Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/шш2021/00374

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 01 дүгээр хороо, ..... , .... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Х овогт Т ын У /РД: ... /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .... дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Ж овогт Д гийн Э /РД: /-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.У миний бие 2000 онд Д.Э тай танилцаж, 2001 онд гэр бүлээ батлуулж хамтдаа амьдраад 2002 онд том охин Э.И , 2009 онд бага охин Э.М нар төрсөн. 2015 оноос эхэлж бидний хооронд удаа дараа хурц зөрчил үүсч, цаашид зан харилцааны доголдлын улмаас хоорондоо таарч тохирохоо байсан тул бид тус тусдаа амьдраад 5 жил болж байна. Цаашид ч хамтран амьдрах хүсэлгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид хүүхдүүдийн асуудлыг хоорондоо ярилцан тохиролцож шийдэлд хүрсэн тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Э миний Т.У ын гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд хүүхдийн асрамж тэтгэлэг болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй тул хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч Д.Э ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрсдийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нарын эзгүйд хэргийг хэлэлцлээ. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.У , хариуцагч Д.Э нар 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас .... оны 6 дугаар сарын 21-ний өдөр охин Э.И , ... оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин Э.М нар төрсөн байна.

 

Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

 

Гэрлэгчид хүүхдийн асрамж болон тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Х овогт Т ын У /РД: ... /, Ж овогт Д гийн Э /РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Зохигч хүүхдийн асрамж болон тэтгэлэг, эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, маргаангүй гэснийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР