Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 415

 

Цээл сум А намын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагч, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 19 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0554 дүгээр магадлалтай, Цээл сум А намын нэхэмжлэлтэй, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хариуцагч, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Цээл сум А намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржготовын “Цээл сум Хурлыг тарсанд тооцуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

2. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дүгээр зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Цээл сум А намынитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржготовын ”Цээл сум Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Цээл сумын Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан хууль бусаар хуралдсаныг хүчингүйд тооцож, уг хуралдаанаас гаргасан 01,02,03,04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0554 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а/, б/, г/ дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Цээл сум А намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржготовын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, Цээл сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хууль бусаар хуралдсаныг хүчингүйд тооцож, уг хуралдаанаас гарсан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Баасанжаргал, гуравдагч этгээд Г.Цанжид, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батсүх нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ...шүүгчийн захирамжаар түдгэлзүүлснээр уг тогтоолын үйлчлэл түр зогссон байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүгчийн захирамжийг биелүүлэх үүргээ үл биелүүлсэн гэж үзсэн нь Сонгуулийн хорооны холбогдох актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг биелүүлэх үүрэг нь сумын Сонгуулийн хороонд хамаарах ба үүнд сумын Хурлыг шууд буруутгах үндэслэл болохгүй юм.

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-д “...Сумын сонгуулийн хороо нь дүнг 5 хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон сумын хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ "... гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “а”-д сумын хурал нь хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэхээр заасан байгаа.

Үүнээс үзвэл сумын Сонгуулийн хорооны өргөн мэдүүлсэн тогтоолыг үндэслэн сумын анхдугаар хуралдаанаар сумын хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг шийдвэрлэх нь шинээр сонгогдсон сумын хурлын хуралдааны анхны шийдвэрлэх асуудал байгаа тул нэр бүхий 5 нэр дэвшигчийг хуралдаанд оролцуулахгүй буюу төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх үндэслэлээр анхдугаар хуралдааныг хуралдуулахгүй байх үндэслэлгүй юм. Харин анхдугаар хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тогтоолыг батлах үед нэр бүхий 5 нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаараа саналаа гаргаж хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байсан бөгөөд тэдгээр 5 нэр дэвшигчийн эрх, ашиг сонирхлоос хамаарч, нийтийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөхөөр сонгогдсон бусад нэр дэвшигчийн эрхийг хязгаарлах улмаар орон нутгийн удирдлагын үйл ажиллагаа тасалдах учиргүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д зааснаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр “...шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...” гэх хариуцагч, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

“Сонгуулийн санал хураалтын дүнг баталгаажуулах тухай” Цээл сум Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолын хавсралтад заагдсан 449 дүгээр тойрог буюу С.Батболд, Г.Баасанжаргал, Ч.Мөнх, Д.Сэржмаа, М.Хүрэлбаяр нарт холбогдох хэсгийг биелэлтийг түдгэлзүүлсэн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181 дүгээр шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар Хуралдааны тэмдэглэлд сумын Сонгуулийн хорооны даргаас дээрх 06 дугаар тогтоол болон шүүгчийн захирамжийн талаар танилцуулсан тухай тэмдэглэгджээ.

Дээрхээс үзвэл, сонгуулийн санал хураалтын дүнг баталгаажуулах тухай тогтоолын С.Батболд, Г.Баасанжаргал, Ч.Мөнх, Д.Сэржмаа, М.Хүрэлбаяр нарт холбогдох хэсгийн үйлчлэл шүүгчийн захирамжийн дагуу түр зогссон, холбогдох маргаан шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад эдгээр иргэдийг анхдугаар Хуралдаанд оролцуулж, төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх талаарх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасантай нийцэхгүй болно.

Гэтэл анхан шатны шүүх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн дээр дурдсан шүүгчийн захирамжийг биелүүлэх нь зөвхөн сумын Сонгуулийн хороонд  хамааралтай гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

С.Батболд, Г.Баасанжаргал, Ч.Мөнх, Д.Сэржмаа, М.Хүрэлбаяр нарыг оролцуулсан анхдугаар хуралдаан хууль дээдлэх зарчимд нийцээгүйгээс хууль бус, хууль бус хуралдаанаас гаргасан тогтоолууд мөн хүчин төгөлдөр байх боломжгүйг давж заалдах шатны шүүх зөв дүгнэж, Цээл сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг хүчингүйд тооцож, уг хуралдаанаас гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01, 02 ,03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2017/0554 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч, гуравдагч этгээд нар тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               М.БАТСУУРЬ

                 ШҮҮГЧ                                                                      Л.АТАРЦЭЦЭГ