Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2021/00220

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2021/00220

Булган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 24-р хороо, Эрдэнэтолгойн ** тоотод оршин суух, 1969 оны 02 сарын 20-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 52 настай, РД:ПБ69022065, Бэсүд овогт Цэрэнгийн Наранцэцэгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баатарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд хөдөө гарч 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оныг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Байтаг багт саальчин, 1988 оноос 1994 оныг дуустал Булган сумын Алагтолгой багт саальчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт сарын хөлсийг сар сард нь бичээгүй, жилийн эцсээр хамтад нь бичсэн байна. Шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох хэрэгтэй гэсэн учир хүсэлтээ гаргаж байна. Бид ажиллаж байх үед бидний хөдөлмөрийн дэвтэр багийн тоо бүртгэгч дээр байдаг, бид тэр дэвтэр яаж хөтлөгдөж байгааг анзаараагүй, нэгдэл тарахад ихэнх хүмүүс дэвтрээ бичүүлж авч байсан.

Иймд миний Жаргалын зам нэгдэл болон Жаргалын зам хувьцаат компанид 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргачийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баатарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Наранцэцэг нь миний бэр дүү юм. Ц.Наранцэцэг Улаанбаатар хотод амьдардаг ба эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд ирэх боломжгүй байна. Ц.Наранцэцэг 1985 онд илгээлтээр гарч Жаргалын зам нэгдлийн Байтаг бригадад саальчнаар ажиллаж байсан. 1988 онд миний төрсөн дүү Буяндэлгэртэй гэр бүл болж Алагтолгой бригадад шилжин ирсэн. Түүнээс хойш 4 дүгээр бригад буюу Алагтолгой бригадад үхэр маллаж саальчнаар ажиллаж байсан. Нэгдэл тарж компани болоход Жаргалын зам компанид саальчнаар ажиллаж байсан юм.

Иймд Ц.Наранцэцэгийн 1985-1994 онд Жаргалын зам нэгдэл болон Жаргалын зам хувьцаат компанид саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Наранцэцэг нь 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид тус тус саальчнаар ажиллаж байсан болох нь:

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2014 тоот лавлагаа,

- 1985 онд Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс Ц.Наранцэцэгт олгосон 1980 оны хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: 1985-1990 онд ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн хөлсний бичилт бүрэн тэмдэглэгдсэн,

-1990 оны хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: 1991-1994 онд ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн хөлсний бичилт бүрэн тэмдэглэгдсэн,

- 1985 онд Жаргалын зам нэгдлээс Ц.Наранцэцэгт олгосон нэгдлийн гишүүний 326 тоот үнэмлэх,

- Гэрч М.Хултгарын шүүхэд гэрчээр өгсөн: ...Ц.Наранцэцэг нь 1987 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажиллаж байгаад 1988 оноос Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4 дүгээр бригадад саальчин болсон. Ц.Наранцэцэгийн нөхөр А.Буяндэлгэр нь 4 дүгээр бригадад малчин байсан тул тус бригадад саальчин хийж байсан. Ц.Наранцэцэг нь 1994 оныг дуустал ажиллаж байсан. Би 1974 оноос Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад тоо бүртгэгчээр ажиллаж байгаад 1988 оноос эхлэн тус нэгдлийн сүү тосны ерөнхий мастериар ажиллаж байсан. Би тухайн үед бүх бригадын саальчдыг хариуцаж ажилладаг байсан тул сайн мэднэ... гэх мэдүүлэг,

Гэрч М.Баатарын шүүхэд гэрчээр өгсөн: ...Ц.Наранцэцэг нь 1988 оноос эхлэн 1993 оныг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад саальчин байсан. Би 1970 оноос хойш Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 4 дүгээр бригадад үржлийн Зоо техникчээр ажиллаж байсан. Манай бригад улсын үржлийн ферм, бод хэсэг гэсэн хоёр салбар бригадтай байсан. Би тэр үед улсын үржлийн фермд Зоо техникчээр, тоо бүртгэгчээр 1993 оныг дуустал ажилласан юм. Жаргалын зам нэгдэл нь хувьчлагдан Жаргалын зам хувьцаат компани болж 1994 оныг дуустал ажилласан. Тэр үед Ц.Наранцэцэг нь Жаргалын зам хувьцаат компанид үргэлжлүүлэн саальчин хийж байсан. Тухайн үед саальчид 15 тооны үхэр саадаг байсан. Ц.Наранцэцэг нь манай бригадын А.Буяндэлгэр гэх залуутай гэр бүл болж ирээд тэр цагаас хойш манай бригадад саальчнаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

-Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ц.Наранцэцэгийг 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд саальчнаар, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бэсүд овогт Цэрэнгийн Наранцэцэгийг 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчин, саальчнаар, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид малчин, саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ