Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2020/0617

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч:  А  ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Д.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга С.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компанийн зүгээс 2019 оны 7 сарын 8-ны өдрийн 311 дугаартай шаардлагад дурдагдсан Сонгинохайрхан дүүргийн Мал эмнэлгийн мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Д.Бын 2019 оны 5 сарын 27-ны өдрийн 0140147 маягт 2, 00******* маягт 1 дугаартай 2 шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэл нь тус байцаагчийн алдаатай үйлдэл байсныг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шаардлага, үүний дагуу 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын Б261 тоот тушаалд гаргасан алдаатай хариуцлага тооцсон шийтгэлийн хуудас маягт2 0140147 дугаартай тоотыг хүчингүй болгосон талаарх материал хавтаст хэрэгт авагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас хүчингүй болгуулсан шийтгэлийн хуудсыг хасаж дараах өөрчлөлтийг оруулсан. Тус нэхэмжлэлийн шаардлагадаа Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч Д.Бын 2019 оны 05 сарын 27-ны өдрийн гаргасан 00******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т заасныг үндэслэн ноогдуулсан шийтгэл нь тухайн үеийн нөхцөл байдалд тохирохгүй байгаа мөн Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4.1.14, 4.1.6, 4.1.2, 5.6, 5.9, 5.13-т заасан олон зүйл, заалтыг зөрчсөн ба 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хууль зөрчсөн зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай 16 тоот шаардлагад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 4.14 дүгээр заалтыг хангаагүй, 7.2 дах заалтыг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байгаа.

А ХХК нь 2011 оноос гахайн аж ахуй үйл ажиллагаа явуулаад 9 жил болж байна. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 7 цаг 28 минутад тус компанийн нядалгааны цех рүү гахай тээвэрлэж явсан 2033 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг замын цагдаа зогсоож шалгаад гарал үүслийн бичгийг шалгахад жолооч нь бичиг баримт дараагийн тээврийн хэрэгслээр явж байгаа гэж тайлбарласан боловч утсаар хэн нэгэнтэй яриад жолоочийн болон тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураагаад тухайн тээврийн хэрэгслийг нядалгааны цех рүү оруулахгүйгээр буцаасан.

Замын цагдаагийн утсаар ярьсан хүн нь Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч Д.Б байсан бөгөөд тухайн өдөр гарал үүслийн бичгээ шалгуулах гээд залгахад Мэргэжлийн хяналтын газар ирж уулзаарай гээд бичиг баримтыг үзэлгүйгээр утсаа тасалсан.

2019 оны 6 сарын 21-ний өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын хууль зөрчсөн зөрчлийг арилгуулах тухай 16 тоот шаардлагад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино гэсэн заалтыг зөрчсөн, мөн нотлох баримтыг үнэлэхгүйгээр хуулийн заалтыг хангаагүй шийтгэлийн хуудсыг бичсэн, тус хуулийн 7.2-т заасан үндэслэлийг ноцтой зөрчсөн гэж тогтоосон.

Зөрчлийн тухай хуулийн 11.2-т дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу А ХХК-ны 1.000.000 төгрөгөөр торгосон байгаа нь тухайн нөхцөл байдалтай тохирохгүй байгаа. Учир нь бид нарын зүгээс холбогдох бичиг баримт, журам үзүүлэлтийг хангаад, нэлээн хүлээцтэй хандаад уулзах гэсэн боловч Д.Б байцаагч нь маш их хүнд суртал гаргаж байсан. 2019 оны 4 сарын 24-ний өдрөөс 4 сарын 30-ны өдөр хүртэл Д.Б байцаагчтай уулзах гэж утсаар нийт 284 холбогдож байсан. 4 дүгээр сарын 26-ны өдөр мэргэжилтэн н.Долгорсүрэн, зөвлөх Нэргүй, байцаагч Д.Б нартай биеэр очиж уулзсан. Утсаар ярьсан тэмдэглэл болон биеэр уулзсан тухай гэрчээр өгсөн мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан байгаа. Тус компанийн 2017 оны 2 сарын 1-ний өдрийн гүйцэтгэх захирлын 77 тоот тушаалаар батлагдсан дотоод хяналт шалгалтын журмын дагуу хяналт шалгалтаа тогтмол явуулдаг. 2017 оны 8 сарын 17-ны өдрийн гүйцэтгэх захирлын 273 тоот тушаалаар батлагдсан гахайн аж ахуйн био аюулгүй байдал, био секюритиг хэрэгжүүлэх журмыг бас шалгаж үзээгүй.

2019 оны 4 сарын 30-ны өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг танилцуулсан байдаг. Энэхүү тогтоол нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заагдсан тодорхой зүйл заалтыг зөрчсөн талаар прокурорын дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Тухайн өдөр Д.Б шалгалт хийсэн газар нь байгаагүй.

Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн тодорхой зүйл, заалтуудыг зөрчигдөх үндэслэл болсон. Мөн хуулийн 5.13-т Шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана гэж заасан байх бөгөөд үүнд заагдсан нөхцөлийг хэрэгжүүлэх боломжийг олгоогүй, үүнийг хүлээж аваагүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.6-т хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх гэж заасан байх бөгөөд хяналтын байцаагч нь замын цагдаатай утсаар яриад хяналт шалгалтыг хийлгүүлсэн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4-т хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл тухайн асуудлаар тус компанийн ажилтантай ямар нэгэн байдлаар уулзаж, холбогдох бичиг баримттай танилцаагүй байтал зөрчлийн хэрэг нээсэн тогтоол баталсан. Мөн хуулийн 4.1.2-т хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх гэж заасан байх боловч бидэнтэй ямар нэгэн байдлаа нээлттэй ил тод харьцаагүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.9-т Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана. Үүнд: 1.шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал; 2.улсын байцаагчийн санал, дүгнэлт; 3.шалгуулагч этгээдийн санал, хүсэлтийг тусгана гэж заасан байх боловч тухайн үед хийгээгүй.

Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлэх ёстой байсан. Тухайн үед бид нар хэн шалгаад байгааг ойлгоогүй.

Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2019 оны 4 сарын 20-ны өдрийн А214 дугаартай захирамж гарсан гэж байгаа боловч энэ талаар манай компанид ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд одоог хүртэл албан ёсны цахим хуудсанд нь тавигдаагүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8.3.1-т заасан хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохиож байгаа ажил, түүний явц, үр дүнгийн тухай нутаг дэвсгэртээ оршдог байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсож, илтгэл сонсголыг хэлэлцэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэсэн заалт зөрчигдсөн. Яагаад гэвэл бид нарт тухайн Засаг даргын захирамжийн талаар мэдээлэл байгаагүй, албан ёсны сайтад тавигдаагүй, зурагтаар мэдээлэл өгсөн гэсэн боловч зурагтаар мэдээлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа.

Мөн шалгалт хийсэн газарт Засгийн газрын 2018 оны 260 тоот тогтоолын хавсралтад заагдсан хорио цээрийн дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмын 6.4, 6.5 дугаар хэсгүүдэд заасан ард иргэдэд сурталчлах пайз, тэмдэг тавих гэсэн заалтууд зөрчигдсөн ба бид нарыг тухайн газарт байхад хорио цээрийн бүс байгаа гэсэн ямар нэгэн таних тэмдэг, пайз байгаагүй. Ер нь бол хорио цээрийн дэглэм гэдэг нь өвчин гарсан бүсээс гадна өвчин гараагүй байгууллагаар урьдчилан сэргийлээд анхааруулах, аль болохоор өвчин тараахгүй байх зорилготой. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт 5- 6 гахайн аж ахуй байгаа боловч тухайн аж ахуй эрхлэгчдэд мэдэгдэлгүйгээр энэ үйл ажиллагаа явагдсан. Хэрэв үүний улмаас ямар нэгэн эрсдэл гарсан бол тодорхой хэмжээний хохирол амсахаар байсан.

Бид тухайн үедээ 10 минутын зайтаа мал эмнэлгийн гэрчилгээгүй явсан гэдгээ ухамсарлаж байгаа. Гэвч биднээс ямар нэгэн нотлох баримт шалгаж хяналт шалгалт хийлгүйгээр зөрчлийн хэрэг шууд үүсгэж байгаад гомдолтой байна. Алтай Тариа ХХК-ний үйл ажиллагаа 2011 оноос тасралтгүй хэвийн явж байсан боловч тухайн зөрчлийн хэрэг нээсний улмаас олон хоногоор зогсоход хүрсэн тул шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Шийтгэлийн улмаас 5 хоног манай компанийн үйл ажиллагаа зогссон. Тээврийн хэрэгслийг хурааж авсан болохоор дараагийн нядалгааны үйл ажиллагааг хийж чадаагүй.

Шийтгэлийн хуудсыг зөвтгөн бичих талаар бид нар огт мэдээгүй байсан. Зөрчил хянан шийдвэрлэх О.Оюунгэрэл шүүгчийн захирамж 7 дугаар сарын 16-ны өдөр гарсан байдаг. Хариуцагч талд хүлээсэн үүргээ биелүүлэх хангалттай хугацаа байсан. Эхний шүүх хуралдаан 2019.08.19-ний өдөр буюу С.Төмөрбат шүүгчийн шийдвэрээс хоёр сарын дараа болсон байдаг. Шүүгчийн захирамжийг биелүүлээгүй, зөвтгөж бичээгүй тул хүчингүй. гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би тухайн үед 6 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэл 24 цагийн хугацаанд үүргээ гүйцэтгэж ажилласан. Миний ажил Эмээлт орчмын тээврийн хэрэгсэлд хяналт тавьдаг. Тухайн үеийн асуудал нь Хүй долоон худгийн салдаг зам дээр болсон. Тухайн газар албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч над руу утсаар холбогдоод ямар нэгэн бичиг баримтгүй гахай тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл явна байна гэж хэлсэн.

Би тухайн тээврийн хэрэгслийг ирсэн газар луугаа буц гэсэн шаардлагыг тавиад зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотойгоор жолоочийн бичиг баримтыг хурааж ав гэж хэлсэн. Надад ажлын байрнаасаа хөдлөх эрх байхгүй учир бичиг баримтыг нь хүлээж аваад холбогдох мэдээллүүдийг хурааж авсан. Гарал үүслийн бичиг нь тухайн амьтантайгаа явж байх ёстой бөгөөд араас ирнэ гэсэн ойлголт байхгүй.

Тухайн үед нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан. Намайг бичиг баримтаа авч ирж үзүүл гэхэд ямар нэгэн бичиг авч ирж үзүүлээгүй. 72 цагийн дотор А ХХК-иас холбогдох хүн ирээгүй. Тийм болохоор прокурорт зөрчлийн хэрэг нээх талаар санал гаргасан.

Прокурор нь тухайн асуудал нь зөрчил байна гэж тодорхойлсон. прокурорын дүгнэлт, шүүгчийн захирамжийн дагуу шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэж байж өөрчлөлт оруулна гэж ойлгосон. А ХХК нь дотоод журамдаа гарал үүслийн бичиг авч явна гэж заасан байдаг бөгөөд тухайн аж ахуй нэгж нь дотоод журмаа зөрчсөн. гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2019 оны 5 сарын 27-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа Мэргэжлийн хяналтын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон бусад хууль, тогтоомжуудыг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2019 оны 4 сарын 20-ны өдрийн А214 дугаартай захирамжийг мэдээгүй гэж тайлбарлаж байна. Тухайн машинд байх ёстой бичиг баримт нь байгаагүй 10 минутын зайтаа ард явж байсан гэж тайлбарлаж байна. Энэ нь зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Хуульд заагдсаны дагуу мал амьтны шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаа тохиолдолд заавал тухайн мал амьтныг эрүүл гэдгийг нотолсон мөн тухайн тээврийн хэрэгсэл ариутгагдсан гэдгийг нотлох гэрчилгээ дагалдаж явах ёстой.

Засаг даргын захирамжийн тухайд бид нарт мэдэгдээгүй гэж байгаа нь тухайн маргаж байгаа асуудалтай хамааралгүй гэж үзэж байна. Мөн хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан А ХХК-ны захирлын 2019 оны 4 сарын 12-ны өдрийн 129 дугаар тушаал гарсан байдаг. Тухайн үед хорио цээрийн дэглэм гарсныг мэдээгүй гэсэн боловч өөрсдөө тушаал гаргасан байдаг. Энэ тушаал нь тухайн үедээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.

А ХХК-ний захирлын 2017 оны 8 сарын 16-ны өдөр гахайн аж ахуйн био аюулгүй байдал, био секюрити хангах, хэрэгжүүлэх журам гаргасан байдаг. Энэ журмын 5 дугаар зүйлд хорио цээрийн дэглэмтэй үед ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар журамласан байдаг бөгөөд энэ журмын 5.11-т хорио цээрийн дэглэмийн үед гадаад, дотоод шилжилт хөдөлгөөнийг хориглон гээд заасан байдаг боловч энэхүү журмаа өөрсдөө зөрчсөн байна.

Иймд шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж үзэж байна. Харин хариуцагчийн тухайд алдаа гаргасан зүйл байгаа. Хариуцагч нь зөрчлийг шалгахдаа алдаа гаргаагүй харин шийтгэлийн хуудсыг бичихдээ алдаа гаргасан байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн өдөр гарал, үүслийн гэрчилгээгүй явж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хариуцагчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад харин уг захирамж биелэгдсэний дараа энэ хэргийг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд нэг мөр шүүхээр шийдвэрлүүлэх нь ач холбогдолтой байх. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсаар А ХХК хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт гарал үүслийн бичиггүй 30 толгой гахай тээвэрлэн, дотоод хяналт шалгалтыг мөрдөөгүй зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд:, 1.2 дахь хэсэгт дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй... гэсэн заалтаар тус компанийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүнд торгох шийтгэл оногдуулжээ.

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0388 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ахлах прокурорын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах дүгнэлтийг хариуцагч Д.Б нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч дээрх шүүгчийн захирамжийн дагуу маргаан бүхий 00******* дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулаагүй болох нь түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн прокурорын дүгнэлт, шүүгчийн захирамжийн дагуу шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэж байж өөрчлөлт оруулна гэж ойлгосон гэх тайлбараар нотлогдож байх тул маргаан бүхий 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0388 дугаар захирамжийн дагуу хариуцагч нь дээрх шийтгэлийн хуудаст өөрчлөлтийг оруулах үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхээс тухайн шийтгэлийн хуудасны үндэслэл, гомдлын шаардлагад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчаас прокурорын дүгнэлт, түүнийг хүлээн зөвшөөрсөн шүүгчийн захирамжийн дагуу шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулснаар маргаан бүхий захиргааны акт зөвтгөгдөх бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн зарчимд нийцэхээр байх тул хариуцагчийн 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар буюу 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтланАХХК-ийн гомдолтой Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бт холбогдох Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж, прокурорын дүгнэлт, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0388 дугаар захирамжийн дагуу маргаан бүхий захиргааны актад өөрчлөлт оруулсан дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 (хоёр) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Бын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД М.БАТЗОРИГ

С.ГАНБАТ