Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1078

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001179 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Э-ийн У, Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, *** газарт тогооч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.У нь хохирогч М.Ц-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Э.У нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “А” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа иргэн М.Ц-ийн эзэмшлийн Самсунг А55 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

- “...гар утсаа алдсан гэх...” утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),

- хохирогч М.Ц-ийн “...Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилладаг. Би 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим өөрийн ажил дээрээ ажлаа хийж байхад манай дэлгүүрт үйлчлүүлж байсан 45 орчим насны эмэгтэй лангуун дээр тавьсан байсан миний өөрийн өмчлөлийн Самсунг А55 загварын гар утсыг хулгайлан авч явсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би тэр эмэгтэйг танихгүй. Өмнө нь үйлчлүүлж байгаагүй. Би өөрийн өмчлөлийн Самсунг А55 загварын гар утсыг 2022 онд шинээр нь лизингээр 1,700,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 1,000,000 төгрөгөөр үнэлнэ. Миний гар утсыг хоёр хүүхэд дагуулсан 45 орчим насны эмэгтэй лангуун дээр хулгайлан авч улмаар гар утсыг унтрааж байгаа хяналтын камерын бичлэг байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-13 дахь тал),

- Samsung A55 маркийн гар утсыг 1,000,000 төгрөгөөр үнэлсэн Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2039 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 21-24 дэх тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан камерын бичлэгээр шүүгдэгч Э.У нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “А” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа үсний боолтны лангуун дунд байсан хохирогч М.Ц-ийн эзэмшлийн Самсунг А55 маркийн гар утсыг авч, улмаар гар утсыг унтраан авч явсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс “гар утас хулгайлах санаа байгаагүй, эзэнгүй утас олсон, хүнд нь буцааж өгье гэж бодсон, маргааш нь буцааж өгсөн” гэж мэдүүлсэн нь түүний гэм бурууг няцаан үгүйсгэхгүй юм.

Учир нь дээр дурдсан хяналтын камерын бичлэгээр шүүгдэгч Э.У нь тухайн гар утсыг үсний боолтны лангуун дотроос авч, улмаар шууд унтраагаад авч явсан үйлдэл тодорхой бичигдсэн байх тул түүний гээгдэл эд хөрөнгө завшсан гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн  хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө түүний эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байхыг шаарддаг.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Э.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул түүнийг гэм буруутайд тооцов.

​​​​​​​1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч М.Ц-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн байх тул шүүгдэгч Э.Уыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Э.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн зүйлгүй байна...” гэв.

Шүүгдэгч “...Хэлэх зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дэх тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Э.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлын нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.У нь өөрийн хүүхдийн дэргэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд шүүгдэгч Э.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн төлсөн зэргийг харгалзан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ял хийлгэх ял оногдуулах нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-д  оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.У нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Э-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-д 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-д  оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Э.У-д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР