Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 154/ШШ2021/00224

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 154/ШШ2021/00224

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1966 оны 03 дугаар сарын 28-нд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/ Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, /РД:*******/,******* овогт*******ийн*******ын хүсэлттэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Алтан-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Алтан-Од шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3-р бригадад 1982 оноос 1993 оныг дуустал малчнаар ажилласан болно. Мал маллах хугацаандаа үйлдвэрийн өгсөн үүрэг даалгавараа тогтмол биелүүлж ирсэн. Би өсвөр насны мал, борлон маллаж байсан. Одоо тэтгэвэртээ гарах гэтэл 1982-1993 оныг дуусах хугацааны ажилд орсон гарсан тогтоол тушаал олдохгүй учир шүүхийн шийдвэр гаргах шаардлагатай гэсэн. Иймд миний 1982 оноос 1993 оныг дуустал Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Алтан-Од нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Алтан-Одын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Д.Алтан-Од нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Хүсэлт гаргагч Д.Алтан-Одод Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс 1982 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

- 1991 онд Д.Алтан-Одод олгосон хөдөлмөрийн дэвтэр,

Л.Ванчингийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Д.Алтан-Од нь 1982 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3-р бригадад 1993 оныг дуустал өсвөр насны мал маллаж байсан. Д.Алтан-Од нь төрөлхийн сонсгол муу байсан тул цэргийн албанд яваагүй. Нэгдэлд тасралтгүй мал маллаж байсан. Би 1970 оноос Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад тоо бүртгэгчээр, 1983-1992 он хүртэл Жаргалын зам нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан тул тухайн үеийн малчдыг сайн мэднэ. Д.Алтан-Од нь өсвөр насны шүдлэн, төлөг 350-400 орчим мал маллаж байсан. Тухайн үед малчин 250-300 төгрөгний цалин хөлс авдаг байсан. Тухайн үед 3 дугаар бригадын малын эмчээр Ногор, Цэрэндорж нар ажиллаж байсан. Д.Алтан-Од нь өгсөн үүрэг даалгаварыг сайн биелүүлэг малчин байсан... гэх мэдүүлэг,

Г.Дамидансүрэнгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Д.Алтан-Од нь 1982 оноос эхлэн ээж Мэдэгийн хамт Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3-р бригадад өсвөр насны мал маллаж байсан. Би 1985 оноос 1994 оныг дуустал тус нэгдэлд малчин байсан. 1982 онд нэгдлийн даргаар Баавдай гэдэг хүн ажиллаж эхэлж байхад Д.Алтан-Од малчин болж байсан. Тухайн үед 1-2 настай мал /төлөг, шүлдэн 200-300 орчим/ маллаад Байтагийн ууланд амьдарч байсан. Д.Алтан-Од нь багаасаа өнчин үлдсэн олон дүү нартай ээжтэйгээ хамт тасралтгүй л нэгдэлд малчин байсан нь үнэн. 3-р бригадын даргаар Т.Дорж, малын эмчээр Цэрэндорж, Ногор, зоо техникчээр Намжил нар ажиллаж байсан. Тухайн үед малчид 200-300 төгрөгний цалин авдаг байсан. Д.Алтан-Од нь төрөлхийн сонсголын гажигтай, сонсгол муу тул цэрэгт яваагүй... гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******ийн*******ыг 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд, 1992 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ