Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 154/ШШ2021/00219

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 154/ШШ2021/00219

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Цэцэг сумын харъяат, 1967 оны 11 дүгээр сарын 25-нд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багт оршин суух, /РД:*******/******* овогт*******ийн*******гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Ханжидмаа шүүхэд ирүүлсэн хүсэлт, тайлбартаа: Би 1967 онд төрсөн, 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баянгол багт 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1983 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Ханжидмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.Ханжидмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Ч.Ханжидмаа нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Баянгол багт малчнаар ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1123 тоот: Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол бригадын 1983-1989 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх лавлагаа,

- Цэцэг сумын Баянгол бригадын Даш овогтой*******,******* нарын 1983-1989 онуудын хөдөлмөрийн хөлсний түүврийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүсэлт гаргагч Ч.Ханжидмаад Цэцэг сумын Баянгол хэсгийн зөвлөлөөс 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдөр олгосон Баярын бичиг,

- Ч.Ханжидмаад МХЗЭ-ийн хорооноос 1990 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон Гэрчилгээ,

- Ч.Ханжидмаад Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөлөөс олгосон VIII таван жилийн гавшгайч цол тэмдэгээр шагнасан ҮНЭМЛЭХ,

С.Цэцэнцэцэгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1986 оноос эхлэн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 2 дугаар бригадад зоотехникчээр ажиллаж байсан.

Ч.Ханжидмаа нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 2 дугаар бригад буюу одоогийн Баянгол багт бог мал маллаж байсан. Ч.Ханжидмаа нь 500 гаруй тооны малтай байсан. Цэцэглэх нэгдэл нь дотроо 5 багтай байсан. Баянгол багийн даргаар Батбаяр ажиллаж байсан. Ч.Ханжидмаа 1982 оноос 1989 оныг дуустал мал малласан. Цэцэглэх нэгдэл 1990 онд бага хувьчлал болж тарсан. Ч.Ханжидмаа нь одоо хүртэл мал маллаж байна. Мал маллахаас өөр ямар нэгэн ажил хийж байгаагүй. Ч.Ханжидмаа нь сайн малчин байсан баярын бичгээр шагнуулж байсан. Би тухайн үед Баянгол багийн зоотехникчээр ажиллаж байсан тул сайн мэднэ... гэх мэдүүлэг,

Я.Цэрмаагийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1983 оноос эхлэн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Ч.Ханжидмаа нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг*******ын хамт Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 2 дугаар бригад буюу одоогийн Баянгол багт бог мал маллаж байсан. Цэцэглэх нэгдлийн даргаар Шагдар ажиллаж байсан. Малчид мал маллахаас гадна хадлан хийх, хашаа саравч барих зэрэг ажил хийдэг байсан. Малчид малын тооноос хамаарч харилцан адилгүй цалин авдаг байсан. Ойролцоогоор 70-100 төгрөгний цалин авдаг. Ч.Ханжидмаа нь 500 гаруй тооны малтай байсан. Ч.Ханжидмаа 1982 оноос 1989 оныг дуустал мал малласан. Цэцэглэх нэгдэл 1990 онд бага хувьчлал болж тарсан. Ч.Ханжидмаа нь одоо хүртэл мал маллаж амьдарч байна. Ч.Ханжидмаа мал маллахаас өөр ямар нэгэн ажил хийж байгаагүй. Ч.Ханжидмаа нь сайн малчин байсан. Бид нар нэг багт хамт мал маллаж байсан тул сайн мэднэ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Ч.Ханжидмаа нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******ийн*******г 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ