| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 105/2020/1321/Э |
| Дугаар | 1270 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Уранцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 1270
2020 9 29 2020/ДШМ/1270
С.С-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Уранцэцэг,
шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ж.Туяа,
хохирогч А.Нямдаваа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1412 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Сын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1818005220517 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Соёл-Эрдэнийн С, 1993 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй гэх, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, ... хэсэг, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................../;
1. Шүүгдэгч С.С нь 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Д.Чинбатын ЛандКрузер-100 загварын 0062 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 20.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 18 дугаар байрны урд П.Цэнд-Аюушийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
3. 2018 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн А.Нямдаваад Да хүрээ зах дээр япон машины сэлбэг зардаг гэж итгүүлэн улмаар обуд, дугуй хямдхан авч өгье хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.900.000 төгрөгийг Голомт банкны 43055110082 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
4. 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Алтанцэцэгээс “Улсын Дээд шүүхээр хүүд чинь оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхөд туслана” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Ж.Мөнхнарангаас “...манай ээж Долгормаа Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанид ажилладаг, байгууллага нь манай ээж Долгормаад хоёр өрөө байр өгсөн, манайх орох шаардлагагүй тул өөр хүнд энэ байранд орох боломжийг олгоё...” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 18.700.000 төгрөгийг залилсан,
6. Дархан-Уул аймгийн Дархан сумын “Их мөрөн наран” ХХК-ийн 68 зээлийн төвийн ажилтан Т.Батдэлгэрт Iphone-8 плас, Iphone Х загварын гар утсыг оригинал гар утас гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Iphone-8 плас гар утсыг 1.200.000 төгрөгөөр, 2018 оны 11 дүгээр 12-ны өдөр Iphone Х загварын гар утсыг 1.400.000 төгрөгөөр барьцаанд тавьж 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт байрлах “Их мөрөн наран” ХХК-ийн 68 барьцаалан зээлдүүлэх газар Т.Түмэнжаргалд хуурамч Iphone X загварын 3 ширхэг гар утсыг барьцаанд тавьж залилж 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2018 оны 8 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сум, Хөтөл хорооллын 20-40 тоот хашаанаас Б.Тулгаагийн эзэмшлийн 60-75 СЭҮ улсын дуагаартай “Ниссан Экстрал” загварын тээврийн хэрэгслийг Б.Зоригтбаатараас “...машиныг чинь засаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 10 дугаар хэсгийн 5-02 тоотод оршин суух Ц.Алтансүхээс “Тоёота кроун” загварын автомашин зарна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.800.000 төгрөгийг,
10. 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Лувсанванданд “Тоёото аллион” загварын тээврийн хэрэгсэл худалдана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 7.000.000 төгрөгийг авч залилсан,
11. Иргэн Г.Хүрэлчулууныг Итали улсад явах тийз захиалж өгнө, амьдрах эрх чинь 1 жилийн хугацаатай гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, хуурч мэхлэн 2019 оны 7 дугаар сарын 23, 24-ний өдөр 1.982.000 төгрөгийг залилсан,
12. Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Унгар улс руу ажиллах хүч гаргана” гэсэн зарын дагуу иргэн Н.Доржпаламаас 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 385.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 260.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “эмчийн бичиг авна” гээд 60.000 төгрөг, нийт 705.000 төгрөг “Хаан банк”-ны 5046062810 дансанд шилжүүлж, 1.000.000 төгрөгийг залилж, нийт 70.882.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн прокурорын газраас: С.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Соёл-Эрдэнийн Сыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Сыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.Сод оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Сод оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сын цагдан хоригдсон 173 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.2 дугаар заалтад заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч Т.Батдэлгэрээс хураан авсан хуурамч гэх Iphone X, Iphone 8 plus загварын гар утас, хохирогч М.Түмэнжаргалаас хураан авсан хар өнгөтэй, хар өнгийн гэртэй Iphone X загварын гар утас, ар тал нь цагаан өнгөтэй нүүр нь хар өнгөтэй, хар гялгар гэртэй Iphone X загварын гар утас, ар тал нь цагаан өнгөтэй, урд тал нь хар, ар дээрээ зурагтай гэртэй Iphone X загварын гар утсыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Чинбатад 28.000.000 төгрөг, Т.Алтанцэцэгт 2.500.000 төгрөг, Ж.Мөнхнаранд 18.700.000 төгрөг, Т.Батдэлгэрт 2.600.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Их мөрөн наран” ХХК-д 3.900.000 төгрөг, Б.Тулгаад 5.000.000 төгрөг, Ц.Алтансүхэд 2.800.000 төгрөг, Б.Лувсанванданд 7.000.000 төгрөг, Б.Хүрэлчулуунд 1.982.000 төгрөг, А.Нямдавааад 2.900.000 төгрөг, Н.Доржпаламд 1.000.000 төгрөгийн хохирол гаргуулан тус тус олгож, С.Сод урьд авсан Монгол Улсын хилээр гаргах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмши, гэм буруугаа хүлээж байна. Би урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд ял шийтгэлгүй болно. Тухайн үйлдлийн хор хөнөөл, бусдыг хохироосон үйлдэлдээ гэмшиж, эрх чөлөөгөө хязгаарлуулан суух ямар хэцүү болохыг ойлгож ухамсарласан. Хохирогч нарын хохирлыг нөхөн олгож цаашид хийх үйлдэлд хянамгай хандаж хуулийн дагуу шударгаар хөдөлмөрлөж амьдрах болно. Иймд миний анх удаа гэмт хэрэгт холбогдон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч С.Сын өмгөөлөгч Ж.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолын гэм буруугийн хэсэгт хохирогч Чинбатад 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүгдэгч С.Сыг буруутгасан боловч 28.000.000 төгрөг гаргуулж Чинбатад олгуулахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, С.Соос 8.000.000 төгрөг илүү гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч С.Соос 2.500.000 төгрөгийг гаргуулж гэрч Т.Алтанцэцэгт олгохоор шийдвэрлэсэн байна. Шийтгэх тогтоолын 11 дүгээр хуудсанд Алтанцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг байна. Шийтгэх тогтоолын 10 дугаар хуудсанд хохирогч Содномдамбын хохирогчоор өгсөн мэдүүлэг байна. Тэгэхээр хохирлыг гэрчид гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хохирогчид гаргуулахаар шийдвэрлээгүй байна. Шүүгдэгч С.С хохирогч Содномдамбад 500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл үүнийг шийтгэх тогтоолд хасаж шийдвэрлээгүй байна. Яллах дүгнэлтэд ч хасагдаж бичигдээгүй байсан. Хохирлын тооцоонд ч хасагдаж орж ирээгүй байна. Яллах дүгнэлтэд мөн хохирогч Алтанцэцэгийг гэрч гэж бичсэн байна. Хохирогч Лувсанвандангийн машиныг 7.000.000 төгрөгөөр тооцож С.Соос гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл машиныг 10.000.000 төгрөгөөр үнэлсэн байна. 3.000.000 төгрөгийг анхан шатны шүүх яаж хасаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Залилангийн хэргийн шийтгэх тогтоолыг уншихад, нэгэн дээр нь болохоор гэрч, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг гэж бичээд байна. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг хоёр янзаар бичсэн байна. Мөрдөгчийн хийсэн хохирлын тооцоон дээр хохирогч Чинбатад 28.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж нэг бичээд, 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж мөн давхар бичсэн байна. Мөн хохирогч Содномдамбын хажууд гэрч Алтанцэцэгийг бичсэнээс болоод яллах дүгнэлт нь ч буруу болоод анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь ч буруу болсон байна. Хохирлын тооцоо дээр нийт хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэдгийг бичээгүй байна. Шүүгдэгч С.С нийт хэдэн төгрөгийн хохирол төлсөн гэдгийг бичээгүй. Одоо хэдэн төгрөг төлөх ёстой болохыг бичээгүй. Хохирлын тооцооноос болоод шийтгэх тогтоол буруу гарсан. Шүүгдэгч С.С Чинбатад 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж мэдүүлдэг. Энэ талаарх дансны хуулгыг Отгонбаяр гэх мөрдөгчид аваачиж өгсөн боловч хэрэгт уг баримт хавсаргагдаагүй байна. Энэ баримт хаашаа алга болсон бэ, шалгаж өгнө үү. Хохирогчоор Чинбатыг тогтоож байцаахдаа 3.000.000 төгрөгийг авсан уу, аваагүй юм уу гэдгийг огт шалгаагүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн байна гэж үзэж байна. Чинбат, С нарын хооронд итгэмжлэл хийгдсэн байдаг. Итгэмжлэл дээр Чинбатаас “С нь захиран зарцуулах эрхтэй, бэлэглэх эрхтэй, худалдах эрхтэй” гээд эд хөрөнгийн эрхээ өөрөө гарын үсгээ зураад итгэмжлэл хийгээд хүлээн зөвшөөрөөд өөрөө шилжүүлсэн байдаг. Гэтэл энэ нь яагаад залилангийн хэрэг болсон бэ. Залилангийн гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж байна. Лувсанвандангийн машин бас худалдах, худалдан авах гэрээтэй тул гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч С.С нь бусдад 70.882.000 төгрөгийн хохирол учруулсан гэж бичигдсэн байгаа боловч төлбөр гаргуулахдаа 76.382.000 төгрөг болгож нэмэгдүүлж гаргуулсан байна. Энэ нь шүүгдэгч С.Сын эрх зүйн байдлыг дордуулж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах саналыг гаргаж байна” гэв.
Хохирогч А.Нямдаваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирлоо төлөөгүй, надтай нэг ч холбоо бариагүй” гэв.
Прокурор Д.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Сод ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл” гэж, 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж, 4 дэх хэсэгт “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэж, 5 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн хавсралтад дараахь зүйлийг тусгана” гэж, 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад “хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл” гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, хохирлын нийт хэмжээг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт 70.882.000 төгрөг гэж, тогтоох хэсэгт 68.382.000 төгрөг гэж, хохирогч Т.Алтанцэцэгт тэмдэглэх хэсэгт 5.000.000 төгрөг гэж, тогтоох хэсэгт 2.500.000 төгрөг гэж, хохирогч Д.Чинбатад 20.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж тус тус зөрүүтэй бичигдсэн байх бөгөөд С.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн ямар шинжээр яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй болжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г шүүх хуралдааны явцад нотолно гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, яллах дүгнэлтэд зөрүүтэй бичигдсэн хохирлын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Шүүх, шүүгдэгч С.Соос хохирогч Д.Чинбатад 28.000.000 төгрөг, хохирогч Т.Алтанцэцэгт 2.500.000 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэхдээ үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. С.С нь Т.Алтанцэцэгийн хүүхдийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө гэж хуурч 5.000.000 төгрөг авсан гэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Алтанцэцэгийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хохирогчоор тогтоосон байна. Тэрээр мэдүүлэг өгөхдөө үлдсэн 2.500.000 төгрөгийг С.Соос нэхэмжилнэ гэж мэдүүлсэн ба 2018 оны 2 дугаар сард С.С нь Т.Алтанцэцэгт 2.500.000 төгрөг эргүүлж өгсөн талаар хохирогч С.Содномдамба гэрчилж мэдүүлсэн байна. Хохирогч Д.Чинбатын эзэмшлийн ЛандКрузер-100 загварын 00-62 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг 28.000.000 төгрөгөөр үнэлсэн баримт /1хх 33/ хэрэгт цугларсан болохыг тус тус дурьдаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой зөв тогтоох шаардлагатай гэж үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, 2.1 дэх заалтад “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” гэж, 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт...няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж, 2.4 дэх заалтад “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэж, 3 дахь хэсэгт “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараахь зүйлийг тусгана” гэж, 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйл баримтын болон хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэрнээ С.Сод 450.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэл оногдуулсан байх бөгөөд тухайн торгуулийн ял нь ямар үндэслэлээр, ямар хугацааны хорих ял болсон талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Мөн прокуророос С.Сын үйлдсэн хэргүүдэд зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон эсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн ямар шинжээр нь хүндрүүлэн зүйлчилж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд үл нийцнэ.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Сод холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч С.Сын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1412 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Сод холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч С.Сод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ