| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2021/00107/И |
| Дугаар | 154/ШШ2021/00215 |
| Огноо | 2021-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 154/ШШ2021/00215
| 2021 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 154/ШШ2021/00215 | Булган сум |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
Зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 02-07 тоотод оршин суух, Б.Магсаржавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, /РД:ПБ87102511/, Харчин овогт Батсуурийн Батхүүд холбогдох машины үлдэгдэл үнэ 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Магсаржав түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Б.Магсаржав нь өөрийн өмчлөлийн shaanxi маркийн том оврын машиныг хариуцагч Б.Батхүүд 60 сая төгрөгөөр худалдах гэрээг амаар байгуулж 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Булган суманд аваачиж өгсөн байдаг. Машин аваачиж өгөх үед 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15 сая төгрөгийг хариуцагч Б.Батхүүгээс авсан. Харин үлдэгдэл 45 сая төгрөгийг 15-13 ХОА улсын дугаартай shaanxi маркийн машинаар тээвэр хийж, тээврийн хөлсний нийт дүнгээс Б.Магсаржавт 60%-иар тооцож төлж барагдуулахаар болсон байдаг. Б.Магсаржавт үлдэгдэл 45 сая төгрөгийг төлж барагдуулах сүүлийн хугацаа нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байсан. Хариуцагч Б.Батхүү нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын сүүлч хүртэл нэхэмжлэгч Б.Магсаржавын данс руу мөнгө болон авто машин оролцуулж нийт 17,000,000 төгрөг хийсэн. Одоо үлдэгдэл 28,000,000 төгрөгийг авч чадахгүй байна. Хариуцагч Б.Батхүү нь би таван толгойд машинаа явуулах боллоо тэнд их ашигтай байна гэж хэлээд нэхэмжлэгч Б.Магсаржаваас 15-13 ХОА улсын дугаартай shaanxi маркийн машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Ингэж өөрийн нэр дээр шилжүүлж авснаас хойш нэхэмжлэгч Б.Магсаржавт мөнгө төлөөгүй.
Иймд хариуцагч Б.Батхүүгээс 15-13 ХОА улсын дугаартай shaanxi маркийн машины үлдэгдэл 28,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Батдорж овогтой Магсаржавтай ярьж тохиролцсоны үндсэн дээр 15-13 ХОА shaanxi маркын машиныг зарж борлуулан нэхэмжлэлийн шаардлага болох 28,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгч Б.Магсаржав шүүхэд гаргасан тайлбартаа: Би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж байна. Б.Батхүүгийн гаргасан тайлбартаа таницлаа. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлага болох 28,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар бичигтэй танилцаж уг нөхцлийг хүлээн авч зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Магсаржавын машины үнэ 28,000,000 /хорин найман сая/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Батхүү төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Магсаржавын нэхэмжлэлийн шаардлага болох машины үлдэгдэл үнэ 28,000,000 /хорин найман сая/ төгрөгийг хариуцагч Б.Батхүү төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Магсаржавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийн 148,975 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 148,975 төгрөгийг хариуцагч Б.Батхүүгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Магсаржавд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснааар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ