Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 242

 

Н.Ж, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, 17120001210039 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Ж-ийн өмгөөлөгч В.Удвалын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2008 онд  Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлсэн, Адуучин овогт Н.Ж нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт С.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Ж-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, С.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ж-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг Н.Ж-ийг 1 сарын хугацаанд, С.Б-ийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 15 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Ж-ийн өмгөөлөгч В.Удвал гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж алдааг нь залруулах үүрэгтэй байтал “яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх дээрх алдааг засуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, эргэлзээгүй байна гэсэн шаардлагыг хангаагүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Н.Ж нь хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх эрхтэй. Анхан шатны шүүхийн гаргасан алдааг давж заалдах шатны шүүх засах боломжтой байхад хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн гаргасан алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан зөрчилд тооцогдохооргүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Ж нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, хэргийн зүйлчлэл зөв, ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна. Харин хэрэг гарсан он, сарыг андуурч бичсэн алдааг үндэслэж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь техникийн шинжтэй дээрх алдааг давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөн шийдвэрлэх боломжтой байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэрэг гарсан өдрийн огноог зөвтгөсөн өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Ж-ийн өмгөөлөгч В.Удвалын гаргасан гомдлыг үндэслэн С.Б, Н.Ж нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Ж, С.Б нар нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр баг “Доод эрэг” гэх газарт “гэрийн буйран дээр тугалын хашаа барьлаа” гэх шалтгааны улмаас маргалдан харилцан зодолдож, С.Б нь Н.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Н.Ж нь С.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэв.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Н.Ж, С.Б нарын үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг харгалзан шүүгдэгч Н.Ж-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний, шүүгдэгч С.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм буруу, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн байхад яллагдагчид ял сонсгох тогтоол, прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг 2017 оны 7 дугаар сарын 29-нд гэмт хэрэг үйлдэгдсэн гэж буруу бичсэн алдааг анхан шатны шүүх зөвтгөхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, мөн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжилгээний байгууллагыг томилсон мөрдөгчийн тогтоолд шинжээчийн нэрийг бичээгүй байх тул шинжээч С.Хишигмааг томилогдсон шинжээч гэж үзэхэд эргэлзээтэй гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б, Н.Ж нарын үйлдсэн гэмт хэргийн талаар анх цагдаагийн байгууллагад ирсэн гомдол мэдээлэл, С.Б, Н.Ж нарын хохирогч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар гэмт хэрэг 2017 оны 8 дугаар сарын 29-ний үйлдэгдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар оролцогчид маргаагүй байна. Харин анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо прокурорын яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг давтаж, тухайн гэмт хэргийг 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн гэж буруу бичсэнийг давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн боловч өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөх боломжтой байтал энэхүү алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд тооцож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй гэж үзэв.

Хавтаст хэргийн 28, 35 дугаар хуудсанд авагдсан шинжээч томилох тухай 2017 оны  9 дүгээр сарын 1-ний өдрийн мөрдөгчийн тогтоолд Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албыг энэ хэрэгт шинжээчээр томилсон байх ба хууль сануулсан хэсэгт шинжээч С.Хишигмаа гарын үсэг зурсан, мөн хавтаст хэргийн 33, 34 дүгээр хуудсанд хэргийн оролцогчид уг тогтоолтой танилцахдаа шинжээч С.Хишигмаагаас татгалзах хүсэлт гаргаагүй, мөн хавтаст хэргийн 37, 38 дугаар хуудсанд С.Бын биед эгэмний хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон, Н.Жавхлантөгсийн биед тархи доргилт, зулгаралт, цус хуралт бүхий бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй хэргийн оролцогчид танилцаад санал хүсэлт гаргаагүй нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.7-т зааснаар мөрдөгч нь шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох эрхтэй ба мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжээч томилох шийдвэрт “…шинжилгээний байгууллагын болон шинжээчийн нэр” бичнэ гэснийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан агуулгаар хэрэгжүүлсэн буюу мөрдөгч шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг Шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлж, Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчийг нэр заан томилж, дүгнэлт гаргуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй болно.

Иймд ахнхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг хяналтын шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, хэргийг дахин хэлэлцүүлэх тухай давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг “2017 оны 7 дугаар сарын 29” гэж бичсэнийг “2017 оны 8 дугаар сарын 29” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ                                                              Б.ЦОГТ

               ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН