| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00105/И |
| Дугаар | 154/ШШ2021/00211 |
| Огноо | 2021-10-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 154/ШШ2021/00211
| 2021 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 154/ШШ2021/00211 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн иргэний хэргийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 2000 оны 12 дугаар сарын 09-нд төрсөн, 21 настай, эмэгтэй, Ач анагаах ухааны их сургуульд суралцдаг, ам бүл 3, хүү, ахын хамт амьдрах, ******* дугаарын регистртэй,******* овогт*******ын*******аагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1996 оны 10 сарын 12-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, өвөөгийн хамт амьдрах, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороонд оршин суух,******* дугаарын регистртэй******* овогт*******гийн*******д холбогдох эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ариунаа /онлайнаар/, хариуцагч А.Билгүүн /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ариунаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь 2000 онд төрсөн. 21 настай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг. Би Улаанбаатар хотод Ач АУИС-ийн 2 дугаар курст суралцаж байна. 2019 онд Булган сумын Баянгол багийн иргэн А.Билгүүнтэй танилцаж хайр сэтгэлийн холбоотой болж*******ий гэр болон ах Отгонжавын гэр бүлээр хамтдаа орж гарч Улаанбаатар хотод*******ий байранд хамт амьдарч байсан. 2020 онд жирэмсэн болж Булган суманд ирж 2020 оны 10 сарын 14-ний өдөр хүү Ирмүүнийг төрүүлсөн. Төрсний дараа эмнэлэгээс гараад хүүгийн хамт А.Билгүүний аав*******гийн гэрт очиж 2 хоноод ах Отгонжавынд ирсэн. Түүнээс хойш хот яваад холбоо тасарсан. Утсаар ярих гээд залгахаар утсаа авдаггүй. Мессеж бичихээр хариу бичдэггүй байсан. А.Билгүүн нь намайг байнга хэл амаар доромжилж янз бүрээр хэлдэг байсан. А.Билгүүний ээж нь хүртэл намайг их хэл амаар доромжилдог байсан. Иймд би А.Билгүүнтэй амьдрах хүсэлгүй байгаа тул эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах өгнө үү.
...Миний хүү Ирмүүн нэг нас хүрээгүй, хөхөөрөөр хооллодог тул би хүүгээ өөрөө өсгөнө. Өнгөрсөн хугацаанд хүү бид хоёрыг нэг ч удаа эргэж ирээгүй гэв.
Хариуцагч А.Билгүүн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тухайн үед би миний хүүхэд гэдэгт итгэхгүй байсан. Би хүүхдээ өөрөө авч өсгөнө. Одоо би ажилгүй байгаа, манай хүүхэд нэг настай гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ариунаа хариуцагч А.Билгүүнд холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Билгүүн эцэг тогтоох шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүх хариуцагчийн хүсэлтийг хангаж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3261 дугаартай Шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Уг дүгнэлтэд ...А.Билгүүн нь Ирмүүний биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ариунаа, хариуцагч А.Билгүүн нар гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч тэд гэр бүлийн харилцаатай байсан, тэдний дундаас 2020 оны 10 дугаар сарын 14-нд хүү А.Ирмүүн төрсөн болох нь №8407000206 бүртгэлийн дугаартай, ПБ20301434 регистрийн дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3261 дугаартай ...А.Билгүүн нь Ирмүүний биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна гэх дүгнэлт, хариуцагчын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т ...энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, төрөл садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.Ариунаа нь хүү А.Ирмүүний төрсөн эцгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ...хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхолыг нь хохироохыг хориглоно гэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иймд 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр төрсөн******* овогт*******аагийн Ирмүүний төрсөн эцэг нь******* овогт*******гийн******* мөн болохыг тогтоож, хүү А.Ирмүүнийг эх Б.Ариунаагийн асрамжид үлдээж, эцэг А.Билгүүнээс гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Билгүүнээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ариунаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан А.Билгүүнээс нэг жилийн хугацаанд хүүхдэд төлбөл зохих тэтгэлэгийн үнийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 35164 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар 2020 оны 10 дугаар сарын 14-нд төрсөн А.Ирмүүний төрсөн эцэг нь Их шарынхан овогт*******гийн******* мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2020 оны 10 сарын 14-нд төрсөн хүү А.Ирмүүнийг эх Б.Ариунаагийн асрамжид үлдээж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү А.Ирмүүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Билгүүнээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ариунаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Билгүүнээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 35164 төгрөгийг хариуцагч А.Билгүүнээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ