| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/02920/И |
| Дугаар | 102/шш2021/00127 |
| Огноо | 2021-01-15 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 102/шш2021/00127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 13 дугаар хороо,.... тоот хаягт оршин суух, Б овогт М ын С /РД: ... /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 24 дүгээр хороо, ... хотхон, ... дүгээр байр, ... дүгээр давхар, ... тоот хаягт оршин суух, Б овогт М гийн Б /РД: ... /-д холбогдох,
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С , хариуцагч М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.С нь 2018 оны 6 дугаар сард М.Б той танилцаж үерхсэн. Бидний дундаас .... оны 5 дугаа сарын 31-ний хүү С.Е төрсөн. М.Б нь намайг жирэмсэн болсны дараа хаяж яваад хүү бид хоёр дээр нэг ч удаа ирээгүй. Одоо хүү маань манай ээж бид хоёртой хамт амьдарч байгаа. Иймд хүү С.Е эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.С ын талаар найз нөхдөөсөө ямар нэгэн зүйл сонссон ба хамтран амьдарч байгаагүй учраас эргэлзэж байсан. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд эргэлзээгүй болсон учраас хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.С нь хариуцагч М.Б д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.С , хариуцагч М.Б нар 2018 оны 6 дугаар сард танилцаж, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүү С.Е ийг төрүүлсэн ба С.Е ийн эцэг М.Б мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ... тоот дүгнэлтээр тогтоогдож, мөн хариуцагч М.Б нь хүү С.Е ийг өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрсөн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд 21.5 дахь хэсэгт ...Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж хуульчилжээ.
Хариуцагч М.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
Хүүхдүүдийн эцэг мөн эсэх талаар хариуцагч М.Б маргаагүй бөгөөд нэхэмжлэгч М.С , хариуцагч М.Б нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүйн улмаас хүүхэд эхээрээ овоглосон нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч М.Б г хүү С.Е ийн эцэг мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцэг хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаж буй нэхэмжлэгч М.С нь хариуцагч М.Б гоос хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч М.С нь хүүхдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй тул хүү С.Е ийг эх М.С ын асрамжинд үлдээж, эцэг М.Б гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг баримтлан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү С ын Е /РД: .... /-ийн эцэг хариуцагч Б овогт М гийн Б /РД: ... / мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү С.Е /РД: ... /-ийг эх Б овогт М ын С /РД: ... /-ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү С.Е ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг М.Б гоос гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР