| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/0123/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/121 |
| Огноо | 2024-10-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/121
2024 10 03 2024/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч: Б.М, түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2427001540161 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, """" оны 09 дүгээр сарын 12-ны өдөр """"" аймгийн """" суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, """" аймгийн """" сумын “"""""” ХХК-д механикч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт """"" аймгийн """" сумын Эрээн 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """" регистрийн дугаартай, Б овогт Б-н М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 22 цагаас хойш """"" аймгийн """" сумын 1 дүгээр баг """" 7-14 тоотод байх Д.Д-н гэрийн гадна тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Ц.Н-н биед цохих үйлдлээр нэг шүдний сулрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 22 цагаас хойш Өвөрхангай аймгийн """"" сумын 1 дүгээр баг ---- тоотод байх Д.Д-н гэрийн гадна тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Ц.Н-н биед цохих үйлдлээр нэг нүдний сулрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.М би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Н-н шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 22 цаг 18 минутад Д.Д гэх манай найз Б.М манайд хүрээд ирсэн байна чи манайд хүрээд ирээч гээд намайг дуудсан байгаа. Би 22 цаг 18 минут гэхэд ороо засаад гэртээ унтах гэж байсан. Би Улаанбаатар хотоос ээжийнд ирээд дөнгөж нэг л хонож байсан. Б.М бид 2 ямар холбоотой вэ гэвэл тухайн үед бид 2 үерхэж байсан. Тэгээд дуудахаар нь очсон чинь Б.М согтуу байсан. Д.Дын гэрээс хоёулаа гарч ирсэн. Би гэрийн чинь гадна ирж байна гараад ирээч гээд дуудсан юм. Би Б.Мг сайн яваад ирсэн үү гэхэд миний сайн явж ирэх, муу явж ирэх чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэрнээс болоод ер нь маргаан үүсчихсэн байгаа. Д.Дын нөхөр нь хөлөө хугалчихсан байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Д.Д шөнө 10 цаг өнгөрчихсөн болохоор эмнэлэг амарчихсан байгаа. Эмнэлэг амарчихсан юм чинь хоёулаа энэ согтуу хүнийг аргалаад унтуулъя, үгүй бол машин дотор суулгаад аваад ирье гээд хоёулаа араас нь явсан байгаа. Б.М өөрөө алхаад явсан. Доошоо алхаад 200, 300 метр явсан байх. Тэгээд бид хоёр араас нь очоод Д.Д утсаа авч машинаас буугаад нөхөртэйгөө яриулчихъя согтуу байгаа юм чинь эмнэлэг дээр очоод яах юм бэ гэсэн чинь би тэр хүн дээр очно гээд байсан. Тэгэхээр нь би араас нь буугаад одоо суу, орой болсон байна. Чамайг хүргэж өгчхөөд би ч гэсэн одоо амармаар байна гэж хэлсэн. Тухай 93-21 гэсэн дугаартай машин нь Б.Мгийн банк бусаар авсан машин байгаа. Өөрөө надад тэр машиныг унах зөвшөөрлийг өгсөн байгаа. Яаж өгсөн бэ гэхээр би приус 30 маркийн машинтай байсан. Тэрийгээ зарчхаад байж байсан чинь Б.М би урьдчилгаа өгөөд өөрөө приус 30 авчихъя. Тэгээд би өөрөө төлбөрөө хийгээд чи намайг ирэх хооронд унаж байгаарай гээд надад 93-21 дугаартай машиныг унуулсан байгаа. Тухайн үед сургууль орох гээд би Эрээнээс 5 000 000 гаруй төгрөгийн бараа татсан. Тэр бараагаа би ачаад ирсэн. Би томилолтоор Дорноговь аймагт явж байгаад томилолтоо дуусгаад Улаанбаатар хотод ирэнгүүтээ даргаасаа чөлөө аваад Хархорин суманд арилжаагаа хийхээр 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ирсэн байгаа. Маргаан юунаас болсон бэ гэвэл Б.М манай аавын бие тааруу байна Өвөрхангай аймаг руу очоод үзүүлэх хэрэгтэй байна гэхээр нь өөрийнх нь төрсөн дүү машинтай болохоор одоохондоо өгөх ямар ч боломжгүй байна. Би баахан бараа аччихсан байгаа гээд өөрт нь харуулаад үүнийгээ зарчих юм бол би чамд машиныг чинь өгье гэсэн чинь тэр орой энэ миний машин юм чинь гээд машин тэргээ өөрөө цохисон. Тэгээд Д.Д чи яагаад машин тэргээ цохиж байгаа юм гэсэн чинь энэ миний машин юм чинь ингээд эвдэлчихье гээд өөрийнхөө машины шил болон урд талын 3 салаа гэрлээ хагалсан байгаа. Тухайн үед Д.Д энэ хүнийг хорих гээд дийлээгүй. Тэгээд энэ хүн эргэж харахдаа намайг толгой руу цохиод авсан. Тэгээд зүүн талын хацар руу 2 удаа цохиод унагаасан байгаа. Би эмэгтэй хүн юм чинь эрэгтэй хүний цохилтыг даахгүй. Тэр үед миний амнаас цус гараад шүдээ үзсэн чинь миний шүд хөдөлчихсөн байсан. Тэгээд би миний шүд хөдөлчихлөө шүү дээ. Яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд Б.М чи тэр шүүх цагдаагаараа яваарай. Шүүх болон цагдаа надад хэрэг үүсгэж чадахгүй. Чи цагдаагаа дууд гэж хэлсэн. Тухайн үед би өөрийгөө аврахын тулд цагдаагаа дуудсан байгаа. Тэгээд цагдаа ирэхийн хооронд намайг дандаа ална гээд заналхийлж байсан учраас би Д.Дулмаар санаатайгаар дуудуулж намайг цохисон гэж бодож байгаа. Яагаад гэвэл 22 цагаас хойш намайг унтах гэж байхад хүнээр дуудуулаад мессежээр дуудаад бүр утсаар дуудаад гаргаж ирсэн. Энэ хүн юун дээр заналхийлсэн бэ гэхээр 93-21 дугаартай машиныг аавын бие тааруу байхад өгсөнгүй гэсэн үндсэн дээр л надад заналхийлсэн байх. Өөр бид 2-т маргаан байхгүй байсан. Би цагдаа дуудаад цагдаа дээр очиход намайг их доромжилсон. Надад бичлэг байгаа боловч би цагдаад гаргаж өгөөгүй. Тэгээд хэрэг болсны маргааш нь гэр бүлээрээ ирж намайг дарамталсан. Би Архангай аймгийн шүүх шинжилгээ рүү явсан. Яагаад гэвэл Өвөрхангай аймгийн """" сумын шүүх шинжээч нь өөрөө амралтаа авчихсан байсан. Тэгээд би ах, эгч нар маань байхгүй байсан учраас тухайн үед такси бариад Архангай аймаг руу явсан. Архангай аймгийн шүүх шинжилгээ маргааш амарна хурдан яваад ир гэсэн учраас би такси барьж явсан. Тэгээд гэмтэл тогтоогдсон байгаа. Тэгээд энэ хүн намайг чи наад хөдөлсөн шүдээ миний гар дээр аваад өгөөч гэж хэлсэн. Хүн гэмтчихсэн байхад тэгж хэлж байгааг нь би огт ойлгоогүй. 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө би Хархорин нэгдсэн эмнэлгээс анхны тусламж авсан. Бид 2-ын хооронд ийм л үйл явдал болсон. Би бол маш гомдолтой байгаа. Эмэгтэй хүн чинь хүний цохилтыг хэзээ ч даахгүй. Би шүд амаараа хохироод байж байна. Имплант шүд хийлгэнэ гэхээр хагалгаа хийгээд өөр дээр нь суулгахад надад 6 сарын хугацаа зарцуулагдах юм байна лээ. Тэгээд одоо яс суулгах имплант шүд 2 суулгачихсан байгаа. Гэхдээ эдгэрэлт нь 6 сар үргэлжлээд цаашдаа дахиад ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр дахиж үзэж байж эмч өөрөө зөвлөгөө өгөх юм байна лээ. Би Модны 2-ын тэнд байдаг “Энхлэн” гэдэг эмнэлгээр үйлчлүүлсэн. Имплант шүд чинь дотроо олон ангилалтай байдаг юм байна лээ. Солонгос, Япон, Герман гэх мэт янз бүрийн үнэтэй байдаг юм байна. Би Германы имплант шүдийг сонгосон байгаа. Эхлээд урьдчилгаа мөнгөө өгчхөөд таны эмчилгээг эхэлнэ гээд шүдээ авхуулаад имплант шүднийхээ хагалгааг хийлгэсэн байгаа. Тэрийг хийлгэхэд бараг 4 500 000 төгрөгийн зардал гарах юм байна лээ. Надад тийм их мөнгө байхгүй. Би тийм аймаар баян хүн биш. Тийм учраас урьдчилгаа 1 000 000 төгрөг өгсөн байгаа. Тэр баримт дээр нэмээд шүд авхуулсны, рентген авхуулсны төлбөрүүдээ хийсэн баримтууд бүгд хэрэгт байгаа. Өөр надад хэлэх зүйл байхгүй”
2024 оны 08 дугаар сарын 17-ны орой 22 цаг 18 минутанд гэртээ байхад найз Дулам миний 96197990 дугаар луу залгаж мөн цахим хаяг руу залгаад чамайг Б.М хүрээд ир гээд дуудаад байна гэхээр нь би найз нь унтах гэж байна маргааш очиж болох уу гэхэд одоо хүрээд ирээ гээд Приүс-30 маркийн машин жолоодож очоод Дулмаа руу залгаад ирчихлээ гэхэд Дулам, М хоёр гарч ирсэн. Тэгээд М Дуламын нөхөр дээр очно гээд байсан чинь Дулам одоо орой болчихсон эмнэлэг нь хаачихсан яах юм бэ согтуу байж гэсэн. Тэгсэн чинь М уурлаад машин цохиж аваад байсан. Би яаж байгаа юм бэ? гэхэд М би өөрийнхөө эд хөрөнгийг эвдэж байна чамд ямар хамаатай юм бэ? гээд нүүрлүү цохиод авахад би газар унасан тэгээд би миний шүд хөдөлчихлөө гэхэд хохь чинь чи шүд цохисон хэргээр намайг насаар нь ял өгүүлээрэй. Машинаар дайрч ална чамайг гээд орилоод байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 10 дугаар хуудас/
Гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрийн үүдэнд М, Н нар уулзаад манай нөхрийг эмнэлэг орж найз дээрээ очьё гээд М явах гэсэн чинь Н согтуу байж яах гэж байгаа юм гэсэн чинь М уурлаад алхаад явсан. Тэгээд араас нь Н бид хоёр машинтай очоод архи уусан байж яах гээд байгаа юм гээд хэрүүл маргаан эхэлсэн. Н эхлээд Мгийн толгой нуруу луу нь цохисон. Тэгээд би салгаж чадалгүй утсаараа аавыг дуудах гэж байхад Н энэ М намайг цохьчихлоо миний 2 шүд хөдөлчихлөө гээд орилсон би яг цохиж байгааг нь харж чадаагүй аавыгаа дуудах гээд утсаа хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.Төгс-Очирын өгсөн “...Ц.Ныг эрүүл мэндийн даатгалаас ямар үйлчилгээ авсан эсэхийг цахим системээс шалгахад 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэг төрлийн 40.515 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байсан. Иймээс уг мөнгийг эрүүл мэндийн даатгалын санд тушаачихвал ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №308 дугаартай “...1.Ц.Н-н биед 1 шүдний сулрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, 2.Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.М нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 22 цагаас хойш Өвөрхангай аймгийн """" сумын 1 дүгээр баг """ тоотод байх Д.Дын гэрийн гадна тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Ц.Н-н биед цохих үйлдлээр нэг шүдний сулрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.
Шүүгдэгч Б.М хохирогч Ц.Н-н бусдын бие махбодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1- “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн Хоёрдугаар зэрэглэл хэмээн журамласан.
Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын 3.6-д ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг хөнгөн гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлд хамааруулсан ба сэтгэцэд учирсан хор уршигт 4,620,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж,
гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6,117,934 төгрөг гаргуулах хохирлын баримтыг шүүгдэгч төлөхөө илэрхийсэн байх тул 6,117,934 төгрөгийг шүүгдэгч Б.Мгээс гаргуулж, хохирогч Ц.Над олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан.
Шүүгдэгч улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.М хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Боржгон овогт Бат-Очирын Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөврөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА