| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0059/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/050 |
| Огноо | 2017-03-29 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2017/ШЦТ/050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийнн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Улсын яллагч:В.Дэлгэрмаа
Шүүгдэгч: Г.Эрдэнэбилэг,түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул
Шүүгдэгч: М.Батхуяг, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийнн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарт холбогдох Эрүүгийн 201705000034 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, Хиад боржигон овогт Ганбаатарын Эрдэнэбилэг. / ВК90011414 регистрийн дугаартай/,
2.Монгол улсын иргэн, Сэнгэ овогт Мөнхбатын Батхуяг. / ВК87031714 регистрийн дугаартай/
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нар нь ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг “Хонгор Хайрхан” гэх газар бэлчээрлэж байсан хохирогч С.Оюунгэрэлийн өмчлөлийн 5 тооны адууг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 4500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2015 оны 09 дүгээр сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал багийн “Өргөөт” гэх газраас М.Батхуягийн хамт мотоциклиор Баянхонгор аймгийн Галуут сумын төвд ойр зуурын зүйл авах гэж ирсэн. М.Батхуяг ах бид хоёр Баянхонгор аймгийн Галуут сумын төв дээр байж байгаад 20 цагийн үед бид хоёр сумын төвөөс гараад сумын хойд талын “Бумбаар” даваад “Хонгор хайрханы” ард явж байтал бөөн адуу байхаар нь хэсэг адуу хөөж яваад Дундаабилгийн өвөлжөөн дээр аваачиж тэндээ таван тооны морь ялгаж аваад үлдсэн адууг би буцаагаад мотоциклиор туусан. М.Батхуяг нөгөө таван адууны нэгийг барьж, унаад дөрвөн тооны адууг туугаад ганцаараа явсан. Би тэндээсээ мотоциклио унаад гэр рүүгээ явсан. М.Батхуяг ах “мөнгөний хэрэг болоод байна” гэсэн би “дэмий юм биш үү” гэтэл М.Батхуяг ах би мэдэж байна гэсэн. Би нэг ч төгрөг аваагүй.
Тэнд М.Батхуяг ах бид хоёр байсан өөр хүн байгаагүй, адуу хулгайлах санааг М.Батхуяг ах гаргасан. Бид хоёр мотоцикльтой явсан. Би М.Батхуяг ахын араар сууж явсан.
...М.Батхуяг ах бид хоёр Хонгор хайрханы араас 12 тооны адуу тууж яваад нэг өвөлжөөн дээр тууж очоод М.Батхуяг ах бид 2 хашаанд шахаж байлгаж байгаад М.Батхуяг ах 5 морь ялгаж авч үлдсэн би үлдсэн 7 тооны адууг анх адуу байсан газар руу мотоциклиор тууж яваад тэндээсээ шууд гэр рүүгээ явсан .М.Батхуяг ах халиун морь барьж авч унаад 4-ийг нь цааш туугаад аваад явсан.
... М.Батхуяг ах таван тооны адууг хаашаа аваад явсан талаар мэдэхгүй. Нэг хүнд өгнө гэж байсан... гэх тайлбар /хх-ийн 5-6 хуудас/,
...2015 оны 09 сарын 20-ны үеэр... М.Батхуяг ахын мотоциклиор Баянхонгор аймгийн Галуут сумын төв орсон. Сумын төв орж ирээд М.Батхуяг ах бид хоёр салаад явж байтал н.Мөнхөөтэй таараад хоёр шил архи уусан н.Мөнхөөгийн гэрт унтаж байхад М.Батхуяг ах явъя гээд байсан. М.Батхуяг ах мотоцикль жолоодоод би араар нь суугаад явсан талаар санаж байна. Тэгээд нэг сэрэхэд өглөө болсон байсан. Сэрээд хартал М.Батхуягийн мотоцикль “Овгор”-ын цаад талд байж байсан. М.Батхуяг ах байхгүй байсан. Тэгээд би мотоциклио унаад гэр рүүгээ явсан. Мотоцикль М.Батхуяг ахынх. Би М.Батхуяг ахыг хулгай хийсэн талаар мэдээгүй би согтуу байсан учир ямар үйлдэл хийсэнээ санахгүй байна нэг мэдсэн чинь хээр унтсан М.Батхуяг ах байхгүй мотоцикль нь байхаар нь мотоциклийг нь унаад гэр рүүгээ явсан.
... Хохирогч С.Оюунгэрэл нь М.Алтанхуяг гэж М.Батхуяг ахыг андуурч хэлсэн байх. Д.Энхбаатар, Т.Амгалансүрэн нарыг танина. Тэр үед Д.Энхбаатар, Т.Амгалансүрэн нар нь хамт яваагүй. Миний санаж байгаагаар бол М.Батхуяг бид хоёр сумын төвөөс гараад явж байсан талаар санаж байна...гэх мэдүүлэг. /хх-ийн 76-77 хуудас/
Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн учир мэдүүлэг аваагүй.
Шүүгдэгч М.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2015 оны 09 дүгээр сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал багийн "Өргөөт" гэх газраас Г.Эрдэнэбилэгийн хамт мотоциклиор Баянхонгор аймгийн Галуут сумын төв орж, дэлгүүрээс ойр зуурын зүйл аваад орой нь сумын төвөөс 23 цагийн үед буцаад гэр рүүгээ Бумбаар даваад явж байгаад олон тооны адуун дундаас 5-н тооны адуу тасдаж цааш туугаад Дундаабилгийн хороонд шахаж нэг адууг нь барьж, унаад дөрвөн адууг туугаад цохиот гэх газар хоноод маргааш нь Архангай аймгийн Их тамир хөх нуур урд гол гэх газар Б.Мөнхтөр гэх хүнд зарсан.
... Надад мөнгөний хэрэг гараад...Б.Мөнхтөр гэх хүн адуу авч байсан... Б.Мөнхтөрөөс 2000000 төгрөг авсан. Г.Эрдэнэбилэг бид хоёроос өөр хүн байгаагүй. Адууг хулгайлах санааг би гаргасан. Г.Эрдэнэбилэг битгий гэж байсан. Надад мөнгөний хэрэг гарсан учраас адууг хулгайлсан.
...Хоёр саарал морь, нэг халиун морь, нэг хар морь, нэг хонгор зүсмийн таван адуу байсан. Хэний адуу гэдгийг мэдээгүй. Г.Эрдэнэбилэг бид хоёр миний мотоциклиор явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 07-08 хуудас /,
...2015 оны 09 дүгээр сарын 20-ны үед Би Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар баг “Өргөөт” гэх газраас миний эзэмшлийн улсын дугааргүй хятад улсад үйлдвэрлэгдсэн “Хонгор” маркийн мотоциклиор Баянхонгор аймгийн Галуут сумын төв ороод ойр зуурын хүнсний эд зүйл аваад орой бүрэнхий болж байхад би мотоциклио жолоодоод миний араар Г.Эрдэнэбилэг суугаад сумын төвөөс гараад Бумбын даваагаар даваад Хонгор хайрханы ард явж байтал 20 гаруй тооны адуу байсан. Тухайн үед Н.Эрдэнэбилэг согтуу миний араар сууж явсан бөөлжөөд явахгүй болохоор нь Г.Эрдэнэбилэгийг буулгачихаад хорь гаруй тооны адуунаас таван тооны адууг тасдаж, мотоциклиор хөөж байгаад айлын хороо руу оруулж шахаад нэг тооны саарал зүсмийн морийг барьж унаад мотоциклио Г.Эрдэнэбилэгт үлдээж, би цаашаа нэг адуугаа унаад дөрвөн адууг тууж, Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар баг “Цохиот” гэх газраар өгсөөд явж байтал шөнө өнгөрч үүр цайгаад өглөө болоод тэндээ унтсан. Цаашаа Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багийн урд голд Б.Мөнхтөр гэх хүн мал худалдан авч байхаар нь таван тооны адууг нэгийг 400.000 төгрөгөөр бодож, нийт 2.000.000 төгрөгөөр зараад буцаад Баянхонгор аймгийн Галуут суманд гэртээ ирсэн. 2.000.000 төгрөгийг би үрж тараагаад дуусгасан. Тэгээд 2016 оны 10 сард хулгай хийсэн маань баригдаад би Архангай аймгийн Ихтамир сум руу очиж Б.Мөнхтөрөөс...саарал зүсмийн адууг олж аваад адууны эзэн болох С.Оюунгэрэлд буцаан өгсөн. Харин одоо дөрвөн тооны адуу өгөх дутуу байгаа.
Би Г.Эрдэнэбилэгт таван тооны адууны мөнгө 2000 000 төгрөгөөс өгөөгүй. Би ганцаараа үрээд дуусгасан. Би Б.Мөнхтөрд хулгайн адуу гэдгийг хэлээгүй.
...Би улсын дугааргүй хятад улсад үйлдвэрлэсэн “Хонгор” маркийн мотоциклийг 500 000 төгрөгөөр үнэлнэ.
...Хохирогч С.Оюунгэрэл миний нэрийг мэдэхгүй М.Алтанхуяг гэж андуурсан байна. Д.Энхбаатар, Т.Амгалансүрэн нартай хамт яваагүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34 хуудас/,
... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...Хохирогч С.Оюунгэрэлийн таван тооны адууны хохирол болон шатахууны үнэ болох нийт 5500000 төгрөгийг бэлнээр өгч, хохирлыг бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг . /хх-ийн 87-88/,
Шүүгдэгч М.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн учир мэдүүлэг аваагүй.
Хохирогч С.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн нутаг "Хонгор хайрхан" гэх газраас хорин нэгэн тооны адуун дундаас таван тооны адуу алдагдаад эрж хайсан боловч олдоогүй. Би тухайн үед таван тооны адуу алдагдсан талаар сумын хэсгийн төлөөлөгч Б.Алтангадаст мэдэгдсэн. 2016 оны 11 дүгээр сард Г.Эрдэнэбилэг, Б.Батхуяг нар нь хэргээ хүлээж, Архангай аймгаас миний алдагдсан гэх нэг тооны саарал зүсмийн морийг авчирч өгсөн. Миний алдсан гэх таван тооны адуу нь:
1. Нас гүйцсэн хар зүсмийн морь,
2. Нас гүйцсэн халиун зүсмийн морь,
3. Нас гүйцсэн хонгор зүсмийн морь,
4. Нас гүйцсэн саарал зүсмийн морь,
5. Нас гүйцсэн халиун зүсмийн морь алдагдсан. Нас гүйцсэн хар зүсмийн сэтэртэй уургын морь нь 2013 оны 08 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумаас зохион байгуулсан “Адуучин” тэмцээнд 2 дугаар байранд орж байсан 3.000.000 төгрөг, нас гүйцсэн халиун зүсмийн морь 1.000.000 төгрөг, нас гүйцсэн хонгор зүсмийн морь хурдан морь Баянхонгор аймгийн Галуут сумын наадамд нэг удаа гуравдугаар байранд орж байсан 3.000.000 төгрөг, нас гүйцсэн саарал зүсмийн морь 1.000.000 төгрөг, нас гүйцсэн халиун зүсмийн морь 1.000.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Г.Эрдэнэбилэг нь манай төрсөн дүүгийн хүү байгаа юм. Б.Батхуяг нэг нутаг усны хүмүүс болохоор танина.
... Миний адууг М.Батхуяг нь Г.Эрдэнэбилэгтэй бүлэглэн хулгайлсан. Харин Д.Энхбаатар, Т.Амгалансүрэн нар уг хэрэгт оролцоогүй юм шиг байна. Би тухайн үед М.Батхуяг, Г.Эрдэнэбилэг нар нь Д.Энхбаатар, Т.Амгалансүрэн нартай бүлэглэн хулгай хийсэн байж магадгүй гэж бодсон. Манай таван тооны адууг М.Батхуяг, Г.Эрдэнэбилэг нар хулгайлсан талаараа хүлээн зөвшөөрч миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн.
... Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нар манай адуу гэдгийг мэдээгүй гэж хэлээд уучлалт гуйж, хохирлыг бүрэн барагдуулж өгсөн.
Би өөрийн алдсан гэх 5 тооны адууны нэгийг нь буцаан авсан. Харин дөрвөн тооны адууны хохиролд 5.500.000 төгрөг М.Батхуяг, Г.Эрдэнэбилэгээс авсан.
... Тухайн үед адуугаа хайж Баянхонгор аймгийн Жаргалант , Заг, Гурванбулаг, Галуут сумын нутгаар явсан. Нийт 500.000 төгрөгийн шатахууны зардал гарсаныг Г.Эрдэнэбилэг, С.Батхуяг нараас авсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-28 хуудас/
Гэрч Б.Түвшинтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Манайх 2015 оны 09 сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Хонгорын хойд талд манай нийт 25 тооны адууг манайд мал малладаг н.Баатарсүрэн адууг услаад гаргасан. Түүнээс хойш гурван хоногийн дараа буюу 2015 оны 09 сарын 25-ны өдөр би адуугаа бүртгэхэд манай адуунаас таван тооны адуу алга болсон байсан. Би тэр хавиар ирж, хайсан боловч олдоогүй. Түүнээс хойш жилийн дараа манай алдсан гэх таван тооны адууг манай сумын М.Батхуяг, Г.Эрдэнэбилэг нар нь бүлэглэн хулгайлсан талаараа хүлээж, хохирлыг бүрэн барагдуулж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2015 оны 09 сарын 20-ны үеэр байх би өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын төвд гэртэй ганцаараа байж байхад Г.Эрдэнэбилэг манай гэрт 0.5 литрийн багтаамжтай “Улаанбаатар” нэртэй нэг шил архитай орж ирээд намайг машинаа зарах гэж байгаа юм уу машин тэргээ хэдэн төгрөгөөр зарах вэ гээд миний машины талаар ярьж сууж байгаад уусан. Би дахин 0.5 литрийн багтаамжтай архи авч Г.Эрдэнэбилэг бид хоёр хувааж уусан.
Нэлээн согтсон байх үед М.Батхуяг манай гэрийн гадаа ирээд Г.Эрдэнэбилэгийг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,
Гэрч Г.Дүүрэнбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би Н.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарыг гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй. Цагдаад баригдах үед мэдсэн. Тэднийг С.Оюунгэрэлийн таван тооны адууг хулгайлсан талаар мэдсэн. Хохирогч С.Оюунгэрэлтэй уулзаад хохирлыг бүрэн барагдуулж өгнө гээд нэг адууг хоёр адуугаар тооцож нийт 10 тооны адуу болгож өгье гэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 37-38/,
Гэрч Х.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...С.Оюунгэрэл эгчийн хонгор морь шүдлэн насандаа 2008 онд Галуут сумын Баяннуур 4-р багийн овооны наадамд айрагдаж, гуравдугаар байранд орж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,
Гэрч С.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би.С.Оюунгэрэл эгчийн хонгор морь, уургын хар морь байсан талаар мэднэ. С.Оюунгэрэл эгчийн нөхөр н.Бальдир гэдэг хүн насаараа унасан тэдний унаган уургын морь байсан.
...Хонгор морь нь даага, шүдлэн насандаа уягдаж байсан. С.Оюунгэрэл эгчийн уядаг морь байсан шүдлэн насандаа Баянхонгор аймгийн Галуут сумын Баяннуур 4- дүгээр багийн наадамд үзүүрлэж байсан морь байгаа юм. С.Оюунгэрэл эгчийн уургын хар морь нь 2012 онд Баянхонгор аймгийн Галуут суманд түмэн адууны баяр наадамд уягдаж, хоёр дугаар байранд орж байсан уургын хурдан сайн морь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/,
Гэрч Д.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2015 оны 09 сарын 25-ны өдөр С.Оюунгэрэл эгчийн таван тооны адуу алдагдсан талаар мэднэ. Тухайн үед манайх С.Оюунгэрэл эгчийнхтэй айл байсан алдагдсан цагаас эхэлж С.Оюунгэрэл эгч намайг адуу хулгайлж М.Батхуяг, Г.Эрдэнэбилэг нарт гаргаж өгсөн гэж хардаж байгаа юм. Би адууг хулгайлан гаргаж өгсөн зүйл байхгүй. Тухайн таван тооны адууг М.Батхуяг, Г.Эрдэнэбилэг нар нь хулгайлсан бөгөөд одоо уг хэрэг нь илэрч Баянхонгор аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэсэн. Би тухайн таван тооны адууны хэрэгт оролцоогүй би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,
Гэрч Б.Мөнхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“... Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарыг танина. Тухайн үед наймаа хийх үед танилцсан.Төрөл садангийн холбоо байхгүй.
... 2016 оны 9 дүгээр сарын 20 үед байх өдрийг нь сайн санахгүй байна. Таван тооны буюу нэг хонгор, нэг хар, хоёр тооны халиун, нэг саарал зүсмийн цагираг дотор есийн тоо тамгатай адууг худалдаж авсан. Нэг адууг 400.000 мянган төгрөгөөр, нийт 2.000.000 төгрөгөөр авсан. 2016 оны 10 дугаар сард М.Батхуяг над руу утсаар залгаад агтанд өгсөн таван морь байгаа юу гэхэд нь би 4-ийг нь маханд өгсөн гэсэн.
... Саарал зүсмийн нэг морийг аваад явахдаа нөгөө таван морь чинь хулгайн адуу байсан юм.
... Миний хувьд саарал зүсмийн морины оронд орны морийг нь авсан бөгөөд өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 49-51 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 2/, хохирогч С.Оюунгэрэлийн тайлбар /хх-ийн 3-4/, шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарын тайлбар /хх-ийн 5-8/, шүүгдэгч Г.Эрдэнэбилэгийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-/, шүүгдэгч М.Батхуягийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-14-18/, шүүгдэгч М.Батхуягийн мотоциклийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 19-23/, хохирогч С.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 25-28/, гэрч Б.Түвшинтогтохын мэдүүлэг /хх-ийн 29-30/, гэрч М.Уртнасангийн мэдүүлэг /хх-ийн 31-32/, гэрч Б.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 33-34/, гэрч М.Амгалансүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 35-36/, гэрч Г.Дүүрэнбилэгийн мэдүүлэг /хх-ийн 37-38/, гэрч М.Уранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 39-40/, гэрч Х.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 41-42/, гэрч С.Мөнхбаярын мэдүүлэг /хх-ийн 43-44/, гэрч Д.Энхбаатарын мэдүүлэг /хх-ийн 45-46/, гэрч С.Баярсайханы мэдүүлэг /хх-ийн 47-48/, гэрч Б.Мөнхтөрийн мэдүүлэг /хх-ийн 49-50/, Баянхонгор аймаг дахь Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54/, өргөмжлөлийн хуулбар /хх-ийн 55-56/, медалийн хуулбар /хх-ийн 57/, Баянхонгор аймаг дахь Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64/, сэжигтэн Г.Эрдэнэбилэгийн мэдүүлэг /хх-ийн 76-77/, яллагдагч Г.Эрдэнэбилэгийн мэдүүлэг /хх-ийн 79-80/, Сэжигтэн М.Батхуягийн мэдүүлэг /хх-ийн 83-85/, яллагдагч М.Батхуягийн мэдүүлэг /хх-ийн 87-88/, шүүгдэгч Г.Эрдэнэбилэгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 97/, урьд ял шалгах хуудас / хх-ийн 98/, төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Б.Анхбаярын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 99/, Баянхонгор аймгийн Галуут сумын засаг даргын тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/21 дүгээр албан бичиг /хх-ийн 100/, шүүгдэгч Г.Эрдэнэбилэг,шүүгдэгч М.Батхуяг нарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 101,103/, шүүгдэгч М.Батхуягийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 104/, Баянхонгор аймгийн Галуут сумын засаг дарын тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/33 дугаар албан бичиг /хх-ийн 105/, төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Б.Анхбаярын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 106/, гэрлэлтийн батлах болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 107-109/, урьд ял шалгах хуудас / хх-ийн 110/ зэргийг шинжлэн судлав.
Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Ц.Баярмаа нараас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, шүүгдэгч М.Батхуяг нарын талаар Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн засаг дарга Д.Очгэрэлийн гарын үсэг бүхий тодорхойлолт нь он, сар, өдөргүй тул нотлох баримтаар шүүх үнэлээгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтаас бусад нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1,95.2-д зааснаар нотлох баримтыг үнэлсэн болно.
Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нар нь ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бүлэглэн машин механизм хэрэглэж 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5 дугаар багийн нутаг “Хонгор Хайрхан” гэх газар бэлчээрлэж байсан хохирогч С.Оюунгэрэлийн өмчлөлийн 5 тооны адууг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 4500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч Г.Эрдэнэбилэгийн...2015 оны 09 дүгээр сарын 20-ны үед... М.Батхуяг ах бид хоёр Баянхонгор аймгийн Галуут сумын төвд байж байгаад 20 цагийн үед бид хоёр сумын төвөөс гараад сумын хойд талын “Бумбаар” даваад “Хонгор хайрханы” ард явж байтал бөөн адуу байхаар нь хөөж яваад Дундаабилгийн өвөлжөөн дээр аваачиж тэндээ таван тооны морь ялгаж аваад үлдсэн адууг би буцаагаад мотоциклиор туусан. М.Батхуяг нөгөө таван адууны нэгийг барьж, унаад дөрвөн тооны адууг туугаад ганцаараа явсан.
...Бид хоёр мотоцикльтой явсан. Би М.Батхуяг ахын араар сууж явсан.
... М.Батхуяг ах таван тооны адууг хаашаа аваад явсан талаар мэдэхгүй. Нэг хүнд өгнө гэж байсан... гэх тайлбар /хх-ийн 5-6 хуудас/,
-Шүүгдэгч М.Батхуягийн...2015 оны 09 дүгээр сарын 20-ны үед...Бумбаар даваад явж байгаад олон тооны адуун дундаас таван тооны адуу тасдаж цааш туугаад Дундаабилгийн хороонд шахаж нэг адууг нь барьж авч унаад дөрвөн адууг туугаад цохиот гэх газар хоноод маргааш нь Архангай аймгийн Их тамир хөх нуур урд гол гэх газар Б.Мөнхтөр гэх хүнд зарсан. Б.Мөнхтөрөөс 2000 000 төгрөг авсан. Г.Эрдэнэбилэг бид хоёроос өөр хүн байгаагүй.
...Хоёр саарал морь, нэг халиун морь, нэг хар морь, нэг хонгор зүсмийн таван адуу байсан. Хэний адуу гэдгийн мэдээгүй. Г.Эрдэнэбилэг бид хоёр миний мотоциклиор явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 07-08/,
...Би улсын дугааргүй хятад улсад үйлдвэрлэсэн “Хонгор” маркийн мотоциклийг 500 000 төгрөгөөр үнэлнэ.
...Хохирогч С.Оюунгэрэл миний нэрийг мэдэхгүй М.Алтанхуяг гэж андуурсан байна. Д.Энхбаатар, Т.Амгалансүрэн нартай хамт яваагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...Хохирогч С.Оюунгэрэлийн таван тооны адууны хохирол болон шатахууны үнэ болох нийт 5500 000 төгрөгийг бэлнээр өгч, хохирлыг бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг . /хх-ийн 87-88/,
-Хохирогч С.Оюунгэрэлийн...Манай таван тооны адууг М.Батхуяг, Г.Эрдэнэбилэг нар хулгайлсан талаараа хүлээн зөвшөөрч миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн.
... Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нар манай адуу гэдгийг мэдээгүй гэж хэлээд уучлалт гуйсан.Хохирлыг бүрэн барагдуулсан.
Би өөрийн алдсан гэх таван тооны адууны нэгийг нь буцаан авсан. Харин дөрвөн тооны адууны хохиролд 5.500.000 төгрөг М.Батхуяг, Г.Эрдэнэбилэгээс авсан.
... Тухайн үед адуугаа хайж Баянхонгор аймгийн Жаргалант , Заг, Гурванбулаг, Галуут сумдын нутгаар явсан нийт 500.000 төгрөгийн шатахууны зардал гарсан Г.Эрдэнэбилэг, С.Батхуяг нараас авсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-28 /
Гэрч Г.Дүүрэнбилэгийн...Би Н.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарыг гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй. Цагдаад баригдах үед мэдсэн. Тэднийг С.Оюунгэрэлийн таван тооны адууг хулгайлсанг мэдсэн. Хохирогч С.Оюунгэрэлтэй уулзаад хохирлыг бүрэн барагдуулж өгнө гээд нэг адууг хоёр адуугаар тооцож, нийт 10 тооны адуу болгож өгье гэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 37-38/,
-Гэрч Б.Мөнхтөрийн ... 2016 оны 9 дүгээр сарын 20 үед байх өдрийг нь яг сайн санахгүй байна. Таван тооны буюу нэг хонгор, нэг хар, хоёр тооны халиун, нэг саарал зүсмийн цагираг дотор есийн тоо тамгатай адууг худалдаж авсан. Нэг адууг 400.000 мянган төгрөгөөр нийт 2.000.000 төгрөгөөр авсан. 2016 оны 10 дугаар сард М.Батхуяг над руу утсаар залгаад агтанд өгсөн таван морь байгаа юу гэхэд нь би дөрвийг нь маханд өгсөн. Саарал зүсмийн нэг морийг аваад явахдаа нөгөө таван морь чинь хулгайн адуу байсан юм гэж хэлсэн.
... Миний хувьд саарал зүсмийн морины оронд орны морийг нь авсан бөгөөд өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 49-51 / гэх мэдүүлэг
...Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын хохирогч С.Оюунгэрэлийн алдсан 5 тооны адууны нийт үнэлгээг 4500000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 53-54/
...Мөн Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шүүгдэгч М.Батхуягийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Хонгор” маркийн мотоциклийг 300000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 63-64/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарыг бүлэглэн, машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Галуут сумын иргэн С.Оюунгэрэлийн таван тооны адууг хулгайлж бага бус хэмжээний буюу 4500000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ .
Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, шүүгдэгч М.Батхуяг нарт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хувьд ногдох эд хөрөнгөнөөс эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлаггүй гэж шүүх үзэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч М.Батхуягийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Хонгор” маркийн мотоциклийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Батхуяг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Оюунгэрэлд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зардалд 5500000/ таван сая таван зуун мянган/ төгрөгийг төлж барагдуулж, хохирогч С.Оюунгэрэл нь “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, шүүгдэгч М.Батхуяг нарын эзэмшлийн тус бүр гурван тооны сарлагын үхрийг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Батхуягийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй “Хонгор” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, М.Батхуяг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч М.Батхуяг, Г.Эрдэнэбилэг нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, шүүгдэгч М.Батхуяг нарыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Г.Эрдэнэбилэгийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Г.Эрдэнэбилэгийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна.
Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг,шүүгдэгч М.Батхуяг нар нь бусдын 5 тооны адууг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэдний үйлдлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, шүүгдэгч М.Батхуяг нарт ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 45 дугаар зүйлийн 45.3-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэхэд оршино гэснийг баримтлах нь зүйтэй гэж шүүх үзсэн бөгөөд харин шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, шүүгдэгч М.Батхуяг нарын өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Ц.Баярмаа нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч хохирол, гомдолгүй гэж мэдүүлэг өгсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт хорих ялын доод хэмжээг оногдуулж, оногдуулсан ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзаж өгөх саналыг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хиад боржигон овогт Ганбаатарын Эрдэнэбилэг, Сэнгэ овогт Мөнхбатын Батхуяг нарыг машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбилэгийг эд хөрөнгө хураахгүйгээр гурван сар арав хоногийн / 3 сар 10 хоног/ хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч М.Батхуягийг эд хөрөнгө хураахгүйгээр дөрвөн сарын / 4 сар/ хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбилэгт оногдуулсан гурван сар арав хоногийн / 3 сар 10 хоног/ хугацааны баривчлах ялыг, шүүгдэгч М.Батхуягт оногдуулсан дөрвөн сарын / 4 сар/ хугацааны баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч М.Батхуягийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй “Хонгор” маркийн мотоциклийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, шүүгдэгч М.Батхуяг нарын эзэмшлийн тус бүр гурван тооны сарлагын үхрийг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, гурван тооны сарлагын үхрийг эзэмшигч Г.Эрдэнэбилэг, мөн гурван тооны сарлагын үхрийг эзэмшигч М.Батхуяг нарт тус тус буцаан олгож, шүүгдэгч М.Батхуягийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй “Хонгор” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, шүүгдэгч М.Батхуяг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, шүүгдэгч М.Батхуяг нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Эрдэнэбилэг, шүүгдэгч М.Батхуяг нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ