Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1143

 

                 

 

                                           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

хохирогч Б.С,

шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308030840674 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Б овогт О-ын Ц, Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***1, урьд:

Төв аймгийн шүүхийн 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1993 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 1993 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 150,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1 жил 4 сар 22 хоногийн өмнө суллагдсан.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ц нь хохирогч Б.С-ын эзэмшлийн *** УАА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч О.Ц нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо *** дугаар байрны хойд талд байрлуулж тавьсан хохирогч Б.С-ын эзэмшлийн *** УАА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг чулуугаар цохиж, урд салхины шил, баруун хойд, зүүн хаалганы шилнүүдийг хагалж, мөн урд капот, дээвэр, баруун урд, зүүн урд багануудыг хонхойлгож гэмтээсний улмаас нийт 1,640,000 төгрөгийг хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн  11-13 дахь тал),

- Хохирогч Б.С-ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, *** тоотод амьдардаг юм. 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооллын ард талын замаар өөрийн эзэмшлийн приус 30 маркийн машинтай гэртээ харих гэж явж байгаад зам түгжрэлтэй байхаар нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, *** дугаар байрны хойд талд машины байрлуулаад гэр лүүгээ алхаад явчихсан юм. Өглөө 7 цагийн үед манай хүүхэд над руу залгаад цагдаагийн байгууллагаас шөнө над руу яриад байна, таны машиныг нэг хүн шилийг нь хагалчихсан юм шиг байна гэхээр нь би машины тавьсан газар очоод үзтэл миний машин өчигдөр тавьсан байрандаа жолоочийн ард талын цонх, жолоочийн эсрэг талын цонх, жолоочийн эсрэг талын ард талын цонх, машины урд талын салхины шил буюу том шилийг хагалсан, машины хамрын хэсэг сэв зураас болсон, ард талын антенны хажууд хонхойсон байдалтай байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад ирсэн. Би автомашинаа 2021 онд 16,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би өөрөө автомашиндаа их анхаардаг хүн. Миний машинд ямар нэгэн сэв зураас гэх мэт зүйл байгаагүй. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал),

- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 23-26 дахь тал),

- Гэрч Б.Г-ын “...Би тухайн үед гэртээ шөнө унтаж байтал манай цонхны доор юм нүдээд байх чимээ гараад би босоод цонхон дээрээ очоод хартал нэг эрэгтэй хүн гартаа том зүйл барьчихсан орилоод автомашин цохиод байсан. Би шууд л цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Удалгүй шуурхай цагдаагийн алаг тэрэг ирэхээр нь би цонхон дээрээ зогсож байгаад тэр хүн энэ машиныг эвдэлж гэмтээсэн гэж зааж өгсөн чинь цагдаагийн алба хаагчид очоод бариад авахаар нь би буцаад ор луугаа орсон. ...Нөгөө машин цохиод байсан залууг хараад байсан чинь ерөөсөө ийш тийшээ явсан зүйл байхгүй, харин орилоод л нэг приус 30 маркийн машиныг цохиод байсан. Би царайг нь харвал танина. 50-60 насны эрэгтэй, өндөр нуруутай, туранхай, ноорхой хувцастай эрэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

- Гэрч Э.А-ын “...Би тухайн дуудлага мэдээллийг аваад түргэн шуурхай очсон. Надтай хамт гарч байсан жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Г.А ч байсан. Намайг очиход нэг эрэгтэй хүн байрны цонхны хэсгээс тэнд зогсож байгаа эрэгтэй хүн наана чинь байгаа цэнхэр өнгийн приус машиныг ямар нэгэн зүйлээр цохиод эвдэлж гэмтээсэн гэж хэлэхэд би нөгөө залуу дээр очоод бариад авсан. Би тухайн залуу дээр очоод юу болсон талаар асуухад надад юу ч хэлэхгүй байсан. Өндөр нуруутай, бага зэрэг бууралтсан үстэй, ноорхой хувцастай, 55-65 насны орчим эрэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол“ гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Б.С-ын эзэмшлийн *** УАА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 1,640,000 төгрөгөөр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад зааснаар бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч О.Ц-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий, тэрээр хохирогч Б.С-ын эзэмшлийн *** УАА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг чулуугаар цохиж гэмтээж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч О.Цгийн хохирогч Б.С-ын эзэмшлийн *** УАА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг чулуугаар цохиж гэмтээсэн үйлдэл, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч О.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч О.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-оос 1,640,000 төгрөг гаргуулж хохирогч Б.С-д олгож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “ ... Шүүхээс шүүгдэгч О.Ц-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 19 хоногийн ял дээр зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт 1 жил 5 сар 19 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн нийт цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна ...гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох  Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), Асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 53-61 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах (хавтаст хэргийн 66 дахь тал), Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 150-163 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч О.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүгдэгч О.Ц нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлж дуусаагүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ялын нэг хоногийг хорих ял нэг хоногоор тооцож, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 07 /долоо/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шүүгдэгч О.Ц-ийн биечлэн эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цгийн цагдан хоригдсон нийт 44 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ц-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт О-ын Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-д 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ц-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын  нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 07 /долоо/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ийн биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ийн цагдан хоригдсон нийт 44 /дөчин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-оос 1,640,000 /нэг сая зургаан сая дөчин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.С-д олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ц-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.АМАР