| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00199/И |
| Дугаар | 154/ШШ2021/00225 |
| Огноо | 2021-11-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 154/ШШ2021/00225
| 2021 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 154/ШШ2021/00225 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст сумын харъяат, 1966 онд төрсөн 56 настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мөст сумын Хужирт багт оршин суух, /РД:*******/,******* овогт*******ийн*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Төмөрбаатар нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1975 онд сургуульд орж, 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар ангиа төгсөж илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сард цэрэгт явах хүртлээ 2 жил эцэг эхийн хамтаар мал малласан. 1988 оны 6 дугаар сарын 12-ны өдөр цэргээс халагдан ирж 1990 оныг дуустал 2 жил 6 сар мал малласан хугацааг шүүхээр тогтоолгоод ир гэж манай нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. Миний хувьд одоо 12 дугаар сарын 8-ны өдөр 55 нас хүрч малчнаар тэтгэвэр тогтоолгох хугацаа болж байгаа юм. Манай нягтлангаар Шошдоо ажиллаж байсан. Иймд 1983 оноос 1985 оны 06 дугаар сар, 1988 оноос 1990 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Төмөрбаатар нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Төмөрбаатарын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Б.Төмөрбаатар нь 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
- Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт,
- Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай ажилд томилох тухай тушаал,
- Уг тушаалын хавсралтын 2 дугаарт*******ийн******* 2 дугаар бригад, үхэрчин гэж тэмдэглэгдсэн,
- Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадын 1984-1990 оны хөдөлмөрийн хөлсний түүвэрт*******, Цэвээн,******* гэж тэмдэглэгдсэн,
З.Бямбажавын шүүхэд гэрчээр өгсөн: ...Б.Төмөрбаатар нь 1983 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд аав, ээжийн хамт 1990 оныг дуустал бог мал маллаж байсан. Би 1981 оны 10 дугаар сараас 1998 он хүртэл Мөст сумын Хэсгийн шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Би байнга хөдөө ажлаар явж ажилладаг байсан тул Б.Төмөрбаатарыг сайн мэднэ.******* нь 1985 оноос 1988 онд цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг,
Б.Галбадрахын шүүхэд гэрчээр өгсөн: ...Б.Төмөрбаатар нь 1983 оноос Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд эцэг, эхийн хамт 1990 оныг дуустал малчин байсан нь үнэн. Би хүүхэд байх цагаасаа эхлэн Б.Төмөрбаатарыг малчин байсныг мэднэ. Мөст сумын Туяа нэгдлийн 2-р бригадын малчин байсан. Аав*******ийн хамт насаараа мал маллаж байгаа хүн. Би 1997 оноос 1999 оны 12 сар хүртэл Мөст сумын Бодонч Туяа ХХК-нд аж ахуйн няраваар ажиллаж байсан. Тэр үед Б.Төмөрбаатар нь манайд түрээсийн малчин байсан... гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Төмөрбаатарын 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******ийн*******ын 1983 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Төмөрбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ