| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 108/2020/0123/Э |
| Дугаар | 1193 |
| Огноо | 2020-09-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 1193
2020 9 17 2020/ДШМ/1193
А.Д-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Цэрэндалай,
шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Дид холбогдох 1807005310086 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн А-ийн Д, 1981 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн ... дугаар хороо, ... оршин суух бүртгэлтэй, /РД:/,
Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;
Шүүгдэгч А.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 88-76 УНГ улсын дугаартай Даевоо загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа түлш дууссан гэх шалтгаанаар тээврийн хэрэгслийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний шөнийн 01 цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Элстэй” гэх газар Улаанбаатар-Хэнтий чиглэлийн засмал зам дээр орхин явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 6.4-т заасан “Түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон”, 9.5-д заасан “Ослын зогсолт тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурийн гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 6 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хот руу явж байхдаа 16-32 ХЭҮ улсын дугаартай Хьюндэй Грейс загварын тээврийн хэрэгслийн жолооч Ж.Энхтүвшин нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3-т заасныг зөрчин зам дээр зогсож байсан 88-76 УНГ улсын дугаартай Даевоо загварын тээврийн хэрэгслийн ар талаас мөргөж 16-32 ХЭҮ улсын дугаартай Хьюндэй Грейс загварын тээврийн хэрэгсэлд зорчин явсан Л.Пүрэвдулам, Б.Хүслэн, Д.Гэрэлчулуун нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Ваанчиг, Д.Сарантунгалаг, М.Нандин-Эрдэнэ нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан, Б.Тамир, Ц.Золбоо, Б.Цэвээнсүрэн, Д.Нэргүй, М.Дамдинпүрэв, Ж.Энхтүвшин, Н.Уртнасан нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас: А.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тоост овгийн Алтанхүүгийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас олон хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар А.Дийн тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дид оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Дид оногдуулсан тээврийн хэрэгсэлийн жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж, А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч Б.Бат-Ариун нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт нийт 14.280.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 625093 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, жолоочийн 555647 дугаартай үнэмлэх, тээврийн хэрэгслийн №01543507 дугаартай гэрчилгээг хохирогч Д.Өлзийсайханд, тээврийн хэрэгслийн №00516022 дугаартай гэрчилгээг иргэний хариуцагч Б.Аюурзана нарт тус тус буцаан олгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Аюурзанаас 14.240.066 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Пүрэвдулам, А.Балдандорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эрдэнэчимэг нарт 8.129.147 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбатад 3.364.950 төгрөг, Д.Өлзийсайханд 8.129.147 төгрөг, Д.Сарантунгалагт 1.719.469 төгрөгийг тус тус олгож, хохирогч Л.Пүрэвдулам, А.Балдандорж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эрдэнэчимэг нарын нэхэмжлэлээс 2.868.12 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбатын нэхэмжлэлээс 756.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Мөнхсансар нь 10.000.000 төгрөгийн, хохирогч Л.Пүрэвдулам 2.700.000 төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Өлзийсайхан 8.500.000 төгрөгийн, хохирогч Д.Сарантунгалаг нь цаашид гаргах эмчилгээний зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Б.Бат-Ариун, Б.Аюурзана нараас иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дид урьд авсан цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон прокурорын шат, анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаан дээр болсон үйл явдлыг бодит үнэнээр нь ярьж нэгэнт хууль журамд заасны дагуу гэм буруутай гэж дүгнэж байсан болохоор өөрийн үйлдэл холбогдлын талаар маргаагүй болно. Гэвч надад оногдуулсан хорих ялын хэмжээ нь хүндээр туссанаас гадна хохирол төлбөрийн тухайд ойлгомжгүй санагдах зүйл байгааг дурдахыг хүсэж байна. Тухайлбал, талийгаач Ж.Энхтүвшингийн үйлдэл нь гэм хэрэг гарахад нөлөөлсөн гэж шүүх дүгнэсэн атлаа оршуулгын зардал, автомашины хохирол зэргийг гаргуулж, хохирогчийн олох байсан орлого бусад зардалтай холбоотой 8.500.000 төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн байна. Хэдийгээр осол гаргасан жолооч нас барж, гэм буруугийн асуудал хуульд зааснаар яригдахгүй боловч учруулсан хохирлын тухайд яригдахгүй байгааг ойлгохгүй байна. Миний бие энэ олон хүний амь насыг хохироосон, эрүүл мэндээрээ хохирсонд маш их харамсаж байна. Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, үйл баримт, ахуй амьдралын минь аргагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч А.Дийн өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, талийгаач жолоочийн талаарх хэрэгт дурдагдсан баримтууд болон шүүгдэгч А.Дийн гэм буруугийн талаарх баримтуудыг бүхэлд нь хянаж шүүгдэгчийн ар гэр, ахуй амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зөрчөөгүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг болон хувийн байдалд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу дээр маргадаггүй хэдий ч “замын хөдөлгөөнд оролцож явахдаа” гэдэг дээр маргадаг. Шүүгдэгч А.Д нь тухайн тээврийн хэрэгслийг Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Элстэй” гэх газар руу жолоодож явсан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 6.4-т заасан “Түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон”, 9.5-д заасан “Ослын зогсолт тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурийн гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэсэн эрх зүйн хэм хэмжээгээр тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь эргэлзээгүй тогтоогдож байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Дид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 88-76 УНГ улсын дугаартай Даевоо загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа түлш дууссан гэх шалтгаанаар тээврийн хэрэгслийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний шөнийн 01 цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Элстэй” гэх газар буюу Улаанбаатар-Хэнтий чиглэлийн засмал зам дээр орхиж явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 6.4-т заасан “Түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон”, 9.5-д заасан “Ослын зогсолт тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурийн гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 06 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хот руу 16-32 ХЭҮ улсын дугаартай Хьюндэй Грейс загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Ж.Энхтүвшин нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3-т заасныг зөрчин зам дээр зогсож байсан 88-76 УНГ улсын дугаартай Даевоо загварын тээврийн хэрэгслийн ар талаас мөргөж Хьюндэй Грейс загварын тээврийн хэрэгсэлд зорчин явсан Л.Пүрэвдулам, Б.Хүслэн, Д.Гэрэлчулуун нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Ваанчиг, Д.Сарантунгалаг, М.Нандин-Эрдэнэ нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан, Б.Тамир, Ц.Золбоо, Б.Цэвээнсүрэн, Д.Нэргүй, М.Дамдинпүрэв, Ж.Энхтүвшин, Н.Уртнасан нарын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Л.Пүрэвдуламын “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би Улаанбаатар хотод гэртээ очихоорр Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас өөрийн төрсөн ээж Нэргүй, хүү Тамир нарын хамтаар 16-32 ХЭҮ улсын дугаартай Хьюндай Грейс загварын автомашинд суугаад тэндээсээ 18 цагийн орчим хөдөлсөн. Тэгээд шөнийн 02-03 цагийн орчим Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум өнгөрөөд явж байх үеэр манай автомашины жолооч Энхтүвшин зүүрмэглээд хэд, хэдэн удаа урсгал сөрж өөдөөс ирж байгаа автомашины өөдөөс орчих гээд байхаар нь би 3-4 удаа “Энхтүвшин ахаа та зүүрмэглээд байна” гээд байхад ямар нэгэн юм огт хэлээгүй, буцаад өөрийнхөө зам руу ороод яваад байсан. Тэгэхээр нь би арга ядаад болохгүй бол та жаахан унтаж байгаад явчих гэж хэлсэн боловч өөдөөс ганц ч үг дуугараагүй. Тухайн үед нь манай талийгаач ээж Нэргүй “хөөе, Энхтүвшин чи зүүрмэглээд байна” гээд сануулаад байсан. Тухайн үед манай талийгаач ээж Нэргүй бид хоёроос бусад нь бүгд унтчихсан явж байсан. Тэгээд Цэнхэрмандал өнгөрч яваад би унтаад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг огт мэдээгүй. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд ухаан орсон. ...” /1хх 81-85/,
хохирогч Д.Сарантунгалагийн “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цагийн үед би өөрийн төрсөн хүү Б.Ваанчиг, Б.Хүслэн нарын хамтаар Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Энхтүвшингийн 1632 ХЭҮ улсын дугаартай Хьюндай Грейс загварын автомашинаар Улаанбаатар хот явцгаасан. Ингээд Хэнтий аймгийн Баян-Адаргаас явж байгаад би замдаа хоёр хүүхэдтэйгээ хамт унтаад явсан, унтаж байтал гэнэт түс тас хийгээд осол болчихсон байсан. Миний ухаан балартаад юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд би эмнэлэгт ирчихсэн байсан. Тухайн үед Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас жолоочийн хамтаар нийт 13 хүн сууж явсан. Жолооч Энхтүвшин, жолоочийн хажуугийн урд суудал дээр Цэвээнсүрэн гэх эмэгтэй нярай хүүхэдтэйгээ, тэрний хажууд Энхтүвшингийн хадам аав Дамдинпүрэв, жолоочийн яг ар талын суудал дээр би өөрийн хоёр хүү Ваанчиг, Хүслэн нарын хамтаар, миний хажуу талд Пүрэвдулам, Пүрэвдуламын хажууд түүний ээж Нэргүй нь Пүрэвдуламын нярай хүүхдийг тэвэрчихсэн манай ар талд Нандин-Эрдэнэ, Уртнасан, Гэрэлчулуун нар явж байсан юм. Тэгээд бид нарын ар талд нилээдгүй их мах, хүмүүсийн ачаа бараа байсан юм. ...” /1хх 143/,
хохирогч М.Нандин-Эрдэнийн “2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хот руу орж эмнэлэгт үзүүлэхээр өөрийн талийгаач эмээ Уртнасангийн хамт 16 цагийн үед талийгаач Энхтүвшингийн машинд суусан. Тэгээд орой харанхуй болж байх үед Улаанбаатар хот руу явсан. Тэгээд бид явах замдаа Цэнхэрмандал сум дээр очиж юм идээд автомашиндаа суугаад хөдлөхдөө замдаа унтацгаасан. Тэгээд нэг сэрэхэд эмнэлэг дээр ухаан орсон. Юу болсон талаар огт мэдээгүй. Надад өөр санаж байгаа юм байхгүй байна. ...” /1хх 105-108/,
хохирогч Д.Гэрэлчулууны “2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хот орохоор 16 цагийн орчимд талийгаач Энхтүвшингийн автомашины нугасанд буруу харж суусан. Би бараг хамгийн сүүлд суусан зорчигч нь байгаа юм. Тэгээд намайг суусны дараа талийгаач Цэвээнсүрэнг хүүхэдтэй нь хамт гэрийнх нь ойролцоогоос очиж авсан. Тэгээд би явах замдаа Цэнхэрмандал суман дээр очих хүртэл унтаагүй, уг автомашины ус нь халаад нуурын давстай уснаас хийгээд яваад байсан. Тэгээд Цэнхэрмандал суман дээр 22-23 цагийн орчимд л очсон байх яг нарийн цаг хараагүй, тэндээ 30-40 минут болоод Улаанбаатар хот явсан. 00 цагийн орчимд Цэнхэрмандал сумын замын хажууханд байдаг гуанз орж хүмүүс хоол цай идэцгээгээд 01 цагийн орчимд Улаанбаатар хот руу хөдөлцгөөсөн, би Цэнхэрмандалын гуанзнаас хөдлөөд л унтаад өгсөн байсан. Нэг мэдэхэд би замын хажууд дээшээ харчихсан хэвтэж байсан. Босох гэтэл босож чаддаггүй толгой эргээд чанх дээшээ хараад хөдөлгөөн хийж чадахгүй хэвтэж байсан. Тэгээд автомашин руу харахад том автомашины араас мөргөчихсөн байсан, удалгүй түргэн тусламж ирээд бид нарыг авч явсан юм. ...” /1хх 117-119/,
хохирогч Д.Өлзийсайханы “2018 оны 9 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн орчимд манай талийгаач нөхөр Ж.Энхтүвшин өөрийн 16-32 ХЭҮ улсын дугаартай Хьюндай Грейс загварын автомашинаар Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас 12 зорчигч аваад гарсан. Би замд утсаар ямар нэгэн байдлаар Ж.Энхтүвшинтэй холбогдоогүй. Маргааш өглөө нь сумынхаа хүнээс осол болсон байна гэдгийг нь сонсоод Улаанбаатар хот руу явахад манай аав Дамдинпүрэв осол болсон газар дээрээ нас барсан байсан. Харин манай нөхөр Ж.Энхтүвшин нь гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдээд тэндээ 3 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гэмтлийнхээ улмаас нас барсан юм. ...” /1хх 96-99/,
хохирогч Л.Эрдэнэчимэгийн “2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас манай талийгаач ээж Нэргүй, манай хамгийн бага дүү Пүрэвдулам, түүний талийгаач хүү Тамир нар нь жолооч Ж.Энхтүвшинтэй 16-32 ХЭҮ улсын дугаартай Хьюндай Грейс загварын автомашинаар Улаанбаатар хот руу явсан. Явахдаа өгөхдөө төмс ногоо, хувцас хунар болон 1 хонины гулууз мах хайрцаглаад аваад явсан. 21-22 цагийн орчимд би талийгаач ээж Нэргүйтэй утсаар ярихад Хурх тосгон орчим явж байна гэж байсан. Хурх тосгон нь Баян-Адарга сумаас шороон замаар яваад 80 орчим км зайд байдаг. Тухайн үед Хурх орчимд явж байсан гэснээс өөр юм бол яригдаагүй. Ингээд маргааш өглөө нь 7 цагийн орчимд зам тээврийн осол гарчихлаа гэж дүүгээсээ сонссон юм. Манай дүү Пүрэвдулам тухайн үед ухаан орохдоо талийгаач жолооч Энхтүвшинг “та үүрэглээд урсгал сөрөөд яваад байна шүү дээ, үүрэглээд байвал унтаад яваач” гэж зөндөө хэлсэн боловч ямар ч хариу дуугараагүй гэж байсан. Хэд хэдэн удаа автомашинтай мөргөлдөх шахсан. Нэг мэдэхэд яасан болохыг мэдэхгүй болсон гэж эмчилгээ хийлгээд хэд хоногийн дараа ухаан ороод хэлсэн ...” /1хх 100-104/,
хохирогч А.Энхбатын “Манай эхнэр Цэвээнсүрэн, хүү Золбоо нар хөдөө агаартай гээд Хэнтий аймгийн Баян-Адрага суманд байцгааж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр манай эхнэр хүү Золбоог дагуулаад Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хот руу ирэх гээд 19-20 цагийн орчимд гарсан болов уу гэж бодож байна. Тэгээд 23 цагийн орчимд манай эхнэр Цэвээнсүрэн надтай Хэнтий аймгийн Жаргалтхаан орж явна гээд ярьж байсан. Шөнө дунд 00-01 цагийн орчим Цэнхэрмандал сум дээр байна хоолонд орж байна гээд ярьж байсан. Би 05 цаг өнгөрч байхад жолооч Энхтүвшинтэй хамт явж байгааг мэдэж байсан учир утас руу нь хэд хэд залгахад утсаа авахгүй байсан. Гэтэл цагдаа утсыг нь аваад осол аваар гарсан талаар хэлсэн юм. ..." /1хх 112-116/,
хохирогч У.Мөнхсансарын “2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр манай талийгаач ээж Уртнасан, Нандин-Эрдэнэ хоёр Хэнтий аймгийн Баян-Адаргаас Улаанбаатар хот руу Нандин-Эрдэнийг эмнэлэгт үзүүлэхээр явж байсан. Тэгээд миний хувьд замдаа явж байхад тэр хоёртой холбогдоогүй. Маргааш үүрээр хэрэг болсны дараахан эмнэлгээс над руу ярьсан тул осол болсон талаар мэдсэн. Манай талийгаач ээж Уртнасангийн хувьд ослоос болоод эмнэлэгт ирээд удалгүй нас барсан. ...” /1хх 109-111/,
хохирогч Ц.Балдандоржийн “2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр манай эхнэр Пүрэвдулам, талийгаач хүү Тамир талийгаач хадам ээж Нэргүй нарын хамтаар Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас манайд ирэхээр гарсан. Над руу 00 цаг өнгөрч байх үед Хэнтий аймгийн Жаргалтхаан суман дээр явж байна гэж ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш шөнө болчихсон байна гэдэг утгаар яриагүй. Өглөө Улаанбаатар хот руу орж ирэх үеэрээ ярья, тэгэхэд нь би тосч авах бодолтой байсан юм. Ингээд маргааш өглөө би эхнэр Пүрэвдулам руу хаана явж байгааг нь асуухаар залгахад утас нь холбогдох боломжгүй байсан, харин 5 цаг өнгөрч байх үед эмнэлгээс ярьж байна, танай эхнэр осолд орсон байна, Налайхын эмнэлэг дээр ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би Налайх руу Улаанбаатар хот дахь гэрээсээ 30 орчим минут яваад очсон, эмнэлэг дээр очиход баахан хүмүүс бужигналдаад осол болсон хүмүүсийн ар гэрийнхэн ирчихсэн хаана хэн юу байгаа нь мэдэгдэхгүй байдалтай байсан. Тэгээд би өөрийн эхнэрээ хаана байгааг нь олж очиход манай эхнэрийн биеийн байдал бол маш хүнд ухаангүй байдалтай байсан. Тэндээс манай эхнэр Пүрэвдуламыг даруй Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү эмнэлгийн автомашинаар тээвэрлэн авч явсан. Тухайн үедээ энэ байдалд маш их цочирдож самгардаад юу болоод өнгөрснийг ч мэдэхгүй байна. Миний хувьд энэ хэргийн улмаас өөрийн төрсөн хүү болох Тамир, хадам ээж Нэргүй нарын амь насыг алдсан, асар их сэтгэлийн шархтай үлдсэн. Миний эхнэр Пүрэвдулам эрүүл мэнд болон сэтгэл санаагаар маш ихээр хохирсон. Энэ байдлууд нь надад болон манай эхнэрт маш их сэтгэл санааны хүнд цохилт өгсөн, бидний энэ сэтгэлийн шарх бол юугаар ч орлуулж хэзээ ч нөхөгдөж барахгүй болов уу, мөн сэтгэл санаанаас гадна эдийн засгийн хохирол ч учирсан. ...” /1хх 86-88/,
иргэний хариуцагч Б.Аюурзанын “...88-76 УНГ улсын дугаартай Даевоо загварын автомашин нь миний “Эн Си Эйч Эн” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг нь үнэн. Би уг автомашины бүрэн бүтэн байдал техникийн нөхцөл ямар байгаа асуудлыг мэдэхгүй байсан. Бат-Ариунд уг автомашиныг хүлээлгэн өгснөөс хойш Бат-Ариуныг хариуцаж байсан гэж ойлгож байна. ...” /1хх 120-122/,
гэрч Б.Бат-Ариуны “шөнө дунд над руу Д залгаад автомашин эвдэрчихлээ гэж хэлэхээр нь яагаад зүгээр байж байгаад эвдэрчихдэг юм бэ гэж ярилцаад би дахин яг юу нь болохгүй байгаа юм бэ гэж залгаж ярьж байгаад утаснууд нь унтарчихсан. Тэгээд хэсэг залгаад холбогдохгүй байж байгаад 2-3 цагийн дараа Энхбатын утас нь холбогдоод бид нар автомашинаа орхиод гэртээ алхаад хүрээд ирсэн. Гадаа хүйтэн байхаар нь өглөө очиж асаая гэж байсан гэхээр нь замаа чөлөөлж зогссон уу гэхэд тал нь зам дээр тал нь замаас гарчихсан гэхээр нь хойно нь харагдахаар тэмдэг тавьсан уу гэхэд Энхбат хойноо чулуу овоолоод тавьсан байгаа, харагдахаар юм тавьсан гэж байсан. Тэгэхээр нь би өглөө нь Налайх руу очно гэж бодоод байж байтал удалгуй өглөө цагдаагаас залгаад зам тээврийн осол болсон талаар мэдэгдээд цагдаагийн байгууллага дээр ирсэн юм. ...” /1хх 131-134/,
гэрч Ч.Баярцэнгэлийн “2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүти” ХХК-ийн элс хайрганы карьер дээрээ байж байтал 17 цагийн үед 99113710 гэсэн дугаартай махлагдуу эрэгтэй ирээд 88-76 УНГ улсын дугаартай Даевоо загварын машин орой ирж 4 рейс буюу 48 м.куб хайрга авна гээд тухайн хайрганы тооцоог бүрэн төлчихөөд яваад өгсөн. Ингээд орой 20 цаг 36 минутад 88-76 УНГ улсын дугаартай Даевоо загварын машин орж ирээд 12 м.куб 0.5, 5-10-ын хайрга, чулуу хольж ачуулаад 20 цаг 50 минутын орчимд гарсан. Ингээд би уг машиныг явснаас хойш 30 орчим минутын дараа Налайх руу ороод буцаж явахад нөгөө автомашин зам дээр ямар ч гэрэл, дохиогүй зогсож байхаар нь очтол нөгөө хүмүүс машиндаа юм хийгээд зогсож байсан. ...” /1хх 140/,
гэрч Э.Хишигтогтохын “2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо Элстэй гэх газарт зам тээврийн осол гарч олон хүний амь нас хохирсон хэргийн газрын үзлэгт миний бие оролцсон. Тухайн үед хэргийн газарт үзлэг хийх явцад 88-76 УНГ улсын дугаартай Даевоо маркын өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тээврийн хэрэгсэл асахгүй байсан тул түлшний банкны доод ёроолын боолтыг тайлж үзэхэд түлш дуусаж 1 литр орчим түлш гоожсон. Ингээд хэргийн газрын үзлэгийг хийсний дараа тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулахаар асааж явахын тулд миний бие эхлээд 25 литр түлш хийхэд тээврийн хэрэгсэл асахгүй байсан тул дахин 25 литр түлш нэмж хийж байж тээврийн хэрэгслийг асааж журмын хашаанд авч ирж байрлуулсан юм. ...” /1хх 141/,
гэрч Ч.Батдоржийн “2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адарга сумын хүйтний гуанз гэх газраас манай охин Цэвээнсүрэн, Золбоог дагуулаад Улаанбаатар хотруу явахаар 16-32 ХЭА улсын дугаартай грейс загварын автомашинтай явсан. ...” /1хх 145/,
гэрч Ч.Ариунжингийн “2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд явж байгаад гэртээ оройн 20 цагийн үед иртэл манай нөхөр Д хүү Бямбадоржийн хамтаар байхгүй байсан. Тухайн үед би Улаанбаатар хотод байхад Д элс хайрганд Городок руу явах юм шиг байна гэж нэг ярьсан. Тэгээд би Налайхаас гэртээ ирээд гар утсаа цэнэглээд Дтой ярьтал элсний карьер дээр байна гэж ярьсан. Тэгээд дахиад таг чимээгүй болчихсон. Шөнө дунд 02-03 цагийн орчимд байх Д хүү Бямбадоржийгоо дагуулчихсан Гродокоос алхаад ирлээ гэчихсэн манай хүү тэр хоёр даарсан байдалтай манай хүү уйлчихсан орж ирцгээсэн. Тухайн үед Дийн таньдаг Бат-Ариун гэх залуугийн гуйлтаар найз Энхбатын хамтаар Гродок руу элсэнд явсан байсан. Тэгээд автомашин нь эвдрээд зогсчихлоо гэсээр шөнө дунд орж ирсэн юм. ...” /1хх 150-151/,
Шинжээч Х.Дэмчигийн “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-т зааснаар “Зайлшгүй зогсолт” гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг заасан байдаг бөгөөд жолооч А.Д нь түлш дуусч зогссон үйлдэл нь тухайн заалтад хамаарахгүй тул зайлшгүй зогсолт гэж үзэхгүй. Түлш дууссан нь техникийн эвдрэл биш бөгөөд жолооч А.Д нь дүрэм ёсоор түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон автомашинтай замын хөдөлгөөнд оролцох ёсгүй байсан. Замын хөдөлгөөнд оролцоод автомашин түлш дуусч зогсох үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасны дагуу суурингийн гаднах замд аюул учруулж болзошгүй талаас жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан стандартын гэрэл ойлгогч бүхий ослын тэмдгийг тээврийн хэрэгслээс 30 метрээс багагүй зайд байрлуулан, автомашиныг бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замыг бүрэн чөлөөлж осол, аюул үүсэхгүй байх нөхцлийг хангах ёстой. ...” /2хх 30/ гэх мэдүүлгүүд,
“...Л.Пүрэвдуламын биед баруун шаант болон тахилзуур ясны хугарлыг хадсан мэс заслын дараах байдал /2018.09.26/, баруун гадна болон дотор хавчаарын хугарлыг хадсан мэс заслын дараах байдал /2018.09.26/, нүүр баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүлд мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08шэ/509 дугаартай дүгнэлт /1хх 153/,
“...Б.Ваанчигийн биед дух ясны цөмөрсөн хугарлын мэс заслын дараах байдал /2018.09.21/, титэм заадас дайрсан, баруун зайл яс руу үргэлжилсэн зөрүүтэй баруун нүдний дээд хана, дотор хана дайрсан нийлмэл хугарал, их тархины баруун дух болон зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлөгийн духны урд дэлбэн, суурин түвшинд цусан хураа, эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08шэ/507 дугаартай дүгнэлт /1хх 157/,
“...Б.Хүслэнгийн биед аарцаг ясны хугарал, хэвлийд зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар эрүүлд мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08шэ/504 дугаартай дүгнэлт /1хх 161/,
“...Д.Сарантунгалагийн биед зүүн талын нүдний ухархайн дээд хана, хажуу хана, доод хана, зүүн хацар ясны нум дунд хэсгээр зөрөө багатай, суурь ясны бага далавч руу үргэлжилсэн, хоншоор яс, тагнай яс дайрсан нийлмэл хугарал, зүүн нүдний ухархайн доод дотор ханын хугаралд имплант суулгасан мэс заслын дараах байдал /2018.10.02/, баруун шаант тахилзуур ясны хугарлыг хадсан мэс заслын дараах байдал /2018.09.24/, баруун өсгийн ясны хугарал, духанд няцарсан шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08шэ/506 дугаартай дүгнэлт /1хх 165/,
“...Д.Гэрэлчулууны биед зүүн тавхайн 1,2,3,4,5-р хурууны далд хугарал, зүүн тавхайн 3,4-р хурууны шивнүүрийн хугарал мултралыг зассан мэс заслын дараах байдал /2018.09.24/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08шэ/508 дугаартай дүгнэлт /1хх 169/,
“...М.Нандин-Эрдэнийн биед дух ясны цөмөрсөн хугарал, 2 талын нүдний ухархайн дээд хана, доод хана, дотор ханын нийлмэл хугарал, их тархины дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн шилбэний дотор хавчаарын далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08шэ/505 дугаартай дүгнэлт /1хх 173/,
“...Талийгаач Б.Тамирын цогцост уушгины эдийн няцрал, уушги уналт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08шэ/103 дугаартай дүгнэлт /1хх 177-179/,
“...Талийгаач Э.Золбоогийн цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын дух, баруун зүүн зулай, баруун зүүн чамархай ясны нийлмэл хугарал, их тархины дарагдал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08шэ/102 дугаартай дүгнэлт /1хх 184-186/,
“...Талийгаач Б.Цэвээнсүрэнгийн цогцост бүх биеийн доргилт, цээжний битүү гэмтэл, цээжний хөндий эрхтнүүдийн няцрал, цус хуралт, уушгины эдийн няцрал баруун дунд чөмөг ясны хугарал, толгойн хуйх, баруун гуя, зүүн шилбэнд шарх зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь дээрх цээжний гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08шэ/101 дугаартай дүгнэлт /1хх 191-193/,
“...Талийгаач Д.Нэргүйн цогцост гавал тархины битүү гэмтэл, нүүрний хоншоор зүүн нүдний ухархайн бүх хана, зүүн хацар, эрүү ясны ил хугарал, нүүрэнд шарх баруун шуу ясны далд зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь дээрх нүүрний яснуудын ил хугарлын улмаас амьсгалын дээд замд цус их хэмжээгээр орсноос амьсгалын дутагдалд орж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08шэ/104 дугаартай дүгнэлт /1хх 198-200/,
“...Талийгаач М.Дамдинпүрэвийн цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын хоншоор, дух, баруун зүүн зулай, баруун зүүн чамархай, суурь ясны нийлмэл хугарал, их тархины дарагдал, бага тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун шилбэ ясны ил хугарал, зүүн шилбэ ясны далд хугарал, нүүр, толгойн, хуйх, баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08шэ/100 дугаартай дүгнэлт /1хх 205- 207/,
“...Талийгаач Ж.Энхтүвшингийн цогцост хавсарсан олон гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, гавал болон нүүр ясны ил нийлмэл хугарал, их тархины зөөге- бүрхүүл доорх тархмал цус харвалт, их тархины 2 талын чамархай, зулай, да*: хэсгийн эдийн няцрал, толгойн хуйх, нүүрэнд шарх, цус хуралт, цээжний битүү гэмтэл, уушгины эдийн няцрал, зүүн эгэм ясны далд хугарал, сээрний 7-р нугалмын их биеийн хугарал, уушги болон голтын эрхтнүүдийн няцрал, баруун дунд чөмөг ясны далд хугарал, баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бүгд нэг цаг хугацаанд зам тээврийн ослын үед үүсэх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08шэ/106 дугаартай дүгнэлт /1хх 212-215/,
“...Талийгаач Н.Уртнасангийн цогцост цээжний битүү гэмтэл, өвчүү ясны шууд хугарал, баруун 2,3,4,5,6-р хавирганы суганы урд шугамаарх шууд хугарал, зүүн 2,3,4,5,6-ны хавирганы суганы урд шугамаарх шууд хугарал, уушгины эдийн няцрал, уушиг уналт, цээжний хөндийд цус хуралдалт, зүүн шаант болон тахилзуур ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас цээжний хөндийд цус хуралдаж, уушги унаж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй....” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08шэ/99 дугаартай дүгнэлт /1хх 221-223/,
“88-76 УНГ улсын дугаартай Daewoo загварын автомашинд үүссэн гэмтэл нь тээврийн хэрэгслийг хөдөлж явахад нөлөөлөхгүй. Автомашины түлш дууссан нь цаашид хөдөлгөөн үргэлжпүүлэх боломжгүй болгож тээврийн хэрэгсэл зогсох үндэслэл болсон байх боломжтой” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6383 дугаартай дүгнэлт /1хх 247/
“...88-76 УНГ улсын дугаартай Даевоо загварын тээврийн хэрэгслийн жолооч А.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралтын тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт 6.4 Түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон..., мөн дүрмийн 9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурингийн гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. А0301 чиглэлийн зам нь суурингийн гаднах замд хамаарна. ...88-76 УНГ улсын дугаартай Даевоо загварын тээврийн хэрэгслийн түлш дууссан нь зайлшгүй зогсолт биш байна. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-т “зайлшгүй зогсолт” гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг хэлнэ гэж заасан байна”гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №15 дугаартай дүгнэлт /2хх 27-29/,
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 19-46/, мөрдөн шалгах туршил хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 47-50/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-51-81/, хөрөнгийн үнэлгээний тайлангууд /2хх 55-59/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас олон хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч А.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан төрөл хэмжээний дотор 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Д нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг хэт хайхрамжгүй байдлаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон байна. Харин анхан шатны шүүх үйл баримтыг дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “...хүний амь нас хохироосон...” санаатай гэмт хэрэг үйлдсэн мэтээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.
Шүүх, хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Б.Бат-Ариун, Б.Аюурзана нарыг гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хохирлыг тэнцүү хувиар төлүүлэхээр хохирлын тооцоог үндэслэлтэй зөв тогтоож шийдвэрлэжээ.
Харин шийтгэх тогтоолын 5 дахь заалтад нь иргэний хариуцагч Б.Бат-Ариун нь хохирогч Л.Пүрэвдулам, Л.Эрдэнэчимэг, Ц.Балдандорж нарт 8.140.000 төгрөг, А.Энхбатад 3.370.000 төгрөг, А.Өлзийсайханд 1.040.000 төгрөг, Д.Сарантунгалагт 1.730.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсан байх боловч тогтоох хэсэгтээ орхигдуулсан байх бөгөөд цаашид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй тул тогтоох хэсэгт дурдаж шийдвэрлэв.
Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Өлзийсайханд иргэний хариуцагч Б.Аюурзанаас 1.040.000 төгрөг гаргуулж олгохоор заасан байх боловч тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...иргэний хариуцагч Б.Аюурзанаас ...Л.Эрдэнэчимэг нарт 8.129.147 төгрөг, ...Д.Өлзийсайханд 8.129.147 төгрөг...” гэж мөнгөн дүнг давхардуулж бичиж, хайнга, хайхрамжгүй алдаа гаргасан байх тул 1.040.000 төгрөг гаргуулахаар зөвтгөж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Ц.Балдандорж”, “А.Энхбат”-ыг “И.Балдандорж”, “Ө.Энхбат” гэж, тодорхойлох хэсэгт “Л.Эрдэнэчимэг”, “Ц.Балдандорж”-ийг “Н.Эрдэнэчимэг”, “Л.Балчиндорж” гэж, тогтоох хэсэгт “Ц.Балдандорж”-г “А.Балдандорж” гэж тус тус зөрүүтэй, буруу бичиж давтан алдаа гаргасан нь ноцтой алдаа биш боловч цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг анхаарвал зохино.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Дийн өмгөөлөгч С.Чулуунбаатар иргэний хариуцагч Б.Бат-Ариунаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Өлзийсайханд 726.500 төгрөг, хохирогч Л.Пүрэвдулам, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эрдэнэчимэг, Ц.Балдандорж нарт 5.557.300 төгрөг, хохирогч Д.Сарантунгалагт 1.198.700 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбатад 2.317.600 төгрөг тус тус төлсөн нотлох баримтуудыг гаргаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтад “...олон хүний амь насыг хохироосон...” гэснийг “...олон хүний амь нас хохирсон...” гэж,
- 5 дахь заалтад “...иргэний хариуцагч Б.Бат-Ариун нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт нийт 14.280.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай” гэснийг “...иргэний хариуцагч Б.Бат-Ариун нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбатад 3.370.000 төгрөг, А.Өлзийсайханд 1.040.000 төгрөг, Д.Сарантунгалагт 1.730.000 төгрөг, хохирогч Л.Пүрэвдулам, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эрдэнэчимэг, Ц.Балдандорж нарт 8.140.000 төгрөг, нийт 14.280.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай” гэж,
- 8 дахь заалтад “...Д.Өлзийсайханд 8.129.147 төгрөг...” гэснийг “...Д.Өлзийсайханд 1.040.000 төгрөг...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хариуцагч Б.Бат-Ариун хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Өлзийсайханд 726.500 төгрөг, хохирогч Л.Пүрэвдулам, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эрдэнэчимэг, Ц.Балдандорж нарт 5.557.300 төгрөг, хохирогч Д.Сарантунгалагт 1.198.700 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбатад 2.317.600 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ