Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 154/ШШ2021/00216

 

 

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 154/ШШ2021/00216

Булган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүгч Л.Түвшинжаргал, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух, ******* регистрийн дугаартай,******* овогт*******ын*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суух, ПИ86092736 регистрийн дугаартай,******* овогт*******гийн Ягаандоржид холбогдох гэм хорын хохирол 8,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч И.Жакий, нэхэмжлэгч Б.Төрбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагч Ч.Ягаандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Төрбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 1996 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 тоот шийдвэрээр Мөст сумын Халзан хошуу гэх газарт 16 жилийн хугацаатайгаар газар эзэмших 196 тоот гэрчилгээ авч мал маллан хаваржиж байсан. Монгол Улсын хэмжээнд газар эзэмших эрхийн гэрчилгээ өөрчлөгдсний улмаас тус сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 тоот шийдвэрээр 201100086 дугаар бүхий 0.4 га газрыг 60 жилийн хугацаатай Халзан хошуу гэх газарт өвөлжөө, хаваржааны зориулалттай эзэмших эрхийн 0024436 дугаартай гэрчилгээнд тусгагдсан тус газарт мал маллан амьдарч байсан. Өөрийн эзэмшлийн газарт хаваржаа барьж, ашиглах зорилгоор 1994 онд өөрийн дүү нарын хамт хаваржаанаасаа 5 километрийн зайд оршдог хуучин нийгмийн үед бүтээн байгуулагдсан эзэнгүй болсон нуурын чулууг нь зөөн хаваржаандаа буулгаж мөн манай хаваржаанаас 12 километрт орших хаваржааны уулын хөх чулууг буулган авч зөөж хаваржаандаа барьсан. Мөн бусдаас төмөр тор худалдан авч улмаар өндрөөрөө 140 өргөн 80 см чулуун хашаа болон төмөр торноос бүрдсэн 540 метр урттай хашааг барьж ашиглаж ирсэн. Манай нутгийн Ч.Ягаандорж 2020 оны хавар манай хаваржаан дээр бууж малаа маллах хугацаандаа мал тэжээх өвсийг дур мэдэн авч малдаа өгсөн, төмөр хаалга эвдсэн улмаар хохирлыг гаргуулахаар Булган сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрээр өвс болон төмөр хашааны үнэ 360.000 төгрөг төлж хохиролгүй болгосон. 2020 оны 08 дугаар сард Ч.Ягаандорж нь намайг эмнэлэгт хэвтэж байхад 160 см урттай чулуун хашааг буулган авч хаваржаанаас 9 метрийн зайд 15:15 харьцаатай чулуун хашаа барьсан. Ч.Ягаандоржийн хууль бус үйлдлийг шалгуулахаар Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг биш байна гэж хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч тус прокурорын газарт гомдол гаргасан. Прокурорын газраас дээрх материалыг үзэж шалгаад Б.Төрбатын барьсан хашааг Ч.Ягаандорж дур мэдэн буулган авч Ч.Ягаандорж хашаа хороо барьсан байна гэсэн дүгнэлт гарсан. Уг үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийхэд өөрийн хүч хөдөлмөрөөр барьж байгуулан удаан хугацаанд ашиглаж байсан газрын хилийн заагийг тогтоож байгалийн чулуугаар барьсан хашаагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэлт гомдол гаргасан Ч.Ягаандорж нь өөрийн өмчлөл гэж үзэн дур мэдэн зориулалт бүхий чулуун хороог өөртөө барьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг биш иргэд хоорондын эрх зүйн харилцааны шинжтэй байна гэсэн хариуг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бичгээр ирүүлснийг үндэслэн тус шүүхэд бичгээр гаргасныг үндэслэл болгон Ч.Ягаандоржийн хууль бус үйлдлийн улмаас надад учирсан гэм хорын хохирол чулуун хашааны зардал 4,250,000 төгрөг, унааны хөлс 1,140,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, мал маллуулсны хөлс 1,200,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахаар машин хөлсөлж ирсэн, буцсан зардал 340,000 төгрөг, шүүх хуралд Ховд аймгаас Булган суманд ирсэн зардал 350,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн хөлс 80,000 төгрөг, нийт 8,360,000 төгрөгийг Ч.Ягаандоржоос гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Ягаандорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр яг энэ маргаанаар шүүх хурал болоод тухайн үед нь би тодорхой видеогоор, гэрчтэйгээр тайлбар хийсэн. Тухайн үед шүүхийн шийдвэрээр чулуун хашаа нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гарсан. Өвсний мөнгө 330.000 төгрөг, ямаа самнасны 14000 төгрөг нийт 344.000 төгрөгийг би төлсөн. Хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.******* гуайн тухайн хашаа нь саравчтай, байшинтай өнөөдрийг хүртэл байж байгаа. Би 2020 оны 01 сарын 24-ний өдөр Сумын Засаг даргын захирамжаар шинэ газар авч Б.Төрбатын хашаанаас 500 метрийн зайтай хашаа татсан. Тухайн хашааны чулууг******* гэдэг хөгшин аавынхаа хашааг буулгаж зөөж ирээд энэ хүн манай хашааны чулуу зөөгөөд зөвшөөрөлгүй торныхоо нэг талыг татсан байсныг 3 портер чулуу авч ирээд хуулийн дагуу гэрчилгээтэй хашаан дээрээ өрсөн. Энэ хүний хашаа нь уулын хөх чулуу миний хашааны чулуу болохоор бөндгөр бор чулуу байдаг. Би өнөөдөр төрийн албан хаагч хүний хувьд гутарч байна. Б.Төрбат надаас нэг төсөл авахыг хүссэн би өгөөгүй үүнээс болж маргаан болсон. Намайг маш их дарамталж байна. Миний хашаа нь 8:9 харьцаатай 200 ямаа төллүүлдэг жижиг хашаа байгаа. Мал маллуулсны хөлс 1.200.000 төгрөгний зардал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Улаанбаатар хотод манай яамны сайдад очиж намайг ажлаас халуулна гэж хэлээд ирчхээд замын зардлаа надаас нэхэмжилж байгаа би хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёрт газрын ямар ч маргаан байхгүй. Б.Төрбатын хууль бусаар зөвшөөрөлгүйгээр барьсан байсан торыг нь газрын албаныхан ирж буулгаад бид хоёрын хашаанд кадастрын зураг гаргаж өгсөн. Байнгын шүүх хуралд ирээд байх сэтгэл зүйн хувьд надад үнэхээр хэцүү байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Төрбат нь хариуцагч Ч.Ягаандоржид холбогдуулан чулуун хашааны зардал 4,250,000 төгрөг, унааны хөлс 1,140,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, мал маллуулсны хөлс 1,200,000 төгрөг, нийт 7,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Төрбат нь хариуцагч Ч.Ягаандоржид холбогдох нэхэмжлэлээ шүүхэд нэхэмжлэл гаргахаар машин хөлсөлж ирсэн буцсан зардал 340,000 төгрөг, шүүх хуралд Ховд аймгаас Булган суманд ирсэн зардал 350,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн хөлс 80,000 төгрөг нийт 770,000 төгрөг-өөр ихэсгэжээ.

Улмаар нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлээ чулуун хашааны зардал 4,250,000 төгрөг, унааны хөлс 1,140,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, мал маллуулсны хөлс 1,200,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахаар машин хөлсөлж ирсэн, буцсан зардал 340,000 төгрөг, шүүх хуралд Ховд аймгаас Булган суманд ирсэн зардал 350,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн хөлс 80,000 төгрөг, нийт 8,360,000 төгрөг-ийг хариуцагчаас гаргуулах гэж тодруулсан болно.

Хариуцагч Ч.Ягаандорж нь шүүхийн шийдвэрээр чулуун хашаа нэхэмжилсэн шаардлагыг шийдвэрлэсэн. Мал маллуулсны хөлс 1,200,000 төгрөг болон бусад зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 293 дугаар шийдвэрээр Б.Төрбатын нэхэмжлэлтэй Ч.Ягаандоржид холбогдох гэм хорын хохирол 6,111,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч хэргийн оролцогчоос давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болсон байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогч маргасангүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэжээ.

Хуулийн дээрх заалтад дурьдсан хязгаарлалт нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 293 дугаар шийдвэрээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар дахин маргах тохиолдолд хамаарна.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн дээр шийдвэрээр Б.Төрбатын нэхэмжлэлтэй Ч.Ягаандоржид холбогдох чулуун хашаа худалдаж авсан зардал 1,600,000 төгрөг, хашааны чулуу ачсан, хашаа бариулсан хүмүүсийн ажлын хөлс, хоолны зардал 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Б.Төрбат нь урьд хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн чулууны хашааны зардал гаргуулах нэхэмжлэлийг үнийн дүнгийн хувьд өөрчлөн хариуцагч Ч.Ягаандоржоос дахин гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Энэ нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 293 дугаар шийдвэрээр нотлогдов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхаар,

Энэхүү үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Б.Төрбатын хариуцагч Ч.Ягаандоржоос чулуун хашааны зардал 4,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгоно гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Б.Төрбатын хариуцагч Ч.Ягаандоржоос хашааны зардал 4,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 49970 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Б.Төрбатад буцаан олгов.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.

Нэхэмжлэгч Б.Төрбат нь Цагдаагийн байгууллага болон шүүхэд ирсэн зардал 1,140,000 төгрөг гаргуулахыг хүссэн байна. Нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдож буй зардал болох 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирж очсон зардал 340000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирж очсон зардал 350000 төгрөг нийт 690000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Харин 450000 төгрөгийн зардалын баримт нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2021.06.18-ны өдрөөс өмнөх баримтууд байх ба Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролтой холбоотой цагдаа, прокурорын байгууллагад болон иргэний хэргийн шүүхэд өмгөөлөгчөөр ажилласан Б.Ганбаатарт 1000000 төгрөг төлсөн гэж нэхэмжилжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр хууль зүйн туслалцаа авах эрхтэй, энэ эрхээ эдэлсний улмаас бусдад үүрэг үүсэх үндэслэлгүй тул Б.Төрбатаас өмгөөлөгч Б.Ганбаатарт төлсөн хөлс 1000000 төгрөгийг Ч.Ягаандорж хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч нь мал маллуулсны хөлс 1200000 төгрөг шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хашаагүй болсон тул би 20 адууг жилийн хугацаагаар сарын 6000 төгрөгийн хөлстэйгээр маллуулсан гэж тайлбарласан.

Хариуцагч Би хашааны чулуу аваагүй. Мал маллуулсан гэх Б.Цогтбаатар нь Б.Төрбатын төрсөн дүү юм. Иймд энэ шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 293 дугаар шийдвэрээр чулуун хашаа худалдаж авсан 1600000 төгрөг, хашааны чулуу ачсан, хашаа бариулсан хүмүүсийн хөлс, хоолонд өгсөн зардал 3000000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хашаагүйн улмаас 20 тооны адууг жилийн хугацаагаар сарын 6000 төгрөгөөр маллуулсан болох нь баримтаар нотлогдоогүй, уг үйлдэлд хариуцагч Х.Ягаандорж буруутай болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Мөн нэхэмжлэгч Б.Төрбат нь чулуун хашааны зах зээлийн үнэлгээг Вендо ХХК-аар үнэлүүлсэн үнэлгээний хөлс 80000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгсэхгүй болгосон шаардлагыг дахин үнэлүүлсэн тул чулуун хашааны үнэлгээ тогтоосон хөлс 80000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгэн нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх үндэслэлээр Б.Төрбатын 4250000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Ч.Ягаандоржоос 690000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Төрбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3420000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 690,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21,110 төгрөгийг хариуцагч Ч.Ягаандоржоос гаргуулан нэхэмжлэгч Б.Төрбатад олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 117 дугаар зүйлийн 117.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Ягаандоржоос чулуун хашааны зардал 4,250,000/дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Төрбатын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Ягаандоржоос 690,000/зургаан зуун ерэн мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Төрбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,420,000/гурван сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Төрбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,000/нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ягаандоржоос 21,110 /хорин нэгэн мянга нэг зуун арав/ төгрөг, улсын орлогоос 49,970 /дөчин есөн мянга есөн зуун дал/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Төрбатад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаарзүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ

ШҮҮГЧ Б.МӨНХБАТ