Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
Хэргийн индекс | 136/2022/00037/И |
Дугаар | 136/шш2022/00104 |
Огноо | 2022-03-17 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 136/шш2022/00104
2022 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 136/ШШ2022/00104 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, ** дүгээр баг, Ш гудамж, **-** тоотод байрлах, Э ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У хот, Б дүүрэг, ** дугаар хороо, нны, үийн тийн бүс э, **, ** тоот хаягт байрлах И г в к ХХК /РД:*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 21,828,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.З,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Х,
Гэрч: Г.С, А.И
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК нь И г в к ХХК-д холбогдуулан 21,828,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай компани нь уг компанитай 2021 оны 08 сарын 01-нд 102,000,000 /нэг зуун хоёр сая/ төгрөгийн хүүхдийн зуслангийн 10ш байшин барих ажлын гэрээ байгуулж урьдчилгаа болох 40,800,000 /дөчин сая найман зуун мянган/ төгрөгийг 2021 оны 08 сарын 03-нд шилжүүлэн ажлаа эхлэх өдрийг 2021 оны 09 сар гартал хүлээсэн. 9 сарын 27-нд 3ш байшинг хагас дутуу хийж манай талд хүлээлгэн өгч, акт үйлдэхгүйгээр хаяад явсан. Гэрээнд 1ш байшингийн материал, ажлын хөлс, тээвэр гээд бүгд багтсан үнэ 10,200,000 /арван сая хоёр зуун мянган/ төгрөгөөр хийгдсэн. Гэрээний хүчинтэй хугацаа 2021 оны 08 сарын 30 хүртэл боловч энэ хугацаанд огт ажил явагдаагүй, тухайн үед үер усны гамшигтай байна, гал түймэртэй гээд холбогдох бүрд л янз бүрийн зүйл тоочиж хугацааг уяж байсан нь манай байгууллагад их хүндрэл учруулсан. Гэвч бид тухайн байгууллагад итгэж хүлээсэн. Гэтэл сүүлийн үед гэрээнд гарын үсэг зурсан Т.А нь утсаа авахаа больж хаягаар нь мэйл, албан тоот явуулсан ч хариу илгээхгүй хүндрэлтэй байна. Гэрээний 7.1 дэх хэсэгт заасны дагуу өдрийн 0.5%-г өнөөдрийг хүртэл тооцож үзээд 57 хоног болох тул 28.5%-аар тооцон, урьдчилгаа болгон шилжүүлсэн мөнгөний алдангийг 11,628,000 /арван нэгэн сая зургаан зуун хорин найман мянган/ төгрөг, гэрээт ажлын хөлсийг 3ш байшинг болсон гэж үзэн, 30,600,000 /гучин сая зургаан зуун мянган/ төгрөгийг хасаад үлдэгдэл 10,200,000 /арван сая хоёр зуун мянган/ төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 21,828,000 /хорин нэгэн сая найман зуун хорин найман мянган/ төгрөгийг И г в к ХХК-с гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Э ХХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн гэрээнд Э ХХК нь хариуцагч байгууллагаас материал хүлээж авах, хадгалах тухай ямар нэгэн заалт байхгүй учраас Э ХХК нь хариуцахгүй юм. Энэ талаар гэрээнд тусгагдаагүй байна. Иймд тухайн материалыг хасаж тооцох асуудал яригдахгүй гэж үзэж байна. Тухайн материалын талаар гэрч нар тодорхой ярих байх. Тухайн материалыг хүлээж авах үүрэггүй байгаа.Тухайн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар тухайн материалыг гүйцэтгэгч тал бүрэн хариуцна, өөрсдөө хариуцна гэж заасан байна. Түүнээс захиалагч тал хариуцна гэсэн заалт байхгүй учраас хадгалж, хамгаалах, тоо ёсоор өгөх үүрэг байхгүй. ... Энэ алдангийг тооцохдоо Э ХХК, И г в к ХХК-д нар нь хэн аль нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлээд гэрээ байгуулсан учраас 0,5 хувийн алдангийг гаргуулах бүрэн үндэслэлтэй байна. Учир нь нөгөө талын хүсэлт зориг илэрхийлэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан Стай харилцсан чат мессенжер байгаа шавар, шавхаатай, бороо хуртай байгалийн үзэгдэл гарсан учраас цагтаа ажлаа амжуулаагүй гэх байдлаар хандсан. Энэ талаарх эрсдэлийг гэрээнд тооцоогүй. Тухайн эрсдэлийн хариуцагч компани нь өөрсдөө хүлээгээд 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний хүртэл ажил гүйцэтгэх хугацааг хүлээн зөвшөөрч 10 ширхэг байшинг барьж өгнө гэсэн учраас байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан гэх байдлыг тооцох ёстой байсан. Иймд тухайн нөхцөл байдлыг ажил гүйцэтгэх хугацаанд оруулахгүй байх нөхцөл байдал үүсэж байна. Иймд Э ХХК нь тухайн ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ биелүүлсэн харин гүйцэтгэгч тал үүргээ биелүүлээгүй учраас гэрээнд заасан алдангийг тооцоод 10,200,000 төгрөгийн байшинг дутуу үлдээсэн байшингийн шилжүүлсэн мөнгө үүний алдангийг тооцоод 11,628,000 төгрөгийг нэмээд 21,828,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Гэрээний үүргийг биелүүлээгүй учраас тухайн алдангийг гаргуулах ёстой гэж үзэж байна. ...Өөрөөр хэлбэл 12 тоот гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр үүргийг биелүүлээгүй. Талууд 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хөлсийг тохиролцсон байдаг. Манай талаас 351 дүгээр зүйлд заасан гэрээнд заасан хугацаанд эсвэл ажил үүргийг хүлээн авах зохих журмын дагуу хөлс төлөх буюу 40,200,000 төгрөгийн гэрээнд заасан урьдчилгааг төлсөн. Харин хариуцагч тал 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасан тогтоосон хугацаанд гүйцэтгэх заалтыг биелүүлээгүй. Ийм учраас гэрээнд заасан хариуцлага буюу гэрээний алдангийг тооцно. Одоо болтол тухайн компаниуд гэрээгээ дүгнээгүй байгаа. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно. Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй гэж үзэж байна. ... Тухайн мод хэдэн ширхэг, хэдэн төгрөгийн үнэтэй, 3 болон 5-ын банз, зах мод нь хэдэн ширхэг байсан гэх талаар ямар нэгэн үнэлгээ байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн мод нь байгаа гэдгийг хэлсэн. Тухайн хариуцагчийн хасаж тооцуулах гэж байгаа модыг нь манай талаас ашиглаагүй талбайн газарт байгаа гэдгийг дахин хэлье. гэв.
Хариуцагч И г в к ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.А нь тус шүүхэд гаргасан Э хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Манай байгууллага нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тухайн компанитай 102.000.000 төгрөгийн үнийн дүнтэй хүүхдийн зуслангийн 10 ширхэг байшинг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор барих ажлын гэрээ байгуулсан ба урьдчилгаа болох 40.800.000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн авсан нь үнэн. Гэрээний хугацаанд байшинг барих материал болох мод, банзыг Х, Х аймгуудаас татан авахаар тохиролцсон байсан боловч өнгөрсөн зун Х, Х аймгуудад үер ус ихээр болсноос бидний төлөвлөсөн ажил цаг хугацаандаа амжихгүй болсон бөгөөд энэ талаарх бүх баримт зураг бичлэгийг Э ХХК-ийн ажилтан С-д хүлээлгэж өгсөн болно.
Тухайн хугацаанд бид 3 ширхэг байшинг барьсан, мөн бусад 7 ширхэг байшинг барих материал болох байшингийн А нурууны мод, дээврийн банз, террасны мод буюу 600ш 3см -ийн хар модон /Шинэс/ банз зэргийг 2021-09-16-ны өдөр манай компанийн ажилтан даамал Б.Г-Э Э ХХК-ийн ажилтан Сд хүлээлгэн өгсөн
Нэхэмжлэгч тал нь манайхаас 21.828.000 төгрөг нэхэмжилжээ. Ингэж нэхэмжлэхдээ гэрээний 7.1 дэх хэсэгт заасны дагуу өдрийн 0.5 хувийн алдангийг тооцож нэхэмжилсэн байгаа ба бидэнд өгсөн урьдчилгаа төлбөрөөс бүгдээс нь тухайн алдангийг тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна Мөн түүнчлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бусад 7 байшинг барих барилгын материалыг тухайн газар дээр байгаа талаар дурдаагүй ба нэхэмжилсэн дүнгээсээ хасаж тооцоогүйд гайхаж байна. Мөн бид барьж дуусгасан 3 байшинг тухай бүрд нь нэхэмжлэгч байгууллагын инженер н.И гэх хүнд хүлээлгэн өгч байсан.
Нэхэмжлэгчид 3 ширхэг байшинг барьж өгсөн, 7 ширхэг байшингийн барилгын материал бэлдцийг бүрэн бэлдэж өгсөн зэргээс тооцож үзэхэд манайх мөнгө төлөхөөргүй байгаа ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх-3/, ажил гүйцэтгэх гэрээ /хх-4-6/, 2021 оны 08 дугаар сарын 03-ны 21/08 дугаартай И г в к ХХК-ийн албан бичгийн хуулбар /хх-7/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-8-9/, Хас банкны цахим гүйлгээний баримт /хх-10/, Д.Згийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-11/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-12/, Худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-13-15/, баригдаж байгаа байшингийн фото зураг /хх-16/, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 136/ШЗ2022/00083 дугаартай захирамж /хх-17-18/, итгэмжлэл /хх-19/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-49/ зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагчаас Итгэмжлэл /хх-29/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-30/, М р нэртэй фэйсбүүк хаягийн чаталсан чатуудын зураг /хх-43-45/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Г.С, А.И нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э ХХК нь И г в к ХХК-д холбогдуулан 1 ширхэг байшингийн үнэ 10,200,000 төгрөг, алданги 11,628,000 төгрөг, нийт 21,828,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчаас 3 ширхэг байшин барьж өгсөн, 7 ширхэг байшингийн бэлдцийг бэлдэж өгсөн, мөн урьдчилгаа төлбөрөөс бүгдээс нь тухайн алдангийг тооцсон нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 12,900,000 төгрөг хангаж, үлдэх 8,928,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч И г в к ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдэх хуудсаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдэх хуудсаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирэхийг тус тус мэдэгджээ /хх-20,21/. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь шүүхийн мэдэгдсэн цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Дорноговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 136/ШЗ2022/00238 дугаар Хариуцагчийг алБан ирүүлэх тухай захирамжаар алБан ирүүлж нэхэмжлэлийн хувийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гардуулж, мөн өдөр түүний иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг танилцуулсан байна.
Гэвч Ц.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаа болох нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 90888869 дугаарын утас руу холбогдож мэдэгдсэн /хх-48/ боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. .
Иймд нэхэмжлэгч талын шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийх тухай хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч И г в к ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулж уг гэрээгээр хариуцагч И г в к нь Сайншанд суманд Хүүхдийн зуслангийн зориулалттай Хүүхдийн амрах 10 ширхэг байшин барих ажлыг зураг, төсөв, ажлын тоо хэмжээний дагуу хийж гүйцэтгэх, Э ХХК нь гэрээт ажлын нийт төлбөрт 102,000,000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээжээ./хх-4,5/
Дээрх гэрээний шинж, агуулга, нөхцөл, талуудын үүрэг зэргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч нь Ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар 40,800,000 төгрөгийг хариуцагч И г в к ХХК-д шилжүүлсэн гэж, хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа 40,800,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн авсан нь үнэн гэх тайлбарыг гаргаж байх ба талууд 40,800,000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй байна.
Мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...09 сарын 27-нд 3 ш байшинг хагас дутуу хийж манай талд хүлээлгэн өгсөн... гэх, хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан ... 3 ширхэг байшинг барьж өгсөн гэх тайлбаруудаас үзэхэд талууд 3 ширхэг байшинг барьж нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн эсэх талаар маргаагүй гэж дүгнэлээ.
Ажил гүйцэтгэх гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч Э ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй боловч хариуцагчаас урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрөөс гүйцэтгээгүй үүргийн дүн болох 10,200,000 төгрөгийг буцаан шаардаж байгаа нь Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах саналтай байна гэж үзэх үндэслэлтэй.
Ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Гэрээний хүчин төгөлдөр хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал байна. гэж заасан нь ойлгомжгүй байх боловч нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гэрээний 3.1 дэх заалтад гэрээний хүчин төгөлдөр хугацаа 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар заасан нь андуурагдсан. Техникийн алдаа байсан. Гэрээний үүргээ биелүүлэх хугацаа 8 сарын 30-ны өдөр байсан. Гэрээ бол хүчин төгөлдөр болно. гэх тайлбарыг гаргасан, ажил гүйцэтгэх гэрээний 3.2 дахь хэсэгт Энэхүү гэрээнд талуудын эрх бүхий албан тушаалтан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, хүчин төгөлдөр болох ба гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно. гэж зааснаас үзэхэд гэрээний үүргээ биелүүлэх хугацааг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байсан бөгөөд гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт ... гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн ... нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Гэрээний үүргээ биелүүлж үлдсэн байшингуудаа барихыг хариуцагчид байнга сануулж, хэлж байсан. Чатаар харьцсан нь бичвэр хүртэл байгаа гэх, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт ... Х, Х аймгуудад үер ус ихээр болсноос бидний төлөвлөсөн ажил цаг хугацаандаа амжихгүй болсон бөгөөд энэ талаарх бүх баримт зураг бичлэгийг Э ХХК-ны ажилтан С-д хүлээлгэж өгсөн болно. гэх тайлбарыг тус тус гаргажээ. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардаж, хариуцагч тайлбар гарган хугацааг хойшлуулж байсныг гэрээний үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэж байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 40,200,000 гэрээний төлбөр шилжүүлсэн боловч хариуцагч нь 30,600,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгчид 10,200,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд 10,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тохиолдолд гэрээг цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан 11,628,000 төгрөг алданги гаргуулахаар шаардсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ., Ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно. гэж заасан бөгөөд гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт тооцогдох 4 байшингаас 1 байшин буюу 10,200,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна.
Иймд гэрээгээр хүлээсэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хугацаа хэтрүүлсэн гэх 57 хоногоор харгалзуулан тооцоолоход 2,700,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... нэхэмжлэгчид 7 ширхэг байшингийн бэлдцийг бүрэн бэлдэж өгсөн зэргээс тооцож үзэхэд манайх мөнгө төлөхөөргүй байгаа ... гэх боловч бэлдэц модыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн болох нь баримтаар тогтоогдоогүй.
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 355 дугаар зүйлийн 355.1, Ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 10,200,000 төгрөг, алданги 2,700,000 төгрөг, нийт 12,900,000 төгрөгийг хариуцагч И г в к ХХК-иас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 355 дугаар зүйлийн 355.1, Ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар И г в к ХХК-иас 12,900,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 8,928,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,090 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч И г в к ХХК-иас 221,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА