Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2026/00065

 

Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 307/ШШ2025/01611 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 209/МА2025/00081 дүгээр магадлалтай

Т-ийн нэхэмжлэлтэй,

У, Г, А, Ш нарт холбогдох

Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын өмгөөлөгч Ө-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч У, хариуцагч нарын өмгөөлөгч Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Т нь хариуцагч У, Г, А, Ш нарт холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 307/ШШ2025/01611 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т-ийн хариуцагч Г, У, А, Ш нарт холбогдуулан гаргасан Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 209/МА2025/00081 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 307/ШШ2025/01611 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч Г, У, А, Ш нарын нэрийг хасаж, зохих бүртгэл хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгасугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т-ид олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын өмгөөлөгч Ө.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус шүүхийн магадлалын 10-т “Хариуцагч нар орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх болсон шалтгаан, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд хариуцагч нарыг нэрээ оруулж бүртгүүлэхийг нэхэмжлэгч зөвшөөрч байсан эсэх болон хөөн хэлэлцэх хугацааны асуудал нь маргааны зүйл болж байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй” гэж дүгнэдэг. Нэхэмжлэгч Т нь одоо 70 настай бөгөөд 1998 онд 43 настай, 2001 онд 46 настай байсныг шүүх анхаарч үзээгүй бөгөөд уншиж, бичиж чадах хэмжээний боловсролтой хүн юм.

Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О тайлбартаа 1998 онд орон сууцны гэрчилгээ гарч байхад энэ хүмүүсийн нэр байсан бөгөөд хамт амьдардаг болохоор нэр нь бичигдсэн байх гэж ойлгосон гэдэг тайлбарыг өгч байсан нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгагдсан. Мөн 2001.01.19-ний өдрийн барьцаат зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч Тийнх мөн байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нь нэхэмжлэгч 2001 онд орон сууцны гэрчилгээн дээр хэн хэний нэр байдгийг бүрэн мэдэж байсан бөгөөд тухайн үед 46 настай хүн байсан дээр шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй.

Хариуцагч нар нь 1998 оноос өнөөдрийг хүртэл нийтдээ 27 жил тус орон сууцанд амьдарч байгаа бөгөөд энэ бүхий л хугацааны ус, дулаан, цахилгаан, СӨХ-ны төлбөрүүдийг бүгдийг нь төлж байсан мөн 3-4 удаа их засвар хийж, нэхэмжлэгч Тийг хоол унд, хувцас эд зүйлээр дутаадаггүй байсан талаар нэхэмжлэгч талаас маргадаггүй хүлээн зөвшөөрдөг. Хэзээ ч хүн хүний орон байранд түр байж байгаа бол тэгж их сэтгэл зүтгэл гаргахгүй бөгөөд давж заалдах шатны шүүх эдгээр хариуцагч нарын 27 жилийн амьдралыг үнэгүйдүүлж байгаад маш их харамсаж байна. Анхнаасаа нэхэмжлэгч Т нь орон сууцны өмчлөлд нэрээ оруулахыг зөвшөөрөөгүй байсан бол аль хэдийн өөрсдийн гэсэн орон сууцтай болох боломжийг нь алдагдуулахгүй байсан.

Магадлалын 6-р хуудаст өөрийн өмчлөлийн байрыг охиндоо шилжүүлэх /охинтой эсэх нотлогдоогүй/ гэхэд байрны гэрчилгээнд хариуцагч нарын нэр бичигдсэн байсныг мэдсэн гэдэг мөн шүүхэд анх 2024.05.7-ны өдөр гаргасан нэхэмжлэл дээр хүүхдүүдийнхээ нэрийг оруулсан байсныг би саяхан гэрчилгээгээ хүнд үзүүлж тайлбарлуулж ойлгож мэдлээ гэх зөрүүтэй тайлбарууд өгдөг нь нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүргийнхээ дагуу хэн, хэзээ, яаж мэдэж хэлж байсан талаар нотлоогүй.

Иймд давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэт нэг талыг барьж ашиг сонирхолтой шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч нарын өмгөөлөгч Ө-н гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.02.13-ны өдрийн 001/ШХТ2026/00187 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Тийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     7. Нэхэмжлэгч Т нь хариуцагч У, Г, А, Ш нарт холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Би Дархан хотод ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Манай байгууллагаас надад олон жил үр бүтээлтэй ажилласан гэж *** орон сууцыг өгсөн. Би гэр бүлгүй, ганцаараа амьдардаг байсан учир Гын гэр бүлийг нэг өрөөндөө оруулж хамт амьдарч байсан, орон сууц хувьчилж авах үед Г, У нар нь таны бичиг баримтыг хөөцөлдөж өгье гээд намайг дагуулж албан газруудаар явдаг байсан. Тухайн үед би тэднийг өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрсдийнхөө нэрийг оруулсныг мэдээгүй. Сүүлд 2024 оны 01 дүгээр сард хариуцагч нарын зан араншин өөрчлөгдөж, намайг гэр орноос хөөх болсон. ...Би өөртэйгөө төрөл садангийн болон найз нөхдийн ямар ч хамааралгүй хүмүүст орон сууцныхаа өмчлөх эрхийг шилжүүлэхгүй. Одоо насны эцэст ганц охиндоо өөрийнхөө орон сууцыг өвлүүлж үлдээх хүсэлтэй байна. Иймд хариуцагч нарын нэрийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасаж өгнө үү...” гэж тайлбарласан.

Хариуцагч нар хариу тайлбартаа: “...1998 онд Т-ийн зөвшөөрснөөр тус байранд ороод одоог хүртэл амьдарч байна. Тийн өөрийнх нь сайн дурын үндсэн дээр бид нар тус орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн. Бид хамт 27 жил амьдарсан, энэ хугацаанд бид орон сууцны бүх хэрэглээний зардлыг төлж, тус орон сууцанд 4 удаа засвар хийхдээ нэг ч зардал гаргуулж байгаагүй, нэхэмжлэгчийн хоол ундыг бүрэн дааж, нэг гэр бүл шиг хамт амьдарч байсан. Хэрэв тухайн үедээ биднийг байрнаас гар гэсэн бол бид гараад аль хэдийн өөрийн гэсэн орон байртай болсон байх байсан боловч Т гуай хамт амьдраач гэж гуйдаг байсан учраас боломжоосоо татгалзаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...1998.10.12-ны өдөр Аймгийн орон сууц хувьчлах товчоонд орон сууцыг хувьчлан авахаар сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн эзэмшигч Т бус хариуцагч У өөрийн нэрээр өргөдөл гаргаж, өргөдөлдөө уг сууцыг эзэмших эрхтэй гишүүдээр Г, У, А, Ш нарыг бичсэн байх тул нэхэмжлэгч Тийн зөвшөөрлөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Иймээс нэхэмжлэгч Т нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т зааснаар бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй боловч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна...” гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх: “...Хариуцагч У, Г, А, Ш нь нэхэмжлэгч Ттэй садан төрлийн холбоогүй, гэр бүлийн ямар нэгэн хамааралгүй этгээд болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар энэ талаар маргаагүй. Гэтэл нэхэмжлэгч Ттэй гэр бүлийн ямар нэгэн хамааралгүй этгээд болох У нь 1998.10.12-ны өдөр аймгийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргаж, тус орон сууцыг хувьчилж авах асуудлыг шийдвэрлүүлж, өөрийн гэр бүлийн гишүүд болох Г, А, Ш нарыг хамтран өмчлөх эрхтэй этгээд гэж бүртгүүлж, 1998.10.20-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. ...дээрх үйлдэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалттай нийцэхгүй байх тул хариуцагч нарыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр, хуулийн дагуу шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй. ...Иймд хариуцагч Г, У, А, Ш нарыг орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасаж, холбогдох бүртгэл хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх хэргийн нотлох баримтад тулгуурлан үйл баримтыг адил тогтоосон боловч эрх зүйн өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцлээ.

10. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн агуулгыг зөв тодорхойлоогүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагад нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүхээс үзлээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагч нарын нэрийг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасуулахыг хүссэн шаардлага гаргасан боловч тэрээр өмч хувьчлал анхнаасаа буруу явагдсан агуулгатай нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

Тухайлбал, нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцыг Дархан хотод ажиллаж байхдаа байгууллагаас олгосон эрхийн хүрээнд эзэмшиж байсан, нэг хүний буюу нэхэмжлэгч Т-ийн нэр дээр Орон сууц эзэмших эрхийн бичиг олгогдсон, 1997 оноос хариуцагч нар нь нэхэмжлэгчийн хажуу өрөөнд хамтран амьдарч эхэлсэн, 1998 онд орон сууцыг хувьчлан авсан байх ба Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны хурлын 1998.10.20-ны өдрийн Орон сууц хувьчлах эрхийн гэрчилгээ олгох тухай 22 дугаартай Тогтоолоор маргаж буй орон сууцны өмчлөгчөөр 5 хүнийг тогтоосноос орон сууц эзэмшигч буюу нэхэмжлэгч Ттэй төрөл садангийн холбоогүй нэр бүхий 4 хүнийг түүний зөвшөөрөлгүй орон сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр тогтоосныг хүлээн зөвшөөрөөгүй агуулгатай байна.

11. Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-д Сууц эзэмшигч сууц хувьчлахтай холбоотой гомдлыг орон сууц хувьчлах товчоонд гаргах ба товчоо нь уг гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ, 2-т сууц эзэмшигч нь орон сууц хувьчлах товчооны шийдвэрийг эс зөвшөөрвөл төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гомдол гаргаж болно, 4-т тухайн этгээд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн ...65.1.3-65.1.8, ...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно... гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч Т нь орон сууц хувьчлахтай холбоотой гомдлыг Орон сууц хувьчлах тухай хуульд заасны дагуу эхлээд орон сууц хувьчлах товчоонд гаргаж шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байсан үндэслэл хэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдлоо.

Улмаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал тодорхойлогдохоор байна.

12. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч У, Г, А, Ш нарт холбогдох өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулах тухай нэхэмжлэгч Тийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Талууд харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэхэд энэ тогтоол саад болохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 307/ШШ2025/01611 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 209/МА2025/00081 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Тийн нэхэмжлэлтэй У, Г, А, Ш нарт холбогдох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч У-аас 2025.12.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                      Б.УНДРАХ

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД