Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0126

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч П.Амар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбат, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Амарын нэхэмжлэлтэй, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12  дугаар сарын 12-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10, 27 дугаар зүйлийн 27.1.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Амарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А-02 тоот тушаалын П.Амарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 4453775 төгрөгийг Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаанаас гаргуулан П.Амарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбат би давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А-02 дугаар тушаалын П.Амарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү 4453775 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлэлгүйгээр шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлоо гаргаж байна.

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-100, 2013 оны А-06, 2015 оны А-233 дугаар болон Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2011 оны А/09, 2013 оны А-02, 2014 оны А-01, 2015 оны А-05 дугаар тушаалуудаар байгал орчны хяналтын улсын байцаагчийн бүтэц орон тоог батлаагүй бөгөөд харин дээрх тушаалуудаар байгаль хамгаалагчийн орон тоог баталсан байдаг юм. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй бөгөөд байгууллагын дарга яамнаас баталсан бүтэц орон тоог үндэслэж нэхэмжлэгчийн цалин хөлсийг ТЗ-2 ангиллаар цалинжуулсан нь хууль зөрчөөгүй юм.

2. Хамтран хариуцагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам татагдах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хариуцагч байгууллага яамнаас баталсан бүтэц орон тоонд уялдуулж цалингийн санг тогтоодог юм. Өөрөөр хэлбэл байгаль хамгаалагчийг Байгаль орчны хууль болон Тусгай хамгаалалттай газрын тухай хуульд зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй гэж үзэж ТЗ-6 ангиллаар цалинжуулахад яамны зөвшөөрөл зайлшгүй хэрэгтэй бөгөөд Дорнод хамгаалалтын захиргааны дарга дур мэдэж байгаль хамгаалагчийг ТЗ-6 албан тушаалын зэрэглэлээр цалинжуулах эрхгүй юм. Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын тусгай хамгаалалттай газруудын захиргаанд байгаль хамгаалагчаар ажиллах орон тоо баталсан сайдын тушаалд гомдол гаргах нь үндэслэлтэй юм.

3. Нэхэмжлэгч П.Амарын шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бөгөөд маргаан бүхий актыг гарсан даруйд нь хариуцагч байгууллага нэхэмжлэгчид мэдэгдсэн бөгөөд маргаан бүхий актыг гарснаас хойш 3 жил гаруй хугацааны дараа шүүхэд хандсан нь хууль зөрчжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг тухайн үед мэдсэн нь ойлгомжтой бөгөөд урьд нь авч байсан цалин хөлс нь мэдэгдэхүйц хэмжээгээр буурч байгаа нь цалин хөлс бууруулсан байгууллагын даргын тушаалыг мэдээгүй гэх үндэслэл болохгүй юм. Тусгай хамгаалалттай газруудад ажиллаж байгаа бүх л байгаль хамгаалагчид ТЗ-2 албан тушаалын зэрэглэлээр цалинждаг бөгөөд үнэхээр тухайн үед цалин хөлс бууруулсан байгууллагын даргын тушаалыг хууль бус гэж нэхэмжлэгч үзэж байсан бол 2013 онд захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах боломжтой байсан юм. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй тул Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д заасныг баримтлан хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Амарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч П.Амар  шүүхэд “Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А-02 дугаар тушаалын П.Амарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү 4.453.775 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ гэж үзэв.

 Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд П.Амар нь 2001 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс Тосон-Хулстайн байгалийн нөөц газрын байгаль хамгаалагчийн албан тушаалд ТҮ-4 зэрэглэлээр түр томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс түүнийг байгаль хамгаалагчаар жинхлэн томилж, албан тушаалынх нь зэрэглэлийг ТЗ-2-аар тогтоосон. Улмаар Байгаль орчин аялал, жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3/4757 тоот албан бичгээр түүнийг ТЗ-6-аар цалинжуулахыг санал болгожээ. Энэ дагуу Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б-38 дугаар, 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-03 дугаар тушаалаар тус тус П.Амарын үндсэн цалинг 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ТЗ-6 зэрэглэлийн 5 дахь шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэж, цалинг тооцон олгож байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд үйл баримтын тухайд талууд маргаагүй байна.

Гэвч 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А-02 тоот тушаалаар П.Амарын албан тушаалын зэрэглэлийг ТЗ-6 -аас ТЗ-2 болгон бууруулахаар шийдвэрлэж, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарах хүртэлх 25 сарын хугацаанд ТЗ-2-5 дахь шатлалаар цалинжуулсан нь маргаан гарах үндэс болжээ.

 Давж заалдах шатны шүүхээс “шударга ёс”-ны зарчмыг үндэслэн аливаа этгээд хийсэн ажлынхаа хөлсийг авах  нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж, хэнийг ч цалин хөлсгүйгээр ажиллуулахыг хориглох нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн зарчим, Хөдөлмөрийн тухай хуульд заасан “Ажил олгогч нь ... хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох” үүрэг, Төрийн албаны тухай хуульд заасан “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалт зэргийг удирдлага болгон хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаар тушаал, улсын байцаагчийн эрхийн үнэмлэх зэрэг нотлох баримтаар П.Амарт байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгосон болох нь тогтоогджээ. Энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасны дагуу олгоно”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “...хуулиар улсын байцаагчийн эрхтэй бусад этгээдэд улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно” гэсэн хуульд заасан журамд нийцсэн хууль ёсны болох талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Түүнчлэн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гарах хүртэлх хугацаанд түүний албан тушаалын зэрэглэлийг ТЗ-6-аас ТЗ-2 болгон бууруулсан хэдий ч байгаль хамгаалагчийн болон байгаль орчны хяналтын улсын байцаагчийн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйл болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, улсын байцаагчийн үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, П.Амарын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, түүний биелэлт, сар, жилийн ажлын тайлан, танилцуулга, мэдээ, судалгаа зэрэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогджээ.

“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хамгаалалтын захиргааны хамгаалалт хариуцсан ажилтан болон байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх, үүрэгтэй байна.” гэж зааснаар Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй байхаар хуульчлан тогтоожээ. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-д “Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолд байгаль хамгаалагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТЗ-2-оор, улсын байцаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТЗ-6-аар тус тус тогтоосон байна. Дээрх хууль тогтоомжийн дагуу П.Амар нь улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажиллахдаа байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй, хуулиар тогтоосон ажил, үүргийг нь гүйцэтгэсээр ирсэн тул түүний албан тушаалын зэрэглэлийг ТЗ-6-аар тогтоох нь зүйтэй байсан” гэж анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

П.Амар нь төрийн жинхэнэ албан хаагч, улсын байцаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн албан хаагчийн цалин хөлс ... авах”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Улсын байцаагч Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэвэр, тэтгэмжээс гадна дор дурдсан нэмэгдэл баталгаагаар хангагдана...”  гэж заасан баталгааг эдлэх нь зүй ёсны юм.

Хэдийгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-100, 2013 оны А-06, 2015 оны А-233 дугаар болон Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны даргын 2011 оны А/09, 2013 оны А-02, 2014 оны А-01, 2015 оны А-05 дугаар тушаалуудаар байгаль орчны хяналтын улсын байцаагчийн орон тоог батлаагүй, байгаль хамгаалагчийн орон тоог баталсан, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”-оор хуульчилсан боловч энэ нь П.Амарын албан тушаалын зэрэглэлийг ТЗ-6-аас ТЗ-2 болгон бууруулж тогтоох үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл холбогдох хууль, тогтоомжийн дагуу төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоож, үүнийгээ үндэслэн байгууллагын бүтэц, орон тоог тогтоох учиртай бөгөөд эрх бүхий албан тушаалтнууд харьяалах байгууллагынхаа бүтэц, орон тоог тогтоохдоо тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын эрх ашиг, холбогдох хууль тогтоомжийг зөрчих ёсгүй. Хэрэв хууль тогтоомжийн дагуу байгаль хамгаалагчийн хяналтын улсын байцаагчийн эрх олгож, ажил үүргийг нь гүйцэтгүүлсэн бол албан тушаалын зэрэглэлийг ТЗ-6-аар тогтоон цалинжуулах, эсхүл батлагдсан бүтэц, орон тооныхоо дагуу байгаль хамгаалагчаар ажиллуулах бол байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг олгохгүйгээр, эрх олгосон бол эрхийг нь цуцалж, зөвхөн байгаль хамгаалагчийн ажил, үүргийг нь гүйцэтгүүлэх ёстой байсан.

Энэ талаар болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                               ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

                               ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

                               ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР