Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2022/00170

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2022/00170

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: А.Т-н нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Т, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Т нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн А.Т миний бие 1988 оны 09 сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. Би 2012-2017 оны хооронд Бизнес удирдлага, маркетингийн чиглэлээр Англи Улсын Лондон хотод бакалаврын зэрэгтэй суралцаж төгссөн. Манай нөхөр Улаанбаатар хотын уугуул иргэн хүн байдаг. Түүнтэй гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон. Манай нөхөр Говь-Алтай аймагт ажиллаж амьдрах боломжтой гээд энд ирсэн. 2018 оноос Говь-Алтай аймагт нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 02 дугаар 15-нд нийт 9 ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан бөгөөд би Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төвийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоонд шалгалт өгч тэнцэж, 2021 оны 03 дугаар сарын 29-нд Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төвийн даргын Б/08 дугаар Ажилд томилох тухай тушаалаар төсөл хөтөлбөрийн боловсруулалт хариуцсан ажилтнаар томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум дээр Эрүүл шийдэл эко жорлон төслийг орчуулж, төслийн 51 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг авахад шаардагдах бичиг баримт болон төслийн удирдамжийг хийж гүйцэтгэсэн. Энэхүү төсөл нь Германы элчин сайдын яамнаас жил бүр зарладаг төсөл бөгөөд бүх өргөдлийн маягт заавар нь англи герман хэл дээр явагддаг. Энэхүү төслийн материалыг хийж улмаар шалгарч 2021 оны 07 сарын 15-нд гэрээ байгуулж, 2021 оны 12 сарын 10-нд манай аймагт амжилттай хэрэгжсэн. Миний энэ хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлэн тухайн үеийн байгууллагын дарга М.Б намайг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон. Миний хувьд тухайн ажлын байранд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл байгууллагын шинээр томилогдсон дарга Т.Э нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай Б/29 тоот тушаалыг үйлдэж надад тус өдрөө гардуулж цомхотголоор намайг ажлаас чөлөөлөх болсон гэсэн. Миний ажиллаж байсан ажлын байр байгаа, мөн орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлж байгаагаа надад хуульд заасан хугацаанд мэдэгдэлгүйгээр шууд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажлаас чөлөөлж хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан байх тул 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төвийн Улсын төсөвт үйлдвэрийн газрын төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт хариуцсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Эхлээд ажиллахад төсөл боловсруулалт гэсэн ажлын орон тоон дээр ороод ажиллаж байх хугацаандаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум дээр авсан гээд байгаа 51 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг авч ажилласнаар Б дарга намайг үнэлсэн. Түүний дараа хөрөнгө боловсруулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон. Б-ын гэр бүлийн үр хүүхэд нь өвчтэй байсан болохоор намайг төсөл хөрөнгө оруулалтын мэргэжилтэн болгосон боловч ажлын байрны гэрээ хийгээгүй. Учир нь дарга хотод ажилтай яваад байсан. Тэгээд 10 сарын 01-нд А гэдэг шинэ даргатай болсон. А даргатай төсөл хөрөнгө оруулалт боловсруулалтын ажилтнаар гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажсан байгаа. Энэ гэрээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах ёстой байсан. Миний үзэж байгаагаар төсөл хөрөнгө оруулалт боловсруулалтын ажилд нягтлан хүн байх ёстой гэж Э дарга хэлсэн. Тэгээд би өөрт нь хэлж байсан, би нягтлан биш өөрийнхөө мэдлэг ур чадварын хүрээнд тэнцсэн, би бизнес удирдлагаар төгссөн өөр мэргэжлийн хүн гэхдээ энэ хүн намайг нягтлан давхар хийх шаардлагатай гэж хэлсэн. Би хийж чадахгүйгээ хэлэхэд чамайг тэгвэл ажлаас хална гэдэг байр суурийг илэрхийлсэн байгаа. Гэрээ 12 сарын 31-нд дуусах байсан боловч 12 сарын 26-нд надад утсаар ажлаас халах тухай мэдэгдэж хэлсэн. 2021 оны 12 сарын 28-нд надад ажлаас халах шийдвэрийг маань гардуулж өгсөн. Инноваци судалгаа бизнес хөгжлийн төвийн даргын улсын төсөвт үйлдвэрийн газрын 2020 оны 12 дугаар сарын 31-нд байгуулагдсан боловч энэ хооронд гурван удаа дарга сольчхоод байгаа гэв. Энэ тогтворгүй улс төр намаас болж миний орон тоон дээр өөр хүн авчихсан байгаа гэв.

Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Т.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Инноваци судалгаа бизнес хөгжлийн төвийн энэ байгууллага нь 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 75 дугаар тушаалаар байгуулсан байгууллага юм. Энэ байгууллага нь 2 албатай 11 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэхэмжлэгч А.Т-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч А.Т нь манай байгууллагад түр гэрээгээр буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тухайн үеийн байгууллагын захирал байсан А.А-тай 3 сарын туршилтын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байсан. Уг гэрээний хугацааг 2021.12.31-ний өдрөөр Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу гэрээг дуусгавар болгосон болно. 2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаар тогтоолоор манай байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталж төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний ажлын байрыг өөрчилж баталсан. Уг шинээр батлагдсан ажлын байранд дээрх иргэн нь нийцэхгүй болсон. Иймд нэхэмжлэгч А.Т-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. А.Т-н хэлсэн 50 сая төгрөгийн төсөл бичээд дэмжигдээд явсан гэж байна. Энэ тухайд манайх 2 албатай нэг нь төсөл хөтөлбөрийн алба нөгөөдөх нь инноваци судалгааны алба гэсэн 2 албатай байгаа. Төсөлд хөтөлбөрийн албанд ахлах мэргэжилтэн Н гэдэг хүн ахлаад бүх төсөл хөтөлбөрүүдээ бичээд зангидаад явдаг. А.Т нь төсөлт хөтөлбөрийн хөрөнгө оруулалт гэдэг албан тушаал дээр намайг ороход хариуцан ажиллаж байсан. Ингээд энэ хүн өмнөх А захиралтай 10 сарын 01-ний өдөр 13 дугаартай гэрээ байгуулаад 3 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байсан үеийг нь судлаад үзэхэд А захирал ажлаа хариуцлагагүй хийж байна гэж чөлөөлөх асуудлыг тавьж байсан байгаа юм. Тэгээд 3 сарын гэрээгээр байгуулаад хараад үзээч гээд 2021 оны 10 сарын 01-нд гэрээ байгуулаад ажилласан байдаг. Миний хувьд хоёр үндсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Өөрөө сая бас хэллээ хөрөнгө оруулалт санхүү хариуцсан хүн Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 100 дугаар тогтоолоор манай бүтэц шинэчлэгдсэн байгаа төсөлт хөтөлбөр санхүү хариуцсан гээд манай зайлшгүй нягтлан авах шаардлагатай байсан. Нэгдүгээрт гэрээний хугацаа 12 дугаар сарын 31-ээр дуусгавар болгосон хоёрдугаарт 2021 оны 100 дугаар тушаалаар энэ хүн санхүүгийн мэргэжилтэй хүн байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй учраас ажлаас нь чөлөөлсөн байгаа гэв.

Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/29 дугаар тушаал,

-мөн төвийн даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаар тушаалын хуулбар,

-мөн төвийн даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/15 дугаар тушаал,

-А.Т-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт.

 

Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/29 дугаар тушаал,

-А.Т-ын 2021 оны 13 дугаар хөдөлмөрийн гэрээ,

-Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаар тогтоол, уг тогтоолын 01, 02 дугаар хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн б/76 дугаар Т.Э-г ажилд томилох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төвийн дотоод журам.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төвийн Төсөл хөтөлбөрийн боловсруулалт хариуцсан ажилтны албан тушаалын тодорхойлолт,

- Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 75 дугаар тогтоол, уг тогтоолын 01, 02, 03 дугаар хавсралт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч А.Т нь Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч А.Т нь Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газарт 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төсөл хөтөлбөрийн боловсруулалт хариуцсан ажилтнаар, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт хариуцсан ажилтнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төвийн даргын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/08, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/15 дугаар тушаалууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 5-6 дахь тал/

Улмаар тус төвийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/29 дугар тушаалаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн А.Т-г 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хавтаст хэргийн 4 дэх тал/

Нэхэмжлэгч А.Т нь ...байгууллагын шинээр томилогдсон дарга Т.Э нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай Б/29 тоот тушаалыг үйлдэж надад тус өдрөө гардуулж цомхотголоор намайг ажлаас чөлөөлөх болсон гэсэн. Миний ажиллаж байсан ажлын байр байгаа, мөн орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлж байгаагаа надад хуульд заасан хугацаанд мэдэгдэлгүйгээр шууд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажлаас чөлөөлж хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан... гэж мэтгэлцэж байна.

Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Т.Э нь Нэгдүгээрт гэрээний хугацаа 12 дугаар сарын 31-ээр дуусгавар болгосон хоёрдугаарт 2021 оны 100 дугаар тушаалаар энэ хүн санхүүгийн мэргэжилтэй хүн байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй учраас ажлаас нь чөлөөлсөн гэж татгалзжээ.

1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулиар хүчингүй болжээ.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байх тул уг хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнөх харилцаанд хуучин Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхээр байх тул уг шүүхийн шийдвэрт 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримталсан болно.

Хөдөлмөрийн хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заажээ. Нэхэмжлэгч А.Т нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газар нь А.Т-тэй 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалт хариуцсан ажилтнаар ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн А.Т-г ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн хууль /1999 он/-ийн 37 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл, мөн хуулийн 38 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг тус тус заасан байна. Мөн хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны эсвэл ажил олгогчийн санаачилгаар цуцална. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай.

Аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 75 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын орон тоо, бүтцийг баталж, албан тушаалын тодорхойлолтод Төсөл хөтөлбөрийн боловсруулалт хариуцсан ажилтан нь Англи хэлний орчуулагч мэргэжилтэй байхаар заажээ. А.Т нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Төсөл хөтөлбөрийн боловсруулалт хариуцсан ажилтнаар томилогдсон байна.

Улмаар Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаар тогтоолын 01-р хавсралтаар Инноваци судалгаа бизнес хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын албан тушаал, цалингийн жишгийг шинэчлэн баталсан байх бөгөөд уг хавсралтад албан тушаалын нэр нь төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, санхүү хариуцсан ажилтан болж өөрчлөгдсөн, албан тушаалын тодорхойлолтод мэргэжил эдийн засагч; нягтлан бодогч байхаар заажээ.

Хариуцагч нь шүүх хуралдаанд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаар тогтоолоор манай байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталж төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний ажлын байрыг өөрчилж баталсан. Уг шинээр батлагдсан ажлын байранд дээрх иргэн нь нийцэхгүй болсон гэж маргажээ.

Нэхэмжлэгч А.Т нь ...төсөл хөрөнгө оруулалт боловсруулалтын ажилд нягтлан хүн байх ёстой гэж Э дарга хэлсэн. Тэгээд би өөрт нь хэлж байсан, би нягтлан биш өөрийнхөө мэдлэг ур чадварын хүрээнд тэнцсэн, би бизнес удирдлагаар төгссөн өөр мэргэжлийн хүн гэхэд энэ хүн намайг нягтлан давхар хийх шаардлагатай гэж хэлсэн. Би хийж чадахгүйгээ хэлэхэд чамайг тэгвэл ажлаас хална гэдэг байр суурийг илэрхийлсэн... гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан ...аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдэгт "орон тоо хасагдах" гэдгийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг, "орон тоо цөөрүүлэх" гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг тус тус ойлгоно.

Тодруулбал хуулийн дээрх заалтаар Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ажлын байрны нэршил, албан тушаалын тодорхойлолт өөрчлөгдсөнийг тухайн байгууллагын бүтцээс уг ажил, албан тушаал хасагдсан гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл нь аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай холбогдох заалт байх бөгөөд уг заалт нь 4 хэсэгтэй, 33.5 гэх заалт байхгүй байхад хуульд байхгүй заалтыг баримтлан ажилтныг чөлөөлсөн нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А.Т-г Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч А.Т-г Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь шүүх хуралдаанд 12 сарын 28-нд тушаал гаргасан гэхдээ 12 сарын 31-ний өдрөөр цалинг нь бүтэн бодоод ажил амралтын бүх тооцоог хийгээд ажлаас нь чөлөөлсөн байгаа гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 2022 оны 01 дүгээр сарын 24-ээс хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хөдөлмөрийн хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу А.Т-н 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 41 хоногийн олговор 2,310,719 /хоёр сая гурван зуун арван мянга долоон зуун арван есөн/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.2-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж зааснаар нэхэмжлэгч А.Төгсжаргалын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн цалингийн жагсаалтаас 2021 оны 10, 11, 12 дугаар сарын цалингаас 1 сарын цалингийн дундажийг тооцсон болно.

Хөдөлмөрийн хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.2-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч хариуцагч Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2,310,719 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 51,921 төгрөг, нийт 102,121 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Т-г Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,310,719 /хоёр сая гурван зуун арван мянга долоон зуун арван есөн/ төгрөгийг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч А.Т-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Т-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 2,310,719 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 51,921 төгрөг, нийт 102,121 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Инноваци судалгаа бизнес хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ