Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/шш2021/00711

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 12 дугаар хороо, .....  хороолол, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Г овогт Ч ийн А /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 6 дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Ц ын Ц /РД: .../-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б , хариуцагч Ц.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Ц тай 2015 онд танилцаж, .... оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ баталгаажуулсан. ... оны 5 дугаар сарын 29-ний өдөр охин Ц.Н төрсөн. Миний бие төрсөн цагаасаа охиныхоо хамтаар төрсөн гэртээ амьдарч байсан. Нөхөр Ц.Ц нь ирж, очин байдаг байсан. Бид хоёрын зан харилцааны таагүй байдлын улмаас тусдаа амьдраад 5 сар болж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин Ц.Н ыг өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д зааснаар гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Ц.Н ыг эхийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Ц.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Ц миний бие Ч.А ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Ц.Ц д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.А , хариуцагч Ц.Ц нар .... оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага .... оны 9 дүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас ... оны 5 дугаар сарын 29-ний өдөр охин Ц.Н төрсөн байна.

 

Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2020 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцсон байдлыг харгалзан охин Ц.Н ыг эх Ч.А ийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай харшлахгүй.

 

Зохигчийн дундаас төрсөн хүүхэд эхийнхээ асрамжинд байх тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр охин Ц.Н д хариуцагчаас тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Г овогт Ч ийн А /РД: .../, Б овогт Ц ын Ц /РД: .../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан ... оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Ц.Н /РД: .../-ыг эх Ч.А ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ц аас охин Ц.Н ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Зохигч эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР