| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00193/И |
| Дугаар | 154/ШШ2021/00223 |
| Огноо | 2021-11-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 154/ШШ2021/00223
| 2021 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 154/ШШ2021/00223 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын харъяат, 1966 оны 03 дугаар сарын 20-нд төрсөн, 55 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар багт оршин суух, /РД:*******/******* овогт Мангалын*******ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Ганболд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1966 онд төрсөн, 1982 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт малчнаар ажиллаж 1990 он хүртэл мал малласан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Ганболд 1966 онд төрсөн. 1981 онд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт малчнаар ажиллаж эхэлсэн. Цэргийн алба хаагаагүй. 1990 оныг дуусиал тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэв.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
М.Ганболд нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч М.Ганболдын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
М.Ганболд нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт малчнаар ажиллаж байсан болох нь:
- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 986 тоот: Ховд аймгийн Булган сумын 2 дугаар бригадын 1981-1994 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт байхгүй тул Мангал овогтой*******од лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,
- Хүсэлт гаргагч М.Ганболдод Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт Бригадын зөвлөлийн 1982 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрээр Булган сумын 1 дүгээр бригадад малчнаар авч ажиллуулав гэж тэмдэглэгдсэн бөгөөд 1982 оноос 1990 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилтүүд бүрэн тэмдэглэгдсэн,
Д.Цэрэндоржийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1980 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт малын эмчээр ажиллаж байсан. М.Ганболд нь илгээлтээр хөдөө гарч эцэг Мангалын хамт Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригад буюу одоогийн Баянгол багт ямаа маллаж байсан. М.Ганболд нь цэргийн алба хаагаагүй, тасралтгүй мал малласан. М.Ганболд 300 гаруй тооны төллөх насны ямаа малладаг байсан. М.Ганболд 1982 оноос 1990 оныг дуустал мал малласан. М.Ганболд нь шагнал урамшуулал авч байгаагүй, сайн малчин байсан. Тэр үед малчдад хөдөлмөрийн дэвтэр хөтөлж байсан, хөдөлмөрийн хөлсийг өрхийн тэргүүнээр бичдэг байсан. Илгээлтээр гарсан хүүхдүүдэд хөдөлмөрийн дэвтэр бараг байдаггүй, сүүлд нөхөн бичилт хийсэн юм. Хөдөлмөрийн дэвтрээс өөр нотлох баримт байхгүй, тэр үед шагнал урамшуулал бараг өгдөггүй байсан. Малчид мал маллахаас өөр ажил хийж байгаагүй, би Баянгол багт малын эмчээр ажиллаж байсан тул сайн мэднэ гэснээр... гэх мэдүүлэг,
Ж.Гэнджавын шүүхэд гэрчээр өгсөн: ... Би 1980 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Баянгол багт мал маллаж байсан. М.Ганболд нь 1981 оноос эхлэн эцэг Мангалын хамт Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригад буюу одоогийн Баянгол багт ямаа маллаж байсан. Жаргалын зам нэгдлийн даргаар М.Баавдай ажиллаж байсан. М.Ганболд 300 гаруй тооны эм ямаа малладаг байсан. Малчид жилийн төлөвлөгөө нормаа биелүүлэх үүрэгтэй байсан. Малын тооноос хамаарч харилцан адилгүй цалин авдаг байсан. Малчдад цалингийн 70%-ийг олгодог байсан. Үлдэгдэл 30%-ийг жилийн эцсээр олгодог байсан. Малчид нэгдлийн гишүүнээр элсэхэд нэгдлийн гишүүний үнэмлэх олгодог байсан. Малчдад улаан, цэнхэр өнгийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж өгдөг байсан. М.Ганболд 1982 оноос 1990 оныг дуустал мал малласан. Бага хувьчлал 1991 онд болсон. Жаргалын зам нэгдэл нь 1993 онд тарж Жаргалын зам ХК болсон юм. Бид нэг баг бригадад хамт мал малладаг байсан тул сайн мэднэ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт Мангалын*******ыг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ