| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 183/2023/01842/И/Н |
| Дугаар | 001/ХТ2026/00040 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2026/00040
Б.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Батзориг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Б.Г-ын А.У-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгө, автомашины хоёр зогсоолыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,
А.У-ын Б.Г, Р.Б, “УТ” ХХК-д тус тус холбогдох үл хөдлөх эд хөрөнгө, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, 98 хувийн гүйцэтгэлтэй, Б.Г-ын өмчлөлд бүртгэгдсэн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон энэ гэрчилгээг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон *** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Б.Г, “УТ” ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан амрагчийн сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй нэгтгэсэн иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч А.У-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө, автомашины хоёр зогсоолыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч А.У эс зөвшөөрч маргасан ба А.У нь Р.Б, Б.Г, “УТ” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, 98 хувийн гүйцэтгэлтэй, Б.Г-ын өмчлөлд бүртгэгдсэн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон энэ гэрчилгээг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон *** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Б.Г, “УТ” ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан амрагчийн сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба энэ хоёр хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар нэгтгэн хянан шийдвэрлэсэн байна.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04612 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Б.Г-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав, *** тоот, 240 м.кв талбайтай 4 өрөө, амрагчийн сууцны хууль бус эзэмшлээс А.У-ыг чөлөөлж, мөн байрны зоорийн давхарт байрлах, хоёр ширхэг автомашины зогсоолыг А.У-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Б.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар Б.Г, Р.Б нарт холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав, *** тоот амрагчийн орон сууц, хоёр ширхэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, Б.Г-ын өмчлөлд 98 хувийн гүйцэтгэлтэй бүртгэгдсэн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон энэ гэрчилгээг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон *** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай А.У-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар Б.Г, “УТ” ХХК нарт холбогдох “УТ” ХХК, Б.Г нарын хооронд байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн амрагчийн сууц захиалгаар бариулах тухай 23 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай А.У-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.У-аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэгч А.У-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,506,100 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2025/01836 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч Б.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие өөрийн өмчлөх эрхээ шүүхээр хамгаалуулахаар 2020 оноос хойш эрх бүхий байгууллагад болон шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.22-ны өдрийн 210/МА2025/01836 дугаар магадлалаас болж, өөрийн өмчлөх эрхээ сэргээж чадаагүйд гомдолтой байх тул уг магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Нэг. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй байдлын тухайд: Шаардах эрхийн урьдчилсан нөхцөлийг зөрүүтэй хэрэглэсэн байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.29-ний өдрийн 192/ШШ2025/04612 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ын нэхэмжлэлтэй, А.У-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгө буюу *** тоот амины орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.У-ын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.22-ны өдрийн 210/МА2025/01836 дугаар магадлалын “хянавал” хэсгийн 8-д "Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн урьдчилсан гурван нөхцөлүүдээс ... “хариуцагч хөрөнгийг эзэмшилдээ байлгаж байгаа үйлдэл хууль бус байх” нөхцөл нь Р.Б, А.У болон тэдгээрийн хамааралтай хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилттэй шууд шалтгаант холбоотой байх тул шүүх дээрх гэрээний хэрэгжилтийг дүгнэхгүйгээр хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг шийдвэрлэх боломжгүй" хэмээн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг анхан болон давж заалдах шатны шүүхээс хоёр өөрөөр тайлбарлаж, хэрэглэсэн. Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулах үед буюу 2012 онд тухайн барилга баригдаагүй байсан ба тухайн төслийг хариуцсан “УТ" ХХК-тай ажлын хөлсөнд 165,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Р.Б болон А.У нарын хооронд 2015 онд байгуулсан гэрээнүүд нь ямар учир шалтгаанаар А.У-ын эзэмшпийг хууль ёсны хэмээн дүгнэхэд хүргэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.
Хариуцагч Р.Б, А.У нарын төлбөрийн үүргийн тооцооллын зөрүү нь Б.Г-ын үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тодруулбал, хариуцагч А.У хөрөнгийг эзэмшилдээ байлгаж байгаа үйлдэл хууль бус байх нөхцөл бүрэн хангагдсан. Б.Г нь А.У-тай гэрээ байгуулаагүй бөгөөд Р.Б-ын байгуулсан гэрээнүүд нь надад ямар ч хамааралгүй, тэрхүү гэрээнүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн. А.У-тай Р.Б *** тоот гэрээ байгуулах гэж байгаа талаар, байгуулсан эсэх талаар өмнө нь юу ч хэлж байгаагүй. А.У-ыг тухайн байранд амьдарч буйг мэдсэн даруйдаа Р.Б-аас юу болж байгааг тодруулахад “байж бай, 100 хувийн гүйцэтгэлтэй болоогүй учраас түр хүлээж бай, 100 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө” гэж хэлдэг байсан.
Тодруулбал, Анх миний бие “УТ” ХХК-тай 2012 онд тухайн *** тоот амины орон сууцыг захиалгаар бариулах гэрээ байгуулсан буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заасан хөлсийг бүрэн төлсөн. Тухайн барилгыг Р.Б гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй ба нэг айлын хүргэд учраас миний бие Р.Б-ын үгэнд орж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг хүлээсэн. Улмаар 2014.03.13-ны өдөр *** тоотын 98 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгч болсон ба тухайн үед Р.Б өмчлөх эрх чинь 100 хувийн гүйцэтгэлтэй болоогүй, улсын комисс ажиллаагүй учраас түр хүлээх хүсэлтийг гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 2020.12.18-ны өдрийн гэрчилгээгээр *** тоот үл хөдлөх эд хөрөнгийн 100 хувийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй болсон. Анхнаасаа миний бие Р.Б-ын баз хүргэн гэдгээ шүүхэд илэрхийлсэн, гэтэл шүүхээс намайг Р.Б-ын баз хүргэн гэдгээр А.У-ын эзэмшлийг хууль бус эсэх нь эргэлзээтэй гэх агуулгаар тайлбарлаж, энэ тохиолдолд өөрийн баз хүргэндээ итгэж, хүлээсэн нөхцөл байдлыг буруугаар тайлбарлаж, Р.Б, А.У нарын тооцооны асуудлыг үндэслэн миний өмчлөх эрхийг хангахгүйн тулд Р.Б-ын асуудлыг надад халдаасан давж заалдах шатны шүүхэд гомдолтой.
Өмчлөгчийн шаардах эрхийг шалтгаант холбоогоор хязгаарласан нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд миний үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг “Р.Б, А.У болон тэдгээрийн хамаарал бүхий компанийн гэрээний хэрэгжилттэй шууд шалтгаант холбоотой” гэх агуулгаар дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шууд шалтгаант холбоо гэдэг нь аливаа эрх зүйн зөрчилд бодит хохирол учирсан эсэхийг тогтоох ажиллагаа буюу буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нөгөө талд учирсан хохирлыг зайлшгүй үүсгэсэн байх ойлголт гэж үзэж байна.
Тодруулбал, Гэрээний нэг тал зөрчил гаргаагүй бол нөгөө талд хохирол учрахгүй байсан гэх үндэслэл нотлогдсон буюу зөрчлийн хэлбэр, агуулга нь хохирлын төрөл, хэмжээнд нөлөөлсөн тохиолдолд тэдгээрийн хооронд харилцан хамааралтай, шалтгаант холбоотой гэж дүгнэх үндэслэл бүрдэхээр хуульчлагдсан. Энэ тохиолдолд Р.Б, А.У нарын хооронд байгуулсан гэрээнүүд нь Б.Г-ын үйлдэлтэй хамааралтай эсэх, А.У-д хохирол учирсан эсэх, тэрхүү хохирлоо нэхэмжилсэн эсэх, зөрчил ба хохирлын хооронд шалтгаант холбоо, Б.Г-ын гэм буруу тогтоогдсон гэж үзэх эсэхийг давж заалдах шатны шүүхээс заавал дүгнэх ёстой боловч ийнхүү дүгнээгүй буюу дүгнэж чадаагүй байна.
Үндсэн хуульд зааснаар өмчлөх эрх нь аливаа эд хөрөнгөд тогтоосон ноёрхлын бүрэн эрх бөгөөд эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой болон эдийн засгийн эргэлтэд оролцогчдын хооронд эд хөрөнгийг хуваарилах, солилцох шаардлагатай холбоотой үүсдэг эрх зүйн харилцаанд оролцогчдын субьектив эрх гэж тайлбарлагддаг. Гэвч би А.У-ын өмнө хууль болон гэрээнд заасан үүрэг хүлээгээгүй буюу огт гэрээ байгуулаагүй учраас ямар нэгэн зөрчил гараагүй, А.У-д хохирол учруулаагүй тул бидний хооронд аливаа шалтгаант холбоо гэж байхгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөлд эрх зүйн зөрчлийн хүрээнд тайлбарлагддаг шалтгаант холбоо хамаарахгүй, хууль ёсны өмчлөгчийн шаардах эрхийг зөрчлийн улмаас үүсэх шалтгаант холбооны нөхцөлөөр хязгаарлах мэтээр дүгнэлт хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлал эрх зүйн үндэслэлгүй.
Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь магадлалд нөлөөлсөн тухайд: Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагч А.У нь 2025.08.06-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн 2025.08.21-ний өдрийн “Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” 210/ЕШ2025/01906 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар Б.Г-ын нэхэмжлэлтэй, А.У, Р.Б, “УТ” ХХК нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ц.А, бүрэлдэхүүнд шүүгч Д.З, О.О нарыг томилсон” шийдвэрийг албажуулсан байдаг. Улмаар давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2025.09.19-ний өдрийн 210/ЗТ2025/00290 дугаартай тогтоолоор “Хэргийн ачааллын улмаас тус хэргийн шүүх хуралдаан товлон зарлаагүй” гээд 30 хоногоор сунгасан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн 2025.10.15-ны өдрийн “Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай" 210/ЕШ2025/02330 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар “Шүүгчдийн зөвлөгөөний 2025.10.07-ны өдрийн 210/3Ш2025/00343 дугаар тогтоолоор шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох хэсэг, түүний дарааллыг өөрчлөн баталгаажуулсан. Мөн уг тогтоолоор 2025.10.21-ний өдрийн дотор шүүх хуралдаан нь товлогдоогүй хэргүүдийг шинээр хуваарилагдсан бүрэлдэхүүнээр шийдвэрлэхээр тогтсон тул шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг шинэчлэн албажуулна” гээд шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ч.М, бүрэлдэхүүнд шүүгч Э.Э, О.О нарыг томилсон” шийдвэрийг албажуулж, энэ бүрэлдэхүүнээр хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцсэн байдаг.
Нийт шүүгчийн чуулганы 2021.10.11-ний өдрийн 05 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ын 2.7-д “Хуваарилагдсан хэрэг, ... хүлээн авсан шүүгч, бүрэлдэхүүнд томилогдсон шүүгчийг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, үндэслэл үүссэн, эсхүл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох бусад нөхцөлд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилно” гэж зохицуулсан. Давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024.12.17-ны өдрийн 304 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, маргаан хүлээн авах, хуваарилах болон шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-ын 4.13-т “Шүүх хуралдаан хойшилсон нь шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөх үндэслэл болохгүй” гэж заасан. Дээрх зохицуулалтын агуулгаас авч үзвэл, нэгэнт хуваарилагдсан хэргийг дахин хуваарилах талаар хүндэтгэн үзэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй тохиолдолд буюу бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч удаан хугацаагаар эзгүй байгаагаас бусад тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй, өөр тойргийн багцаас шүүгч бүрэлдэхүүнд орохгүй байхаар журамлагдсан байна.
Түүнчлэн шинээр томилогдсон, шилжин томилогдож ирсэн, сэлгэн ажилласан, хүндэтгэн үзэх шалтгаанаар удаан хугацаагаар эзгүй байсан буюу тойрогт шинээр орж байгаа шүүгчид шинээр ирсэн хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хуваарилах нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 19.3, 19.4-т зааснаар давж заалдах шатны шүүхийн албан ёсны цахим хуудаст байршсан нийтлэг болон нарийвчилсан журмыг баримтлах учиртай гэж үзэж байна.
Гэтэл хэрэг нь давж заалдах шатны шүүхэд 2025.08.21-ний өдөр хүлээн авсан учраас үүнийг шинээр ирсэн хэрэг гэж үзэхгүй, мөн тухайн өдөр бүрэлдэхүүн албажсан ба давж заалдах журмаар хэрэг хэлэлцэх хугацааг 30 хоногоор сунгасан. Давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2025.10.07-ны өдрийн 210/ЭШ2025/00343 дугаар тогтоолоор шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох хэсэг, түүний дарааллыг өөрчлөн баталгаажуулсан гэх үндэслэлээр нэгэнт хүлээн авч, бүрэлдэхүүнийг албажуулсан, тэрхүү албажуулсан бүрэлдэхүүний шүүгчид Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ажилладаг байхад ямар учир шалтгаанаар ийнхүү өөр бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул хууль бус бүрэлдэхүүнээр давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.
Мөн хэрэгт Шүүгчдийн зөвлөгөөний 2025.10.07-ны өдрийн 210/ЭШ2025/00343 дугаар тогтоол авагдаагүй, энэ тохиолдолд тухайн тогтоолоор нарийвчлан зохицуулсан гэж үзэхгүй, нийтлэг журмаар зөвхөн шинээр ирсэн хэргийг хуваарилахаар зохицуулсан байхад нийтлэг журмыг нарийвчилсан журмаар зөрчих үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх бүрэлдэхүүнийг огтоос албажуулж, баталгаажуулаагүй атлаа магадлал гаргасан байдаг.
Хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.08.21-ний өдрийн “Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” 210/ЕШ2025/01906 дугаар Ерөнхий шүүгчийн захирамж, мөн 2025.10.15-ны өдрийн “Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” 210/ЕШ2025/02330 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжуудад “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.29-ний өдрийн 192/ШШ2025/03498 дугаар шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэх” бүрэлдэхүүнийг тус тус албажуулсан. Гэвч уг хэрэгт нэг л анхан шатны шүүхийн шийдвэр байгаа бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.29-ний өдрийн 192/ШШ2025/04612 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэж, хариуцагч тал уг шийдвэрт давж заалдах гомдол гаргасан.
Өөрөөр хэлбэл, хэрэгт 192/ШШ2025/03498 дугаар шийдвэр байхгүй. Улмаар магадлалын “Тогтоох" хэсгийн 1 дэх заалтаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.29-ний өдрийн 192/ШШ2025/04612 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон боловч давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнийг уг шийдвэрийг бүхэлд нь хянах, магадлал гаргахаар томилогдсон буюу албажсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Нотлох баримтуудыг буруу үнэлсний улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1-ийг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй болжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд эрх зүйн дүгнэлтийг зөрүүтэй хийсэн ба тухайн хэм хэмжээний “хариуцагч хөрөнгийг эзэмшилдээ байлгаж байгаа үйлдэл хууль бус байх” гэх урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэх бүрэн боломжтой байсан. Гэтэл Магадлалын “хянавал” хэсгийн 7-д “...хариуцагч нарын хооронд нэг дор байрлах хэд хэдэн ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон 4 ширхэг гэрээ баримтаар авагдсан, үүнээс зарим үл хөдлөх эд хөрөнгийг буцааж өгсөн гэж тайлбарлаж, одоо маргаж байгаа 23 тоот үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт А.У-аас тооцож өгсөн гэх хөрөнгийг хариуцагч Р.Б-ын зүгээс өөр гэрээний төлбөрт тооцож авсан, зарим хөрөнгийг хүлээж аваагүй гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх зөрүүтэй тайлбар, нотлох баримтын талаар хэргийн оролцогчоос тодруулах, чиглүүлэх зэргээр уг зөрүүг арилгах, улмаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй байна” гэж нэхэмжлэгч Б.Г-ын эрх зүйн байдлыг дордуулсан, хэрэгт хамааралгүй дүгнэлт хийсэн.
Тодруулбал, Миний бие анх 2022.06.05-ны өдөр А.У-д холбогдуулж, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба хариуцагч А.У хаяг дээрээ байдаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.11-ний өдрийн 3326 дугаар шийдвэрээр хариуцагч А.У-ыг эрэн сурвалжилсан. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2023.04.05-ны өдрийн 28к1_3/1898 дугаартай албан бичгээр тухайн хаяг дээр оршин суудаг талаар мэдэгдэл өгсний дагуу дахин нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг байнга хойшлуулдаг байсан бөгөөд хариуцагч А.У-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л ажиллагааг шүүхээр хийлгэсэн. Шүүхээс хариуцагчийн хариу татгалзлын хүрээнд бүхий л ажиллагааг гүйцэтгэж, диспозитив зарчмын хүрээнд мэтгэлцэх боломжоор хангасан байхад давж заалдах шатны шүүхээс “...зөрүүтэй тайлбар, нотлох баримтын талаар хэргийн оролцогчоос тодруулах, чиглүүлэх зэргээр уг зөрүүг арилгах, улмаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй” гэж шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь талуудын зарчимд нийцэхгүй байна.
Мөн магадлалын “хянавал” хэсгийн 8-д “Нэхэмжлэгч Б.Г-ын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн урьдчилсан гурван нөхцөлүүдээс “хөрөнгийн өмчлөгч байх”, “бодитоор хариуцагч хөрөнгөд эзэмшлээ тогтоосон байх” нөхцөлүүд хэргийн баримтаар хангагдсан хэдий ч “хариуцагч хөрөнгийг эзэмшилдээ байлгаж байгаа үйлдэл хууль бус байх” нөхцөл нь Р.Б, А.У болон тэдгээрийн хамааралтай хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилттэй шууд шалтгаант холбоотой байх тул шүүх дээрх гэрээний хэрэгжилтийг дүгнэхгүйгээр хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Р.Б, А.У нарын тооцооны зөрүү нь аль ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй, уг зөрүүтэй тайлбар, тооцоолол нь хэрэгт авагдсан баримтаар Б.Г-ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 28-д “Харин А.У, Р.Б-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу учирсан хохирлоо нэхэмжлэх эрх хуулиар нээлттэй" гэж зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэхүү дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс няцаан үгүйсгээгүй атлаа өмчлөгч бус хууль бус эзэмшигч А.У-ын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага Б.Г-д ямар ч хамааралгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдсон байхад шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна.
Тодруулбал, Өмчлөгч бус этгээд тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа тохиолдолд ямар эрх зүйн актын үндсэн дээр эзэмшил хууль ёсны гэдгээ нотлох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т заасан хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ огт биелүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж, хариуцагчийн эзэмшил хууль ёсны мэтээр тайлбарлаж, илтэд үндэслэлгүй дүгнэсэн. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь анхнаасаа Б.Г байсан ба хариуцагч А.У нь Б.Г-той ямар ч гэрээ байгуулаагүй буюу нэхэмжлэгч, хариуцагч нар нь үүргийн болон өмчийн хэлцэл хийгээгүй, А.У нь үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан арга, хэлбэрээр эзэмшилдээ аваагүй нь хэрэгт авагдсан баримтаас илэрхий харагдана.
Миний бие Р.Б-д *** тоот үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан амаар болон бичгээр зөвшөөрөл олгоогүй ба маргааны үйл баримтын талаар шүүхээс эцэслэн дүгнэж, эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нөхцөл бүрдсэн байхад давж заалдах шатны шүүх А.У болон Р.Б нарын тайлбарын зөрүүтэй байдлаар Б.Г миний өмчлөх эрхийг хязгаарласныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд энэхүү гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.22-ны өдрийн 210/МА2025/01836 дугаар магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү.
5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.01.12-ны өдрийн 001/ШХТ2026/00070 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч Б.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
7.Энэ нь хоёр хэргийг нэгтгэсэн хэрэг байна. Эхний хэрэг нь нэхэмжлэгч Б.Г хариуцагч А.У-д холбогдуулан ... улсын бүртгэлийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, автомашины хоёр зогсоолыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай 2023.04.05-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2023.04.12-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн 183/2023/01842/и индекстэй 1 хавтас хэрэг байна.
Харин 2 дахь хэрэг нь 183/2023/01824 индекстэй А.У-ын нэхэмжлэлтэй Р.Б-д холбогдох ... улсын бүртгэлийн *** дугаартай орон сууц, автомашины хоёр зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай 2024.05.07-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй хэрэг ба 2024.05.14-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Улмаар А.У нь Б.Г-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авсан байна.
2024.09.13-ны өдөр А.У нь хэрэг нэгтгэх тухай хүсэлт гаргасныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.11.14-ний өдрийн захирамжаар уг хүсэлтийг хангаж, дээрх хэргийг нэгтгэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн тойргийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд дээрх нэгтгэсэн хэргийг 2025.03.13-ны өдрөөс хянан хэлэлцэж эхэлжээ.
Мөн шүүхийн шүүгчийн 2025.05.07-ны өдрийн захирамжаар “Б.Г болон “УТ” ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн амрагчийн сууц захиалгаар бариулах тухай 23 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох” тухай А.У-ын нэмэгдүүлсэн шаардлага болон хамтран хариуцагчаар “УТ” ХХК-ийг татах хүсэлтийг хангасан байна.
8.Нэхэмжлэгч Б.Г шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлахдаа “...өөрийн баз хүргэн “УТ” ХХК-ийн захирал Р.Б-аас 2012.08.16-ны өдөр Хан-Уул дүүрэг, ... байрны *** тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. 98 хувийн гүйцэтгэлтэй үед нь дуусаагүй барилгын гэрчилгээг гаргуулж, сүүлд 100 хувийн гүйцэтгэлтэй болоход нь хууль ёсны өмчлөгч болсон. Бизнесээ дэмжих зорилгоор зээл авахдаа барьцаанд тавьсан байсан. Гэрээ байгуулсан байх үед А.У энэ үл хөдлөх хөрөнгөд эзэмшил тогтоосон байдаг. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Б.Г-ын өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн байрны зоорины давхарт байрлах, автомашины хоёр ширхэг зогсоолыг А.У-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ” гэжээ.
Хариуцагч А.У нь “...Баянзүрх дүүргийн Гачуурт, Арцат *** дугаар хорооны нутагт байрлах, 240 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 7 сард Р.Б-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 840,000 ам доллар буюу 1,667,828,400 төгрөгөөр авахаар болж, төлбөрт 894,220,600 төгрөгийн худалдаа үйлчилгээний талбай, 743,000,000 төгрөгийн эртний үнэт эдлэл, 5,000,000 төгрөгийн үнэтэй цагийг шилжүүлсэн, Б.Б-ын хүсэлтээр “Н” ХХК-д 63,008,500 төгрөгийн төлбөр шилжүүлж, нийт 1,705,229,100 төгрөгийг төлсөн бөгөөд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, *** тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө болон зоорийн давхарт байрлах, хоёр ширхэг авто зогсоолын үнийг бүрэн төлсөн шударга өмчлөгч тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна.
9.А.У нь Р.Б, Б.Г болон “УТ” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, 98 хувийн гүйцэтгэлтэй, Б.Г-ын өмчлөлд бүртгэгдсэн 2014.03.13-ны өдрийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон энэ гэрчилгээг үндэслэн 2020.12.18-ны өдрийн *** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Б.Г, “УТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012.08.16-ны өдрийн “Амрагчийн сууц захиалгаар бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан.
9.1.А.У нь “...Р.Б-тай амрагчийн сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг бүрэн төлж, уг сууцыг тасралтгүй эзэмшиж байхад нь Р.Б уг хөрөнгийг Б.Г-д худалдаж гэрчилгээ гаргуулан авсан байна. Үүнтэй холбоотой Б.Г надад холбогдуулан маргаан үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нь би энэ шаардлагыг гаргасан. Хэргийг нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.
9.2.Б.Г дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, “...”УТ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу уг орон сууцны өмчлөгч болсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар өмчийн хэлцэл хийгдсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн зохицуулалт нь анхнаасаа буюу байгуулагдсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх ба үүнийг бие даасан нэхэмжлэлийн шаардлага болгон тодорхойлсон нь үндэслэлгүй. Б.Г, “УТ” ХХК-ийн хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан ба Б.Г *** тоот үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авсан. Хэлцлийн талуудыг дүр үзүүлсэн гэж дүгнэх үндэслэл байхгүй” гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна.
9.3.Р.Б хариу тайлбар гаргахдаа “... А.У худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөрийг Р.Б-д бүрэн төлсөн гэдэг нь үндэслэлгүй. А.У, Р.Б нарын хооронд хоёр тусдаа, “УТ” ХХК-ийн хооронд тусдаа гэрээ байгуулагдсан буюу гэрээ тус бүрт төлбөрийн харилцаа үүссэн байхад тэдгээрийг хамтатгаад *** тоот орон сууцны төлбөрийг төлсөн, өмчлөгч болох ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.
9.4.“УТ” ХХК-ийн гаргасан хариу тайлбарт “...Б.Г-той гэрээ хийсэн. Барилгыг 2013 оны сүүлээр ашиглалтад оруулж чадаагүй, гэвч төлбөрийг бүрэн төлсөн учраас 2014.03.12-ны өдөр 98 хувийн гүйцэтгэлтэй барилгад Б.Г бүртгэгдсэн. Б.Г-той байгуулсан гэрээ тодорхой, эрх зүйн үр дагавар үүсээд өмчлөлд шилжсэн. Энэ гэрээний тал Б.У биш. Хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан. Үүргийн хэлцлийг хүчингүй болгоод байгаа нь талуудын хооронд хийгдээд байгаа өмчийн хэлцлийн үр дагаврыг хүчингүй болгуулах үндэслэл үүсэхгүй. А.У-ын хувьд эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийсэн үйлдэлтэй нь огт маргаагүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэгдсэн мэдээлэл үнэн байна гэх зарчмыг баримтлах ёстой. Тиймээс А.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
10.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, А.У-ын Б.Г, Р.Б, “УТ” ХХК-д холбогдуулан гаргасан /нэгтгэсэн/ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Шийдвэрт “... “УТ” ХХК нь ...дулаан зогсоолтой, үйлчилгээ, амрагчдын байрыг барьж гүйцэтгэсэн ба Б.Г-той 23 тоот гэрээ байгуулж, 98 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө Б.Г-ын өмчлөлд 2014.03.13-ны өдөр *** дугаарт бүртгэгдэж, уг гэрчилгээг үндэслэн 2020.12.18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016.02.04-ний өдрийн 68/2016 актын дагуу Б.Г 100 хувийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаснаар 2020.12.18-ны өдөр өмчлөгч болсон, дээрх орон сууц захиалгын гэрээний дагуу өмчлөх эрх Б.Г-д шилжсэн тул нэхэмжлэгч Б.Г нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул А.У-ын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй. Харин нэхэмжлэгч Б.Г хоёр ширхэг автозогсоолыг өмчлөх эрхтэй болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул зогсоол чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
А.У-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ... тоот, 98 хувийн гүйцэтгэлтэй, ... амрагчийн сууцыг худалдахаар тохирсон байх ба уг гэрээний дагуу худалдан авагч А.У төлбөрийг бүрэн төлсөн гэж, худалдагч Р.Б төлбөрийг төлөөгүй гэж маргасан. “УТ” ХХК бусдад орон сууц худалдах эрхтэй хэдий ч компанийн ерөнхий захирал гэх Р.Б иргэний хувиар А.У-тай гэрээ байгуулсан нь “УТ” ХХК болон худалдан авагч А.У-ын эрхийг зөрчсөн гэж үзнэ. Хэдийгээр Р.Б нь “УТ” ХХК-ийн захирал мөн ч хувь хүн болон хуулийн этгээд нь эрх зүйн хувьд тусдаа, тухайн байгуулсан гэрээний үүрэг хариуцлагыг гэрээ байгуулсан этгээдүүд хариуцах юм. А.У нь Р.Б-тай байгуулсан 2015.07.06-ны өдрийн гэрээнээс өмнө “УТ” ХХК нь Б.Г-той орон сууц захиалгын гэрээ байгуулж, Б.Г өмчлөгч болсон нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Б.Г-ын өмчлөлд 98 хувийн гүйцэтгэлтэй бүртгэгдсэн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон энэ гэрчилгээг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон өмчлөх эрхийн *** дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай А.У-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Б.Г өмчлөгч болсон байх тул Б.Г, ”УТ” ХХК-ийн хооронд байгуулсан 2012.08.16-ны өдрийн амрагчийн сууц захиалгаар бариулах тухай 23 тоот гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэхгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.
11.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэхдээ “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад маргааныг хянан шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна. Хариуцагч А.У-ын үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн гэсэн тайлбар болон Р.Б-ын үнийг төлөөгүй буюу маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ төлөгдсөн эсэхэд зөрүүтэй тайлбар гаргасан ч дээрх тайлбарын алиныг нь ч үндэслэлтэй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй буюу маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна. Хариуцагч нарын хооронд нэг дор байрлах хэд хэдэн ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохиролцсон 4 ширхэг гэрээ баримтаар авагдсан, үүнээс зарим үл хөдлөх эд хөрөнгийг буцааж өгсөн гэж тайлбарлаж, одоо маргаж байгаа *** тоот үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт хариуцагч А.У-аас тооцож өгсөн гэх хөрөнгийг хариуцагч Р.Б-ын зүгээс өөр гэрээний төлбөрт тооцож авсан, зарим хөрөнгийг хүлээж аваагүй гэж тайлбарлажээ. Анхан шатны шүүх зөрүүтэй тайлбар, нотлох баримтын талаар хэргийн оролцогчоос тодруулах, чиглүүлэх зэргээр уг зөрүүг арилгах, улмаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй байна. Нэхэмжлэгч Б.Г-ын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн урьдчилсан гурван нөхцөлүүдээс хөрөнгийн өмчлөгч байх, бодитоор хариуцагч хөрөнгөд эзэмшлээ тогтоосон байх нөхцөлүүд хэргийн баримтаар хангагдсан хэдий ч хариуцагч хөрөнгийг эзэмшилдээ байлгаж байгаа үйлдэл хууль бус байх нөхцөл нь Р.Б, А.У болон тэдгээрийн хамааралтай хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилттэй шууд шалтгаант холбоотой байх тул шүүх дээрх гэрээний хэрэгжилтийг дүгнэхгүйгээр хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг шийдвэрлэх боломжгүй. Түүнчлэн Р.Б болон “УТ” ХХК нь А.У-тай байгуулсан гэрээнээсээ татгалзсан гэдэг тайлбар гаргасан ба, гэрээнээс татгалзсан тохиолдолд тэр нь бодитойгоор хэрхэн хэрэгжсэн нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу” гэсэн үндэслэл заажээ.
12.Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
13.Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь “... ямар шалтгаанаар анх томилсон бүрэлдэхүүнийг өөрчилж хэргийг шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул хууль бус бүрэлдэхүүнээр давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.” гэсэн агуулгатай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” нь хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хуулийн үндэслэл мөн бөгөөд нэхэмжлэгчийн гомдол үүнд хамаарч байна.
13.1.Хэргийн баримтаас үзэхэд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн тойргийн шүүх хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх рүү 2025.08.20-ны өдөр хүргүүлсэн байна. Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025.08.21-ний өдрийн “Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” 210/ЕШ2025/01906 захирамжаар Б.Г-ын нэхэмжлэлтэй, А.У, Р.Б, “УТ” ХХК нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ц.А, бүрэлдэхүүнд шүүгч Д.З, О.О нарыг томилсон” шийдвэрийг албажуулсан ба мөн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2025.09.19-ний өдрийн 210/ЗТ2025/00290 тогтоолоор “Хэргийн ачааллын улмаас тус хэргийн шүүх хуралдаан товлон зарлаагүй” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгажээ.
Мөн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025.10.15-ны өдрийн “Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай" 210/ЕШ2025/02330 захирамжаар энэ хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ч.М, бүрэлдэхүүнд шүүгч Э.Э, О.О нарыг томилсон байх бөгөөд энэ бүрэлдэхүүн 2025.10.22-ны өдөр хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
Дээрх баримтаас үзэхэд хэргийг хянан хэлэлцэх хуралдааны даргалагчаар шүүгч Ц.А, бүрэлдэхүүнд шүүгч Д.З, О.О нарыг томилсон шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025.08.21-ний өдрийн захирамжаар албажуулсан. Үүнээс хойш шүүх буюу энэ бүрэлдэхүүн уг хэрэгт ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй буюу хурлыг товлон зарлаагүй байна. Харин шүүгчдийн зөвлөгөөний 2025.09.19-ний өдрийн тогтоолоор энэ хэргийн хугацааг сунгасан ба тухайн цаг үеийн нөхцөл байдлаас харахад шүүхийн хэргийн ачаалал их буюу ээлжийн амралтын үетэй давхцаж байх бөгөөд “ачаалал их” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунгасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
“Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай" Ерөнхий шүүгчийн 2025.10.15-ны өдрийн захирамжаар “... шүүгчдийн зөвлөгөөний 2025.10.07-ны өдрийн 210/3Ш2025/00343 дугаар тогтоолоор шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох хэсэг, түүний дарааллыг өөрчлөн баталгаажуулсан. Мөн уг тогтоолоор 2025.10.21-ний өдрийн дотор шүүх хуралдаан нь товлогдоогүй хэргүүдийг шинээр хуваарилагдсан бүрэлдэхүүнээр шийдвэрлэхээр тогтсон тул шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг шинэчлэн албажуулна” гээд энэ хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ч.М, бүрэлдэхүүнд шүүгч Э.Э, О.О нарыг томилсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн шүүхэд шинээр шүүгч нар томилогдсон, зарим шүүгч ээлжийн амралттай байх хугацаанд энэ захирамж гарсан байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд бүрэлдэхүүн өөрчлөгдөх болсон тухай тодорхой үндэслэлүүдийг дурдаж, дараагийн томилогдсон бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулсан байна. Иймээс “... хууль зөрчсөн, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн” гэж үзэхгүй.
13.2.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Талууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй хэдий ч зохигчдын мэтгэлцээний явцад маргааны зүйлийг тодорхой болгох зорилгоор ажиллагааг шүүх өөрөө удирдаж, чиглүүлэх үүрэгтэй. Хэргийн буюу маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй байхад аль ч шатны шүүх хэргийн талаар эрх зүйн бүрэн дүгнэлт хийх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээнэ.
13.3.Анхан шатны шүүх хоёр хэргийг нэгтгэн шийдвэрлэсэн ба хэрэг нэгтгэгдэж байгаа тохиолдолд хэн нь хэний эсрэг буюу хэнд холбогдох, ямар шаардлагатай нэхэмжлэлийг хэн гаргаж, үндэслэлээ хэрхэн тайлбарлаж байгаа нь тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхойлж, хуульд нийцсэн нэр томьёог зөв хэрэглэх учиртай.
Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд удиртгал хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т заасныг тусгах буюу хэргийн болон шүүх хуралдааны оролцогчид, тэдгээрийн төлөөлөгчид, маргааны зүйл болон шаардлага байх ёстой. Шийдвэрийн удиртгал хэсэгт зайлшгүй бичигдэх асуудлууд тодорхой бус, эргэлзээтэй, буруу тусгагдсан тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл ойлгомжгүй болно. Харин шийдвэрийн тодорхойлох хэсэгт эрх зүйн маргааны талаар тусгана.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч Б.Г, хариуцагч А.У, хариуцагч Р.Б, хариуцагч “УТ” ХХК нарт холбогдох ... гэж зааснаас харахад нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч А.У-аас гадна Р.Б, “УТ” ХХК нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэж ойлгогдохоор байх бөгөөд ийм агуулгаар шүүгчийн захирамж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол ч гарсан байна. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Г нь анх А.У-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Харин “УТ” ХХК болон Б.Г Р.Б нар нь А.У-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нар байх бөгөөд шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох хэсэгт алдаа гарсан байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Гэвч энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй.
Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Гын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2025/01836 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАТЗОРИГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД