Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 157/ШШ2022/00004

 

 

 

 

 

 

 

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагч С.Х

Прокурор Н.Амаржаргал нарыг оролцуулан нэхэмжлэгч Б.З-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Х холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, зээлийн төлбөр 110,750 төгрөг, торгууль 30,750 төгрөг нийт 141,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Х нь ...... 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Зээлийн гэрээ”-байгуулж, Бор-Өндөр сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас “Мах махан бүтээгдэхүүн вакумдуулан савлах” зориулалтаар 2,050,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний 2.7 дугаар заалтыг зөрчин хугацаа хэтрэлттэй, зээлийн гэрээг ноцтой зөрчиж байна. Үндсэн зээл 2,050,000 төгрөг, хүү 153,750 төгрөг байна. Үүнээс нийт төлсөн үндсэн зээл 2,093,000 төгрөг байна. Үлдэгдэл үндсэн зээл 110,750 төгрөг байна. Мөн гэрээний 2.2 дугаар заалтад зааснаар хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгээс гадна үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль 30,750 төгрөг нэмэгдэж, үндсэн зээлийн үлдэгдэл 141,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагч С.Х нь 2012 онд зээлийг бүрэн төлж дуусгасан гэсэн боловч төрийн сангийн дансыг шүүж үзэхэд 2009 оны 12 дугаар сарын 30-нд 22,000 төгрөг, 2010 оны 01 сарын 27-нд  21,000 төгрөг, 2010 оны 02 сарын 26-нд 225,000 төгрөг, 2010 оны 04 сарын 26-нд 225,000 төгрөг, 2012 оны 05 сарын 04-нд 1,600,000 төгрөг төлж нийт 2,093,000 төгрөг төлсөн байна. Үүнээс үзэхэд 2009 онд 2,050,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 153,750 төгрөгийн хүүгийн нэмэгдэлтэй нийт 2,203,750 төгрөг авснаас 2,093,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Үлдэгдэл 110,750 төгрөгийн өртэй үлдэж байгаа тул зээлийн гэрээний 2.2 дахь заалтын дагуу үндсэн хүүгийн 20 хувийн хүү болох 30,750 төгрөгийг нэмж нэхэмжилж шүүхэд 141,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2021 оны 10 сарын 29, 30-ны өдрүүдэд С.Х-д таныг шүүхэд өглөө шүү гэж хэлсэн. 2012, 2013 онд С.Х-с төлбөрийг төл гэж шаардаж байсан. Шаардаж байсан талаарх нотлох баримт байхгүй. Хариуцагч С.Х-с зээлийн төлбөр 110,750 төгрөг, торгууль 30,750 төгрөг нийт 141,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 Хариуцагч С.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ..... 141,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ...., С.Х нарын хооронд 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сарын 1 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан миний бие хамгийн сүүлд 2012 онд төлөлт хийж дуусгасан. Гэтэл 2012 оноос хойш над руу нэхэмжлэгч талаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар ганц ч ярьж, шаардаж байгаагүй байж, гэнэт 9 жил 7 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж, мөн Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж мөн зааж өгсөн бөгөөд 2012 оны 5 сарын 04-ний өдрөөс 2015 оны 5 сарын 04-ний өдөр хүртэл зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилсэн байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл байдал ч үүсээгүй. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул ......, С.Х нарын хооронд 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу татгалзаж байна. Зээлийн гэрээний үндсэн үүрэг 110,750 төгрөг, торгууль 30750 төгрөг нийт 141,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан төдийгүй миний бие нь тухайн үедээ 2012 онд үүргийн гүйцэтгэлээ бүрэн хангасан. 2012 оны 05 сарын 04-ний өдөр тухайн үеийн зээл хариуцсан мэргэжилтэнтэй уулзаад зээлийн үлдэгдлийг асуухад 1,600,000 төгрөг үлдсэн гэж хэлсний дагуу би 1,600,000 төгрөгийг тухайн өдөрт нь төлчихөөд уг зээлийг төлж дууссан гэж ойлгосон. Яг хэн гэж хүн байсныг мэдэхгүй. ...... нь 9 жил 7 сарын дараа шүүхэд нэхэмжлэл өгч байгааг ойлгохгүй байна. 141.500 төгрөг үлдсэн гэдгийг мэдээгүй. Түүнээс хойш нэг ч удаа төлбөрөө төл гэж хэлж байгаагүй. Би 2013 оноос Улаанбаатар хотод түр амьдарч байсан. Гэхдээ 7 хоног бүр ирдэг байсан. Надад огт төлбөр төл гэж хэлж байгаагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Н.Амаржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргал би, ........... нэхэмжлэлтэй хариуцагч С.Х-д холбогдох иргэний хэрэгт Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэлийг дэмжин иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Б.З иргэн С.Х нь Засаг даргын тамгын газраас 2009 оны 11 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ хийж, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас мах махан бүтээгдэхүүн вакумдуулан савлах зориулалтаар 2,050,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээл авсан байна. Зээлийн гэрээний 2.7 дугаар заалтыг зөрчин хугацаа хэтрэлттэй зээлийг төлөөгүй гэрээ зөрчсөн байна. Үндсэн зээлээс 110,750 төгрөг хүүгийн торгууль 30,750 төгрөг нэмэгдэж нийт 141,500 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул хариуцагч С.Х-с гаргуулж төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч С.Х нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан төдийгүй, 2012 онд нэхэмжлэлийг бүрэн хангасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна. Хариуцагч С.Х-ийн зээл төлсөн баримтаас харахад 141,500 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй гэсэн тайлбарыг гаргаж байна. Хариуцагч С.Х нь 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөөгүй. Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн төлөгдөөгүй бүх зээлийн судалгааг гаргаж, шүүхэд Засаг дарга нэхэмжлэл өгсөн. Энэ сум хөгжүүлэх сангаас олгож байгаа зээлийг заавал төлж төрийг хохиролгүй болгох хэрэгтэй. Иймд хариуцагч С.Х-с 141,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч С.Х-д холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, зээлийн төлбөр 110,750 төгрөг, торгууль 30,750 төгрөг нийт 141,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хариуцагч С.Х нь “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж,  зээлийн төлбөр 110,750 төгрөг, торгууль 30,750 төгрөг нийт 141,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан байна.

Зохигчид нь 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 2,050,000 төгрөгийг, 1 жилийн хугацаатайгаар, жилийн 12 хувийн хүүтэйгээр байгуулсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд талууд гэрээ байгуулсан талаар маргаагүй байна. /хх-ийн 04-06/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч С.Х нь “гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг гаргасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 76 дугаар зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ” гэж тус тус хуульчилсан байна.

Тухайлбал гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба тухайн гэрээний төрөл нь өөртөө хөөн хэлэлцэх тусгай хугацааг агуулаагүй бол энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ.

 Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч С.Х-д холбогдуулан “2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, зээлийн төлбөр 110,750 төгрөг, торгууль 30,750 төгрөг нийт 141,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.З нь 2012 оны 05 сарын 04-ний өдрөөс хойш хариуцагч С.Х-с “2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, зээлийн төлбөр 110,750 төгрөг, торгууль 30,750 төгрөг нийт 141,500 төгрөг” гаргуулахаар шаардаж байсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй, энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй, шаардах эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн байна.

Хөөн хэлэлцэх хугацаа нь гэрээний сахилга батыг бэхжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тавих, талуудын хяналтыг сайжруулах зорилготой бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хариуцагч талд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж ямар нэгэн шаардах хуудас, мэдэгдэх хуудас өгч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно” гэж заасны дагуу гэрээнд зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дууссан, 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлбөрийн зарим хэсгийг хариуцагч нэхэмжлэгчид төлсөн, энэ өдөр нэхэмжлэгч эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн байх тул нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үүссэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хариуцагч С.Х-ийн шүүх хуралдаанд гаргасан “2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тухайн үеийн зээл хариуцсан мэргэжилтэнтэй уулзаад зээлийн үлдэгдлийг асуухад 1,600,000 төгрөг үлдсэн гэж хэлсний дагуу би 1,600,000 төгрөгийг тухайн өдөрт нь төлчихөөд уг зээлийг төлж дууссан гэж ойлгосон. .... нь 9 жил 7 сарын дараа шүүхэд нэхэмжлэл өгч байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг няцаасан нотлох баримтыг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаргаагүй байна.

Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байгаатай холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүйгэж заасны дагуу хариуцагч С.Х-ийн гэм буруугаас болж үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, үүнийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр ...эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж, 20 дугаар зүйлийн 20.3-т “Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, 20 дугаар зүйлийн 20.4-т “Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно” гэж тус тус хуульчилсан.

Иргэний хэрэгт прокурор оролцуулах хүсэлтийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газарт хүргүүлсэн бөгөөд тус прокурорын газрын Ерөнхий прокурор нь уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналтын прокурор Н.Амаржаргалыг томилсны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт хяналтын прокурор Н.Амаржаргал нь “нэхэмжлэгч Б.З-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Х-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч төрийн байгууллагын хүсэлтээр, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож, хариуцагчаас 141,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь шүүхээс зээлийн гэрээний хугацаа 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дууссан, шаардах эрх 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс үүссэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, шаардах эрх нь эрх зөрчигдсөн гэдгийг нэхэмжлэгч мэдсэн, хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч С.Х нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бөгөөд энэ нь эрх зүйн харилцаанаас үүссэн шаардлагыг албадан гаргуулахыг хязгаарлах үндэслэл болж байна.

Шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно.

Иймд нэхэмжлэгч Б.З-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Х-д холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, зээлийн төлбөр 110,750 төгрөг, торгууль 30,750 төгрөг нийт 141,500 (нэг зуун дөчин нэгэн мянга таван зуун) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.З-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Х-д холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, зээлийн төлбөр 110,750 төгрөг, торгууль 30,750 төгрөг нийт 141,500 (нэг зуун дөчин нэгэн мянга таван зуун) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.З нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.     

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан буюу 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг анхааруулсугай. 

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.ЭНХМАНДАХ