Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/хт2026/00072

 

Ө.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/08187 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/02203 дугаар магадлалтай,

Ө.Б-ийн нэхэмжлэлтэй,

“Ц” ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б оролцсон,

Амины орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан амины орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/08187 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Б-ийг *** тоот байрлах нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “Ц” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх авто зогсоолтой холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн 1,928,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,695,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/02203 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/08187 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** тоот байрлах нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууц, мөн хотхоны А эгнээний А04-8 тоот байршилд байрлах, 14 м.кв талбай бүхий автозогсоолын өмчлөгчөөр Ө.Б-ийг тус тус тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг нэхэмжлэгч Ө.Б-д хүлээлгэж өгөхийг хариуцагч “Ц” ХХК-д даалгасугай.” гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн 1,928,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,928,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 1,857,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Нэхэмжлэгчийн зүгээс дээрх магадлалаас орон сууцад холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт заасан журмын дагуу 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэг хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд:

Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “Талуудын байгуулсан амины орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-д *** тоотод байрлах нийт 125 м.кв тайлбай бүхий амины орон сууц гэж заасан ба гэрээнд хаягийн талаар өөрчлөлт оруулаагүй байхаас гадна хэрэгт авагдсан Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025.06.13-ны өдрийн 01/682 тоот албан бичгээр “*** тоот хаягт байрлах барилгыг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлж хаяг дугаар авах хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх гэрээнд заасан хаягаар буюу *** тоот хаягт байрлах нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.” гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт цугларсан баримтаар буюу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.07.01-ний өдрийн 10-3/895 тоот албан бичигт хавсаргасан газар зохион байгуулалтын албаны газрын кадастрын зураг болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын www.egazar.gov.mn цахим сайтад буй нийтэд нээлттэй мэдээллээр маргаан бүхий амины орон сууцны албан ёсны бүртгэлтэй хаяг нь Улаанбаатар хот, *** тоот хаяг болох нь нотлогдож байгаа бөгөөд “Ц” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Б нь тус орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан нь мөн адил тогтоогдож байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “... нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба уг заалтыг Улсын дээд шүүхийн 2021.09.20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Шүүхийн шийдвэр боловсруулах” журмын 2.2.3-т “Дахин нотлох шаардлагагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болно...”, 2.2.3.1-д “Нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж тайлбарласан. Монгол Улсад дижитал цахим шилжилт эрчимтэй өрнөж буй энэ үед төрийн захиргааны байгууллагууд холбогдох мэдээллийн сангуудыг нийтэд нээлттэй байршуулах ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар нь цахим газрын мэдээллийн санг www.egazar.gov.mn сайтад нээлттэй байршуулж, 2024 оноос Монгол Улсын иргэн өөрийн газрын мэдээллийг нэгж талбарын дугаар, байршлаар нь хайж олох бүрэн боломжтой болсон. Нэгэнт хариуцагчаас шүүхэд орон сууцны хаягийн талаар баримт, мэдээллийг гаргаж өгөхгүй, нэхэмжлэгч өмчлөх эрхийн гэрчилгээ болон кадастрын зургийн мэдээллийн олж авах боломжгүй тул өөрийн нотолж чадах боломжийн хүрээнд нийтэд нээлттэй мэдээлэл болох www.egazar.gov.mn цахим системээс амьдарч буй амины орон сууцныхаа мэдээллийг газрын зураг дахь байршлаар хайхад газрын нэгж талбарын дугаар нь ***, хаяг нь *** тоот болохыг олж мэдсэн. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий амины орон сууцыг байршлаар нь буюу *** хотхоны 4 дэх эгнээний зүүн талаас 2 дахь байшинг зааж дарахад гарсан дэлгэрэнгүй мэдээллийг шүүхэд гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан байгаа болно. Үүнээс өөрөөр нэхэмжлэгч талд амины орон сууцны албан ёсны бүртгэлтэй хаягийг олж тогтоох, нотлох боломжгүй байна. Бид өөрсдийн зүгээс Хот байгуулалт, хотын стандартын газарт хандаж холбогдох хаягийн мэдээллийг авахыг хичээсэн боловч газрын цахим системд буй нийтэд нээлттэй мэдээллийн сангаас мэдээллээ авах бүрэн боломжтой, хэрэв бичгээр хүсэлт гаргахаар бол нэгж талбарын дугаар, газрын кадастрын зураг, гэрээ зэргийг хавсаргаж өгнө үү гэх хариуг өгсөн. Орон сууц захиалагчийн хувьд газартай холбоотой баримт бичиг, мэдээлэл огт байхгүй тул бичгээр хүсэлт гаргах боломжгүй байсан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025.05.27-ны өдөр Хот байгуулалт, хотын стандартын газраас маргаан бүхий амины орон сууцны албан ёсны хаягийг тодруулж өгөх хүсэлтийг гаргасан. Гэвч Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025.06.13-ны өдрийн 01/682 дугаар албан тоот бичгээр “***тоот хаягт байрлах барилгыг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлж хаяг дугаар авах хүсэлт гаргаагүй.” гэж ирүүлсэн нь хорооны хаягийн мэдээлэл өөрчлөгдсөнтэй холбоотой байна. Тодруулбал, маргаан бүхий амины орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2020.11.19-нд *** хороо гэх хаягаар гарсан бөгөөд үүний дараа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 43 дугаар тогтоолоор 35-р хороог шинээр байгуулж, 20-р хорооноос салгасан. Улмаар маргаан бүхий орон сууцны хаяг *** хороо болж өөрчлөгдсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор тус газраас 20-р хороо гэх хаягаар дугаар авах хүсэлт гаргаагүй гэх хариуг өгсөн байна. Нөгөөтээгүүр, хэрэв хаяг дугаар авах хүсэлт гаргаагүй байсан бол Ү-*** дугаарт маргаан бүхий амины орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарах боломжгүй байсан. Гэтэл шүүхээс эдгээр үйл баримтуудыг харьцуулан нягталж шалгаагүй, хэргийг бүх талаас нь бүрэн бодитой тогтоогоогүй байна.

Түүнчлэн захиргааны байгууллагаас шүүхэд ирүүлсэн албан бичиг болон www.egazar.gov.mn газрын цахим систем бүхий нийтэд нээлттэй мэдээлэл бүхий баримтаас албан бичгийг тэргүүн ээлжид давуу байдлаар нотлох баримтаар үнэлж, нийтэд нээлттэй мэдээллийг огт авч хэлэлцээгүй, нотлох баримтаар үнэлээгүй нь шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх зарчмыг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Нөгөөтээгүүр, барилгын ажил гүйцэтгэгч “Ц” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Б нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2020.11.19-ний өдөр авсан атлаа нэхэмжлэгч Ө.Б-тэй 2023.08.23-ны өдөр гэрээ байгуулахдаа орон сууцны албан ёсны бүртгэлтэй хаягаар гэрээг байгуулаагүй, энэ талаар гэрээнд тусгаагүй байна. Нэхэмжлэгчийн хувьд *** хотхоны дотоод зохион байгуулалт бүхий *** дугаарлалтаар гэрээг байгуулсан бөгөөд захиалгын орон сууц нь улсын бүртгэлд 40% гүйцэтгэлтэй байхдаа буюу гэрээг байгуулж байхад улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээтэй болсон байсныг огт мэдээгүй байсан. Тиймээс захиалгын гэрээнд албан ёсны бүртгэлтэй хаягаар өөрчлөлт оруулаагүй гэх шүүхийн шийдвэрийн үндэслэл нь бодит байдалд нийцээгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2025.07.31-ний өдөр хэрэгт авагдсан улсын бүртгэлийн баримтууд болон нийтэд нээлттэй мэдээллийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг “Улаанбаатар хот, *** хороо, *** тоот хаягт байрлах амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” болгож тодруулсан. Улмаар хариуцагч “Ц” ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б нар нь шүүхэд 2025.09.22 болон 24-ний өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагын амины орон сууцад холбогдох хэсэгтэй маргаагүй буюу шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуг ирүүлсэн байхад хоёр шатны шүүх уг нөхцөл байдлыг огт үнэлж, дүгнэлт хийгээгүй болно. Тиймээс дээрх үндэслэлээр хоёр шатны шүүх маргаан бүхий амины орон сууцны улсын бүртгэлд бүртгэлтэй албан ёсны хаягийг нотлох чухал ач холбогдол бүхий нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар үнэлээгүй, хариуцагч болон гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг харгалзан авч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэн зөв үнэлж дүгнэх зарчмыг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна. Улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

4.2. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болсон тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх ёстой. Гэтэл хоёр шатны шүүхийн шийдвэр гарснаар нэг үл хөдлөх хөрөнгө нь хоёр өөр хаягаар хоёр өөр өмчлөгчтэй болж, биелэгдэх боломжгүй болох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь амины орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээг гаргуулж авснаар өмчлөх эрх үүснэ. Гэтэл хоёр шатны шүүхээс нэхэмжлэгчийг улсын бүртгэлд бүртгэлгүй, бүртгэлийн “Ү” дугааргүй дотоод дугаарлалтын хаягаар өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэснээр нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, амины орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрх шилжүүлэн авч өмчлөх эрхээ бодитойгоор хэрэгжүүлэх боломжгүй болж байна. Тиймээс анхан шатны шүүхийн 08187 дугаартай шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 02203 дугаартай магадлал нь бодитойгоор хэрэгжих боломжгүй болж байгаа бөгөөд нэг үл хөдлөх хөрөнгөд хоёр өөр өмчлөгч, хоёр өөр хаягаар бүртгэгдэх эрх зүйн үр дагаврыг үүсгэж буй тул хоёр шатны шүүх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг бодитойгоор хамгаалж чадаагүй байна.

Нөгөөтээгүүр, практикт барилгын ажил гүйцэтгэгч компаниуд амины орон сууцыг өөрсдийн хийсэн хотхоны дугаарлалтаар захиалга авч, гэрээг байгуулж байгаа нь захиалагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх бөгөөд улсын бүртгэл дэх хаягийг мэдэх боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэхийг ч мэдэх боломжгүй захиалагч нарт өмчлөх эрхээ хэрхэн хамгаалуулах, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн албан ёсны бүртгэлтэй хаягаар өмчлөгчөөр тогтоолгох хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх тул энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хууль ёсны байх, үндэслэл бүхий байх шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмуудыг зөрчиж байгаа тул тус хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг үндэслэн магадлалын амины орон сууцад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг улсын бүртгэлд бүртгэлтэй албан ёсны хаяг болох Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Улиастай, Их Цуурай Хадат *** тоот хаягт байрлах амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.02.27-ны өдрийн 001/ШХТ2026/00234 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдолыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Ө.Б- нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан 2023.08.23-ны өдрийн KH2-402 дугаартай, “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу Улаанбаатар хот, *** хороо, *** байршилд, нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууц болон 2023.08.23-ны өдрийн G21-019 дугаартай “Автомашины зогсоол захиалан бариулах гэрээ”-ийн дагуу тус хотхоны А эгнээний А04-8 тоот байршилд байрлах 14 м.кв талбай бүхий автозогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоолгох, орон сууцны болон автозогсоолын өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өмчлөгчөөр тогтоолгох орон сууцны хаяг байршлыг *** хороо, *** тоот гэж тодруулж өөрчлөн, үндэслэлээ “... Амины орон сууц захиалан бариулах гэрээгээр гүйцэтгэгч “Ц” ХХК нь Улаанбаатар хот, *** хороо, *** байршил бүхий, нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууцыг тооцоо нийлсэн актаар хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Тийм учраас ч гүйцэтгэгч нь гэрээ байгуулсан өдрөөс тус амины орон сууцыг нэхэмжлэгч Ө.Б-д хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна. “Ц” ХХК нь 2023.08.23-ны өдрөөс эхлэн амины орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч нь дээрх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, Амины орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөөгүй хэвээр байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаар буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.07.01-ний өдрийн 10-3/895 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн *** тоот орон сууцны албан ёсны бүртгэлтэй хаяг нь *** хороо, *** тоот болох нь тогтоогдсон. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “Ц” ХХК нь “…Нэхэмжлэгч Ө.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд *** тоот амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоохыг хүлээн зөвшөөрч байна. Харин А04-8 тоот автозогсоолын хувьд барилгын ажил дуусаагүй, үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ...” гэж маргажээ.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.

10. Анхан шатны шүүх “... Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025.06.13-ны өдрийн 01/682 дугаар албан тоотоос үзэхэд *** хаяг нь бүртгэгдээгүй, ... хэрэгт байгаа кадастрын зургаар амины орон сууц нь *** тоот хаягтай гэх тайлбар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь амины орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй, ... гэрээний 6.3.4-т зааснаар өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулахыг даалгана. Энд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн *** тоот гэх тайлбар хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээнд заасан *** тоот хаягаар өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Авто зогсоол захиалан бариулах гэрээнээс үзэхэд төлбөрийг төлсөн эсэх талаар бичигдээгүй ба ... гараар бичсэн баримтад 11 тоот гаражийг худалдсан гэж үзэхээр байна. Мөн тооцоо нийлсэн актад гаражийн төлбөргүй гэсэн боловч дугаарыг тодорхойлоогүй. Иймд гэрээнд А эгнээний А04-8 тоот хаягт байрлах авто зогсоол нь Б.Н-с худалдаж авсан зогсоол гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас авто зогсоолд холбогдох хэсгийг хангах боломжгүй.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “... Шүүх Ө.Б, Б.Н нарын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж буруу дүгнэжээ. Учир нь нэхэмжлэгч Ө.Б нь Б.Н-с амины орон сууц, автозогсоолын хамт худалдан авч, захиалгын гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авч “Ц” ХХК-тай гэрээг шинэчлэн байгуулах үед гэрээний зүйл болох амины орон сууц гэрээний хавсралт 4-т заасан дотор засалгүй хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байсан зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж залруулан дүгнэнэ. ... хэргийн 18-19 дүгээр талд авагдсан шаардах эрх шилжүүлэх гэрээ болон Б.Н-гийн “Ц” ХХК-д гаргасан хүсэлт зэрэг баримтад амины орон сууц, автозогсоолын төлбөрийн үлдэгдэлгүй талаар дурдсан байхаас гадна амины орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.1-д төлбөр бүрэн төлөгдсөн гэжээ. Түүнчлэн, хариуцагчаас орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, түүний эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь төлбөр төлөгдөөгүй талаар маргахгүй байна. Иймд нэхэмжлэгч Ө.Б нь амины орон сууцыг автозогсоолын хамт захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авч, төлбөрийг Б.Н-д төлсөн нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжсэн гэж үзэх үндэслэлтэй. ... Иймээс нэхэмжлэгч нь амины орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Талуудын байгуулсан амины орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-д Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, *** тоот байрлах нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууц гэж заасан ба гэрээнд хаягийн талаар өөрчлөлт оруулаагүй байхаас гадна хэрэгт авагдсан Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025.06.13-ны өдрийн 01/682 тоот албан бичгээр ...***, *** тоот хаягт байрлах барилгыг хот байгуулалтын мэдээллийн сан бүртгүүлж хаяг дугаар авах хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх гэрээнд заасан хаягаар буюу Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, *** тоот байрлах нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. ...” гэсэн дүгнэлт хийжээ. 

12. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч амины орон сууцыг өмчлөх эрхтэй талаар зөрүүгүй дүгнэсэн боловч автозогсоолын хувьд төлбөр төлсөн эсэх нөхцөл байдалд хамаарах нотлох баримтыг өөрөөр үнэлж, ялгаатай шийдэл гаргасан ба улмаар амины орон сууцны хаяг, байршлыг гэрээнд зааснаар тогтоож шийдвэрлэсэн талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

13. Нэхэмжлэгч Ө.Б- нь 2023.08.23-ны өдрийн амины орон сууц захиалгаар бариулах болон автомашины зогсоол захиалан бариулах гэрээний дагуу гэрээнд заасан “Улаанбаатар хот, *** хороо, *** байршилд, нийт 125 м.кв талбай бүхий амины орон сууц болон тус хотхоны А эгнээний А04-8 тоот байршилд байрлах 14 м.кв талбай бүхий автозогсоол”-ын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.07.01-ний өдрийн 10-3/895 тоот албан бичгийг үндэслэн амины орон сууцны хаяг байршлыг *** хороо, *** тоот гэж тодруулж өөрчилсөн.

14. Хоёр шатны шүүх Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025.06.13-ны өдрийн 01/682 тоот албан бичгийг үндэслэн маргаан бүхий амины орон сууц нь дээрх ***, *** тоот хаягт бүртгэгдээгүй, уг барилгын хаяг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгээгүй гэж дүгнэн, үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, байршлыг гэрээнд зааснаар тодорхойлж, шүүхийн шийдвэрт заасан байна.

15. Гэвч хэргийн баримтаас үзэхэд талууд гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн хаяг байршлыг “Улаанбаатар хот, *** хороо, ***” гэж заасан, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025.06.13-ны өдрийн 01/682 тоот албан бичгээр “***” хаягт байрлах барилгыг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгүүлэх, хаяг, дугаар авах хүсэлт ирүүлээгүй гэж дурдсан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.07.01-ний өдрийн 10-3/895 тоот албан бичигт дурдсанаар болон хавсаргаж ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Нийслэлийн *** *** хаягт байршилтай, 125 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, 40 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Б-ийг улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэсэн” талаар тэмдэглэгдсэн.

Эндээс үзвэл нэхэмжлэгч шаардлагаа тодруулснаар өмчлөгчөөр тогтоолгох үл хөдлөх эд хөрөнгийн хаяг байршлыг “*** ***” гэж үзвэл уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Б бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, байршлыг “...*** *** ...” гэж заажээ.

16. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хаяг, байршлын талаарх баримтууд зөрүүтэй, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Б бүртгэгдсэн, энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байхад нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг “Ц” ХХК-д холбогдуулан гаргасан нь ойлгомжгүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус байгааг тус тус хоёр шатны шүүх анхаараагүй.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.07.01-ний өдрийн 10-3/895 тоот албан бичигт “...Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 04-263/3758, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёр дугаар хэлтсийн 2025 оны 30д3-3/1743 дугаартай албан бичгийн дагуу эрх түдгэлзүүлсэн ...” талаар дурдсан ба нэхэмжлэгч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөгчөөр тогтоолгох тохиолдолд энэхүү нөхцөл байдлыг тодруулах, уг эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэн эсэх нь нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

17. Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс зохигчийн хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, хууль хэрэглэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/08187 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2025/02203 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Ө.Б-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.01.19-ний өдөр төлсөн 1,788,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                            Н.БАЯРМАА

                                                                                             Д.ЦОЛМОН

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД