Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа,  

улсын яллагч Г.Итгэл,

хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав,

шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403000000465 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овогт Г-ийн П,  Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Б” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.П нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, хавтаст хэргийн 2, 3-10, 13, 18-20, 87-97, 99-103 дахь талд авагдсан нотлох баримтуудыг;

Хохирогчийн өмгөөлөгчөөс хавтаст хэргийн 13, 17, 18-20, 29-30, 56, 82 дахь талд авагдсан нотлох баримтууд болон шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Г.П нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 22 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын зам, Нефтийн төмөр замын гармын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 дахь заалт “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэж заасныг зөрчин, Тоёота приус маркийн *** УЕК улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээс хойноос урагш чиглэлд явахдаа зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалт “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. /1.3. (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана/” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас тус замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлд явж байсан цахилгаан мопедтой мөргөлдөж, хохирогч Б.М-ын эрүүл мэндэд “бүсэлхийн 5, ууцны 1 дүгээр нугалмын түвшин дэх фиброзон цагаригийн урагдал, зүүн шагайн үений холбоос зөөлөн эдийн няцрал, тавхайд шарх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9 дэх тал),

- хохирогч Б.М-ын “...22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Talaria маркийн цахилгаан дугуйгаа жолоодоод призерийн замаар урдаас хойш чиглэлтэй явж байхад эсрэг урсгалаас нэг автомашин миний явж байсан урсгал руу дохио ч өгөлгүй дараад ороод ирсэн. Тэр үед автомашин урд купер хэсгээрээ миний зүүн талаас би цахилгаан дугуйтай хамт зорчих хэсэг дээр унасан. Ослын дараа юу болсныг санахгүй байна. Ямартаа ч эхнэр рүүгээ залгаж автомашинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Би 15-20 км цагийн хурдтай явсан. Одоо миний зүүн талын хөлийн булчин мах тасарсан. Хагалгаанд орсон. Хоёр хөлөнд хөхрөлт няцралттай байгаа. Би гомдолтой байна. Лизингийн байртай, эдийн засгийн хувьд их хохирч байна. Өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарч байгаа болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Сэтгэл зүйгээр давхар их хохирч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

- иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.С-н “...Би Тоёота Приус маркийн *** УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 онд өөрийн нэр дээрээ худалдан авч байсан бөгөөд өөрийн эзэмшилд 1 жил гаруй унаж замын хөдөлгөөнд оролцсон. 2024 оны 06 дугаар сарын 07-нд хамт ажилладаг залуу Г.П-д 5,000,000 төгрөгөөр зарсан. Тухайн үедээ нэрийг нь шилжүүлэх гэсэн боловч амжаагүй юм. Би 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ослын талаар мэдсэн бөгөөд хамт ажилладаг П мотоциклтой хүн урдуур ороод ирлээ гээд ярьж байсан. Надад автомашинтай холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн автомашин нь одоо миний эзэмшлийнх биш П-ийн эзэмшлийн автомашин болсон. ...Тиймээс би бусдад учирсан хохирлыг барагдуулахгүй гэж бодож байна. П хариуцлагаа хүлээнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41, 44 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7929 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт 1. Б.М-ын биед бүсэлхийн 5, ууцны 1 дүгээр нугалмын түвшин дэх фиброзон цагаригийн урагдал, зүүн шагайн үений холбоос зөөлөн эдийн няцрал, тавхайд шарх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, хоёр өвдөгт цус зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. 3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэрийн 56-57 дахь тал),

- Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1000257 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Тоёота Приус маркийн *** УЕК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй, зүүн урд крило будаг нь халцарч хонхойсон, зүүн урд гэрэл хагарсан, зүүн урд буфер хагарч зурагдсан байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулалт ABS тормосны системтэй. Урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байсан. Эвдэрсэн эд ангиудыг хэзээ хэрхэн эвдэрсэн эсэхийг тодорхойлох боломжгүй юм. Уг автотээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь хол болон ойрын гэрлийн тусгал нь стандартын шаардлагад нийцэхгүй байна...” гэсэн (хавтаст хэргийн 63-69 дэх тал),

- Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1250 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 76 дахь тал),

- 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1003 дугаартай Мөрдөгчийн магадалгаанд “...1.Жолооч Г.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4, 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. /1.3. (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана;/ мөн дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон; гэсэн заалтыг зөрчсөн нь осол үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна. 2.Цахилгаан дугуй жолоодож явсан жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн (хавтаст хэргийн 82-83 дахь тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7929 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.М-ын биед эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

Шүүгдэгч Г.П нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 22 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын зам, Нефтийн төмөр замын гармын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 дахь заалт “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэж заасныг зөрчин, Тоёота приус маркийн *** УЕК улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээс хойноос урагш чиглэлд явахдаа зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалт “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. /1.3. (үргэлжилсэн хос шугам)-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана/” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас тус замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлд явж байсан цахилгаан мопедтой мөргөлдөж, хохирогч Б.М-ын эрүүл мэндэд “бүсэлхийн 5, ууцны 1 дүгээр нугалмын түвшин дэх фиброзон цагаригийн урагдал, зүүн шагайн үений холбоос зөөлөн эдийн няцрал, тавхайд шарх, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Г.П-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.М-ын биед хүндэвтэр хохирол учирсан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1,  511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

а. Эмнэлгийн тусламж үйлчилгээ болон бусад зардал:

Хавтаст хэргийн 22-28 дахь талд авагдсан хохирлын баримт, хохирлын тооцоо гаргасан мөрдөгчийн тэмдэглэлээр хохирогч Б.М-ын эрүүлийн мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой 3,906,767 төгрөгийн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралтай байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох зүйтэй.

Мөн хохирогчийн өмгөөлөгч шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтуудаас 2,412,400 төгрөгийн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой шууд хамааралтай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон бусад зардлууд байна.

Харин зогсоол, шатахууны, хоол хүнсний зэрэг баримтуудыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцоогүй болно. 

Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1250 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Б.М-ын эзэмшлийн цахилгаан мопедод учирсан хохирлыг 507,000 төгрөгөөр тогтоосон байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгов.

б. Сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд:  

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1, 2 дугаар хавсралтад заасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогч Б.М нь тухайн жишиг зэрэглэлээр сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэсэн.

Сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогдсон.

Шүүхээс хохирогч Б.М-д учирсан гэмтлийн байдал /эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, хоёр удаагийн мэс засалд орсон, одоог хүртэл суга таягтай, цаашид эмчилгээ үйлчилгээ авах шаардлагатай/, шүүгдэгч Г.П нь хөнгөн ангиллын гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, хохирогч Б.М нь 24 настай, шүүгдэгч Г.П нь 22 настай, ам бүл 8, түүний төлбөрийн чадвар /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор хавтаст хэргийн 95-96 дахь тал/, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж хохирогч Б.М-ын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 11,880,000 төгрөгөөр тогтоов.

в. Бусад хохирлын тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М-аас орон сууцны лизингийн гэрээний 3 сарын төлбөр 6,450,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхив. Учир нь тухайн лизингийн гэрээний хувь нь хэрэгт авагдаагүй байхаас гадна орон суун лизингийн гэрээнээс үүссэн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-ээс (3,906,767+2,412,400+507,000+11,880,000)=18,706,167 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д олгож шийдвэрлэлээ.

Мөн хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хохирогч Б.М нь эрүүл мэндийн байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,244,880 төгрөгийн зардал гарсан байх тул Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгов.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Г.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. ...Шүүгдэгч Г.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг ажил хөдөлмөр эрхэлж байгаа, оршин суугаа газраас гарахгүй байхаар буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлалт тогтоох саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бол сонгох ялтай, мөн нэмэгдэл ялтай. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа гэсэн боловч хохирол төлбөр төлөх боломжийг хангаад 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын санал гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд Б ХХК-д ажилладаг. Уг байгууллагын хувьд 2 салбартай ба нэг нь Баянгол дүүрэгт нөгөө салбар нь Сонгинохайрхан дүүрэгт тус тус байдаг гэж шүүгдэгч өөрөө хэлж байгаа. Ажил хөдөлмөрийн хувьд онцлогтой байгаа. Мөн 10,11,12 сард барилгын цемент зуурдаг ажил хийдэг. Улирлын чанартай ажил хийдэг. Бусад саруудад өөр газруудад очиж ажил хийдэг. Ар гэрийн хувьд шүүгдэгчийн дүү нь зүрхний хагалгаанд удаа дараа орсон ар гэрийн асуудалтай. Ажлаа тогтмол хийгээд байвал хохирогчийн хохирлын төлбөрийг төлөх боломжтой. Зорчих эрхийг хязгаарлах ял нь тодорхой нутаг дэвсгэрээс гарах боломжгүй тул өөр дүүрэг рүү явж ажил хийх боломжгүй байгаад байдаг. Тиймээс шүүгдэгчид албадан ажил хийлгэх ял оногдуулах нь тохиромжтой гэх саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байна. Гэвч тодорхой хэмжээнд хохирол төлбөрөө төлсөн байж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх талаар яригдах байх. Төлөхөө илэрхийлж байгаа хэдий ч гэм буруугийн асуудал дээр хайнга хандаж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох ялтайгаас гадна нэмэгдэл ялыг оруулж ирсэн. Өмгөөлөгчийн зүгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасах саналтай байна. Үндсэн ялын хувьд улсын яллагчтай санал нэг байна гэв...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан Б ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 89 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 90 дэх тал), хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 91 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 95-96 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 97 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.П-ийн хувийн байдлыг тогтоов.    

Шүүгдэгч Г.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.  Харин  Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Г.П-д улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах шийтгэв.

Шүүгдэгч Г.П нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суух бүртгэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-г Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.П нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Ш овогт Г-ийн П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж,  01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-г Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.П-д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.П-ээс нийт 20,951,047 /хорин сая есөн зуун тавин нэгэн мянга дөчин долоо/ төгрөг гаргуулж, хохирогч Б.М-д 18,706,167 /арван найман сая долоон зуун зургаан мянга нэг зуун жаран долоо/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2,244,880 /хоёр сая хоёр зуун дөчин дөрвөн мянга найман зуун ная/ төгрөг тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.П нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.АМАР