| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2021/03244/И |
| Дугаар | 182/ШШ2022/00541 |
| Огноо | 2022-02-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2022/00541
2020 оны 09 сарын 14 өдөр Дугаар 182/ШШ2020/0......... Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Д-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,
Хариуцагч Э.Д,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Э.Даас 2017 онд гэр бүлээ цуцлуулж шийдвэрлэсэн.
2017 оны сүүлээр Э.Дтай буцаж хамт амьдарсан, гэтэл дахиад урьд харилцаатай байсан хүнтэй дахин харилцаа тогтоож гэрээсээ явсан.
Ингээд 2020 оны 07 дугаар сард хүү Д.М төрсөн. Иймд хүүхдийн тэтгэмжийг хуульд зааснаар тогтоож өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Э.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие хүү Д.Мэд хүүхдийн тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Д.Мийн төрсний гэрчилгээний хуулбар, Мөнх-үйлстэн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч Э.Дт холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч П.Д нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчдын өгсөн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.Мийн эцэг нь Э.Д болохыг захиргааны журмаар тогтоосон байна.
Нэхэмжлэгч П.Д, хариуцагч Э.Д нар нь өмнө нь гэрлэлтээ батлуулсан байсан боловч шүүхийн журмаар гэрлэлт цуцлуулж, 2017 онд дахин хамт амьдрах хугацаанд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.Мийг төрүүлсэн бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар гэр бүлээ албан ёсоор бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн эцгийг захиргааны, эсхүл шүүхийн журмаар тогтоох бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.Мийн эцэг нь Э.Д болох нь захиргааны журмаар тогтоогджээ.
П.Д, Э.Д нар нь 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хүү Д.Мийг эх П.Дийн асрамжид байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд хүү Д.Мийг эхийн асрамжид үлдээх талаар талууд маргаагүй тул хүү Д.Мийг эх П.Дийн асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Э.Д нь хүү Д.Мийг тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Э.Даас тэтгэлэг гаргуулж, хүү Д.Мийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд бага насны хүүхэд болох хүү Д.Мийг эх П.Дийн асрамжид байгаа нь Э.Дын хувьд эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд эцэг Э.Д энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эх П.Д нь саад учруулахгүй байх үүрэгтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.Мийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр төрсөн эцэг Э.Даар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар Э.Дыг эцгийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эх П.Д саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч П.Дийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Э.Даас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 60,780 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС