Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2502

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/03348 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Б-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 7828 дугаартай захирамж гарч Х.Отгонбаяраас 150 520 000 төгрөг гаргуулж “Э ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Ч.Б Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1б хэсэг, Цэргийн хотхон 3 дугаар гудамж, 247 тоотод байрлах, улсын бүртгэлийн Y-2204061767 дугаартай бүртгэлтэй, 780 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн газрын өмчлөгч Ц.Цэдэнд бэлэн мөнгөний хэрэг гарчихлаа, гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа тул мөнгө олж өгч туслаач, 14 хоног хэрэглээд эргүүлээд өгье гэж хэлээд Ц.Цэдэн нь “Э ББСБ” ХХК-д барьцаанд тавьж мөнгө авчихаад эргүүлээд өгнө гэж Ц.Цэдэн өөрөө хамтран зээлдэгчээр орж “Э ББСБ” ХХК-аас миний үл хөдлөх эд хөрөнгийг 100 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж зээлийн мөнгийг Ц.Цэдэн авч тухайн өдрөө АНУ-руу гуйвуулга хийсэн. Ц.Цэдэнгийн энэ үйлдлийн талаар Х.Отгонбаяр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 7828 дугаартай захирамж гаргахад Ц.Цэдэн нь очиж намайг мэхэлж удахгүй төлнө, эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурчих гэсэн. Шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулах хүсэлт гаргасан байсан боловч Ц.Цэдэн нь дээрх мөнгийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж гэсэн тул энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байсан. Цагдаагийн байгууллагаас 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ц.Цэдэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор тогтоож, байцаалт өгснийг Ц.Цэдэн, Марита Андервүүд нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт нэгтгэн шалгахаар шилжүүлсэн. Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч нь 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоол гаргаж улсын бүртгэлийн Y-2204061767 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Г-2204004440 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын захиран зарцуулахыг хязгаарласан. Энэ тогтоолыг Мөрдөн байцаах газраас 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 11/4-1348 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст явуулж, энэ тухай Х.Отгонбаярт 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 11/4-1717 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө, газар нь миний өмч хөрөнгийг надад мэдэгдэлгүйгээр ажиллагаа явуулж өмчлөх эрхийг зөрчсөн, Мөрдөн байцаах газраас битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан байхад 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж, анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасан эрүүгийн журмаар шалгаж байгаа бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гарган ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан ч түдгэлзүүлээгүй. Энэ тухай Х.Отгонбаярын гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй байна. Эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байгаа гэдгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 188 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч А.Солонго, Баянгол дүүргийн тасгийн ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар нар хууль зөрчиж 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эд хөрөнгө хураан авах тогтоол үйлдэн хураан авч үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж анхны албадан дуудлага худалдаанд оруулсан, улмаар хоёр дахь дуудлага худалдаанд оруулж миний болон гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгүүдийг үнэгүйдүүлж, “Э ББСБ” ХХК-ийн хүсэлтийг харгалзан үзсэнд гомдолтой байна. Гэтэл Ц.Цэдэн, Марита Раналан Андервүүд нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 237 дугаартай шийтгэх тогтоол гарсан ба уг тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад Х.Отгонбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон 3 дугаар гудамж, 247 тоот хаягт байрлах, Y-2204061767 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон Г-2204004440 дугаарт бүртгэлтэй газрын захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон. Уг хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 692 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 29 дугаартай тогтоол гарч энэ үеэс эхлэн Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж төлбөр төлөгчийн хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан хууль бус ажиллагаа явуулсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан атлаа өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх шийдвэр гаргасан. Мэдэгдэлгүйгээр шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж шударгаар олж авсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж, “Э ББСБ” ХХК-д өгөх гэж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Ч.Б оролцогч боловч барьцааны зүйлийн өмчлөгч нь юм. Анх “Э ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулахад хамтран зээлдэгчээр Ч.Б оролцсон. Эвлэрсэн захирамж гарах үед Ч.Б-г хариуцагчаар татаагүй. 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргасан Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага оновчгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдах ёстой бөгөөд хүчингүй болгосон хуулиар болгосон хуулиар ажиллагаа хийгдсэн, харин сүүлийн ажиллагаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хийгдсэн. Ц.Цэдэн нарт холбогдох хэрэгт 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Х.Отгонбаяр хохирогчоор тогтоогдсон. Ч.Б-ийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн тогтоол гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байна, хэдийгээр төлбөр авагч төлбөрөө гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан боловч тухайн үүргийн гүйцэтгэлийг хангах гэж байгаа барьцааны зүйл нь өөрөө цагдаагийн газарт битүүмжлэлтэй байна. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлээгүй. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчлөх гэсэн боловч шүүх хүлээн аваагүй. Ч.Б анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5, 73 дугаар зүйлийн 73.3 дахь заалтыг Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гарч үүнийг УИХ-аар хэлэлцүүлэх хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлсэн байгаа. Иймд  түдгэлзсэн хуулийн заалтаар хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГ-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 7828 дугаар шүүгчийн захирамж, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 10596 дугаартай гүйцэтгэх хуудас тус албанд 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ирсэнд НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяа 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Тус гүйцэтгэх хуудсанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, цэргийн хотхоны 3 дугаар гудамж, 247 тоотод байрлах 219 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 780 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхээр шийдвэрлэсэн. Тухайн тогтоолд 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд битүүмжилсэн эд хөрөнгийг хураана гэдгийг мэдэгдсээр байтал хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тогтоолоор эд хөрөнгийг хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Х.Отгонбаяр, хамтран өмчлөгч Ч.Б нар нь битүүмжилсэн эд хөрөнгийг газрын хамт 1 300 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Э ББСБ” ХХК зөвшөөрсөн. 1 300 000 000 төгрөгийн 70 хувь болох 910 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр явуулсан боловч үнийн санал ирээгүй. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу 50 хувиар бууруулан 650 000 000 төгрөгөөр зарлахад үнийн санал ирээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Мөрдөн байцаах газраас уг хөрөнгийг битүүмжилсэн, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар албан бичиг манайд ирээгүй тул анхны болон хоёр дахь дуудлага худалдааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Э ББСБ” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 жил 7 сар болж байна. Өнөөдрийг хүртэл Х.Отгонбаяр, Ч.Б нараас бид нэг ч төгрөг аваагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ямар хуулийг зөрчсөн талаар нэхэмжлэгч тал баримт гаргаагүй. Ч.Б нь анхнаасаа гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан. Хариуцагчийн байр суурийг дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.1.1, 36 дугаар зүйлийн 36.5, 43 дугаар зүйлийн 43.1, 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй шуурхай байх зарчимтай. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах ёстойг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуульчилжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 7828 дугаартай захирамж гарч Х.Отгонбаяраас 150 520 000 төгрөг гаргуулж “Э ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байсан. Ч.Б нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 16 хэсэг, Цэргийн хотхон 3 гудамж, 247 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204061767 дугаартай бүртгэлтэй 780 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч, Г-2204004440 дугаартай 219 м.кв газрын хамтран  эзэмшигч юм. Цагдаагийн байгууллагаас 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Ц.Цэдэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоор тогтоож байцаалт өгснийг Ц.Цэдэн, Марита Андервүүд нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт нэгтгэн шалгахаар шилжүүлсэн байдаг. Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч 2015 оны 9 дүгээр сарын 8-ны едөр эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоол гаргаж улсын бүртгэлийн Ү-2204061767 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Г-2204004440 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын захиран зарцуулахыг хязгаарласан. Энэ тогтоолыг Мөрдөн байцаах газраас 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 11/4-1348 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст явуулж, энэ тухай Х.Отгонбаярт 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 11/4-1717 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө, газар нь миний өмч хөрөнгийг надад мэдэгдэлгүйгээр ажиллагаа явуулан миний өмчлөх эрхийг зөрчсөн, Мөрдөн байцаах газраас битүүмжилсэн, захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан байхад 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж анхны албадан дуудлага худалдаанд оруулсан, улмаар 2 дахь дуудлага худалдаанд оруулсан нь 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасан "эрүүгийн журмаар шалгаж байгаа бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл" ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гарган ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан ч түдгэлзүүлээгүй, энэ тухай Х.Отгонбаярын гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй. Эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, НШШГГ-ын 188 дугаар тойргын шийдвэр гүйцэтгэгч А.Солонго, Баянгол дүүргийн тасгын ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар нар хууль зөрчиж 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эд хөрөнгө хураан авч, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэж анхны албадан дуудлага худалдаанд оруулсан, улмаар хоёр дахь дуудлага худалдаанд оруулан нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн дундын эд хөрөнгийг үнэгүйдүүлсэнд гомдолтой байна. Ц.Цэдэн, Марита Раналан Андервүүд нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 237 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэж дууссан ба уг тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтанд Х.Отгонбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо. Цэргийн хотхон 3 дугаар гудамж 247 тоот хаягт байрлах Ү-2204061767 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх зд хөрөнгө болон Г-2204004440 дугаарт бүртгэлтэй газрын захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон. Уг хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 692 дугаартай магадлал, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Улсын Дээд шүүхийн 29 дүгээр тогтоол гарсан үеэс эхлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах ёстой атал Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж төлбөр төлөгчийн хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулан хууль бус шийдвэр гаргасан тул шүүхэд хандсан. Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцсэн гэж үзсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэзээ нээсэн нь тодорхойгүй, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй атлаа шүүх хуралдааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн материалыг авч тодруулсан, эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад хийгдсэн ажиллагааг хуульд нийцсэн гэж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах гэсэн боловч хүлээж аваагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Б хариуцагч НШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э ББСБ” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа гэсэн тайлбарыг гаргасан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн өдрийн 7828 дугаар захирамжаар Х.Отгонбаяраас 150 520 000 төгрөгийг гаргуулж, “Э ББСБ” ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 3 дугаар гудамж, 247 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-2204004440 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн газар, энэ хаягт байрлах Ү-2204061767 дугаартай хувийн сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн гаргасан 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 10596 дугаар шүүгчийн захирамж, /хх182/ уг захирамжийн дагуу бичигдсэн 1137 дугаар гүйцэтгэх хуудаст /хх181/ үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн, улмаар Х.Отгонбаяр, Ч.Б нар шүүхийн шийдвэрт заагдсаны дагуу төлбөрийг төлөөгүй тул НШШГГ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 3 дугаар гудамж, 247 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-2204004440 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн газар, мөн энэ хаягт байрлах Ү-2204061767 дугаартай хувийн сууцыг 2018 ны 3 дугаар сарын 29-ны битүүмжлэн, /хх185/ 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хураан авч, /хх187/ тэмдэглэл үйлдсэнтэй төлбөр төлөгч нар танилцаж гарын үсэг зурсан, эдгээр ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Төлбөр төлөгч Х.Отгонбаяр, өмчлөгч Ч.Б, төлбөр авагч “Э ББСБ” ХХК нь дуудлага худалдаагаар санал болгох доод үнийг 1 300 000 000 төгрөг байхаар тохиролцсон, хэлэлцэн тохирсон үнийн 70 хувиар анхны дуудлага худалдаа явуулахыг зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан зохигчдын хүсэлтээр /хх189, 191, 195/ тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцэх ба хоёр дахь албадан дуудлага худалдааг зарласан нь мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол болон мэдэгдэлтэй Х.Отгонбаяр, Ч.Б нар танилцаж гарын үсэг зурсан, /хх201-202/ уг ажиллагаанд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна. Харин 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол болон мэдэгдлийг Х.Отгонбаяр, Ч.Б нарт хүргүүлсэн болох нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Монгол шуудан” ТӨХК-ийн мөнгө хураах тасалбар /хх205/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар мэдээгүй гэж үзэх боломжгүй, уг ажиллагааг зөвшөөрөхгүй байгаагаа үндэслэлтэйгээр тайлбарлаагүй байна.

Төлбөр төлөгч Х.Отгонбаяр нь Ц.Цэцэн нарт холбогдох эрүүгийн хэргийн хохирогч байхад Х.Отгонбаяр, Ч.Б нарын өмчлөлийн эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах” тогтоол нь үндэслэлгүй, энэхүү тогтоолыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор хүчингүй болгосон гэх хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгч тал маргаагүй.

Ц.Цэдэн нарт холбогдуулсан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж байгаагаас хамаарч зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээж аваагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т заасан түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн нь зөв, нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Харин шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхтэй холбоотой хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүйг зөвтгөх шаардлагатай тул шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/03348 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.5, 43 дугаар зүйлийн 43.1, 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                  Э.ЗОЛЗАЯА

 

            А.ОТГОНЦЭЦЭГ