Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/шш2021/00195

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 3 дугаар хороо, ... дугаар байр, .... тоот хаягт байрлах, Н ХХК /РД: ... /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... дүгээр байр, ... дугаар орц, ...  тоот хаягт оршин суух, Э овогт Б ын М /РД: ... /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Б.М нь мөнгө зээлээч гэхээр нь 2020 оны 7 дугаар сарын 31-ны өдөр өөрийнхөө Н ХХК-ийн данснаас 500,000 төгрөг бэлнээр гаргаж аваад 500,000 төгрөгийг бүгдийг нь өгөх гэсэн боловч Б.М одоохондоо талыг нь авъя гээд ... дүүрэг, .. дугаар байрны ... давхар байдаг бариа заслын төв дээрээ 80,000 төгрөгийг авсан. Тэндээсээ гараад 200,000 төгрөгийг ..... улсын дугаартай, Тоёота стима загварын машин дотор тоолж өгсөн, ингээд нийт 280,000 төгрөгийг Б.М д Н ХХК-ийнхаа өмнөөс өгсөн. Мөнгө авахдаа 2, 3 хоноод л буцаагаад өгнө гэсэн. Үүнээс хойш удаа дараа залгаад мөнгөө авъя гэхээр өөдөөс хэл амаар доромжлоод, янз бүрийн мессеж явуулдаг байсан. Мессежүүд нь утсан дээр байсан боловч устгасан байна. Тухайн үед Б.М д мөнгө зээлдүүлэхдээ баримт үйлдсэн ба үүнийг шүүхэд гаргаж өгсөн. Миний хөл гар муу болохоор мөнгө төгрөг хэрэг болж байна. Б.М д зээлсэн 280,000 төгрөгийг нэхэмжилж гаргуулахыг хүсэж байна. Хүү, алданги тооцоогүй.

 

Ч.Ч бол Монгол Улсын харцага цолтой бөх хүн, бөх хүн бол үнэн ч шударга гүндүүгүй байдаг. Ч.Ч ын Б.М д 280,000 төгрөг өгсөн зарлагын баримт байдаг. Өмнөх шүүх хуралдаанд Б.М над руу их дайрч янз бүрээр доромжилсон, өнөөдөр гэхэд л шүүхийг үл хүндэтгэж ирээгүй байна, шүүгчийн туслах хурлын өмнө утсаар залгахад 20 минутын дараа очно, хүлээж бай гэж харьцаж байх жишээтэй. Хуулийн дагуу мөнгөө гаргуулах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.

 

Хариуцагч Б.М ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие Б.М нь Н ХХК гэж мэдэх ч үгүй, надад энэ компанитай харьцах ажлын шаардлага ч байхгүй. Яагаад намайг гүтгэж, доромжилж байгааг би ойлгохгүй байна. Зүгээр байгаа хүний нэр төрд халдаж байгаад нэр төрөө сэргээлгэхийг хүсэж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б.М д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.М ... Миний бие Б.М нь Н ХХК гэж мэдэх ч үгүй, надад энэ компанитай харьцах ажлын шаардлага ч байхгүй. Яагаад намайг гүтгэж, доромжилж байгааг би ойлгохгүй байна. Зүгээр байгаа хүний нэр төрд халдаж байгаад нэр төрөө сэргээлгэхийг хүсэж байна гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б.М тэй 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг амаар байгуулж, 280,000 төгрөгийг 2-оос 3 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэхээр тохиролцсоны дагуу 280,000 төгрөгийг бэлнээр хариуцагчид хүлээлгэж өгсөн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Н ХХК гэж би мэдэхгүй, ажлын шаардлагаар ч харьцах шаардлага байхгүй, зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй гэх хариу тайлбарыг гаргасан боловч зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгийг хүлээлгэж өгсөн болох нь Н ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, Хаан банкны 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн зарлагын мэдүүлгээр тогтоогдсон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан дээр Н ХХК-иас Б.М д 280,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх бэлэн мөнгөний зарлагын баримтыг гаргаж өгсөн, үүнтэй хариуцагч Б.М танилцсан боловч дээрх баримтыг үгүйсгээгүй, үгүйсгэсэн тайлбар, баримтыг гаргаж өгөөгүй, өөрөө хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй болно.

 

Иймд хариуцагч Б.М ээс зээлийн гэрээний үүрэгт 280,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт хүү, алданги нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1заасныг баримтлан хариуцагч Б.М ээс зээлийн гэрээний үүрэгт 280,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 9,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаа 9,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР