Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/123

 

 

 2024       10            07                                2024/ШЦТ/123

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Ад холбогдох эрүүгийн 2427000000144 дугаартай хэргийг хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, """" оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн """"" суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн """"" сумын 1 дүгээр баг """"т  гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """""" регистрийн дугаартай, Б овогт Б-н А.

 

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Гэрч И.Бадрахзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр Хужирт сумын баяр наадам болж байсан бөгөөд миний бие эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн үед Б.А нь """" улсын дугаартай портер маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд зогсоож шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй тул үлээлгэж шалгахад 0,33% согтолт илэрсэн тул Б.Аийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 11 дүгээр хуудас/,  

Гэрч Д.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Манай нөхөр Б.А 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үд дундад бага хоёр хүүхдээ дагуулаад өөрийнхөө """" улсын дугаартай тээврийн хэрэгслээр сумын төвд байдаг ах дүү нартаа айраг өгнө гэж авчирсан айргаа тараачихаад 22 цагийн орчимд санагдаж байна, гэртээ харих гэж байхдаа цагдаатай тааралдаж үлээлгэхэд одоо хэд гарсныг нь санахгүй байна. Ямар ч байсан согтолттой байна гээд тээврийн хэрэгслээ журамлуулсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 13 дугаар хуудас/,  

 

Согтуурлын багажаар шалгасан “...Б.А нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр """" улсын дугаартай портер маркийн автомашин жолоодсон, драгер багажаар шалгахад 0,33% тоон үзүүлэлт илэрсэн...” гэх тэмдэглэл /хавтас хэргийн 7 дугаар хуудас/,  

 

Мөрдөгчөөс хэрэгт нотлох баримтаар хавсаргасан “Б"н А /РД:"""""/ эрх хасах: Өвөрхангай, Хархорин, Зөрчлийн тухай хууль 14.7 дугаар зүйлийн 5.2, 2024-04-18, 2025-04-18” гэх мэдээлэл /хавтас хэргийн 25-26 дугаар хуудас/,  

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/144 дугаартай шийтгэвэр /Б.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгосон шийдвэр/ /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

         Шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн гэрч И.Бадрахзулын мэдүүлэг /хавтас хэргийн 11 дүгээр хуудас/,  гэрч Д.Нарангэрэлийн мэдүүлэг /хавтас хэргийн 13 дугаар хуудас/, согтуурлын багажаар шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 7 дугаар хуудас/, мөрдөгчөөс хэрэгт нотлох баримтаар хавсаргасан “Б"н А /РД:""""/ эрх хасах: Өвөрхангай, Хархорин, Зөрчлийн тухай хууль 14.7 дугаар зүйлийн 5.2, 2024-04-18, 2025-04-18” гэх мэдээлэл /хавтас хэргийн 25-26 дугаар хуудас/,  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/144 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 28-31 дугаар тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.А нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн """" сумын """" дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """" улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

 

            Иймд шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Аийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """" улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ц.Эрдэнэбат би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24-т заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-н Ад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна.

Шүүдэгч Б.Аийн тухайд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх бөгөөд мөн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодох энэ гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу гэрч цагдаагийн албан хаагч Бадрахзулын тухайн цаг хугацаанд эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэж байхад Б.Аийг саатуулсан талаар мэдүүлгийн нотлох баримт авагдсан. Мөн гэрч Д.А-н эхнэр Д.Нарангэрэл мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйлгүй учраас мэдүүлэг өгнө гээд өгсөн мэдүүлэгтээ тухайн цаг хугацаанд болсон үйл баримтыг буюу ямар тээврийн хэрэгсэлтэй явсан юм, ямар цаг хугацаанд явсан гэдэг талаар тодорхой мэдүүлсэн. Мөн Б.Аийн өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх шүүхийн шийтгэвэр хэрэгт авагдсан. 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр драгер багажаар согтуурлыг шалгахад 0,20%-аас дээш хувь илэрч, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзсэн. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд Б.Ад тухайн хэрэг ердийн журмаар шийдвэрлэх хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар тайлбарлаж Б.Аийн өөрийн санал, байр суурийг сонссон. Хэдийгээр бага боловсролтой, уншиж бичиж чадна гэж байгаа боловч өмгөөлөгч авах шаардлагагүй гэж өөрөө мэдүүлсэн учраас хэргийг хялбаршуулсан журмаар явуулах боломжгүй гэж үзээд хэргийг ердийн журмаар шүүхэд шилжүүлж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Ингээд хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Аийн үйлдсэн гэмт хэргийг хэрэгт авагдсан нотлох баримт болон гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэж, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Тиймээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.  Түүний үйлдлийн улмаас бусдад хохирол хор уршиг учраагүй байгаа тул бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч Б.Ад авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Шүүх, шүүгдэгч Б.Аийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Б.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Гурав: Бусад асуудлаар:

                      Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Б-н Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б-н А-г 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Аийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялаас шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаао хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд прокурор, дэдэ шатны прокурор, оролцогч нарт шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хулуийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА