Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/шш2021/00310

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 21 дүгээр хороо, ... , ....  дүгээр байрны ... тоотод оршин суух, З овогт Б ийн Ц /РД: ... /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 12 дугаар хороо, ... хороолол, .... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Г ийн Б /РД: ... /-д холбогдох, 

 

Гэрээний үүрэгт 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц , хариуцагч Г.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Ц миний бие хариуцагч Г.Б н хүсэтээр 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг 16 хоногийн хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж өгсөн. Зээлийн гэрээ дууссан боловч Б.Ц нь хамтрагч болох Д.Б аас мөнгө орж ирээгүй байна гэх шалтгаанаар мөнгийг маань өгөлгүй өдий хүрлээ. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан.

 

Хариуцагч Г.Б гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би найз Б.Ц аас 13,600,000 төгрөг зээлж аваад төлж чадаагүй байж байгаад шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх газарт очсон. Тэгээд тэнд би Б.Ц ын төлбөрт Хьюндай портер загварын ..... арлын дугаартай тээврийн хэрэгслийг өгч төлбөрийг барагдуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан. Гэвч үүний дараа Б.Ц нь машинаа зарч чадахгүй байна гэхээр нь би портерийг зарж өгөхөөр түүнээс авч Д.Б гэх хүнд өгсөн. Нэхэмжлэгчийн ярьсантай санал нийлж байна. Би портер машиныг Д.Б гэх хүнд худалдсан боловч мөнгөө авч чадаагүй өнөөдрийг хүргэсэн. Д.Б машины төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч М.Б д холбогдуулан гэрээний үүрэгт 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч Г.Б ... би портерийг зарж өгөхөөр түүнээс авч Д.Б гэх хүнд худалдсан боловч мөнгөө авч чадаагүй өнөөдрийг хүргэсэн. Д.Б машины төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Ц , хариуцагч Г.Б нар нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 16 хоногийн хугацаатай, хүүгүйгээр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож зээлдүүлсэн /хавтаст хэргийн 4 дүгээр тал/ гэх боловч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Б.Ц нь .... улсын дугаартай, тоёота аксио загварын тээврийн хэрэгслээ Г.Б д 12,000,000 төгрөгөөр худалдсан, мөн хариуцагчид 1,900,000 төгрөг зээлдүүлсэн, улмаар худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 13,900,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Б бүхэлд нь зөвшөөрсөн тул ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ....  дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ....  дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн .... дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Б.Ц нь 13,900,000 төгрөгийн төлбөртөө төлбөр төлөгч Г.Б гаас ....  улсын дугаартай, Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийг тооцож авснаар 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /Хавтаст хэргийн 34 дүгээр тал/

Нэхэмжлэгч Б.Ц нь төлбөртөө тооцож авсан ....  улсын дугаартай, Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийг зарж чадаагүй тул тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж мөнгийг Б.Ц ад өгөхөөр хариуцагч Г.Б тай тохиролцсон нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаагаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан даалгаварын гэрээний харилцаа үүссэн ба гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Даалгаварын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3-т хуульчилсан. Даалгавар гүйцэтгэгч Г.Б нь ....  улсын дугаартай, Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Д.Б т худалдсан болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдсон ба даагавар гүйцэтгэгч Г.Б нь Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй буюу тээврийн хэрэгслийг худалдсан үнийг даалгавар гүйцэтгүүлэгч Б.Ц ад өгөх үүргээ биелээгүй тул хариуцагчаас 10,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Зээлийн гэрээний 2.1-д зээлийн хэмжээ 10,000,000 төгрөг гэж тохиролцсон, мөн нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн үнийг 10,000,000 төгрөг гэж тодорхойлсноос үзэхэд даалгаварын гэрээний үнэ буюу ....  улсын дугаартай, Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөг худалдахыг даалгасан гэж шүүх дүгнэсэн болно.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хууль зүйн үр дагавар үүсгэх зорилгогүй, хэн алинд нь мөнгө зээлдүүлэх, зээлэх хүсэл зориг байгаагүй, Хьюндай портер загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулахаар харилцан тохиролцсон гэх талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл нь анхнаасаа эрх зүйн ямар нэг үр дагавар үүсгэхгүй бөгөөд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул гэрээний эрх, үүрэг, хариуцлага, тооцох боломжгүй тул алдангид 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хариуцагч Г.Б гаас даалгаварын гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Б гаас 10,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алдангийн 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР