Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2026/00053

 

Н-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2025/01875 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/06426 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан охин Са, Су нарыг эх Н-н асрамжид, хүү Т-г эцэг Б-н асрамжид тус тус үлдээж, хүү Т-г өөрийн асрамжид үлдээх тухай нэхэмжлэгч Н-н, охин Са-г өөрийн асрамжид үлдээх тухай хариуцагч Б-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Са, Су нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б-р тус тус тэжээн тэтгүүлж, хүү Т-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эх Н-р тэжээн тэтгүүлсүгэй. гэж, 4 дэх заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б-н гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б-с 2025.12.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Э.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД                                 Н.БАТЗОРИГ

                                                   Н.БАТЧИМЭГ

                                               Д.ЦОЛМОН

                                                        Х.ЭРДЭНЭСУВД