| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00216/И |
| Дугаар | 154/ШШ2021/00227 |
| Огноо | 2021-11-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 154/ШШ2021/00227
| 2021 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 154/ШШ2021/00227 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1966 оны 07 сарын 24-нд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 15 дугаар хороонд оршин суух, /РД:ПЭ66072407/ Хонгораачин овогт Жадамбаагийн Соён-эрдэний хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэцэгмаа, гэрч С.Оюунням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, гэр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Соён-эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ж.Соён-эрдэнэ би 1966 онд төрсөн. 1984 онд Булган сумын 10 жилийн сургуулийг төгсөөд улмаар Ховд аймаг дахь УБДС-ийн хими биологийн багшийн ангид орж суралцан 1988 онд төгссөн. Улмаар 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Ардын боловсролын хэлтсийн даргын 114 дүгээр тушаалын дагуу тус сургуульд хими-биологийн багшаар хуваарилагдан 1998 оныг дуустал ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Архивын лавлагаа авахад ажилд томилсон тушаал байгаа боловч гарсан тушаал гарч ирэхгүй байна. Иймд 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Соён-эрдэнэ бид хоер 1988-1998 оны хооронд хамт ажиллаж байсан. Намайг 1990 онд Булган суманд шилжиж ирэхэд Ж.Соён-эрдэнэ хими-биологийн багшаар ажиллаж байсан. Би 1982 онд 10 дугаар анги төгсгөж, Ж.Соён-эрдэнэ 1993 онд 10 дугаар анги дааж төгсгөж байсан. 1993 онд Ж.Соён-эрдэнэ багшийн дааж төгсгөсөн сурагчдаас Булган суманд ажиллаж амьдарч байгаа хүмүүс олон байна. Иймд түүний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн Ж.Соён-эрдэний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Соён-эрдэнэ нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.Соён-эрдэнэ ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ж.Соён-эрдэнэ нь 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын 8 жилийн дунд сургууль, 10-н жилийн 1 дүгээр дунд сургуульд багшаар тус тус ажиллаж байсан болох нь:
- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1097 тоот: Ховд аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 114 дүгээр тушаалын эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв. Булган сумын сургуулийн захирлын 1998 оны тушаалаас Жадамбаа овогтой Соён-эрдэнэд холбогдох баримт олдоогүй тул лавлагаа олгох боломжгүй болно гэх лавлагаа,
- Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 114 тоот ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалд ...1988 онд их дээд сургууль төгссөн доорх багш нарыг 8 дугаар сарын 22-наас эхлэн сургуулиудад багшаар ...Булган 8 жилийн сургуульд түүх газар зүйн багшаар Бадайн Пунсалдулам, Хими биологийн багшаар Жадамбаан Соён-Эрдэнэ нарыг томилсугай гэж тэмдэглэгдсэн,
- Ховд аймгийн Булган сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг 1993 оны 06 дугаар сарын 01-нд төгссөн С.Мөнх-эрдэний дунд боловсролын №0175016 дугаарын үнэмлэхний анги удирдсан багшаар Ж.Соён-эрдэнэ гэж тэмдэглэгдэж, гарын үсэг зурагдсан,
- Хүсэлт гаргагч Ж.Соён-эрдэний 1993 оны 09 дүгээр сарын 10-нд авахуулсан гэрэл зураг ,
Гэрч С.Оюуннямын шүүх хуралдаанд гаргасан: Би 1987 онд Ховд аймагт Багшийн дээд сургууль төгсөөд ажиллаж байхад Ж.Соён-эрдэнэ 1988 онд сургууль төгсөж ирээд манай сургуульд хими-биологийн багшаар ажиллаж байгаад 1998 онд Улаанбаатар хот руу шилжсэн. Би 1988 оноос 1998 он хүртэл Ж.Соён-эрдэнэтэй хамт ажиллаж байсан. Ж.Соён-эрдэнэ 1998 он хүртэл хими-биологийн багшаар тасралтгүй ажиллаж байсан ... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хонгораачин овогт Жадамбаагийн Соён-эрдэний 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн булган сумын 8 жилийн дунд сургууль, 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ