Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/шш2021/00588

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 2 дугаар хороо, ийн гудамж, Наран плазад байрлах И ХХК, /РД: ... /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэгг, 24 дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоотод байрлах, Н ХХК, /РД:... /-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, алдангид 2,500,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 7,570,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , хариуцагчийн төлөөлөгч Л.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Н ХХК-тай Ажлын байр түрээслэх гэрээг байгуулж Улаанбаатар хот, ... дүүргийн 6 дугаар хороо, Д гийн гудамж, ...ны төвийн нэгдүгээр давхарт байрлах 27 м.кв талбайтай рамен буюу түргэн хоол үйлдвэрлэх, борлуулах зориулалтай иж бүрэн тохижуулсан ажлын байрыг Н ХХК-д 1 жилийн хугацаатай түрээслүүлэх гэрээг байгуулсан. Түрээсийн гэрээний дагуу түрээслэгч нь 1 сарын 2,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг тухайн сарын сүүлийн өдөр төлөх, 6,000,000 төгрөг барьцаанд төлөх, төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Түрээслэгч нь 2019 оны 06 дугаар сарын 1-ний өдөр түрээсийн зүйлийг хүлээн авч 3,000,000 төгрөгийн барьцааг төлсөн ба үүнээс хойш аливаа төлбөрийг төлөөгүй тул түрээслүүлэгч гэрээг цуцалж, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн байрыг түрээслүүлэгчээс буцаан авсан. Түрээлэгчийн барьцаанд төлсөн 3,000,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 1 сар 15 хоногийн түрээсийн төлбөрт суутгаж, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 1,000,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 4,000,000 төгрөгийг буюу түрээсийн төлбөрийн үүрэгт нийт 5,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчаас шаардаж байна. Төлбөрийн үүргийг хоцроосон хугацааны алдангийг тооцож үзэхэд 2,500,000 төгрөг болсон ба үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардаж байна. Хариуцагчийн үйл ажиллагааг явуулж байгаа хаяг тодорхойгүй байсан тул улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлж шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан ба шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн хаягийг цагдаагийн байгууллага тогтоосон. Иймд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг мөн хариуцагчаас шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн тооцвол түрээсэн төлбөр 5,000,000 төгрөг, алдангид 2,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, нийт 7,570,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

 

Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч Л.З ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээ анхнаасаа учир дутагдалтай байсан. Тухайн объектыг авах үед хуучин захирал н.Н билүү 1 хүн надад өдөрт 200,000-300,000 төгрөгийн ашиг олдог гэж хэлсэн болохоор барьцаа мөнгөө өгсөн. Ажлын байранд ажлаа хийхэд доторх тохижилт муу, тоос шороотой, хүйтэн байдаг байсан. Миний бие 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүртэл үйл ажиллагаагаа явуулсан. Энэ хугацаандаа 7,000,000-8,000,000 төгрөгийн зардал гаргасан. Үүнд: Материалын зардал, үйл ажиллагааны зардал, хүргэлтийн зардал, борлуулалтын зардал гэх мэт зардлыг гаргаад явсан боловч ашиг олоогүй. Өмнөх захирлын хэлснээр өдөрт 200,000-300,000 төгрөгийн орлого олдог гэх үг худлаа байсан. Өдөрт 20,000-30,000 төгрөгийн орлого орохгүй байна гэж хэлэхээр очсон боловч н.Н захирал нь байхгүй, компани дээр нь ямар ч хариуцах хүнгүй байдаг байсан. Наадам болоод бүр үйлчлүүлэгчгүй болж ирсэн. Би 07 дугаар сарын 01-н хүртэл үйл ажиллагаа явуулсан тэр хугацаандаа үйл ажиллагаа сайжруулахыг хичээсэн боловч мөнгөний урсгал байхгүй. Өмнөх захирал намайг хуурч оруулсан. 2019 оны 07 дугаар сарын сүүл, 08 дугаар сарын эхээр шинэ захирал н.М гэдэг хүн ирэхэд учраа байдлаа тайлбарлаж түрээсээ бууруулаач гэж хэлэхэд боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би өөр газар хоол хийдэг найзыгаа дуудаж 2019 оны 07 дугаар сарын дундуур тухайн түрээсийн байранд ажиллуулсан. Найздаа 3,000,000 төгрөг төлсөн. 07 дугаар сарыг дуустал түрээсийн төлбөрөө хийсэн байгаа гэж хэлсэн. Гэрээгээ цуцлахгүйгээр цааш нь тухайн түрээсийн байранд манай найз хоолны газрын үйл ажиллагааг явуулсан. Ажиллуулах хугацаандаа 4,000,000-5,000,000 төгрөгийн зардал гаргаад үйл ажиллагаа явуулж байхад нь 2019 оны 09 дүгээр сарын хавьцаа гэрээ дуусах болоогүй байхад тухайн газрыг лацдаад үйл ажиллагааг явуулах боломжгүй болгож хаасан. Тухайн найз хэлэхдээ ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй газар байна гэж бас хэлж байсан. Түрээсийн обьектийг 2020 оны 06 дугаар сарын 09-нд хүлээж авсан, гэхдээ нэхэмжлэгчийн хэлж байгаа 2020 оны 06 дугаар сарын 01-ны өдөр болон 09-ний өдрийн хооронд нээх ялгаа байхгүй тул обьектийг хүлээж авсан өдөр дээр нэхэмжлэгчтэй маргахгүй. Обьектийг 2020 оны 10 дугаар сарын 01-нд би өөрөө хүлээлгэж өгсөн. Гэхдээ үйл ажиллагааг нь 09 дүгээр сарын 20-н хавьцаа зогсоосон байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 5,000,000 төгрөг, алдангид 2,500,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 7,570,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч Л.З татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгч тал тухайн обьектод үйл ажиллагаа явуулахад өдрийн 200,000-300,000 төгрөгийн орлоготой байдаг гэж хэлсэн, яг үйл ажиллагаа явуулахад тийм байгаагүй. Наадам болоод орлого бүр муудсан. Би нэг найзыгаа дуудаж ажиллуулсан. Орлого муу тул түрээсийн гэрээг цуцлахаар И ХХК-ийн оффис дээр очиход хариуцах хүнгүй байдаг байсан. Түрээсийн обьектийг 2020 оны 06 дугаар сарын 09-нд хүлээж авсан, гэхдээ нэхэмжлэгчийн хэлж байгаа 2020 оны 06 дугаар сарын 01-ны өдөр болон 09-ний өдрийн хооронд нээх ялгаа байхгүй тул обьектийг хүлээж авсан өдөр дээр нэхэмжлэгчтэй маргахгүй. Обьектийг 2020 оны 10 дугаар сарын 01-нд би өөрөө хүлээлгэж өгсөн гэж тус тайлбарлан маргажээ. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч И ХХК, хариуцагч Н ХХК нар нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээ-г байгуулан ... дүүргийн 6 дугаар хороо, Д гийн гудамж, ...ны төвийн 1 дүгээр давхарт байрлах, 27 м/к талбай бүхий түргэн хоолны газрыг сарын 2,000,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээ байгуулсан, зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ ба нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

 

Түрээсийн зүйл буюу ... дүүргийн 6 дугаар хороо, Д гийн гудамж, ...ны төвийн 1 дүгээр давхарт байрлах, 27 м/к талбай нь нэхэмжлэгч И ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд өмчлөгч Н ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Комиссын гэрээгээр нэхэмжлэгч И ХХК нь өөрийн нэрийн өмнөөс тухайн талбайг бусдад түрээслүүлэх эрхийг олж авсан ба энэ үйл баримтын талаар хариуцагч маргаагүй болно.

 

Мөн гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг төлсөн, түрээсийн гэрээ цуцлагдсан, түрээсийн зүйлийг нэхэмжлэгчээс хариуцагчид 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгч, мөн оны 10 дугаар сарын 01-ний өдөр буцаан хүлээн авсан талаар зохигчид маргаагүй. Зохигчид түрээсийн зүйлийг 1 жилийн хугацаатай, сарын 2,000,000 түрээслэхээр тохиролцсон ба түрээслэгчийн төлсөн 3,000,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх 45 хоногийн түрээсийн төлбөрт суутгаж, 2019 оны 07 дугаар сарын 15-наас мөн оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндсэлэлтэй байна. Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3.6-д Түрээлэгч түрээсийн төлбөрийн хугацаа хожимдуулбал хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгээс 0.5 хувиар тооцож алданги төлөх болно гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөр хожимдуулсан хугацааны алдангид 2,500,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байна. Мөн хариуцагч Н ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Л.З ын оршин байгаа газрыг тогтоолгохоор нэхэмжлэгч нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасны дагуу мөн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар шийдвэрээр эрэн сурвалжилсан ба нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцана. ..., мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, ... шаардаж болно гэж зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал нь гэрээнээс учирсан хохиролд тооцогдож байх тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Н ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг, алдангид 2,500,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 7,570,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт буюу түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг, алдангид 2,500,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 70,200 төгрөг, нийт 7,570,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 136,074 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР