Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2022/00164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Д-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.М-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Н.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага/тодруулсан/:  Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн Цагаан толгой хаягт байршилтай, өвөлжөө хаваржааны зориулалттай, 700 метр квадрат хэмжээтэй газрыг чөлөөлүүлэх

2. Нэхэмжлэлийн үндэслэл:

С.Д миний эцэг, эх 1987 оноос хойш Шарга сумын Хамтын хүч багийн Цагаан толгой гэдэг газарт мал маллан амьдарсаар ирсэн. Үр хүүхэд бид мөн тус газарт өвөлжиж, хашаа хороог нь засаж, өргөжүүлэн авч явсан. 2018 оноос хойш Н.М гэх айл тус өвөлжөөн дээр өвөлжиж эхэлсэн. Миний эцэг Ж.С нь 1987 оноос хойш өвөлжиж ирсэн. Нэгж талбарын 8214001070 дугаар бүхий 700 мкв газрын өвөлжөө нь улсын бүртгэлийн Э-0516000173 дугаартай гэрчилгээг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү болох С.Д би өвлөн, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Н.М-н  8,000,000 төгрөг өгөөд өвөлжөө, хаваржааны газраа ав гэдэг саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний эцэгт өгсөн 3,800,000 төгрөгийг өгнө гэв.

3. Хариуцагчийн татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: 2018 онд Ж.С-с  3,800,000 төгрөгөөр өвөлжөөг нь худалдан авсан. Буудалдаа пүнз, хашааг 4 сая төгрөгөөр барьж, одоог хүртэл өвөлжиж байна. Бүх материал орсон. Ж.С гуай миний нэр дээр шилжүүлээгүй байсан. 2022 онд хүү С.Д аавынхаа өвөлжөөний гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан. Ж.С нь 2018 онд нас барсан. С.Д нь хашаа, пүнз барьсан зардал 8,000,000 төгрөгийг надад өгсөн тохиолдолд газрыг нь чөлөөлж өгнө.     

5. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Газар эзэмших эрхийн гэрчилгээ/С.Д/

- Газар эзэмших эрхийн гэрчилгээ/С./

- Кадастрын зураг

- Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/92 дугаар албан бичиг

- Говь-Алтай аймгийн Шарга сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаар албан бичиг

- Говь-Алтай аймгийн Шарга сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар албан бичиг

6. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Фото зураг/өвөлжөө, хашаа/

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

1. Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Н.М-д холбогдуулан ”хууль бусаар эзэмшиж байгаа” гэх үндэслэлээр Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн Цагаан толгой хаягт байршилтай, өвөлжөө хаваржааны зориулалттай, 700 метр квадрат хэмжээтэй газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Н.М нь “уг газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч С.Д-н  эцэг Ж.С-с  3,800,000 төгрөгөөр худалдан авч 8,000,000 төгрөгийн зардал гаргаж, хашаа, пүнз барьж, 2018 оноос хойш одоог хүртэл өвөлжиж байна” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Шүүх хуралдаанд хариуцагч Н.М нь “хашаа барьсан зардал 8,000,000 төгрөгийг өгвөл өвөлжөө, хаваржааны зориулалттай газрыг чөлөөлөх” саналыг гаргасан.

Уг саналыг нэхэмжлэгч С.Д нь эс зөвшөөрч “3,800,000 төгрөг өгч, газрыг чөлөөлөх” тухай хариу санал гаргасныг хариуцагч Н.М хүлээн зөвшөөрөөгүй болно.

Эвлэрэх боломжийг бүрдүүлэх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд зохигч эвлэрээгүй тул шүүхээс хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн болно.

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна”, 106.4 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд өмчлөгчийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хууль ёсны эзэмшигч нэгэн адил хэрэгжүүлэх боломжтой байна.

4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэжээ.

Нэхэмжлэлд хавсаргасан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0000028601 дугаартай Монгол Улсын иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн өдрийн 08249-2021/00054 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, кадастрын зураг, Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/92 дугаар албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтаар 8214001070 нэгж талбарын дугаартай, Э-0516000173 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн Цагаан толгой хаягт байршилтай, өвөлжөө хаваржааны зориулалттай, 700 метр квадрат хэмжээтэй газрын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч С.Д нь болох нотлогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар зохигч маргасангүй.

Иймд нэхэмжлэгч С.Д нь уг газраа бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардлага гаргах эрх бүхий хууль ёсны эзэмшигч мөн байна.

5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь “газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч С.Д нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн Цагаан толгой хаягт байршилтай, өвөлжөө хаваржааны зориулалттай, 700 метр квадрат хэмжээтэй газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээтэй учир хариуцагч Н.М нь уг газрыг эзэмших эрхгүй этгээд байна. Үүнийг хариуцагч Н.М хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэжээ.  

Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Н.М-н “нэхэмжлэгч С.Д-н  эцэг Ж.С-с  дээрх газрын эзэмших эрхийг 3,800,000 төгрөгөөр худалдан авсан” гэх татгалзлын үндэслэл болсон үйл баримтыг шүүх үгүйсгэхгүй.

Учир нь Говь-Алтай аймгийн Шарга сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар албан бичигт “Ж.С нь 1986 оноос 2018 он хүртэл Цагаан толгой нэртэй өвөлжөөг эзэмшиж байсан”-ыг тодорхойлжээ.

Гэвч хариуцагч Н.М нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж ... болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Д-н эцэг Ж.С-с  газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлээгүй аваагүй байна.

6. Хариуцагч Н.М нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн Цагаан толгой хаягт байршилтай, өвөлжөө хаваржааны зориулалттай, 700 метр квадрат хэмжээтэй газрыг 2018 оноос хойш бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа нь зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар маргаагүй.

7. Нэхэмжлэгч С.Д нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн Цагаан толгой хаягт байршилтай, өвөлжөө хаваржааны зориулалттай, 700 метр квадрат хэмжээтэй газрыг чөлөөлөх шаардлагыг хариуцагч Н.М-д тавьж байсан.

Уг шаардлагын хариуд хариуцагч Н.М нь хашаа, пүнз барьсан зардлыг нэхэмжлэгч С.Д-с шаардаж байсан зэргээр хоорондоо харилцаж байсан үйл баримт зохигчийн тайлбараар нотлогдож байна.

8. Иймд нэхэмжлэгч С.Д-н  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 8214001070 нэгж талбарын дугаартай, Э-0516000173 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч/2 дугаар/ багийн Цагаан толгой хаягт байршилтай, өвөлжөө хаваржааны зориулалттай, 700/долоон зуу/ метр квадрат хэмжээтэй газрыг хариуцагч Н.М-н хууль бус эзэмшлээс чөлөөлөх эрх зүйн үндэслэлтэй.

9.  Хариуцагч Н.М нь дээрх газрын эзэмших эрхийг худалдан авах зорилгоор Ж.Сундуйд өгсөн гэх 3,800,000 төгрөг болон хашаа, амбаар/пүнз/ барихад гарсан зардлаа нэхэмжлэгч С.Д-с  нэхэмжлэх эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”,

57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө”

60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “60.1.Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч С.Д-н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Д хууль ёсны эзэмшил, 8214001070 нэгж талбарын дугаартай, Э-0516000173 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч/2 дугаар/ багийн Цагаан толгой хаягт байршилтай, өвөлжөө хаваржааны зориулалттай, 700/долоон зуу/ метр квадрат хэмжээтэй газрыг хариуцагч Н.М хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Д-н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАТ