Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 157/ШШ2022/00022

 

 

 

 

 

 

 

   2022       03        16                                         157/ШШ2022/00022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О аймаг, Б сумын Урт багийн 5-21 дүгээр байрны 25 тоотод оршин суух, Б овогт А-ын Г /РД:............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сумын 4 дүгээр баг, Ж-ын         9-912 тоотод оршин суух, Б овогт Т-ын М  /РД:........./-д холбогдох,

“2,430,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э., хариуцагч Т.М,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ  нь:

1.Нэхэмжлэгч А.Г нь Т.М-д холбогдуулан 2,430,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Миний бие нь өөрийн хадгаламжийн барьцааны мөнгөнөөс сайхан сэтгэл гаргаж найз Н-ийн дансанд 2020 оны 07 дугаар сарын 06-нд шилжүүлсэн. Тухайн үед Т.М танд маш их баярлалаа, боломжоороо буцааж төлнө гэсэн боловч одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй байна. Иймд Т.М-с 2,430,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай эгч Г нь 2021 оны 7 дугаар сарын 06-нд хадгаламж барьцаалсан зээл 2,163,000 төгрөг аваад Т.М-ын зээлсэн хүнд 2,163,000 төгрөг төлсөн. Г эгч 2,430,000 төгрөг нэхэмжилсэн ба үүнд нь 2,163,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, мөн хүү багтсан гэсэн. Одоо Т.М-с 2,163,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байна гэв. 

2.Хариуцагч Т.М нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж тайлбарлав.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оны 07 сард А.Г эгч Э хотын үйлдвэрт ажилд оруулж өгнө гэхээр нь Б-өөс /Grand mark/ машинаа зарж гэрээ нүүлгэн Э хот руу явсан. Очоод ажилд орж чадаагүй удсаны улмаас хэрэглээний мөнгөө зээлж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа гэрээ зараад А.Г эгчийн Рашаант 11-11 тоотод байрлах хашаа байшинг сарын 60,000 төгрөгөөр түрээслэсэн. Хүүтэй мөнгөн дээр  байрны түрээс нэмэгдэж ажилдаа ч орж чадахгүй аргаа барсаны улмаас Б рүү нүүсэн. Ирээд орох оронгүй хэсэг хугацаанд эгчийндээ амьдарч байгаад гэр авах гэж 1,500,000 төгрөг зээлж гэр авсан. Тухайн үед А.Г эгчээс авсан нийт  мөнгө 5,300,000 төгрөгний хүүг хүүхдийн мөнгө болон улсаас карантины гэж хүн бүрт өгсөн 300,000 төгрөг өгснөөс 2 том хүн, 3 хүүхдийн мөнгө 1,500,000 төгрөг дээр ээжийнхээ тэтгэврийг зээлүүлж 1,000,000 төгрөг зээлүүлж нийт 2,500,000 төгрөг зээлсэн мөнгө болох 5,300,000 төгрөгнөөс хасуулсан. А.Г эгчид 2020 оны 03 сарын 03-наас 2021 оны 03 сарын 18 хүртэл нийт хүү 2,300,000 төгрөг өгсөн. Манай нөхрийг ажилд оруулж өгнө гэж надаас 500,000 төгрөг авсан. Ажилд ороогүй учраас зээлсэн мөнгөнөөсөө хасуулсан. Одоо миний бие нь ЕБС-ийн 1-3 дугаар ангийн 2 хүүхэд, 0-3 насны 2 хүүхэдтэй, сургуулийн хоёр хүүхдээ хүргэж, өгч авдаг. Мөн нялх 2 хүүхэдтэй учир ажил эрхлэх боломжгүй, нөхөр маань одоогоор эрхэлсэн ажилгүй, нөхөр бид 2 одоогоор эрхэлсэн ажилгүй, сарын тогтмол орлогогүй тул А.Г-ийн нэхэмжилсэн 2,430,000 төгрөгийг төлөх чадваргүй учраас хүү болон нийт төлсөн мөнгөн дүн 5,300,000 төгрөгөөр цайруулах хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хамгийн анх 2019 онд 2,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, сарын хүүнд 100,000 төгрөг төлж байгаад 2020 онд 1,400,000 төгрөгийг нэмж зээлж авч, хүүнд сард 160,000  төгрөг төлж байсан. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 29-нд 1,500,000 төгрөг зээлж, 160,000 төгрөгийг хүүнд суутгуулаад 1,360,000 төгрөгийг Г эгчээс дансаар авч байсан. Сарын хүүнд 230,000 төгрөг төлж байсан. Энэ зээлсэн 4,900,000 төгрөг дээр 2 сарын хүү 400,000 төгрөг нэмэгдэж 5,300,000 төгрөг болсон. Энэ 5,300,000 төгрөгнөөс миний төлсөн 3,000,000 төгрөгийг хасаад үлдсэн 2,300,000 төгрөгийг хадгаламж барьцаалсан зээл авч миний өмнөөс төлсөн гээд байгаа юм. Түүнээс би Наранчимэг гэж хүнийг танихгүй, энэ хүнээс мөнгө зээлж байгаагүй.

Харин би 2021 оны 4 дүгээр сарын 17-нд 2,500,000 төгрөг, үүнээс өмнө ажилд оруулж өгнө гэхээр нь 500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг,  зээлийн хүүнд нийт 2,893,000 төгрөг, нийт 5,893,000 төгрөгийг Г эгчид төлсөн. Бидний хооронд бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй. Анхнаасаа амаараа тохиролцоод л хүүтэй мөнгө зээлсэн. Тиймээс энэ төлсөн мөнгөөрөө зээлсэн мөнгийг төлсөнд тооцуулах хүсэлтэй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс:

-Өөрийн ХААН банкин дахь 5753........ тоот дансны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” 2 хуудас, /хх-ийн 3, 49 дүгээр хуудас/

-Хоорондоо утсаар харилцсан захидлууд /хх-ийн 4, 50-61 дүгээр хуудас/ нийт 15 хуудас нотлох баримтыг,

Хариуцагчаас:

-Өөрийн  ХААН банкин дахь 5946....... тоот дансны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” 33 хуудас /хх-ийн 14-46 дугаар хуудас/ нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь шаардах эрхээ “Т.М-ын өмнөөс хадгаламж барьцаалсан зээл авч найз Н-ийн дансанд шилжүүлсэн тул 2,430,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж  тодорхойлсон байна.

3.Хариуцагч нэхэмжлэлийг “Би Г- эгчид 5,300,000  төгрөгийн өртэй ба үндсэн зээлэнд 3,000,000 төгрөг, хүүнд 2,893,000 төгрөг, нийт 5,893,000 төгрөг төлсөн тул дахиж мөнгө төлөх боломжгүй” гэсэн  үндэслэлээр үгүйсгэж мэтгэлцэв.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудаар хариуцагч Т.М- нь 2019 оноос эхлэн нэхэмжлэгч А.Г-с 3 удаа амаар тохиролцон хүүтэй мөнгө зээлж байсан гэх үйл баримт тогтоогдож байна. 

5.Талуудын маргааны зүйл нь зээлийн хүү байх ба мөнгө зээлсэн болон бичгээр гэрээ байгуулаагүй гэх үйл баримтад талууд  маргаагүй байна.

6.Дээрх үйл баримтуудыг дүгнэн үзэхэд нэхэмжлэгч А.Г, хариуцагч Т.М нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан байна.

Зээлдүүлэгч А.Г нь зээлдэгч Т.М-тай амаар хэлэлцэн тохиролцож, түүний өмчлөлд 4,760,000  төгрөг /2,000,000+1,400,000+1,360,000/ шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Т.М-с зээлүүлсэн үндсэн мөнгийг шаардах эрхтэй.

Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан ба талууд хүү тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Т.М-с зээлийн хүү шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Т.М-с 2,430,000 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь өөрт итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагч Т.М-с 2,163,000 төгрөг гаргуулах тайлбар гаргав.

Нэхэмжлэгч А.Г нь хадгаламж барьцаалсан зээл авч найз Н-т 2,163,000 төгрөгийг хариуцагч Т.М-ын өмнөөс шилжүүлсэн гэх боловч хариуцагч Т.Мнь “...би Н гэж хүнийг танихгүй, мөнгө зээлж байгаагүй” гэж тайлбарласнаас үзвэл Т.М н.Н нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн ХААН банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-ыг шинжлэн судалж дүгнэвэл: Хариуцагч Т.М нь нэхэмжлэгч А.Г-н дансанд 5,451,000 төгрөг шилжүүлсэн, харин нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Т.М-д дансаар 2,594,000 төгрөг /үүнд сүүлд зээлсэн 1,360,000 төгрөг орсон/, Т.М-ын зээлсэн гэж зөвшөөрсөн 3,400,000 төгрөг, нийт 5,994,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Хариуцагч Т.М нь ажилд орох зорилгоор 500,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Г-д шилжүүлж байсныг дээрх зээлэнд тооцуулах хүсэлтэй байна гэж тайлбар гаргасан ба 500,000 төгрөг шилжүүлсэн нь баримтаар нотлогдоогүй тул хасаж тооцох үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь хуульд зааснаар хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхгүй тул талуудын хоёр биендээ шилжүүлсэн мөнгөн дүнг харилцан тооцож, зөрүү 543,000 төгрөгийг хариуцагч Т.Мөнхзулаас гаргуулж, нэхэмжлэгч А.Г-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

7.Нэхэмжлэгч А.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,830 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар 543,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 16,940 төгрөгийг хариуцагч Т.М-с  гаргуулан нэхэмжлэгч А.Г-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.М-с 543,000 /таван зуун дөчин гурван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Г-д олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч А.Г-ас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,830 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Т.М-с улсын тэмдэгтийн хураамжид 16,940 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Г-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ