Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2019/0681

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч

Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.С-н 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Манай ажилтан Э.М 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр автомашины гаалийн бүрдүүлэлт бичиж гаалийн байгууллагаруу илгээсэн байна. Үүнийг гаалийн байгууллагын бичиг баримтын болон хяналт шалгалтын Гаалийн улсын байцаагч нар шат шатандаа хянаж бүрдүүлэлт дууссан юм. Гэтэл Гаалийн Ерөнхий газрын бүрдүүлэлтийн албанаас 2018 оны гаалийн мэдээллийг шалгах явцад суудлын автомашины онцгой албан татварын ногдуулалтыг буруу тооцсон зөрчил 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр илэрч Э.М тэр дор нь татварын зөрүүг төлж барагдуулсан байна.

Энэхүү зөрчлийг шалгасан Гаалийн Улсын байцаагч Л.С нь Э.М-с  мэдүүлэг авч зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг Э.Мд гардуулсан юм байна. Иймд манай байгууллага дээд шатанд буюу Улаанбаатар хотын гаалийн газрын дарга Солонгод гомдол гаргасан боловч шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Мэргэжилтэн Э.М нь манай байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг бөгөөд, гэрээний 4.8-д заасны дагуу "Гаалийн бүрдүүлэлт хийхтэй холбоотойгоор гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний өөрийн гаргасан алдаа болон аливаа ёс бус үйлдлээс учран гарах төлбөрийг компани хариуцахгүй бөгөөд тухайн төлбөртэй холбоотой хохирлыг алдаа зөрчил гаргасан бүртгэгдсэн мэргэжилтэн өөрөө хариуцна" гэсний дагуу өөрийн гаргасан үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, зохих ёсоор өмгөөллийн туслалцаа авч зохих байгууллагад хандсан байна.

Манай байгууллага ажилтныхаа гаргасан хайхрамжгүй алдааны өмнөөс хариуцлага хүлээх үндэслэлгүй боловч шийтгэлийн хуудсыг компанийн нэр дээр бичсэн байна. Хэрэв Гаалийн Улсын байцаагчийн шийдвэрийг байгууллага хүлээн зөвшөөрч шийтгэгдвэл цаашлаад энэ нь давтагдах аваас байгууллагын тусгай зөвшөөрөл шууд хүчингүй болох асар хортой үр дагавартай учир манай компани ажилтны алдааны өмнөөс хариуцлага тооцуулах үндэслэлгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлийн талаар:

1. Шийтгэлийг хуулийн этгээдэд оногдуулж байгаа бол шийтгэлийн хуудсыг хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсвэл итгэмжлэлгүйгээр эрх бүхий этгээдэд нь гардуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалттай нийцнэ. Нөгөө талаар төлөөлөл гэдгийг Иргэний хуулийн долдугаар бүлэгт тодорхой заасан байдаг ба зөвхөн итгэмжлэлийн үндсэн дээр явагдаж болохыг хуульчилсан байна."

2. Гаалийн Улсын байцаагч Л.С нь зөрчлийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар "холбогдогч сайн дураараа зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бол" гэсний дагуу холбогдогчоор тогтоогдсон этгээд нь зөрчлөө сайн дураар хүлээсний үндсэн дээр асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх энэ хуулийн заалтыг зөрчсөн байна.

3. Нөгөө талаар зөрчлийн үйлдлийг барааны код буруу бичсэн гэсэн нь тодорхой ямар зүйл заалтыг зөрчсөн болох талаар огт дурдаагүй байна.

4. Зөрчлийн тухай хуулийн Хоёрдугаар бүлэг. 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл ногдуулна" гэж заасан байгаа ба Э.Мгийн хайхрамжгүй үйлдэл нь компанид ямар ч ашиггүй харин ч байгууллагын ажил хэрэг, нэр хүндэд хортой үйлдэл учраас Э.М үүнийхээ хариуцлагыг өөрөө хүлээх нь шударга ёсонд нийцэх юм." гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Улаанбаатар хот дахь Гаалийн газрын бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч Л.С миний бие “Т” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дэх зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар Гаалийн зуучлагч байгууллага гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр №******* тоот дугаартай шийтгэврийн хуудсаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

Дээрх зөрчлийн үйлдлийг Гаалийн ерөнхий газрын гаалийн бүрдүүлэлтийн газраас илрүүлэн, Улаанбаатар хот дахь гаалийн газарт хариуцлага тооцон, хариу мэдэгд хэмээн албан бичгээр ирүүлсэний дагуу зөрчлийг шалгасан.

Миний бие Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан " Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ." гэж заасны дагуу шийтгэлийн хуудсыг “Т” ХХК-ны гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Э.М биечлэн танилцуулж, шийтгэврийн хуудасны 1 хувийг гардуулан өгсөн боловч гарын үсэг зурахаас татгалзсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5-р зүйлийн 7 дахь хэсэгт " Шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй." гэж заасны дагуу “Т” ХХК нь шийтгэврийн хуудсан дээр гарын үсэг зураагүй нь шийтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

“Т” ХХКомпани нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хэрэв шийтгэлийг хуулийн этгээдэд оногдуулж байгаа бол шийтгэлийн хуудсыг хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсвэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд нь гардуулах ёстой. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.2 дах заалттай нийцнэ. Нөгөө талаар төлөөлөл гэдгийг Иргэний хуулийн долдугаар бүлэгт тодорхой заасан байдаг ба зөвхөн итгэмжлэлийн үндсэн дээр явагдахыг хуульчилсан байна...хэмээн дурджээ.

“Т” ХХК-ийн мэдүүлэгч Э.Мгын гаргасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж буй нь:

Гаалийн тухай хуулийн 1.1-д " Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлагыг тогтоох, гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн шийдвэрт иргэнээс гомдол гаргах, түүнийг гаалийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх, гаалийн хууль тогтоомжийг зөрчигчид хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино."...

Гаалийн тухай хуулийн 3.1.19-д " гаалийн харилцаанд оролцогч” гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг ойлгоно.", 66.1-д " Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг гэрээний үндсэн дээр гаалийн зуучлагчаар гүйцэтгүүлж болно", 66.2-д " Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд уг зөвшөөрлийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.", 67.3-д " Гаалийн зуучлагч болон бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаанд гаалийн байгууллага хяналт тавих бөгөөд гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална." 68.1-д " Гаалийн удирдах төв байгууллагаас тогтоосон шалгуурыг хангасан иргэнд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээ олгоно.", 69.2-т " 69.2.Гаалийн зуучлагч энэ хуулийн 57.2-т зааснаас гадна дараахь үүрэг хүлээнэ., 69.2.1-д “мэдүүлэгчийг төлөөлөн гаалийн бүрдүүлэлт хийх тухай гэрээ байгуулах69.2.2-т “гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох;"...хэмээн тус тус заасан заалтуудыг үндэслэл болгон үзэхэд:

“Т” ХХК-ний явуулж буй үйл ажиллагаа нь Гаалийн тухай хуулийн хүрээнд явагдаж буй үйл ажиллагаа төдийгүй тухайн компани болон бүртгэгдсэн мэргэжилтэн нь гаалийн харилцаанд оролцогч субъектүүд юм. Гаалийн тухай хуулинд гаалийн зуучлагч байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бөгөөд гаалийн үйл ажиллагаанд оролцохдоо гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан оролцдог. Гаалийн мэдүүлгийн "Мэдүүлэгч байгууллага буюу 9 дүгээр нүдэнд гаалийн зуучлагч байгууллагын нэр, зуучлагч байгууллагын регистрээр эхэлж бүртгээд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний нэр буюу тухайн хүний хувийн дугаарыг бүртгэсэн байдаг. “Т” ХХК нь Гаалийн Ерөнхий газартай жил бүрийн эхэнд гэрээ байгуулан гаалийн зуучлалын үйл ажиллагаа явуулах суудал авдаг бөгөөд энэ бүх үйл ажиллагаагаа гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан хэрэгжүүлдэг. Иймд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Э.М нь “Т” ХХК-ийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхээр гаалийн зуучлалын үйл ажиллагаа явуулж буй тул тухайн компанийн өмнөөс "Төлөөлөл" хэрэгжүүлж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй тул “Т” ХХК-ийн бүртгэгдсэн мэргэжилтэн Э.Мгын "автомашины онцгой албан татварыг дутуу ногдуулсан" зөрчилд “Т” гаалийн зуучлагч байгууллагад зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан.

Гаалийн улсын байцаагч Л.С нь зөрчлийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар холбогдогч сайн дураараа зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бол"  гэсний дагуу холбогдогчоор тогтоогдсон этгээд нь зөрчлөө сайн дураар хүлээсний үндсэн дээр асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх энэ хуулийн заалтыг зөрчсөн байна...хэмээн дурджээ.

"Зөрчил шалган шийдвэрлэх тухай" хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу тухайн зөрчлийг Гаалийн Ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газраас илрүүлэн, Улаанбаатар хот дах гаалийн газарт хариуцлага тооцон, хариу мэдэгд хэмээн албан бичгээр ирүүлсний дагуу зөрчлийг шалгаж, учруулсан хохирлыг/онцгой албан татварын зөрүүг/ нөхөн төлүүлсэн нь тухайн хуулийн 6.6 дугаар зүйдлийн 1.1-д "зөрчил үйлдэгдсэн нь тов тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол... эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна" гэж заасан шаардлагыг хангаж байна гэж үзэж байна.

Нөгөө талаар зөрчлийн үйлдлийг барааны код буруу бичсэн гэсэн нь тодорхой ямар зүйл заалтыг зөрчсөн болох талаар дурдаагүй байна" хэмээн дурьджээ.

Дээр дурьдсан зөрчилд "Зөрчлийн тухай хуулийн 11.211 дүгээр зүйл буюу "Гаалийн тухай хуульз зөрчих зүйлийн 14 дэх хэсэгт заасан" Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн бол..." гэж заасны дагуу ******* тоот шийтгэврийн хуудсанд зөрчлийн үйлдлийг бичсэн. Ямар зүйл заалт зөрчсөн болохыг тухайн шийтгэлийн хуудасны "Шийдвэрлэх хэсэгт болон Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон бусад холбогдох материалд дэлгэрэнгүй дурдсан байгаа.

Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна" гэж заасан байгаа ба Э.Мгын хайхрамжгүй үйлдэл нь манай байгууллагад ямар ч ашиггүй харин ч байгууллагын ажил хэрэг, нэр хүндэд хортой үйлдэл учраас Э.М нь үүнийхээ хариуцлагыг хүлээх нь шударга ёсонд нийцэх юм...хэмээн дурджээ.

Иргэний хуулийн 4 дүгээр бүлгийн 25 дугаар зүйлд: Хуулийн этгээд:

25.1 Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.

25.2.Хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно.33 зүйл Хуулийн этгээдийн төрөл

33.1.Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т "Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна."

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т " Хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тухайн зөрчлийг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлага, шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй."

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 5-т " Зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй."хэмээн заасан байна.

Иймээс “Т” ХХК нь дээр дурьдсан Иргэний хуульд заасанчлан "ашгийн төлөө" Гаалийн Ерөнхий газраас олгосон зөвшөөрлийн дагуу Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа явуулдаг атлаа Э.Мгийн хайхрамжгүй үйлдэл нь манай байгууллагад ямар ч ашиггүй, харин ч байгууллагын ажил хэрэг, нэр хүндэд хортой үйлдэл... байна хэмээн тайлбар өгч байгаа нь учир дутагдалтай юм. Хэрэв С.Мөнхтуяа болон бусад бүртгэгдсэн мэргэжилтнүүл болон үйл ажиллагаа явуулдаггүй бол “Т” ХХК нь оршин тогтнож, ашиг орлого олох боломжгүй юм. Ийм учраас “Т” ХХК-ийн бүртгэгдсэн мэргэжилтэн Э.М нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө, гаалийн бүрдүүлэлтийг хийсэн гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.11, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11-т: “гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ..., 11.21 дүгээр зүйл, 11.22 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсэг, 11.24 дүгээр зүйл ... заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.11, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн маргааны зүйлд хамаарах хуулиудад зохицуулж өгчээ.

Гомдол гаргагч “Т” ХХК-ийн зүгээс “Т” ХХК, ажилтан Э.М нарын алинд нь зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй, холбогдогч этгээдийг зөв тогтоогоогүй, тайлбар аваагүй, түүнчлэн холбогдогч хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй зэргээр гомдлын шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

Хариуцагч нь гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гаалийн зуучлагч байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг “Т” ХХК гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох явцдаа гаалийн мэдүүлгийн маягтад бичилтийн алдаа гаргасан, энэ зөрчилд нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргагч компанид шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч эрх бүхий улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа, тэр дундаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, 3.6 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлэг авах, 4.8 дугаар зүйлд зааснаар зөрчил гарсан байдлыг тодруулахаар холбогдогчоос мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, 6.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зэргийг хариуцагч гаалийн улсын байцаагчаас гүйцэтгэхдээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй байна.

Тодруулбал, гаалийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд зөрчил үйлдсэн үү, гаалийн зуучлалын итгэмжлэгдсэн мэргэжилтнээр бүртгэгдсэн этгээд болох хувь хүн зөрчил үйлдсэн үү гэдэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалаас харагдахгүй байна. Хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй хэмээн тухайн хуулийн этгээдэд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа иргэнийг холбогдогч гэж үзэж шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зуруулсан, ийнхүү холбогдогч гэж үзсэн гэхээр түүнийг холбогдогчоор тогтоож, мэдүүлэг аваагүй, харин гэрчийн мэдүүлэг авсан /гэрч хөндлөнгийн этгээд байх ёстой/, зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зэрэг нь дээр дурдсан хуульд нийцээгүй, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд эрх бүхий албан тушаалтан /улсын байцаагч/ зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг алдагдуулсан гэж шүүх дүгнэж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.21 дүгээр зүйлийн 14, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5-д заасныг баримтлан “Т” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Гаалийн улсын байцаагч Л.С-н оногдуулсан 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч “Т” ХХК-д олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН