| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2020/0682/Э |
| Дугаар | 1372 |
| Огноо | 2020-10-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 1372
2020 10 29 2020/ДШМ/1372 МАЛАЛ
В.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Мөнхцэцэг,
хохирогч Б.Ариунболд,
шүүгдэгч В.Г, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 3-ны 2020/ШЗ/1691 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогч Б.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн В.Гт холбогдох 1905023950714 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв;
Боржигин овгийн В.Г, 1971 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Хамтын эх булаг” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66 дугаар байрны 49 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЕВ71093016/;
В.Г нь “Хамтын эх булаг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа мөн өөрийн үүсгэн байгуулсан “Говь хангай өрөм” ХХК-д захирал ажилтай Ч.Бүүвэйхүүгээр дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “40.000.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна, санаа зоволтгүй өгнө” гэж Б.Ариунболдод итгүүлэн хуурч “Говь хангай өрөм” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 хороолол, 53в байрны 804 тоот, 67.3 мкв талбайтай 3 өрөө орон сууцны Ү2205059404 дугаартай гэрчилгээг барьцаалан 40.000.000 төгрөгийг компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Амаржаргалаар Б.Ариунболдтой 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1 сарын хугацаатай 4.2 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр “Зээлийн гэрээ”-г байгуулах замаар баримт бичиг ашиглан 40.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: В.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Тус шүүх 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр шүүгдэгч В.Гт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд энэ хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаах үндэстэй гэж дүгнэлээ.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”,
1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй, бүрэн тогтоох, шүүгдэгчийг яллах нөхцөл байдалд эргэлзээ төрүүлэхүйц байна.
Тодруулбал, прокуророос шүүгдэгчийг “залилах” гэмт хэрэгт буруутгахдаа “Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч бусдын эд хөрөнгийг залилж авсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэрчээр оролцсон Ч.Бүүвэйхүү шүүгдэгчийг таньдаг, улмаар Б.Ариунболдоос мөнгө зээлэх, авах саналыг гаргасан үйл баримт авагдсан бөгөөд хохирогч Б.Ариунболд, шүүгдэгч В.Г нар нь урьд ямар харилцаатай байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл, Ч.Бүүвэйхүүгийн үйлдэл энэ гэмт хэргийн шинж, тодруулбал хамтран оролцсон хэлбэр байгааг шалгах нь хэрэгт ач холбогдолтой гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл улсын яллагчийн зүгээс 40.000.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байгаа бол гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг шалгаж дүгнэлт хийх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэгт хэн, хэрхэн ямар байдлаар оролцсон болохыг буюу гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр байгаа эсэхийг тогтоох нь хэргийн бодит байдалд чухал ач холбогдолтой гэж шүүх үзлээ.
Иймд шүүхээс хэргийн нэг тал болох мөрдөгч, прокурорт хийх мөрдөн шалгах ажиллагааг нэг бүрчлэн зааварлах нь зохимжгүйг дурдаад прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байгаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хамаарч байх тул хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч В.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Нэг. Эсэргүүцлийн үндэслэлийн тухайд:
“...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 1691 дугаартай захирамжийг эс зөвшөөрч дараах эсэргүүцлийг бичив. Үүнд:
Залилах гэмт хэргийн арга болох хуурч мэхлэх нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг. Мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй тул гэмт этгээдийн үйлдлийн улмаас тухайн зүйлд заасан хор уршиг бодитой учирсан байхыг шаарддаг.
Түүнчлэн санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, тэр хор уршигт зориуд хүргэсэн байдаг.
Энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ В.Г нь Ч.Бүүвэйхүүд компанийн үйл ажиллагаандаа зарцуулах мөнгө яаралтай хэрэг болж байгаа үйл явдалд тулгуурлан түүгээр дамжуулан Б.Ариунболдоос хурдан хугацаанд барьцаа хөрөнгө өгөхгүйгээр 40.000.000 төгрөгийг олж авах зорилго агуулагдаж байсан ба буцаан төлөхгүйгээр энэ мөнгийг Ч.Бүүвэйхүү, Г.Амаржаргал нар нь зарцуулсан, би мэдэхгүй гэдэг байдлаар хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулахаас одоог хүртэл зайлсхийж байгаагаар илэрхийлэгдэж байгаа.
Ч.Бүүвэйхүү нь гэмт хэрэгт хамтран оролцох сэдэлт зорилго байгаагүй, харин ч В.Г болон компанийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд тулгуурлан В.Гийн хамтаар урьд нь Б.Ариунболдоос түүний ажиллаж байсан банк бус санхүүгийн байгууллагаас нь мөнгө зээлж байсан, цаашид найз нөхдийн холбоотой болсон Ч.Бүүвэйхүүг ашиглан түүгээр уламжлуулан Б.Ариунболдоос авсан 40.000.000 төгрөгийг өгөлгүй харин ч Ч.Бүүвэйхүү авсан мэтээр мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дан ганц яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг шүүх үнэлж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно", 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй”, 15 дахь хэсэгт “Хавтас хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ”, 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх хавтас хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн.
Өөрөөр хэлбэл, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид тусгагдсанаар шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Ариунболд, гэрч Ч.Бүүвэйхүү, шүүгдэгч В.Г нарын шинэчлэн өгсөн мэдүүлгийг л дурьдаж, энэхүү мэдүүлгүүдээс дүгнэн үзэхдээ “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэрчээр оролцсон Ч.Бүүвэйхүү шүүгдэгчийг таньдаг, улмаар Б.Ариунболдоос мөнгө зээлэх, авах саналыг гаргасан үйл баримт авагдсан бөгөөд хохирогч Б.Ариунболд, шүүгдэгч В.Г нар нь урьд ямар харилцаатай байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойгүй байна. ...” гэсэн.
Гэтэл хохирогч Б.Ариунболдоос мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд тогтвортойгоор өгсөн мэдүүлэгт “...Намайг банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байхад Ганзориг, Бүүвэйхүү хоёр зээл авч байсан. Ганзориг нь Булган аймгийн Бүрэгхангай суманд алт ухаж байсан. Компанийн ерөнхий захирал нь Ганзориг, гүйцэтгэх захирал нь Бүүвэйхүү байсан. Ганзориг 2017 оны 8, 9 дүгээр сарын үед зээл авсан гэсэн. Тэгэхэд надад барьцаанд өгсөн байсан байрны гэрчилгээг Бүүвэйхүү авсан. Бүүвэйхүү надаас байрны гэрчилгээ авахдаа Монгол Улсын Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авч байгаа, зээлийн барьцаанд наад байрыг чинь барьцаа хөрөнгө болгоно, зээл гараад ирэхээр чиний мөнгийг өгнө гэж ярьсан. ..." гэсэн ба энэхүү мэдүүлгийг мөн давхар нотолж Ч.Бүүвэйхүү мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...2017 оны 7 дугаар сард машин механизмын түлш, уурхайн ажилчдын хоол хүнс дуусах болоод мөнгөний хэрэг болсон. Компанийн захирал Ганзориг надтай уулзаад чи Улаанбаатар хотын Төмөр замд байдаг байр барьцаалаад найзаасаа мөнгө зээлээд өг гэж гуйсан. Ганзориг наад байрны өмчлөгчийг өөрчлөхгүй, барьцаалбар болгохгүйгээр байрны гэрчилгээг өгөөд 40.000.000 төгрөг зээлээд өг гэсэн. Ингээд би Б.Ариунболдтой яриад байрны гэрчилгээ өгч 40.000.000 төгрөг зээлсэн. Энэ зээлсэн мөнгийг компанийн захирал Ганзориг нягтлан бодогчоор дамжуулан түлш шатахуун, хоол хүнс авсан. Нягтлан бодогч Амаржаргал захирал Ганзоригийн зааврын дагуу мөнгийг шилжүүлж, зарцуулсан. Би Б.Ариунболдоос авсан 40.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. ...Ганзориг Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авах гэж байна гээд 2017 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод ирээд намайг Ариунболдтой уулзаад нөгөө байрны гэрчилгээг аваад өг, барьцаа хөрөнгө дутаад байна гэсэн. Би Б.Ариунболдтой уулзаад учир байдлыг хэлж, мөнгөний барьцаанд байсан байрны гэрчилгээг аваад Ганзоригт өгсөн. Ганзориг Хөгжлийн банкнаас 50.000.000 иен зээлж авсан байсан. Миний мөнгөний асуудалд оролцсон оролцоо нь энэ юм...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд цуглуулж, бэхжүүлсэн хавтас хэрэгт авагдсан гэрч Г.Амаржаргалын мэдүүлэг, Г.Амаржаргалын эзэмшдэг Хаан банкны 5753832708 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Монгол Улсын Хөгжлийн банкны 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4/462 дугаартай, Монгол банкны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн н/90 дугаартай албан бичгүүдэд дурьдагдсан үйл баримтууд яагаад үнэлэхгүй байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.
Шүүгдэгч В.Гийн мэдүүлгийн эх сурвалжаа заан хэлэхээс зайлсхийдэг, өөрийн гэмт хэрэг үйлдэх үйлдэлдээ компанийн санхүүгийн талаар ямар ч эрх мэдэлгүй, зөвхөн В.Гийн өгсөн үүрэг, заавар чиглэлийн дагуу зээлийн барьцаалбаргүйгээр мөнгө яаралтай олох, олсон мөнгийг бусдын дансаар шилжүүлж авах, нэрээр нь нэр төдий гэрээ байгуулах зэргээр Г.Амаржаргал, Ч.Бүүвэйхүү нарыг ашигласан нөхцөл байдлыг дээрх болон хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байгааг үгүйсгэж, аль нотлох баримт нь Ч.Бүүвэйхүүгийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй болох эргэлзээ төрүүлж байгааг тодорхой дурьдаж өгөөгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн.
Хоёр. Шүүгчийн захирамжийн тухайд:
“Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 1691 дугаартай захирамжаар хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг удирдлага болгосон нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх өөрөө ноцтой зөрчсөн болохоо илэрхийлж байгаа явдал юм.
Хэрэгт авагдсан “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” 2020 ны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1433 дугаартай шүүгчийн захирамжаар “...Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойгоос гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл тогтоогдоогүй тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй. Яллагдагчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар хэргийн оролцогч нараас хүсэлт гаргаагүй болно. ..." гэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг удирдлага болгон яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гарган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Өөрөөр хэлбэл, талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй, шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй болохыг шүүх өөрийн дээрх шийдвэрээр нотолж буй атлаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдаж талуудаас гаргасан гомдол, хүсэлт байгаа мэтээр төсөөлөлд хөтлөгдөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг үндэслэлгүйгээр баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь өөрөө хууль ёсны шаардлагыг хангаж чадаагүй, хууль бус шийдвэр болно.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана.” гэж заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг заавал явуулсан байхаар хуульчилсныг шүүх ноцтой зөрчсөн.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар В.Гт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 1691 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...В.Гт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Бүүвэйхүүгийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдоогүй байхад шүүхээс хамтран оролцох гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалган тогтоосон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шалган тогтоох бүрэн боломжтой байсан.
Ч.Бүүвэйхүү нь В.Гтой нийлж гэмт хэрэг үйлдэх сэдэлт зорилго байгаагүй, гэрч Г.Амаржаргалын мэдүүлэг, шүүгдэгч В.Гийн мэдүүлгээр хамтран оролцох, хохирол учруулсан байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг прокурорт буцаах үндэслэл байхгүй тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1691 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч В.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч В.Гийн өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Энэ хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзэж байна. Бүүвэйхүүг энэ хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай. Учир нь, 19.000.000 төгрөгийг Бүүвэйхүүд “зээлийн төлбөрт хий” гэж хэлээд өгөхөд тэрээр өөрийнхөө байрны төлбөрт хийсэн байсан. Тэгэхээр энэхүү байдлыг шалгах зайлшгүй шаардлагатай байна. Урьдчилан хэлэлцүүлэг явуулах саналыг миний үйлчлэгч хүлээн зөвшөөрөөгүй байсан. Тухайн үед намайг өмгөөлөгчөөр аваагүй байсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол болон эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч В.Гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, В.Гт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “...Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно. ...", 14 дэх хэсэгт “...Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй. ...”, 15 дахь хэсэгт “...Хавтас хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ. ...”, 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “...Шүүх хавтас хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ. ...” гэж тус тус хуульчилжээ.
Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, В.Гт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл В.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны 2020/ШЗ/1691 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, В.Гт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч В.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ