Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1194

 

 

 

 

 

                        

  2020           9             17                                           2020/ДШМ/1194

 

Д.Г-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гүнсэл,                                      

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 484 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2010000000523 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Д-ийн Г, 1967 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 2 жилийн хорих ялаар тогтоосон,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-73Б тоотод оршин суух иргэн С.Эрдэнийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж байшин дотроос гар дрилл, хашаанд байсан усны тэрэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мянгат овгийн Доржийн Гыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Гыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Год оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Гын энэ хэрэгт цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрөө төлсөн байхад надад хүнд ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна” гэв.

 

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч өмнө нь хулгайн гэмт хэрэгт удаа холбогдож ял шийтгэл эдэлж байсан. Үүндээ дүгнэлт хийгээгүй байна гэх үндэслэлээр 2 жилийн хугацаагаар хорих ялын санал тавьсан. Анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 484 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-73Б тоотод оршин суух иргэн С.Эрдэнийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж гар дрилл, хашаанд байсан усны тэрэг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Эрдэнийн “...би 2020 оны 5 дугаар сарын 14-ний өглөө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-73б тоотод байрлах гэрээсээ хаалгаа түгжээ гарсан. 17 цагийн үед манай төрсөн бага дүү болох С.Булгантуяа над руу залгаад “танайхаас хүн юм аваад гараад явж байна” гэж манай өөдөөс харсан хашааны хөрш айлын хүн хэлж байна” гэж хэлсэн. Би удалгүй гэртээ ирэхэд цагдаа нар ирчихсэн хулгай хийсэн хүнийг барьчихсан байсан. ...Манайхаас хайрцагтай дрилл болон усны тэрэг байхгүй байсан. ...” /х 12-13/,

гэрч О.Баттүшигийн “...би 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Эрхэс 112 чиглэлийн Хан-Уул дүүргийн 9, 10, 16, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргээ эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Одонцэцэгийн хамтаар үүрэг гүйцэтгэж явах хугацаанд Эрхэс-10-аас 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг  06 минутад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 23-73б тоотод “түлхүүр тааруулж гэрт орж эд зүйл хулгай хийсэн байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу 18 цаг 20 минутад очиж шалгахад хашааны хаалгаар орсон 2 гутлын мөр байсан бөгөөд байшингийн хаалганд түлхүүр нь зоолттой хаалга нь онгорхой байсан. Тэгээд хажуу айлын Отгоо гэх залуугаас “Энэ айлаар орж гарсан хүнийг анзаарч харсан уу” гэж асуухад “хар малгайтай, хар куртиктэй намхандуу нууруутай эрэгтэй хүн гарахыг харсан” гэж хэлсэн. Хэргийн газрын хамгаалалтаа аваад бүрэлдэхүүнээ хүлээгээд хашааны гадаа гудманд зогсож байтал 23 дугаар гудамжнаас яг дээрх дурдсан шиг хар саравчтай малгайтай, бор царайтай 160 гаруй см өндөртэй эрэгтэй хүн гарч ирэхээр нь шалгатал гутлын мөр нь адилхан байхаар нь авсан зүйлсийн талаар асуухад өөрөө хүлээн зөвшөөрсөн. ...” /хх 15/,

гэрч Ц.Золбаярын “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн орчим би өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 17-317 тоот гэртээ очихоор автобусны буудлаас явж байхад манай урд талын хашаанаас хар өнгийн нимгэн куртиктэй, саравчтай малгайтай цайвар цэнхэр срокчин цамцтай доогуураа брукин өмдтэй 40 орчим настай эрэгтэй хүн гартаа улаан билүү хөх өнгийн хайрцагтай цахилгаан багаж барьчихсан гараад явж байсан. Би ээж Отгонжаргал руу залгаж “урд талын айлаас хүн хайрцагтай юм аваад гарч байна, хүмүүстээ хэлээрэй” гэж хэлсэн. Цагдаа нэг хүн дагуулж ирээд “энэ хүн мөн үү” гэж асуухаар нь “мөн” гэж хэлээд явуулсан. ...” /хх 16/,

гэрч Н.Ганзамын “...хойд айлын Отгоо ах над руу залгаж “Эрдэнийн гэрт  хулгай орсон байна, хаалга нь онгорхой байна” гэж хэлсэн. Би өөрийн гар утсаар цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 19/,

гэрч Л.Урантуяагийн “...Д.Г нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад манайхаас айлд очиж хүнтэй уулзана гээд гарсан. Гоос юу болсон талаар асуухад “нисэхэд айлын байшингаас өрөм буюу дрилл хулгайлсан” талаар хэлсэн. ...” /хх 20-21/,

шүүгдэгч Д.Гын яллагдагчаар өгсөн “...би 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Л.Урантуяагийн гэрийн наад талын толгой дээр ганцаараа 0.5 мл Их монгол нэртэй архи уугаад согтсон. Урьд барилгын ажил хамт хийж байсан Эрдэнэ гэх залуугийн буюу Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-73б тоотод очиход хүн байгаагүй, хаалга нь түгжээтэй байсан. Өмнө нь нэг удаа тэднийд орж байхдаа гэрийнхээ түлхүүрийг цонхны дээр сэнс дотор нуудгийг нь мэдсэн болохоор түлхүүрийг нь авч гэрт орж, шүүгээний хажууд байсан улаан өнгийн хайрцагтай гар дриллийг нь аваад гарсан. Гудамжаар явж байгаад нэг хүнд 15.000 төгрөгөөр зарсан. ...” /хх 34-38/ гэх мэдүүлгүүд,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 23-26/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Гыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Гын гаргасан “....оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь;

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 484 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

 

                                 ШҮҮГЧ                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ