...цээжин тус газарт цохих болон газарт унах хүчний үйлчлэлийн аль алинаар нь талийгаачид учирсан дээрх гэмтлүүд үүсэхгүй. Зөвхөн толгойд шууд чиглэсэн цохилтын улмаас тэдгээр гэмтлүүд үүсэж амь нас хохирсон” гэж дүгнэлтээ тайлбарласан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгээс тодорхой харагдана. Үүнээс харвал шууд толгойд цохисон хэн нэгэн хүний үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон болох нь тодорхой болж байх бөгөөд хэн толгойд нь цохисон бэ гэдэг асуудлыг нотлох баримтад тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой гэдэг нь ойлгомжтой.
1.2 Гэрч Н.Өсөхбаатарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн “...машинд орж ирж суухдаа М- нь Ө-т хандаж “Би сая гоё цохиж унагаасан. Харсан уу” гэж хэлж байсан... Би өөрийн сонссон зүйлээ үнэн зөвөөр мэдүүлж байна. Энэ талаараа ч Бодьхүүтэй нүүрэлдэхэд бэлэн байна...” гэж мэдүүлгээ өгсөн.
Нэг ёсны хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдал буюу шинжээчийн мэдүүлснээр үхэлд хүргэсэн гэмтлийг буюу хохирогчийн толгойд шууд чиглэсэн цохилтыг хэн үйлдсэн бэ гэдэг дүгнэлтийг хийхийн оронд халтиргаатай газарт унаж гэмтэл авсан мэтээр шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байгаа юм.
2. Шийтгэх тогтоолын гэм буруугийн талаарх хэсэгт “Шүүгдэгч Т.М-гийн мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд удаа дараа өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдээгүй, харин шүүгдэгч Э.Ө-ын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдсэн болно” гэжээ.
2.1 Шүүгдэгч Т.М-гийн мөрдөн байцаалтад мэдүүлж байсан мэдүүлгүүдийг өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан болгон дээр нотлох баримтаар шинжлэн судалж байсан. Тухайлбал, сэжигтнээр өгсөн Т.М-гийн мэдүүлэг /1хх 134-139/, яллагдагчаар өгсөн Т.М-гийн мэдүүлэг /1хх 140-142/, дахин өгсөн мэдүүлэг /1хх 146-147/ болон өмнөх шүүх хуралдаануудад хариулж байсан хариултууд зэргийг давж заалдах шатны шүүх анхаарч уншина гэдэгт итгэж байна. Тэдгээрээс харвал, яллагдагч Т.М- нь эхэндээ “Ө- цээжинд нь цохисон” гэж байснаа шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нь хэрэгт авагдсаны дараагаар “Ө- толгойд нь цохисон” гэж өөрчлөгдөнө. Түүнчлэн шүүх хуралдаануудад “Шаабига хочтой Өсөхбаатарыг огт танихгүй, тэр өдөр ийм хүн огтоос байгаагүй” гэж ч мэдүүлж ирсэн.
2.2 Шүүгдэгч Э.Ө-ын мэдүүлгийг тогтворгүй, зөрүүтэй гэж шүүх дүгнэснийг харин ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. “Хүнийг алах” гэмт хэргийн үйл явц буюу талийгаачтай хэрхэн тааралдсан, юу болсон, хэн талийгаачийг яаж цохиж байсан гэдэг талаар харин ч Э.Ө- нь мөрдөн байцаалтын /1хх 151-153, 157-158/ бүхий л мэдүүлгүүддээ өгч байсан мэдүүлэг нь одоо ч өөрчлөгдөөгүй. Харин талийгаачтай холбоогүй зүйлүүд буюу уг хэргийн өмнө, хойно өөрөөр мэдүүлсэн нь ямар учиртай болох, яагаад Бодьхүү, Өсөхбаатар /шаабига/ нарын талаар хэлээгүй зэргээ шүүх хуралдаануудад тодорхой тайлбарлаж ирсэн.
3. Ер нь бол эсрэг сонирхолтой шүүгдэгч нарын мэдүүлгийг дангаар нь үнэлэх боломжгүй. Харин хэрэгт ач холбогдолтой шууд нотлох баримтыг үндэслэлээ болгох ёстой. Гэтэл анхан шатны шүүх “Гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Өсөхбаатар, Н.Анхбат, Х.Ширчинням нар нь шүүгдэгч Э.Ө-тай найз нөхдийн холбоотой ... байх тул шүүх дээрх гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.
3.1 Гэрч Н.Анхбат, Х.Ширчинням зэрэг нь хүн амины гэмт хэрэг болоход хамт байгаагүй ч хэрэгт ач холбогдолтой гарны гэмтлийн талаар мэдүүлсэн. Тэдгээрийн мэдүүлгийг худал болохыг тогтоосон зүйл байхгүй. Мөн хамгийн чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдүүлж байгаа гэрч болох Н.Өсөхбаатарын мэдүүлгийг худал гэдгийг юугаар нотолсон юм бэ. Гэрч Н.Өсөхбаатарт хууль сануулж, эрх үүргийг нь тайлбарлаад мэдүүлэг авахад тэрбээр тогтвортойгоор мэдүүлэг өгсөн. Худал мэдүүлсэн бол хуульд заасан хариуцлагаа хүлээхэд ч бэлэн гэдгээ илэрхийлсэн. Мөн “хамт хоносон Бодьхүүтэй ч нүүрэлдэхэд бэлэн байна, тэр байтугай Бодьхүү дараа нь над руу мессэж явуулаад бие, биенээ танихгүй гэж хэлээрэй гэж байсан. Би хэрэг үүссэн гэдгийг сонсоод өөрийн мэдэх, сонссон зүйлээ хэлье гэдгээ анхнаасаа л хэлж байсан” гэдгээ итгэлтэйгээр хэлдэг.
3.2 Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Энхзаяагийн /Н.Өсөхбаатарын ээж/ мөрдөн байцаалтад өгсөн “...М-г хоёр цохисон гэж хэлээд өгөөч...” гэх агуулгатай мэдүүлгийг шүүхийн шийдвэрт тусгасан байдаг. Гэтэл Б.Энхзаяа нь шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг, тайлбараа өгөхдөө “...Манай хүүхэд насанд хүрээгүй байсан болохоор М-, Ө- нарын аавууд ирж уулзаад чи хүүхдээрээ болсон зүйлийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгүүлээрэй л гэж хэлж байсан. Түүнээс биш надад үг заасан, нөлөөлсөн зүйл байхгүй” гэж хэлсэн билээ. Прокурор, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс харин “Мөрдөн байцаалтын мэдүүлэг чинь үнэн биз дээ” гэж тулгаж асуухад гэрч Б.Энхзаяа “Би сая юу болсныг та нарт хэллээ шүү дээ” хэмээн ундууцсан ч тохиолдол байгаа болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс харагдана. Ийм байтал Аахан шатны шүүх хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдүүлж байгаа гэрч нарын мэдүүлгийг худал гэж үзээд шүүгдэгч Т.М-гийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг яавч хангаж чадахгүй юм.
4. “Гэрч Ө.Батцэцэг, Л.Бодьхүү, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн яаралтай тусламжийн 20176887 дугаар хуудас зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул” гэсэн дүгнэлттэй холбоотой дараах тайлбар байна.
4.1 Тухайн үед буюу 2017 оны 11 дүгээр сарын 12-нд Ө.Батцэцэгтэй Э.Ө- уулзахдаа өөрийнхөө гарыг гэмтсэн талаараа хэлээгүй гэж мэдүүлдэг. Ө.Батцэцэгийн хувьд Э.Ө-тай хөтөлцөхдөө аль гараас нь хөтөлсөн талаар мэдүүлэг байхгүй зэргээс харвал гэмтээгүй гараас нь хөтөлсөн ч байж болно. Гэхдээ өмгөөлөгчийн хувьд энэ хэргийг шийдэхэд Ө.Батцэцэгийн мэдүүлэг чухал ач холбогдолтой гэж үзэхгүй байна.
4.2 Гэрч Л.Бодьхүүгийн хувьд тэрбээр шүүгдэгч Т.М-тэй найз нөхдийн холбоотой бөгөөд хэрэг гарахад хохирогчийг зааж өгсөн, машин тэргээр үйлчилсэн, гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн этгээд. Ийм ч учраас удаа дараагийн шүүх хуралдаануудад дуудахад хүрч ирдэггүй. Найз нөхдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үздэггүй гэх анхан шатны шүүхийн итгэл үнэмшлээр бол мөн адил түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх боломжгүй бөгөөд мэдүүлгийн зөрүүтэй байдлууд байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар Н.Өсөхбаатар, Л.Бодьхүү нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч, мөн тухайн хоёр гэрчийн хоорондоо харьцаж байсан мессеж, чатуудыг нотлох баримтаар хавсаргах ч нь зүйтэй.
4.3 Шүүхээс Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн “Гэмтсэн цаг хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12:00 цаг,... мориноос унасан” гэх тэмдэглэлийг чухал ач холбогдолтойд тооцож иш татсан байдаг. Гэтэл Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг Э.Ө-ын гэмтсэн цаг хугацаа, гэмтлийн шалтгаан нөхцөлийг баттай дүгнэж нотолсон зүйл байхгүй. Зөвхөн үзүүлэгч Э.Ө-ын хэлснийг л Яаралтай тусламжийн хуудсандаа бичсэн. Ө-ын хувьд ах, эгчтэйгээ хамт эмнэлэгт очиж үзүүлсэн болохоор “Бусадтай зодолдсон” гэж хэлж чадалгүй “Мориноос унасан” гэж хэлсэн гэдгээ тодорхой тайлбарладаг. Ер нь тэгээд ч гарны гэмтэл энэхүү хэрэгтэй ямар хамааралтай вэ гэдэг дээр дүгнэлт хийхэд илүүдэхгүй. Эдгээрийг товчлон дүгнэвэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар тодорхойлсон хууль ёсны нотлох баримтад тулгуурлалгүйгээр, хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй тогтоол гаргасан нь дээр дурдсан зүйлсээс харагдана.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №440 дүгээр тогтоолд дурдсан нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтаар тодруулж чадаагүй бөгөөд прокурор, мөрдөгчийн хувьд өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлснээс үүдэн ийм нөхцөл байдалд хүрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, ...” бөгөөд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” хэмээн хуульчилсан. Анхан шатны шуух хэргийн зуйлчлэлийг өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн асуудал байгаа боловч өмгөөлөгчийн хувьд гэм буруу, хэргийн бодит байдалтай холбогдуулан гомдол гаргаж байгаа учраас энэ удаад дурдалгүй орхилоо.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, тухайн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...
Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус хуульчлан заажээ. Шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Э.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би гараа гэмтээсэн байсан тул амь хохирогчийг цохиогүй”, М-гийн надад “...Би түүнийг гоё цохиж унагасан, чи харсан уу...” гэж хэлсэн мэдүүлэг нь гэрч Ө.Батцэцэгийн “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уулзсан гар нь гэмтсэн зүйл байгаагүй. Бид хоёр хөтөлцөөд явсан, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн баруун сарвуу хавдсан, шивнүүр яс гэмтсэн гэх баримтууд болон гэрч Л.Бодьхүү, гэрч Б.Энхзаяа нарын өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж хэрэг гарснаас хойш 5 сарын дараа өөрчлөгдөж М- “Би тэр хүнийг гоё цохисон харсан уу “агуулгатай болсон” гэж дүгнэжээ.
Шүүгдэгч Э.Ө-ын М- машинд орж ирээд “Би тэр хүнийг гоё цохиж унагасан, чи харсан уу” гэж хэлж байсан энэ үгийг тэнд сууж байсан бүгд сонссон гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгдөг мэдүүлгүүд нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Өсөхбаатар “Э.Ө- ах надад ганц пиво тойруулаад өгөөч гэсэн. Э.Ө- ахын гар гэмтсэн байсан. Тамхиа асааж чадахгүй байсан. Бид нар машинд сууж байтал Л.Бодьхүү тэрийг хардаа гэж хэлэх үед Т.М-, Э.Ө- нар машинаас буугаад явсан. Хэсэг хугацааны дараа куртик барьж орж ирсэн. Тэр үед Т.М- “гоё цохисон, харсан уу” гэж хэлж байсан . Тэгээд бид нар 5 шар явцгаасан. Э.Ө- надад “гэмт хэрэг болохын өмнөх өдөр гараа гэмтээсэн гэж хэлж байсан. ...Болсон үйл явдлын талаар үнэн зөвийг хэлээд өгөөрэй гэж хэлж байсан... Би өөрөө мэдүүлэг өгөхийг хүссэн” гэх тогтвортой мэдүүлгээр нотлогдож байдаг. Шүүхээс гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Өсөхбаатар, Н.Анхбат, Х.Ширчинням нар нь Э.Ө-тай найз нөхдийн холбоотой нь мэдүүлэгт тусгагдсаны зэрэгцээ гэрч Л.Бодьхүү, Ө.Батцэцэг нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн байдлыг эс зөвшөөрч байна. Хууль зүйн үндэслэлийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй”, 3 дахь хэсэгт “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус хуульчлан заажээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрч Н.Өсөхбаатарт үнэн зөв мэдүүлэх үүрэгтэйг нь тайлбарлаж, худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулж мэдүүлэг авсан. Энэ тохиолдолд гэрч Н.Өсөхбаатар болон бусад гэрчүүдийг найз нөхдийн холбоотой учраас худал мэдүүлэг өгч байна гэж дүгнэх хууль зүйн боломжгүй юм. Хэрэв худал мэдүүлэг өгсөн гэх дүгнэлтэд шүүх хүрч байгаа бол тэдгээрийг эрүүгийн хариуцлагад татаж, гэрч Н.Өсөхбаатар, Н.Анхбат, Х.Ширчинням нараас өгсөн мэдүүлгийн аль нь үнэн зөв эсэхийг тогтоох замаар Т.М- Э.Ө- нарын үйлдэл, үйл баримтыг тогтоох хууль зүйн боломжтой нөхцөл байдал илэрч байгааг дурдаж байна. “Найз нөхдийн” холбоотой гэсэн үйл баримтыг дүгнэж тэдгээрийн мэдүүлэг эргэлзээтэй гэж үзвэл гэрч Л.Бодьхүү шүүгдэгч Т.М-тэй найз нөхдийн харилцаатай болох талаар өмнөх шүүх хурлуудын хэлэлцүүлэгт мэдүүлж байсныг орхигдуулж болохгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Ө-, гэрч Н.Өсөхбаатар нар нь дотны найз нөхдийн хамааралгүй, нэг гудамжинд оршин суудаг, бие биенээ таньдаг болох талаар шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Энхзаяа, гэрч Н.Өсөхбаатар, гэрч Энхбаяр нарын мэдүүлгээр тогтоогдож байсан болно.
2. Шүүхээс “шүүгдэгч Э.Ө-ын өгсөн мэдүүлэг Т.М-гийн “тэр хүн хажуугаараа хараад хэвтэж байсан гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.Ө-ын мэдүүлэг үгүйсгэгдэж, шүүгдэгч Т.М-гийн мэдүүлэг бусад нотлох баримтаар үгүйсгэгдээгүй” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Хавтас хэрэгт шинжээч эмч Ц.Ганболд “Талийгаачийн биед баруун зулайн гэмтэл үүссэн байна. Энэ гэмтэл нь цохих үед үүснэ. Талийгаачид учирсан энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба 2-3 удаа цохих үүсэх үед үүснэ” гэх мэдүүлэг нь шүүгдэгч Т.М-гийн яллагдагчаар өгсөн “Э.Ө- гүйж очоод цээж рүү нь /нэг удаа/ цохисон, цохисны дараагаар гүйгээд очиход тэр хүн баруун хажуугаараа хэвтэж байсан гэх мэдүүлэг нь дээрх шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн өгсөн мэдүүлгээр няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл, Т. М- нь шүүгдэгч Э.Ө- амь хохирогчийг “нэг удаа цээж рүү нь цохисон” гэж мэдүүлдэг боловч шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчид үүссэн гэмтэл нь 2-3 удаагийн цохих, өшиглөх зэрэг үйлдлээр үүсгэгдсэн талаар тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй байхад “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” үүрэг хүлээхгүй оролцогчийн мэдүүлгийг тогтвортой, үнэн зөв гэж үзсэн нь харилцан эсрэг сонирхол бүхий нэг шүүгдэгчийн мэдүүлгээр нөгөө шүүгдэгчийн үйлдлийг нотолсон гэж үзэхээр байна. Мөн түүнчлэн энэ үйл баримтын зөрүүг шүүгдэгч Т.М-гийн мэдүүлэг үгүйсгэгдээгүй гэж дүгнэх боломжгүй.
3. Гэрч Б.Энхзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Миний хүүхдийн хочийг “Шаабиг” гэдэг, надад “би тухайн хэрэгт хамааралгүй, харин гэрчээр мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн”, Э.Ө-ын аав над дээр болсон явдлын талаар мэдүүлэг өгүүлэхийг хүссэн. Харин би түүнд миний хүүхэд насанд хүрээгүй учраас боломжгүй гэж хэлсэн. Дараа нь Т.М-гийн аав ирээд мөн адил зүйлийг ярьсан” гэх мэдүүлэг өгчээ. Шүүхийн тогтоолд “Шүүгдэгч Э.Ө-ын аав амь хохирогчийг Т.М- хоёр удаа цохисон гэж мэдүүлэг өгөөч гэж гуйсан эсхүл та өөрөө мэдүүлэг өгөөч гэж хэлсэн” гэж мэдүүлсэн талаар тэмдэглэсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Энхзаяа ийм агуулгатай мэдүүлэг өгөөгүй бөгөөд өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэг агуулгын хувьд ялимгүй зөрүүтэй байгааг улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын асуусан асуулт, гэрчийн хариулсан хариултаар “Э.Ө-ын аав Энхбаяр, Т.М-гийн аав гэрч Түвшинбаяр нар гэрч Б.Энхзаяатай уулзаж “Н.Өсөхбаатараар болсон үйл явдлын талаар гэрчийн мэдүүлэг өгүүлээч, өөрөө ч гэсэн мэдүүлэг өгөх боломж байгаа эсэхийг асуусан” үйл баримтын агуулга ойлгомжтой, тодорхой тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн өгсөн мэдүүлгийг шүүхийн тогтоолд агуулгаас нь зөрүүтэй байдлаар тусгасан байгааг энд дурдаж байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй тусгагджээ. Гэрч Түвшинбаяр /шүүгдэгч Т.М-гийн аав/ Э.Ө-ын аав “амь хохирогчийг Т.М- хоёр удаа цохисон гэж хэлээд өгөөрэй” гэж хэлснийг би сонссон гэж мэдүүлэх боловч энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Б.Энхзаяагийн “би огт тэгж хэлээгүй” гэж мэдүүлсэн мэдүүлгээр няцаагдаж байна. Эдгээр нотлох баримтуудыг хэсэгчилсэн байдлаас бүхэлд нь дүгнэж үзвэл Э.Ө-аас “...М- машинд орж ирж суугаад би гоё цохисон, Ө-аа чи харсан уу...” гэж асуусан талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Н.Өсөхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт “М- орж ирээд би сая гоё цохисон гэж хэлсэн...” “...улаан өнгийн куртик барьчихсан байсан гэх” мэдүүлэг тус бүр нь нотолгооны ач холбогдолтой юм.
4. Тагнуулын Ерөнхий Газрын мэргэжилтэн Б.Бандьхүүгийн явуулсан “Олон зүйлийн бичлэг” буюу “Полиграф” техникийн туслалцаатай явуулсан ажиллагааны дүгнэлтэд шүүгдэгч Э.Ө-ыг “худал мэдүүлэх магадлалтай байна” гэж тодорхойлох боловч энэ нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан “Шинжилгээ явуулах “ үндэслэл, журмыг зөрчсөн шинжилгээ явуулах үед оролцогчдын эрхийг хангаагүй, Тагнуулын Ерөнхий Газрын ажилтан Б.Баньдхүү нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан “шинжээч” эсхүл “мэргэжилтэн” аль нь болох, эрх зүйн байдал нь тодорхойгүй, түүнчлэн Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Иймээс полиграфын мэдүүлгийг нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэргэжилтэн гэх Б.Баньдхүүгийн өгсөн “...Тухайн сорилыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдон гэж үзэх үндэстэй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч Н.Өсөхбаатар, гэрч Б.Энхзаяа, гэрч X. Ширчинням, гэрч Н.Анхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэмбээ, шинжээч Ц.Ганболд нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.М-гийн “би тэр хүнийг гоё цохиж унагасан, Ө-аа чи харсан уу” “..улаан куртик барьж явсан” “ би куртикыг нь татаж тайлж авсан” гэх зэрэг үйл баримтууд тогтоогдож байгаа нь тэрээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээр Э.Ө-тай үгсэн тохиролцсон боловч зөрж гүйцэтгэн Ц.Б-Э-ийн толгой тус газар цохиж амь насыг нь хохироосон үйлдэл нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй юм. Шүүгдэгч Э.Ө-ын хувьд амь хохирогч Ц.Б-Э-ийн амь насыг хохироосон гэх үйл баримтууд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан дээр нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Ө-т холбогдох үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.М-гийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Энэ хэргийн шууд нотлох баримт нь шүүгдэгч нарын бие биеэ буруутгасан мэдүүлгүүд байдаг бөгөөд эдгээр мэдүүлгүүд хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар яаж нотлогдож байгааг үнэлж шүүх шийдвэрээ гаргасан. Эхний шүүх хурал 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр болсон бөгөөд үүнээс өмнө 5 сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Мөрдөн байцаалтын явцад Өсөхбаатар гэх гэрч дурдагдаагүй байж байгаад гэнэт шүүх хуралдааны явцад гарч ирсэн. Шүүгдэгч Э.Ө-т өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн цагаас эхлэн шүүгдэгчийн мэдүүлэг өөрчлөгдөж, мөрдөн шалгах ажиллагааны явцад байхгүй байсан гэрчийг гаргаж ирсэн. Улмаар хяналтын шатны шүүхээс өөр, өөр мэдүүлэг өгч байгаа харилцан эсрэг ашиг сонирхолтой этгээдүүдийн мэдүүлгийг бусад эх сурвалжаар нарийвчлан тогтоох талаар шийдвэр гаргаж, хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Гэвч нэмэлт мөрдөн байцаалтад буцсаны дараа гэрч Өсөхбаатар, Анхням, Ширчинням нар гэх хэрэгт огт хамааралгүй, оролцож байгаагүй хүмүүсийг гаргаж ирсэн. Хэдийгээр шүүгдэгчийн хувьд гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй боловч гэм буруугүй гэдгээ нотлохын тулд зохиомлоор, зориуд нөхцөл байдал бий болгох гэсэн эрмэлзэл, санаа байгаа гэж үзэж байна. Гэрч Өсөхбаатар нь хэрэг гараад 2 жил 4 сарын хугацаа өнгөрсөн байхад хэргийн талаар мэдүүлэхдээ тухай өдрийг цаг, минуттай нь ямар ч зөрүүгүй мэдүүлсэн байсан. Мөрдөгч “та 2 жил 4 сарын өмнө болсон, мөн өөртөө тохиолдоогүй үйл явдлыг яаж ийм тод санаад байна вэ” гэж асуухад Өсөхбаатарын зүгээс үндэслэлтэй тайлбар хийж чадаагүй. Шинэ гэрч гаргах, шинэ нөхцөл байдал бий болгох гэж оролдох, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар шүүгдэгч Ө- хэрэг болсон газрыг өөрөөр нэрлэнэ, өмнө автобусаар явж байсан гэж мэдүүлсэн атлаа шүүх хуралдаанд автомашинаар явж байсан гэж, мөн дэлгүүрийг буруу зааж өгөх гэхчлэн шүүх хурал бүрт мэдүүлэг нь өөрчлөгдөж байсан. Мөн шүүгдэгч Э.Ө- гар хугарсан асуудлын талаар ярьдаг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Ө-ын гар хугарсан, ямар нэг зовиуртай байсан талаар баримт байдаггүй. Энэ бүх нотлох баримтыг шүүх үнэлж дүгнэсний үндсэн дээр Э.Ө-ын мэдүүлэг бусад нотлох баримтын эх сурвалжаар үгүйсгэгдэнэ гэж дүгнэсэн. Мөн полиграфийн тестийн талаар шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон талаар ямар нэг зүйл дурдаагүй, зөвхөн хэрэгт авагдсан байгаа. Өсөхбаатар гэх хүн яагаад мэдүүлэг өгсөн талаар түүний эх Энхзаяагаас мэдүүлэг авсан. Тэрээр “Ө-ын аав ирээд М-г цохисон гэж хэлээд өгөөч гээд гуйгаад байсан” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан. Иймд харилцан эсрэг ашиг сонирхолтой хоёр оролцогчийн бие биенээ буруутгасан мэдүүлэг буюу Э.Ө-ын мэдүүлэг нь нотлох баримтын эх сурвалжаар нотлогдон, тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэмбээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...зүгээр явж байсан хүнийг дээрэмдэх зорилгоор амь насыг нь хохироосонд маш их гомдолтой байна. Миний өмгөөлөгч хуульд заасан хохирол төлбөрийг нэхэмжилсэн. Хэрэг гараад 4 жилийн хугацаа өнгөрсөн ч хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. 70 гарсан хоёр хөгшин 40 настай хүүгээ алдсандаа маш их харамсаж, бас гомдож явдаг. Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэлтэй зөв гэж үзэж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэмбээгийн өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар нь харилцан эсрэг сонирхолтой, бие биеэ цохисон гэх асуудал яригддаг. ...2018 оны 4 дүгээр сард хэрэг буцсанаас хойш Ө-ын мэдүүлэг эрс өөрчлөгдсөн. 2018 оны 4 дүгээр сард болсон шүүх хуралд Шинэбаяр гэх хүн гэрчээр оролцохдоо “Шаабий, шамбага гэх хүн байсан талаар Ө- ярьсан” гэж мэдүүлсэн. Тэр үед Өсөхбаатарын нэр дурдагдаагүй, сүүлд гарч ирсэн бөгөөд “хаана байдаг эсэхийг нь мэдэхгүй” гэж хэлсэн. Гэтэл Өсөхбаатар гэх нэг гудамжинд байдаг хүнээр “тухайн үед М- улаан куртик бариад машин дотор орж ирээд гоё цохисон, харсан биз дээ” гэх үгийг хэлүүлэх гэж гэрчээр оролцуулсан. Үүнээс өмнө энэ хэргийг 6 сарын хугацаанд шалгахад энэ талаар ганц ч удаа хэлж байгаагүй. Мөн Ө- “миний гар гэмтсэн байсныг Өсөхбаатар гэрчилнэ” гэж хэлдэг. Өсөхбаатар нь өчигдөр болсон асуудлыг өнөөдөр болсон мэтээр ярьдаг. 4 дүгээр хавтас хэргийн 95-96 дугаар талд гэрч Энхзаяа буюу Өсөхбаатарын эх “дэлгүүрийн үүдэнд нүүрс зардаг ах нь байна гээд 95****95 гэсэн дугаараас одоогоос хоёр жилийн өмнө залгаад Өсөхбаатарыг насанд хүрээгүй болохоор мэдүүлэг авахад нь чи хамт оролцох байх. Тэр үед хүүхдээрээ “Ө-ыг цохиогүй, Ө-тай хамт явсан хүүхэд түрүүлж цохисон” гэж хэлүүлээд өгөөч гэж Ө-ын аав нь гэх хүн удаа дараа залгаж энэ асуудлыг ярьсан” гэж мэдүүлдэг. Хэрвээ үнэхээр М- цохисон бол Өсөхбаатараар тэгж хэлүүлэх ямар шаардлага байна вэ. Шалгаж тогтоох эрх бүхий байгууллагууд байхад яагаад ийм ажиллагаа хийгээд байна вэ. Үүний цаана хувийн ашиг сонирхол, өөрөөр хэлбэл өөрийнхөө хийсэн хэргийг өөрөө хийсэн гэж нотолсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. М-гийн аав Өсөхбаатарын ээжтэй Толгойтод уулзахад” Ө-ын аав цэнхэр өнгийн Портер машинтай ирээд Өсөхбаатартай уулзаад “М-г 2 удаа цохисон гэж хэлээд өгөөч” гэж хэлээд явсан гэдэг. Харин М-гийн аав Түвшинбаяр “бид нар ах дүү, хамаатан садангийн хүмүүс учраас болсон зүйлийг үнэнээр нь хэлээд өгөөрэй гэж хэлсэн” гэсэн. Түүнээс биш “миний хүүг цохиогүй, Ө-ыг цохисон гэж хэлээрэй” гэж хэлээгүй. Энэ талаарх баримтууд хавтас хэрэгт нотлох баримтын хэмжээнд авагдсан. 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Энхзаяагийн өгсөн мэдүүлэгт эргэлзээ төрдөг бөгөөд Ө- энэ хэрэгт ямар нэгэн оролцоотой гэдэгт шүүх хууль ёсны дүгнэлт хийсэн байх. Шүүх ганцхан шинжээчийн дүгнэлтэд хөтлөгдөхгүй, өөрийн дотоод итгэлээрээ дээрх гэмтэл нь юунаас болж үүссэн бэ гэдэгт дүгнэлт хийсэн байх. Мөн Эрхэмбаяр, Баярцэцэг нарын мэдүүлгээр хэрэг болохоос өмнө Ө-ын гарт гэмтэл учраагүй байсан нь нотлогддог. Ө- удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Харин М-гийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цагдан хоригдохдоо анх өгсөн мэдүүлэг нь одоог хүртэл хэвээрээ байдаг. Ө- М-д “хоёулаа тохиролцоод нэг нь хэргээ даая, би чамайг эргэж хандаж байя” гэж хэлж байсан гэдэг. Шүүгдэгч нар нь амь хохирогчийн эд зүйлийг авахдаа урьдчилж тохиролцсон гэх үг байхгүй. Харин үйлдлээрээ нэгдэж нэг нь куртикийг нь тайлж авсан, нөгөөх нь халааснаас утсыг нь авсан. Тэгэхээр хохирогчид хүч хэрэглэж, өөрийн амь нас, эд хөрөнгөө хамгаалах чадваргүй болсны дараа эд зүйлийг нь авсан. Энэ хэрэг давхар объекттой хэрэг. Хохирогчийн цээжин тус газар цохисныг хохирогч үхээгүй гэж үзэх үү. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Өмгөөлөгч Д.Чинзоригийн хэлсэн дүгнэлтүүдэд шүүх нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэл, үнэмшлийн үүднээс дүгнэсэн. Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хохирогчийн эд зүйл авсныг нь дээрмийн гэмт хэрэг болгоод, харин хүний амь нас хохирсныг яах ёстой гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Мөн полиграфийн шинжилгээг үнэлэх эсэх нь шүүгчийн дотоод итгэлийн асуудал. Харин заавал нотлох баримтын хэмжээнд дүгнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан учраас давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Т.М-, Э.Ө- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Э.Ө-ын хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчийн амь насыг хохирсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Т.М-, Э.Ө- нарыг “Бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Б-Э-ийн цээжин тус газарт цохиж, газарт унаган толгой нүүрэн тус газар нь цохиж зодон, түүний өмдний халааснаас “Nokia” загварын гар утас, өмсөж явсан улаан өнгийн куртикыг өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч, Ц.Б-Э-ийн толгойд битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироосон” гэж дүгнэж хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Т.М-, Э.Ө- нарт холбогдох хэргийн хянан хэлэлцэж, тэдгээрт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйн дээр шүүхийн дүгнэлтэд ач холбогдолтой байж болох яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой зааж чадаагүй.
Яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын /холбогдсон хэргийн агуулгыг/ талаар хэт ерөнхийлөн, тухайлбал “...Т.М-, Э.Ө- нарыг бүлэглэн Ц.Б-Э-ийн цээжин тус газарт цохиж, газарт унаган толгой нүүрэн тус газар нь цохиж зодон, Ц.Б-Э-ийн толгойд битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироосон” гэж бичин гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн хамтран оролцогчдын хэн нь хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой зааж, хамтран оролцооны хэлбэрийг тодорхойлж хууль зүйн дүгнэл хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.
Иймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгийн үйлдсэн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 240 дугаартай яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.
Прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын талаар хэт ерөнхийлөн “...Т.М-, Э.Ө- нарыг бүлэглэн Ц.Б-Э-ийн цээжин тус газарт цохиж, газарт унаган толгой нүүрэн тус газар нь цохиж зодон. ...”гэж бичин, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр /хэн нь хэдэн удаа, ямар арга хэлбэрээр хохирогчид гэмтэл учруулсан гэх/ зэрэг хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байхад анхан шатны шүүх “...гэрч Б.Санжаабадам /1хх 52-54/, Б.Будсүрэн /1хх 41-45/, Э.Энхтүвшин /1хх 84-85/ С.Цэнд-Аюуш /хх 46-48/, Л.Бодьхүү /1хх 50-51/, /4хх 64-65/, Б.Энхзаяа /4хх 95-96/, Б.Түвшинбаярын /4хх 66-67/, Т.М-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн /1хх 134-139/, /1хх 140-142/ нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2264 дугаар дүгнэлт /1хх 89-92/, С.Цэнд-Аюушаас эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 28, 30-32/ зэргээр шүүгдэгч Э.Ө- нь амь хохирогчийг цохиж, мөстэй халтиргаатай газар баруун хажуугаар нь унагаж халааснаас нь ... “Nokia” маркийн гар утсыг авсан, ... шүүгдэгч Т.М- нь хохирогчийн...куртикийг тайлж аван үйлдэл, санаа зорилгоороо нэгдэн дээрэмдсэн, ...мөн шүүгдэгч Э.Ө- нь Ц.Б-Э-ийг цохиж унагасны улмаас хохирогч нь баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт бүхий гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр амь хохирсон. ...” гэж хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж дүгнэлт хийх нь мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан шаардлагад нийцэхгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Т.М-, Э.Ө- нарыг /мөрдөн шалгах ажиллагааны явцад ял сонсгож, яллах дүгнэлт үйлдээгүй/ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.М-, Э.Ө- нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.М-, Э.Ө- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Э.Ө-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Д.Чинзориг нарын гаргасан “...Э.Ө- нь амь хохирогч Ц.Б-Э-ийн амь насыг хохироосон гэх үйл баримтууд тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, Э.Ө-т холбогдох үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.