Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 136/шш2022/00112

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 136/ШШ2022/00112

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, Д аймгийн С сумын 3 дугаар баг, М ** дугаар гудамжны *** тоотод оршин суух, Б овогт Мгийн М /РД:*********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн С сумын 2 дугаар баг, өөрийн байранд байрлах Ч-ИОНӨХХК /РД:*********/-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү 1,470,766 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Д.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М хариуцагч Ч-ИОНӨХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү 1,470,766 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ч-ИОНӨХХК-д диспетчер инженерээр ажилласан. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ ч байнгын ажлын байран дээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Ч-ИОНӨХХК-ийн захирлын Б/*** дугаартай тушаалаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээний доголдол үүсгэсэн гэж ажлаас чөлөөлж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дулаан хангамжийн албанд гэрээт ажилчнаар албан тушаал бууруулан ажиллуулж эхэлсэн....зөвшилцөн тохиролцсон зүйлгүйгээр албан тушаал бууруулан ажиллуулсан. ...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ...дулааны шугам сүлжээний алдагдлыг засварласан засварын бригад засвараа хийж дуусчхаад надад мэдэгдэлгүйгээр шугамын хаалтыг нээснээр дулаан үйлдвэрлэлийн зуухны даралтыг унагаж, аваарын байдал зарласан гэж надад мэдэгдсэн.

...Тухайн өдрийн ээлжинд хамтран ажилласан байсны хувьд доголдлыг арилгаж хэвийн байдалд оруулсан, энэ доголдлыг үүсгэсэн гэж үзсэнд гомдолтой байна. ...Шугам сүлжээний албаны засварчид ч Ажлын байрны тодорхойлолт-ын 10 дугаар зүйлийн 10.26-д Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай биелүүлж эргэн мэдээлж байх үүрэгтэй байдаг. ...Хэрэв засварчид тухайн шугамын засвар үйлчилгээг хийж дуусгаснаа мэдэгдэхгүйгээр хаалтыг нээвэл шугам дахин задарна. ...Засварчид ажлаа хийж дуусаад диспетчерт огт мэдэгдэхгүй шууд нээснээс болоод зууханд доголдол үүссэн. ...Гэтэл хариуцагч талын гаргаж өгсөн компанийн дотоод журамд тухайн хугацаат гэрээгээр ажиллаж байгаа ажилтны туршилтын болон сургалтын хугацаа нь хэдий хугацаанд байх юм гэдэг нь тодорхойгүй. ...Тухайн гарсан тушаал нь түр хугацаагаар ажлын байран дээр авчихсан байгаа нь хөдөлмөрийн гэрээтэй зөрчилдөж байгаа бөгөөд диспетчер инженер М.Мтой байгуулсан гэрээнээс харахад ч мөн тухайн ажлын байран дээр түр биш байнгын ажлын байран дээр ажиллуулж байсан байдал харагддаг.

...цалин хөлс нэмэгдэлтэйгээ 2021 оны 10 сарын цалин 1,588,319 төгрөг, 11 сарынх 1,589,968 төгрөг,12 сарынх 1,334,864 төгрөг бөгөөд сүүлийн 3 сарын цалингийн нийлэмжээр 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоход 1,504,383 төгрөг болж байгаа. 1,503,383-769,000/ тушаал бууруулан олгож буй цалин хөлс /зөрүү 735,383 төгрөг гарч байгаа болно. 735,383 төгрөгийг шүүхийн шийдвэр гартал хугацаагаар буюу 2 сараар тооцоход 1,470,766 төгрөг, ... 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 1,2 дугаар сарын цалинг тооцсон. 3 дугаар сарын цалин нь буугаагүй байгаа. 2021 оны 12 дугаар сарын цалин нь 1,334,864 төгрөг, 1 дүгээр сарын цалин нь 800,000 төгрөг, 2 дугаар сарын цалин нь 941,939 төгрөг нийт 3 сарын цалин нь 3,076,803 төгрөг . Үүнийгээ 3 сардаа хуваахаар нэг сарын дундаж цалин хөлс нь 1,025,601 төгрөг байхаар тооцоологдож байгаа. Тэгээд албан тушаал бууруулаад ажиллуулж байсан, 2022 оны 1 дүгээр сарын 1-с 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажлын хоногийг тооцохоор ажлын 52 хоног,ажлын 52 хоногоо диспетчер инженерийн нэг өдрийн дундаж цалин хөлс болох 68,381 төгрөгт үржүүлэхээр 3,555,812 төгрөг болж байгаа. Албан тушаал бууруулсан хугацааны нэг өдрийн дундаж цалин хөлс болох 46,618 төгрөгийг ажлын 52 хоногтоо үржүүлэхээр 2,424,136 төгрөг. Дээрх 3,555,812 төгрөгөөс 2,424,136 төгрөгийг хасч, түүний зөрүү болох 1,131,676 төгрөг.

Иймд диспетчер инженерийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, албан тушаал бууруулан ажиллуулсны цалин хөлсний зөрүү болох 1,131,676 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Диспетчер инженерийн ажилд М.Мг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн 23.2.3-т зааснаар түр хугацаагаар ажиллуулсан байдаг. Энэ хуулийн үндэслэл нь шинээр ажилд орж байгаа ажилтнуудыг турших журмаар түр хугацаанд ажиллуулж болно гэсэн зүйл заалт байдаг. Энэ зүйл заалтыг үндэслэж анх тушаал шийдвэр гарсан. М.Мг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэл шалтгаан нь үйлдвэрлэлд нөлөөлөхүйц хэмжээний зөрчил дутагдал гаргасан учраас энэ ажлаас нь чөлөөлөхөөс өөр аргагүй болсон.

...Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрсдэлд оруулах өндөр магадлал удаа дараа үүсгэж, диспетчер инженерийн ажлын байранд ажиллуулах боломжгүй нь түр ажиллах хугацаанд нотлогдсон тул М.Мг диспетчер инженерийн ажлаас чөлөөлж өөр ажилд сэлгэн ажиллуулахаар томилсон болно. ...хариуцсан ажилдаа хайнга хандаж хууль, дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж ...гарсан гэмтлийг засварлах үед дулааны хаалтыг хааж нээх зайлшгүй шаардлага гарсан үед холбогдох албаны дарга нараас мэдээлэл авч шуурхай зохицуулалтаар хангаж ажиллах гэсэн заалтыг мөн диспетчер инженерийн хэрэгжүүлэх бусад чиг үүргийг зөрчиж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрсдэлд оруулах үйлдлийг үйлдэж ...үйлдвэрлэлийн хэвийн тасралтгүй үйл ажиллагаанд нөлөөлөхүйц зөрчлийг гаргасан тул М.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

...Энэ нотлох баримтад авагдсан бүртгэл журнал хөтлөлтөөс харахад М.М нь ерөнхий инженер болон холбогдох удирдлагууддаа огт танилцуулаагүй байдаг. ...Холбогдох бичиг баримт болоод хамааралгүй хүмүүсийг гэрчээр асууж, тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой гэдэг байдлаар тайлбар бичүүлсэн зэргээс харахад М.М нь өөрөө ямар хэмжээнд ажлаа хариуцлагагүй үйлдэж байсан гэдэг нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдана.

...Энэ нөхцөл байдлууд нь бүгд өглөө бүрийн шуурхайгаар яригддаг. Дотоод хяналт шалгалт хийгээгүй, шаардлагагүй гэж үзсэн. ...гэмтэл гарсныг мэдээд хүн явуулаад хаалгах эрхийг нь өгчихсөн. ...хөлдөх эрсдэл байгаа учраас үүнийг шуурхай удирдлагаар хангаж ажлыг түргэвчилж гэмтлийг засварлуулах ёстой байсан. ...Тэнд эрсдэл үүсэх маш том нөхцөл үүсчихээд байхад үүнийг эрсдэл гэж хараагүй нь ажлын хариуцлага алдсан нөхцөл нь болж байгаа. Тийм учраас М.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Д аймаг, С сумын ** дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ** дугаартай тодорхойлолт /хх-4/, итгэмжлэл /хх-5/, Ч-ИОНӨХХК-ийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/*** дугаартай тушаалын хуулбар /хх-6/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-7-8/, Ч-ИОНӨХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/*** дугаартай тушаалын хуулбар /хх-9/, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-10-14/, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр М.О, Б.Б нарын гараар бичсэн тайлбар /хх-15/, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр С.Мын гараар бичсэн тайлбар /хх-16/, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ээлжийн мастер А.Хын гараар бичсэн үйлдвэрчний эвлэлийн хороонд тодорхойлолт /хх-17/, шугам сүлжээний албаны мастерын Ажлын байрны тодорхойлолт-ын хуулбар /хх-18-21/, Ч-ИОНӨХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ** дугаартай албан бичиг, хавсралтын хуулбар /хх-22-25/, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт /хх-26/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-27/, М.Мгийн Ч-ИОНӨХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороонд гаргасан өргөдөл /хх-96-100/, Ч-ИОНӨХХК-ийн захирлын зөвлөлийн хурлын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ** дугаартай тэмдэглэлийн хуулбар /хх-101-103/, диспетчер инженерүүдийн ажиллах журмын хуулбар /хх-104-105/ зэрэг нотлох баримтыг,

Хариуцагчаас: 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг /хх-32/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-43/, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг /хх-44/, Б.Б, Д.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-45-46/, Ч-ИОНӨХХК-ийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/** дугаартай тушаал /хх-47/, хөдөлмөрийн дотоод журам /хх-48-57/, Ч-ИОНӨХХК-ийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/*** дугаартай тушаалын хуулбар /хх- 58/Ч-ИОНӨХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/*** дугаартай тушаалын хуулбар /хх-59/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-60-61/, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-62-63/, тоноглолын ажилласан байдлын бичвэрийн хуулбар /хх-64-67/, Ч-ИОНӨХХК-ийн үйлдвэрлэлийн мэдээллийн хуулбар /хх-68-69/, М.Мгийн фэйсбүүк хаягт бичигдсэн постын хуулбар, чатын хуулбар /хх-70-72/, 2021.12.24-25-ны өдрийн тоноглолын ажилласан байдлын бичвэрийн хуулбар /хх-73-74/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч Б.Б, М.О нараас авсан мэдүүлэг /хх-86-94/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас өгсөн утсаар ярьсан ярианы бичлэгтэй флаш болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн ярианы бичлэгтэй хуурцаг,хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-117-125/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Ч-ИОНӨХХК-д холбогдуулан урьд ажиллаж байсан ажил буюу Диспетчер инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү болох 1,470,766 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Мгоос 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Цд ... нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах..., зэрэг нэхэмжлэгчийн эдлэх бүх эрх, үүргийг бүх шатны шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгожээ. /хх-5/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь цалин хөлсний хувьд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 339,090 төгрөгөөр багасгаж 1,131,676 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Ч-ИОНӨХХК-ийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/*** тоот тушаалаар Ажлын байрыг өөрчлөн түр хугацаагаар ажиллуулах тухай тушаалаар М.Мг Ус хангамж ариутгах татуургын албаны усны операторын хөдөлмөрийн гэрээг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс диспетчер инженерээр ажлын байрыг өөрчлөн түр хугацаагаар томилсон, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр диспетчер инженерийн байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-6-8/

Ч-ИОНӨХХК-ийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/*** тоот тушаал М.Мг албан тушаал бууруулан ажиллуулах тухай- аар Диспетчер инженер М.М нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээний доголдол үүсгэсэн тул 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дулаан хангамжийн албанд гэрээт ажилчнаар албан тушаал бууруулан ажиллуулжээ.

Албан тушаал бууруулсан нь М.Мг диспетчер инженерийн ажлаас халсан гэж үзвэл зохино.

Хөдөлмөрийн тухай хуул /хуучин хууль/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлээ 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Нэхэмжлэгч би диспетчер инженерээр ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, үйлдвэрлэлийн ажиллагаанд ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээний доголдол үүсгээгүй гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар: Хариуцсан ажилдаа хайнга хандаж хууль, дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, хэрэглэгчдийн гадна дулаан, цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээнд гарсан гэмтлийг засварлах үед дулааны хаалтыг хааж нээх зайлшгүй шаардлага гарсан үед холбогдох албаны дарга нараас мэдээлэл авч шуурхай зохицуулалтаар хангаж ажиллах гэсэн заалтыг мөн диспетчер инженерийн хэрэгжүүлэх бусад чиг үүргийг зөрчиж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрсдэлд оруулах үйлдлийг үйлдэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц доголдол үүсгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

Хариуцагч Ч-ИОНӨХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/*** тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, Компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, 6.6.4 дэх заалт, хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсгүүдийг баримталсан ба албан тушаал бууруулан өөр ажилд шилжүүлсэн тухай үндэслэлээ эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаанд нөлөөлөхүйц хэмжээний доголдол үүсгэсэн гэжээ.

Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.2-д Ажилтан тухайн ажлын байранд мэргэжлийн болон эрүүл мэндийн хувьд тэнцэхгүйг мэргэжлийн байгууллага болон дотоод хяналт шалгалтын ажилтны шалгалтаар тогтоосон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл ажилтантай тохиролцсоны үндсэн дээр албан тушаал бууруулна. гэсэн байх ба хариуцагч Ч-ИОНӨХХК-ийн зүгээс аваарын байдалтай нөхцөл байдал үүссэн, мөн ажилтан тухайн ажлын байранд мэргэжлийн хувьд тэнцэхгүйг мэргэжлийн байгууллага, дотоод хяналт шалгалтаар тогтоогоогүй,

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар. Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна., 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт ажил олгогч санаачилсан.,

Компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3-д Компанийн ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах цуцлах, сахилгын арга хэмжээ авах, тэдгээрийн цалин хөлс урамшууллын хэмжээг тогтоох, 6.6.4-д бүрэн эрхийнхээ хүрээнд компанийн хэмжээнд мөрдөх тушаал шийдвэр журам заавар гаргах,

Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1-д Захирал нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргана. гэж тус тус заасан байна.

Ч-ИОНӨХХК-ийн захиралын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/*** тоот тушаалын үндэслэл нь энэ хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймээс Ч-ИОНӨХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/*** тоот тушаал нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Цалин хөлсний талаар: 2021 оны 12 дугаар сарын цалин нь 1,334,864 төгрөг, 1 дүгээр сарын цалин нь 800,000 төгрөг, 2 дугаар сарын цалин нь 941,939 төгрөг нийт 3 сарын цалин нь 3,076,803 төгрөг. Үүнийгээ 3 сардаа хуваахаар нэг сарын дундаж цалин хөлс нь 1,025,601 төгрөг. ... 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажлын хоногийг тооцохоор ажлын 52 хоног. Ажлын 52 хоногоо диспетчер инженерийн нэг өдрийн дундаж цалин хөлс болох 68,381 төгрөгт үржүүлэхээр 3,555,812 төгрөг. ...бууруулсан хугацааны нэг өдрийн дундаж цалин хөлс 46,618 төгрөгийг ажлын 52 хоногт үржүүлэхээр 2,424,136 төгрөг, 3,555,812 төгрөгөөс 2,424,136 төгрөгийг хасахаар түүний зөрүү болох 1,131,676 төгрөг. Цалин хөлсний зөрүү 1,131,676 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Цалин хөлсний зөрүүг тооцож үзвэл: /урьд/ 2021 оны 10-р сард 1,588,319 төгрөг, 2021оны 11 дүгээр сард 1,589,968 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 1,334,864 төгрөг нийт 4,513,151 төгрөг /4,513,151:3=1,504,383 төгрөг, /1,504,383:21,5 =69,971 төгрөг / нэг өдрийн цалин,

Албан тушаал буурч ажилласан хугацааны цалинг тооцвол: 2021 оны 12 дугаар сард 1,334,864 төгрөг, 2022 оны 1 дүгээр сард 800,000 төгрөг, 2 дугаар сард 941,939 төгрөг нийт 2,683,878 төгрөг, /2,683,878:3= 894,626 төгрөг, /894,626:21,5=41,610 төгрөг, /нэг өдрийн цалин/

69,971-41,610=28,361 төгрөг үүнийг 52 хоног оор үржүүлбэл 1,474,772 төгрөг

/Ажлын хоногийг Эдийн засгийн хуанлиар тооцвол 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 22-ний өдрийг хүртэл 52 хоног/,

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд цалин хөлсний зөрүү 1,131,676 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь ... хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасны дагуу дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэснийг баримтлан тооцов.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.Мг урьд ажиллаж байсан ажил албан тушаал буюу Ч-ИОНӨХХК-ийн Диспетчер инженерийн ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүү 1,131,676 төгрөгийг хариуцагч Ч-ИОНӨХХК-иас гаргуулж нэхэмжлэгч М.Мд олгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Талуудаас гаргаж ирүүлсэн дараах баримтууд нь : 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр М.О, Б.Б нарын гараар бичсэн гэх тайлбар /хх-15/, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр С.Мын гараар бичсэн гэх тайлбар /хх-16/, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ээлжийн мастер А.Хын гараар бичсэн гэх үйлдвэрчний эвлэлийн хороонд гаргасан тодорхойлолт /хх-17/, М.Мгийн фэйсбүүк хаягт бичигдсэн постын хуулбар, чатын хуулбар зэрэг нь хэрэгт ач холбогдолгүй,мөн эргэлзээ төрүүлхүйц нотлох баримтууд байх тул үнэлээгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д аймгийн Ч-ИОНӨХХК-иас 31,710 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б овогт Мгийн М /РД:*********/-г урьд ажиллаж байсан ажил албан тушаал буюу Ч-ИОНӨХХК-ийн Диспетчер инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүү болох 1,131,676 төгрөгийг Ч-ИОНӨХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч М.Мд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д аймгийн Ч-ИОНӨХХК-иас 31,710 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ