Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2026/00049

 

 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/03782 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2025/01886 дугаар магадлалтай 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Э” ХХК-д холбогдох

Хамтран ажиллах гэрээний 7.4-т заасны дагуу “СК” ХХК-ийн 51 хувийн хувьцааг шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулсан 4,895,808,895 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан “Хамтран ажиллах гэрээ”-ний 7.4-т заасны дагуу “СК” ХХК-ийн 51 хувийн хувьцааг шилжүүлэхийг даалгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулсан 4,895,808,895 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/03782 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Э” ХХК-аас "СК" ХХК-ийн 51 хувийн хувьцааны эрхийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д, нэхэмжлэгчээс 617,158,700 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 4,278,650,195 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,638,493 төгрөг, хариуцагчаас төлсөн 24,636,995 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,638,493 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 3,243,743 төгрөг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 675,000 төгрөг гаргуулж орчуулагч “Э” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2025/01886 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/03782 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт...” гэснийг “Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т...” гэж, “...617,158,700...” гэснийг “...1,783,934,500...” гэж, “...4,278,650,195...” гэснийг “...3,111,874,395...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...3,243,743...” гэснийг “...9,077,622...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: “С” ХХК-ийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1-д заасны дагуу Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025.10.29-ний өдрийн 210/МА2025/01886 дугаар магадлалыг тус хуулийн 172.2 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, үйл баримтыг зөв дүгнэсэн ч Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтын талаар буюу хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 7.4 хэмээн буруу дүгнэж, анхан шатны шүүхээс зөрүүтэй байдлаар хуулийг хэрэглэж манай байгууллагын эрх ашгийг хохироосон магадлал гаргасанд гомдолтой байна. Магадлалын хянавал хэсгийн 4-т “...Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа гэж буруу тодорхойлсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.”, 5-т “Тодруулбал, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д "Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ" гэж заасан. Гэтэл "С" ХХК, “Э” ХХК-ууд хуулийн этгээд буюу "СК" ХХК-ийг байгуулж хамтран ажилласан байх тул тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа биш.

Харин талууд Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т "Компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана” гэж заасны дагуу хамтран ажиллахаар тусгасан байна” гэжээ. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Компанийн тухай хуулийн 13.3-т заасан компани үүсгэн байгуулагчдын хооронд үүссэн компанийн эрх зүйн харилцаа гэж дүгнэсэн ч нэхэмжлэгчээс Хамтран ажиллах гэрээний 7.4-т заасны дагуу “Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээний дагуу гарсан зардал 549,617,100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс гадна 1,234,317,400 төгрөгийг аль хуулийн ямар үндэслэл заалтаар хариуцагчид олгуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Компанийн тухай хуулийн 13.3-т компанийн үүсгэн байгуулагчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулж болох талаар дурдсан ч тус хамтран ажиллах гэрээний явцад үүргийн зөрчил гарах, хамтран ажиллах гэрээнээс компанийн үүсгэн байгуулагч гарах тохиолдолд түүний компанид эзэмшиж буй хувьцааны эрхийг болон ногдол ашиг, алдагдлыг хэрхэн тооцох талаар нарийвчлан зохицуулаагүй. Компанийн тухай хуулийн 3.1-т заасны дагуу хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагддаг ба тус хуулийн 9.1-т заасны дагуу компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрддэг. Нэгэнт Компанийн тухай хуулийн дагуу талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж шийдвэрлэх тохиолдолд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан хөрөнгөд талуудын эзэмшлийн хувь болоод 51 хувийн хувьцааны эрхийн үнэлгээ, “Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан компанид зээл хэлбэрээр оруулсан гэх 4,895,808,895 төгрөг нь компанийн эзэмшилд бүртгэгдсэн эсэх, хувьцааны хувь, тоо хэмжээ, үнэлгээ өөрчлөгдсөн эсэх асуудалд дүгнэлт хийх ёстой.

Одоо “СК” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэгээс бусад өөр хөрөнгөгүй, дүрмийн санд тусгагдсан 580,605,121 төгрөгийн мөнгөн хөрөнгө зарцуулагдаж дууссан, одоо байхгүй, “Э” ХХК-ийн зээл хэлбэрээр оруулсан гэх хөрөнгө нь “СК” ХХК-ийн удирдлагын зардалд бүртгэгдээд мөн зарцуулагдаж дууссан. Хамтран ажиллах гэрээнд заасан төлөвлөгөөний дагуу “Э” ХХК нь хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтыг оруулж, уурхайн ордыг ашигласан бол эрдэс баялгийн зөвлөлийн дүгнэлт, техник эдийн засгийн үндэслэлд нийцүүлэн зайлшгүй олох байсан орлогыг тооцож үзэхэд татварын дараах цэвэр ашигт нийт 103,490,000,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан байна. “С” ХХК нь “СК” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч тул дээрх зайлшгүй олох ёстой байсан орлогын 49 хувиар тооцоход нийт 50,710,100,000 төгрөгийг олох ёстой байсан ба үүнийг манай байгууллагад учирсан хохирол гэж үздэг. Шүүх компанид учирсан хохирлын асуудалд мөн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Компанийн дүрэмд тусгагдсанаар “Э” ХХК нь 51 хувийн хувьцааны эрх буюу 296,108,611 төгрөг, “С” ХХК 49 хувийн хувьцааны эрх буюу 284,496,509 төгрөгийн үнэлгээ бүхий хувьцааг тус тус эзэмшдэг. Энэ тохиолдолд "СК” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай хамтран ажиллах гэрээ"-ний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт Б тал нь давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоос бусад нөхцөлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ТУЗ-өөс батлагдсан хуваарийн дагуу хийх хөрөнгө оруулалтаа 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар хоцорсон бол "Б" тал нь хамтарсан компанийн нэр дээр шилжсэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг, өөрийн эзэмшлийн 51 хувийн хувьцаа болон компани байгуулагдсанаас хойш оруулсан хөрөнгө оруулалтын хамтаар А талд ... буцаан шилжүүлнэ" гэж заасны дагуу шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой бөгөөд эс бөгөөс “Э” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан хувь буюу 51 хувийн хувьцааны эрхийн үнэлгээ 296,108,611 төгрөгийг хэрхэх талаар шүүх дүгнэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.3-т заасны дагуу шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.01.20-ны өдрийн 001/ШХТ2026/00119 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан Хамтран ажиллах гэрээний 7.4-т заасны дагуу “СК” ХХК-ийн 51 хувийн хувьцааг шилжүүлэхийг даалгуулах шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “..."С" ХХК болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Э" ХХК-ийн хооронд хийгдсэн 2015.05.19-ний өдрийн "СК” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай хамтран ажиллах гэрээгээр "Э" ХХК нь тус компанийн 51 хувь, "С" ХХК нь 49 хувийн хувьцаа эзэмшигч тус тус болсон юм. Хариуцагч "Э" ХХК нь уг гэрээний 7.4-т заасны дагуу ашигт малтмалын үйл ажиллагаа оруулахад шаардагдах хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой байсан ч энэ үүргээ ноцтой зөрчсөн, ... захирал Я болон "СК" ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч "Э" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь Монгол Улсаас явсан тул 2018 оноос хойш харилцаа холбоо тасарсан. Үүнээс болж "С” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсны улмаас хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийн болон бизнесийн эрх ашиг хохирч ирсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон. Манай компани нь гэрээний 7.4-т заасан үүргийн биелэлтийг хангуулахаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг нийт 3 удаа зарлаж, үүргээ биелүүлэхийг шаардсан албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж байсан боловч хариуцагч компанийн зүгээс эрх бүхий этгээдүүд нь ирдэггүй тул эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гарган хариуцагчийн хаягийг авсан. Иймд Хамтран ажиллах гэрээний 7.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзэмшиж буй "СК" ХХК-ийн нийт 296,108,611 төгрөгийн үнэ бүхий 51 хувийн хувьцааг манай компанийн нэр дээр шилжүүлэх үүрэгтэй” гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа “... манай компани 2012 оны 6 сард “С” ХХК-тай Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уурхайн хайгуулын зөвшөөрлийн  6967Х дугаартай уурхай нь Төв аймгийн Б сумын Т гэх газар байрладаг. Манай талаас хайгуулын бүх зардлыг гаргасан. Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хугацаан дахь нийт хөрөнгө оруулалт 549,759,872.32 төгрөг болсон. Хайгуулын ажлыг дуусгаад 2015.05.19-ний өдөр “С” ХХК-тай гэрээ байгуулж, ашиглалтын лиценз авсан. Энэ гэрээний 4.3 дахь хэсэгт заасны дагуу 1,000,000 юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн 6 сарын дотор тайлан, ашиглалтын төлөвлөгөөг гаргаж өгсөн. 2016.01.19-ний өдөр гэрээний хоёр талын ТУЗ-ийн дарга нар хуралдаж, олборлолт, зах зээлийн үнийн судалгааг ярилцаж, ашиг олох эсэх талаар хэлэлцсэн. Усны түвшин тодорхойлох гэсэн боловч бидэнд гидрогеологийн тайлан байгаагүйгээс 2016 ондоо гидрогеологийн тайланг дахин судлахаар зөвшилцөж, уурхайн бүсийн ойролцоо цахилгаан станц байгуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. ТУЗ-өөс компанитай холбогдож ярилцаад, хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай хэлэлцсэн. Гидрогеологийн судалгаа хийж, 24 цагийн насосоор усыг шахсан боловч шавхагдаагүй. Доод талдаа ус ихтэй, мөнгө төгрөг, цаг хугацаа алдана, Байгаль орчны яамнаас зөвшөөрөгдөхгүй гэх дүгнэлт гарсан. Хийсэн ажил маань бидэнд ямар ч ашигтай биш гэдгийг олж харсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.  

7.Хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулсан 4,895,808,895 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ тайлбарлахдаа “... анх "С" ХХК-тай байгуулсан 2012.09.13-ны өдөр өөрийн "Ф" ХХК-ийн нэрээр "Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээ"-д заасан үүргийнхээ дагуу Төв аймгийн Б сумын нутагт байрлах 352.96 гектор талбай бүхий хүрэн нүүрсний орд газар бүхий 6967Х тоот лицензтэй талбайд хайгуул хийх бүхий л зардлыг гаргаж хайгуул хийсэн ба үүнд 1,095,139.188 юань зарцуулсан. Талууд 2015.05.18-ны өдөр "Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээ"-ний нэмэлт гэрээгээр “Ф “ХХК-ийн нэрийг "Б групп” ХХК болгон өөрчилсөн ба мөн 2012.09.13-ны өдрийн гэрээний үүргээ “Б групп” ХХК нь хугацаандаа биелүүлснийг хүлээн зөвшөөрч, мөн дээрх хүрэн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хамтарсан компанийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Харин “Б групп” ХХК нь 2013.08.02-ны өдөр өөрийн охин компани болох "Э" ХХК-ийг үүсгэн байгуулж, 2015.05.19-ний өдөр "С" ХХК болон "Э" ХХК нар нь "СК" ХХК-ийг үүсгэн байгуулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан. ...2022 оны 12 сар хүртэл 5,406,599.05 юанийг “СК” ХХК руу зээл хэлбэрээр шилжүүлсэн. Манайх гэрээний үүргээ бүрэн биелүүлж, нийт 6,501,738.24 юанийн хөрөнгө оруулалтыг бэлэн ба бэлэн бусаар оруулсан. Талууд гэрээнд 0,3% алданги тооцохоор тохиролцсон ба алданги 3,250,869.12 юань, нийт 9,752,607.36 юань буюу нийт 4,895,808,895 төгрөгийг нэхэмжлэгч "С ХХК-аас гаргуулна” гэжээ.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа “...Хууль зүйн хувьд хөрөнгө оруулсан гэж шаардаад байна уу, эсхүл зээлүүлсэн гэж шаардаад байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч 3 гэрээний асуудлыг, харин бид сүүлд байгуулсан гэрээний агуулга зорилгыг тодорхойлж оролцож байна. 2015.05.19-ний өдрийн гэрээний 2.2-т “1 жилд 3,000,000 тонноос багагүй нүүрс олборлох зорилготой” ч 10 жилийн хугацаанд ямар ч нүүрс олборлоогүй. Гэрээний 4.2 дахь хэсэгт хамтарсан компанийн үйл ажиллагаатай холбоотой бусад хөрөнгө оруулалтыг 2 шатлалаар тооцож Б тал 100 хувь хариуцна гэж засан. Гэрээний 4.3 дахь хэсэгт нэгдүгээр шатны хөрөнгө оруулалт нь сая дурдсан 1,000,000 юань байна. Гэрээний 4.4 дэх хэсэгт хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтыг хүрэн нүүрс олборлохтой холбоотой бүх зардлыг хариуцагч хариуцна гэж, мөн 4.5 дахь хэсэгт компани байгуулагдсанаас хойш 3-6 сарын хооронд ажлын хэсэгт шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөв төлөвлөгөөг батална гэж байгаа юм. Гүйцэтгэх захирал ТУЗ-ийн хурал 1 ч хийгээгүй. 2016 онд хурал хийгээгүй. Төсөв төлөвлөгөөг батлуулаагүй нь компанийн эрх бүхий албан тушаалтны өөрийнх нь хариуцлага юм. Хэрэгт цугларсан нэг ч баримтаар уурхайд ямар ч хөрөнгө оруулаагүй нь нотлогдоно. Ямар үндэслэлээр алданги нэхсэн нь ойлгомжгүй. Хамтарсан компанийг дэмжих үйл ажиллагааг хэвийн байлгах зорилгоор гарсан зардал нь “С” ХХК-тай ямар ч хамааралгүй юм. Сөрөг шаардлага нь тооцооллын хувьд алдаатай, хууль зүйн үндэслэлийн хувьд ойлгомжгүй” гэжээ.

8.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд: “…Зохигчдын хооронд 2015.05.19-ний өдөр байгуулагдсан “СК” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. ”С” ХХК нь тусгай зөвшөөрлийг “СК” ХХК-д шилжүүлж, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна. Хариуцагч “Э” ХХК нь хүрэн нүүрсний уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бүх хөрөнгө оруулалтыг хариуцах, үйл ажиллагааг явуулах үүрэгтэй. “С” ХХК нь гэрээний нөгөө талдаа хандаж,  хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн хөрөнгө оруулалтыг оруулах, уг үүргээ биелүүлэхгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах замаар гэрээг дүгнэж, хамтран байгуулсан компанийн хувьцааг шилжүүлэх, гэрээг цуцлах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн ба “Э” ХХК-аас тодорхой хариу өгөөгүй байна. Хамтран ажиллах гэрээний гол нөхцөл болох нүүрс олборлох замаар ашиг олох зорилго, зорилт биелэх боломжгүй болсон нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой. Хариуцагч "Э" ХХК нь Хамтран ажиллах гэрээний 4.4, 4.5, 4.6-д заасан үүрэг болох нүүрсний уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг нийлүүлэх замаар уурхайн ажлыг бүрэн эхлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул хамтран ажиллах гэрээнд заасны дагуу "СК" ХХК-ийн 51 хувийн хувьцааны эрхийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Мөн хариуцагч нь Хамтран ажиллах гэрээний 7.4-т зааснаар хамтарсан компани болох “СК” ХХК-ийн 51 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхэд татгалзахгүй гэх боловч энэ хугацаанд уурхайн үйл ажиллагааг явуулахад зарцуулсан хөрөнгө оруулалтын мөнгөн хөрөнгийг буцаан өгсөн тохиолдолд шилжүүлнэ гэж тайлбарласан. Үүнээс дүгнэвэл талуудын хэн аль нь тэдгээрийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох тухай хүсэл сонирхол, байр суурь нэг байна” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: “…Талуудын хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулагдахаас өмнө 2012 онд байгуулагдсан эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээний дагуу оруулсан 549,657,100 төгрөг нь энэ маргаанд хамааралгүй байна. “С аудит” ХХК-ийн гаргасан дүгнэлтэд ... 2015-2022 оны хугацаанд үндсэн үйл ажиллагаанаас орлого олоогүй бөгөөд үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрүүд нь “СК” ХХК-ийн хувь нийлүүлэгч “Э” ХХК болон энэ компанийн эцсийн эзэмшигч БНХАУ-ын иргэн Я-ийн эзэмшлийн “Б групп” ХХК-аас авсан зээл байх бөгөөд 2015-2022 оны хугацаанд нийт 1,913,489,028 төгрөгийн санхүүжилтийг авсан байна. “СК” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан “Э” ХХК-аас зарцуулсан 1,649,886,100 төгрөгөөс баримтаар тогтоогдсон зардалд нийт 415,568,700 төгрөгийг хасч тооцвол 1,234,317,400 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хамтран ажиллах гэрээний дагуу “Э” ХХК 2015-2020 оны хооронд бодитоор оруулсан ба хамтарсан компанийн үйл ажиллагаанд зориулан … нийт 1,234,317,400 төгрөг зарцуулсан нь хүрэн нүүрсний уурхайн үйл ажиллагаа явуулахад гарах зайлшгүй зардал байна. Хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдээгүй, уурхайн үйл ажиллагаа явуулах замаар хүрэн нүүрсний олборлолт явуулаагүй, ашиг орлого олоогүй тул “СК” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан зарцуулсан 1,234,317,400 төгрөгийн хэмжээгээр алдагдал хүлээжээ. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт зааснаар талууд хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг хамтран хариуцах үүрэгтэй тул 1,234,317,400 төгрөгийн тал хувь 617,158,700 төгрөгийг нэхэмжлэгч “С” ХХК-д хариуцуулах нь зүйтэй тул энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Харин уурхайн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөн хөрөнгөөс 0,3 хувиар тооцон алдангийн төлбөр гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч “С” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн ямар үүргийг хэзээ гүйцэтгээгүй гэж үзэж алдангийн төлбөр шаардаж байгаа нь ойлгомжгүй. Мөн хариуцагч нь өөрийн гүйцэтгэсэн үүрэг буюу уурхайн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөн хөрөнгийн үнийн дүнгээс тооцож нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй” гэсэн дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлээс 617,158,700 төгрөгийг хангаж, үлдэх 4,278,650,195 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан байна.  Магадлалд “...анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээний харилцаа гэж буруу тодорхойлсон. Талууд Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу хамтран ажиллахаар тохирсон ба 2015.05.19-ний өдрийн “СК” ХХК үүсгэн байгуулах тухай хамтран ажиллах гэрээний 7.4-т заасныг үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, тэдгээрийн харилцсан албан бичиг, хамтран ажиллах гэрээний 7.4-т заасныг харьцуулан үнэлсний үндсэн дээр ...хамтран ажиллах гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон, талуудын хэн аль нь хамтын ажиллагааг дуусгавар болгох хүсэл сонирхолтой... гэсэн дүгнэлтийг хийж, “Э” ХХК-аас “СК” ХХК-ийн 51%-ийн хувьцааг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.  Харин хариуцагч талаас нүүрс олборлохтой холбоотой гаргасан зайлшгүй зардал гэж үзсэн 1,234,317,400 төгрөгийг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэснийг хэрэглэж, 617,158,700 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Хамтран ажиллах гэрээний 7.4-т ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ТУЗ-өөс баталсан хуваарийн дагуу хийх хөрөнгө оруулалтаа 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар хоцроосон бол ... А тал нь Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу Б талаас өмнө гарсан зардлыг тус тус буцаан шилжүүлнэ гэж заасны дагуу дээрх 1,234,317,400 төгрөгийг нэхэмжлэгч “С” ХХК-аас гаргуулан хариуцагч “Э” ХХК-д олгож шийдвэрлэх нь талуудын тохиролцоонд нийцнэ” гэж дүгнэсэн байна.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг өөр өөрөөр зүйлчилсэн, улмаар сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа ялгаатай дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүх хангасан хэмжээг нэмэгдүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

11.Хэргийн баримтаас үзэхэд 2012 оны 09 сарын 13-ны өдөр “С” ХХК болон  “Ф” ХХК нь FUYUAN-2012-06 дугаартай “Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, “С” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Төв аймгийн Б сум дахь Б нэртэй газарт орших 352.97 га талбайтай 6967Х лицензтэй талбайд эрсдэлтэй хайгуул хийхээр тохирсон. 2013 оны 08 сарын 29-ний өдөр “Ф” ХХК-ийн оноосон нэр “Б групп” ХХК болж өөрчлөгдсөний дараа 2015 оны 05 сарын 18-ны өдөр “С” ХХК болон “Б групп” ХХК нь өмнө хийсэн “Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулж, “С” ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Б сум дахь Б нэртэй газарт орших нөөц нь тогтоогдсон 352.97 га талбай бүхий нүүрсний орд газрыг ашиглах MV-017479 ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр байгуулагдах хамтарсан компанийн эзэмшилд шилжүүлэх, “Б групп” ХХК нь хувьцаа эзэмших бүрэн эрхийг өөрийн охин компани болох “Э” ХХК-д шилжүүлэхээр тохирсон байна.

Улмаар 2015 оны 05 сарын 19-ний өдөр “С” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд 01 дугаартай “СК” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан ба талууд хамтран хуулийн этгээд байгуулах замаар Төв аймгийн Б сум дахь Б нэртэй газарт орших нүүрсний орд газарт олборлолт, ашиглалт явуулан хамтран ажиллах, “С” ХХК нь өөрийн эзэмшлийн Төв аймгийн Б сум дахь Б нэртэй нөөц нь тогтоогдсон 352.97 га талбай бүхий нүүрсний орд газрыг ашиглах MV-017479 ашиглалтын тусгай зөвшөөрлийг оруулах, тусгай зөвшөөрлийг шинээр байгуулах хамтарсан компанийн эзэмшилд шилжүүлэх, “Э” ХХК нь нүүрс олборлох, борлуулахтай холбоотой хөрөнгө оруулалт хийхээр тохирсны дагуу 2015 оны 06 сарын 08-ны өдөр “СК” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2015 оны 06 сарын 16-ны өдөр “Э” ХХК нь 1,000,000 юань буюу 320,280,000 Тийг “СК” ХХК-д шилжүүлж, 2015 оны 10 сарын 14-ний өдөр “С” ХХК нь өөрийн эзэмшлийн MV-017479 ашиглалтын тусгай зөвшөөрлийг “СК” ХХК-д шилжүүлж, 2016 оны 06 сарын 18-ны өдөр “СК” ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлж, уг дүрмийн 1.8-д “СК” ХХК-ийн 51% буюу 296,108,611 төгрөгийн хувьцааг “Э” ХХК, 49% хувь буюу 284,496,509 төгрөгийн хувьцааг “С” ХХК эзэмшдэг гэсэн байх ба гүйцэтгэх захирлаар Я-ийг томилсон байна.

12.Хоёр шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу хамтран ажиллахаар тохирсон гэж залруулсан нь хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий болсон байна.  Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан байх бөгөөд “С” ХХК, “Э” ХХК-ууд хуулийн этгээд буюу “СК” ХХК-ийг байгуулж, хамтран ажилласан байх тул тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа гэж үзэх нь хуульд нийцэхгүй.

Харин Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана” гэж заасны дагуу талууд хамтран ажиллахаар тохирсон байна. Өөрөөр хэлбэл, “С” ХХК болон “Э” ХХК нь  2015 оны 05 сарын 19-ний өдөр “СК” ХХК үүсгэн байгуулах тухай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа үүсгэн байгуулах компани, талуудын хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа, тоо ширхэг, хувь хэмжээ, хамтын ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалт, компанийн удирдлага, эрх бүхий албан тушаалтны томилгоо, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, хариуцлага зэргийг Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу тохирсон гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн үндэслэл зөв юм. 

13.Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь “Хамтран ажиллах гэрээ”-ний 7.4-т Б /Э ХХК/ тал нь давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоос бусад нөхцөлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ТУЗ-өөс батлагдсан хуваарийн дагуу хийх хөрөнгө оруулалтаа 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар хоцорсон бол "Б" тал нь хамтарсан компанийн нэр дээр шилжсэн Ашиглалтын тусгай зөвшөөрлийг, өөрийн эзэмшлийн 51 хувийн хувьцаа болон компани байгуулагдсанаас хойш оруулсан хөрөнгө оруулалтын хамтаар А /”С” ХХК/ талд буцаан шилжүүлнэ” гэж заасныг шаардлагынхаа үндэслэл болгосон байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч "Э" ХХК нь хамтран ажиллах гэрээний 4.4, 4.5, 4.6-д заасан үүрэг болох нүүрсний уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг нийлүүлэх замаар уурхайн ажлыг бүрэн эхлүүлэх үүрэг болох гэрээний 7.4-т заасны дагуу урьдчилсан нөхцөлүүдийг хариуцагч биелүүлээгүй болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, тэрээр үүргээ биелүүлсэн тухайгаа баримтаар нотлоогүй байна. Мөн хариуцагч нь хамтран ажиллах гэрээний 7.4-т зааснаар хамтарсан компани болох “СК” ХХК-ийн 51 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхэд татгалзахгүй боловч энэ хугацаанд уурхайн үйл ажиллагааг явуулахад зарцуулсан хөрөнгө оруулалтын мөнгөн хөрөнгийг буцаан өгсөн тохиолдолд шилжүүлнэ гэж тайлбар гаргасан байна. Иймээс хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, хамтран ажиллах гэрээнд заасны дагуу "СК" ХХК-ийн 51 хувийн хувьцааны эрхийг “Э" ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

14.Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хоёр шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.

14.1.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж маргааны үйл баримтад хамаарах эрх зүйн харилцааг буруу тодорхойлсны улмаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 617,158,700 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ “...хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдээгүй, уурхайн үйл ажиллагаа явуулах замаар хүрэн нүүрсний олборлолт явуулаагүй, ашиг орлого олоогүй, … тул Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт зааснаар талууд хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг хамтран хариуцах үүрэгтэй тул 1,234,317,400 төгрөгийн тал хувийг нэхэмжлэгч “С” ХХК-д хариуцуулна” гэж дүгнэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

14.2.Давж заалдах шатны шүүх “…”Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу хариуцагч нь нийт 549,617,100 төгрөгийн зардал гаргасан тухайд маргаагүй тул нэхэмжлэгчээс 549,617,100 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор, мөн хамтран ажиллах гэрээний 7.4-т ... А тал нь Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Б талаас өмнө гарсан зардлыг тус тус буцаан шилжүүлнэ гэж заасны дагуу 1,234,317,400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэх нь талуудын тохиролцоонд нийцнэ” гэж дүгнээд нэхэмжлэгч “С” ХХК-аас нийт 1,783,934,500 төгрөгийг гаргуулан хариуцагч “Э” ХХК-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хууль болон гэрээний дагуу шаардах эрхийн аль үндэслэлд суурилсан нь ойлгомжгүй байна.

14.3.Дээрх байдлаар хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн аль нэг шийдэл болон үндэслэлийг зөв гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 2012.09.13-ны өдрийн "Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын гэрээ"-ний дагуу 1,095,139.188 юань зарцуулсан гэж, ...2022 оны 12 сар хүртэл 5,406,599.05 юанийг “СК” ХХК руу зээл хэлбэрээр шилжүүлж, нийт 6,501,738.24 юанийн хөрөнгө оруулалтыг бэлэн ба бэлэн бусаар оруулсан. Талууд гэрээнд 0,3% алданги тооцохоор тохиролцсон ба алданги 3,250,869.12 юань, нийт 9,752,607.36 юань буюу нийт 4,895,808,895 төгрөгийг нэхэмжлэгч "С ХХК-аас гаргуулна” гэсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон хуулийн аль нэг үндэслэлд суурилан шаардах эрхийг тогтоогоогүй байна. Нөгөөтэйгүүр, зохигч хамтран байгуулсан "СК" ХХК-ийн үйл ажиллагаанд зориулсан хөрөнгө оруулалтаа нөгөө хувьцаа эзэмшигчээсээ шаардаж байгааг эрх зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт гэдэг нь тухайн компанийг байгуулах, үйл ажиллагааг нь явуулахын тулд эрсдэлээ үүрч оруулсан хөрөнгө тул үүнийг нөгөө хувьцаа эзэмшигчээсээ шаардсан нь ойлгомжгүй, улмаар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гол онцлог нь зөвхөн өөрийн оруулсан хөрөнгөөр эрсдэл хүлээдэг хязгаарлагдмал хариуцлага байдаг. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь “...5,406,599.05 юанийг “СК” ХХК руу зээл хэлбэрээр шилжүүлсэн” гэх бөгөөд уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх нөхцөлийн талаар хэрэгт тодорхой баримт байхгүйн зэрэгцээ компанид зээлүүлсэн мөнгөн хөрөнгөө зээлдэгчээс бус харин нөгөө хувьцаа эзэмшигчээсээ шаардсан нь хуульд нийцэхгүй тул хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3,  Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2025/01886 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/03782 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3., Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Э” ХХК-аас "СК" ХХК-ийн 51 хувийн хувьцааны эрхийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, 4,895,808,895 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн 2 дахь заалтаас “нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид 3,243,743 төгрөг гаргуулж хариуцагчид” гэснийг хасч, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн  9,077,623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

            ШҮҮГЧИД                                                 Н.БАТЧИМЭГ

                                                                              Н.БАЯРМАА

                                                                              Э.ЗОЛЗАЯА

                                                                                           Д.ЦОЛМОН