| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0701/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/731 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Булга-Ундрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/731
2024 10 15 2024/ШЦТ/731
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор, улсын яллагч Г.Булга-Ундрал, шүүгдэгч Д.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н холбогдох эрүүгийн “хххх” дугаартай, 186/2024/0701/Э индекстэй хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Н,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Ар гүнтийн задгай тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ц.М гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”... тэр өдөр ажилтай явж байгаад орой 19 өнгөрөөд гэрт иртэл эхнэр найзтайгаа архи уугаад үргэлжлүүлээд пиво аваад ирсэн байсан. Би бас нэг шил архи уусан. Тэгээд найз нь яваад эхнэр бид 2 урьдны таарамжгүй явдлаас болж муудалцсан. Эхнэр бариач хийдэг. Би анхнаасаа дургүй байсан, ажлаас нь очиж авахад эрэгтэй хүнтэй байж байсан, тэрнээс болж ийм явдал болсон гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.М:“...2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ххх тоот хаягт намайг өөрийн хүүхдүүд болох Ц 27 настай эмэгтэй/, зээ охин Ү 16 настай эмэгтэй/, Б /15 настай эмэгтэй/, Б 15 настай эрэгтэй/ нарын хамт гэртэй байж байсан. Манай охин Ц нь дүү болон өөрийн хүүхдүүдийг тоглуулах гээд бүгдийн аваад гарсан. Намайг гэртэй ганцаараа байж байхад Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрт орж ирсэн тухайн үед Наранбаатарын согтолтын хэмжээ их байсан, согтуу орж ирээд намайг татаж чангаагаад миний дээр гараад уур хүргээд байхаар нь би Н өөрийн шүлсээ хаясан. Тэгсэн удалгүй миний дээр гарч ирээд миний зүүн шанаа, хацар, чамархай хэсэг руу цохиод байхаар нь би өөрийн хоёр гараараа хамгаалаад урдаа барьсан чинь миний хоёр гарлуу цохиод хөхөрч хавдсан байсан. Би орилоод тусламж дуудсан чинь манай охин болох Ц нь орж ирээд салгаад цагдаагийн байгуулагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 6 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ц...2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ххх тоот хаягт би өөрийн хүүхдийн хамт ээж болох М гэрт ирсэн байсан. Намайг орой 19 цагийн орчимд өөрийн хүүхэд хоёр дүү болох Б /15 настай эрэгтэй/, Б 15 настай эмэгтэй/ гараад ойр хавьдаа салхилахаар бид нар гарсан. Намайг гарах үед ээж болох М гэртэй унтаад үлдсэн. Би дүү нарынхаа хамт байж байсан чинь манай дүү болох Б нь гэрлүү явж байх шиг байсан тэгээд удалгүй над руу гүйж ирээд ээжийг зодоод байна гэж хэлэхээр нь би гэрлүү очоод орох үед М нь орон дээр суусан хоёр гарын сарвууны гар хэсэг хөхөрсөн, үс нь сэгсийсэн, зүүн талын шанаа хэсэг хавдсан, зүүн нүд хөхөрч улайсан байдалтай байсан. Би нөхөр гэх Н харах үед хөргөгчийн хажууд зогсоо байдалтай архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн, нэмж 2 литрийн Сэнгүүр нэртэй пиво ууж байсан. Би юу болсон талаар асуух үед М бариа засал хийдэг болохоор чи энэ гараараа олон эрэгтэй хүн барьж мөнгө авдаг гэсэн гэж хэлээд зодож цохьсон гэж надад хэлсэн гэх мэдүүлэг. хх-ийн 15 дугаар дугаар тал/,
2.3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 9632 дугаартай дүгнэлт:
1. Ц.М биед тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, баруун, зүүн алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт. /хх-ийн 21-22 дугаар тал/,
Гурав: хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: хохирогч Ц.М мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/, гэрч Б.Ц мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
3.2. шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.Н нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, ар гүнтийн задгай тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ц.М гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Ц.М:“...2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ххх тоот хаягт намайг өөрийн хүүхдүүд болох Ц 27 настай эмэгтэй/, зээ охин Ү 16 настай эмэгтэй/, Б 15 настай эмэгтэй/, Б 15 настай эрэгтэй/ нарын хамт гэртэй байж байсан. Манай охин Ц нь дүү болон өөрийн хүүхдүүдийг тоглуулах гээд бүгдийн аваад гарсан. Намайг гэртэй ганцаараа байж байхад Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байлдалтай гэрт орж ирсэн тухайн үед Н согтолтын хэмжээ их байсан, согтуу орж ирээд намайг татаж чангаагаад миний дээр гараад уур хүргээд байхаар нь би Н луу өөрийн шүлсээ хаясан. Тэгсэн удалгүй миний дээр гарч ирээд миний зүүн шанаа, хацар, чамархай хэсэг руу цохиод байхаар нь би өөрийн хоёр гараараа хамгаалаад урдаа барьсан чинь миний хоёр гарлуу цохиод хөхөрч хавдсан байсан. Би орилоод тусламж дуудсан чинь манай охин болох Ц нь орж ирээд салгаад цагдаагийн байгуулагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 6 дугаар тал/,
- гэрч Б.Ц:“...намайг гарах үед ээж М гэртэй унтаад үлдсэн. Би дүү нарынхаа хамт байж байсан чинь манай дүү болох Буяндэлгэр нь гэрлүү явж байх шиг байсан тэгээд удалгүй над руу гүйж ирээд ээжийг зодоод байна гэж хэлэхээр нь би гэрлүү очоод орох үед М нь орон дээр суусан хоёр гарын сарвууны ар хэсэг хөхөрсөн, үс нь сэгсийсэн, зүүн талын шанаа хэсэг хавдсан, зүүн нүд хөхөрч улайсан байдалтай байсан. Би нөхөр гэх Н харах үед хөргөгчийн хажууд зогсоо байдалтай архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн, нэмж 2 литрийн Сэнгүр нэртэй пиво ууж байсан. Би юу болсон талаар асуух үед М бариа засал хийдэг болохоор чи энэ гараараа олон эрэгтэй хүн барьж мөнгө авдаг гэсэн гэж хэлээд зодож цохьсон гэж надад хэлсэн гэх мэдүүлэг. хх-ийн 15 дугаар дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 9632 дугаартай дүгнэлт. /хх-ийн 21-22 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг хардаж улмаар түүнийг зодож эрүүл нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчтой маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Д.Нын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Ныг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж хохирогч нь мөрдөн шалгах, прокурорын шатанд хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, харин шүүхийн шатанд хохирогч Ц.М нь Д.Н орой болгон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсам тавьж амгалан тайван байдал алдагдуулж байна. Иймд Д.Ныг надтай болон хүүхдүүтэй минь уулзуулахгүй байх талаар арга хэмжээ ав өгнө үү, би Д.Нт зодуулсаны улмаас эмчилгээ, үйлчилгээ авсан 536.600 төгрөгний хохирол нэхэмжилж байна бичгээр гаргаж өгсөн боловч хохирогч Ц.М нь дээрх хүсэлтээсээ 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр татгалзсан тухай хүсэлтээ бичгээр шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Д.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Ныг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ныг 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ц.М нь шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсаныг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ