Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/072

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Улсын яллагч: Э.Гантулга,

Хохирогч: *******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, ******* овогт ******* *******. /******* регистрийн дугаартай /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Дэлгэрэх” хүнсний захын цагаан идээний зааланд иргэн *******тэй хувийн таарамжгүй байдлаас марган улмаар толгойн тус газар нь цохиж биед нь “хөнгөн” гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутагт байрлах “Дэлгэрэх” зах ороод нохойн хоол аваад гарч явтал *******тэй таарсан. ******* бид хоёр таарамж муутай. Би *******д “чи ах дүү нарын хооронд яагаад хов зөөгөөд хүний нэр төр гутаагаад яваад байгаа юм” гэж хэлэхэд ******* “ чам шиг муу өвчтэй авгай зайл, чи энэ зах дээр орж ирэх эрх байхгүй” гэж хэлээд цаашаа явахаар нь би араас нь “Хөөе чи яахаараа ах дүү хүмүүсийн хооронд хов зөөдөг юм” гэж хэлээд “Дэлгэрэх” захын цагаан идээний зааланд дагаад орсон.

...******* чи ах дүүтэй хүн юм уу гээд миний нүүрэнд гараараа хоёр удаа цохиод 2-3 удаа өшиглөхөөр нь “би чамайг цохихгүй, харин чи намайг зод, чамайг зодвол юу болно гэдгийг би мэдэж байна” гэж хэлсэн. Би *******г цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн зааланд цагаан идээ борлуулдаг хүүхнүүд хараад байж байсан.

...Бид хоёрын дунд ямар ч өр авлага байгаагүй би *******тэй маргах болсон шалтгаан бол намайг Баянхонгор аймгийн Хөдөө аж ахуйн газраас хөөгдсөн гэж миний том ах, эгч нарт ярьсан байсан. Ах эгч нар намайг загнаж, чи гадуур нэр нүүрээ барчихсан хүн үү гэхээр нь би хэн хэлсэн юм гэхэд ******* ярьж байна гэсэн. Мөн миний бага хүү “Дэлгэрэх” захын нягтлан хийж байсан ******* захын цэвэрлэгч нарт манай хүүг ажлаасаа гарсан уу ******* авгай хүүгээрээ далимдуулж миний ажлыг авах гээд байна гэсэн яриа гаргаж доромжилсон байхаар нь уулзах санаатай бодож яваад таарсан.

...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би *******г цохиж биед нь гэмтэл учруулаагүй цагаан идээний зааланд байсан бүх хүмүүс харж байсан.

...*******гийн эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөрт өгсөн 300000 төгрөгийг буцааж нэхэмжилнэ... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 179-180/,

Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, би Б.Лхагваүрэнг цохиж биед нь гэмтэл учруулаагүй цагаан идээний зааланд байсан бүх хүмүүс харж байсан.

...******* өөрийгөө намайг зодсон гэж худал ярьж гүжирдээд миний нэр төрд удаа дараа халдаж байгааг би ойлгохгүй байна. ******* манай хүүхдийг “Дэлгэрэх” захын нягтлангийн ажлыг эрхэлдэг байхад намайг энэ захын эмч буюу өөрийнхөө ажлыг хийх гэж байна гэж их дургүйцэж дургүйцлээ илэрхийлдэг байсан.

Би өөрт нь энэ захын эмчээр хэзээ ч ажиллахгүй гэдгээ хүртэл албан ёсоор хэлж байсан. Би энэ захын эмчийн ажлыг хийх шаардлага байхгүй. Би улсын Мал эмнэлгийн байгууллагад тасралтгүй 35 жил ажилласан. Би хувийн аж ахуй давхар эрхэлдэг хүн. Миний бие нь *******гийн биед ямар ч гэмтэл учруулаагүй хэргийн бодит үнэн тогтоогдоогүй байхад эмчилгээний 300.000 төгрөгийг төлсөн явдал нь алдаа байсан. Учир нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр прокурор Э.Гантулга та *******гийн эмнэлэгт хэвтсэн 300.000 төгрөгийг төлж барагдуулчих энэ хэрэг хаагдлаа гэж хэлсэн. Би гэмт хэрэг үйлдэж хүний биед гэмтэл учруулаагүй байж яахаараа мөнгө төлдөг юм гэдгээ Э.Гантулгад удаа дараа хэлсэн.

Тэрээр дахин ямар нэгэн асуудал гарахгүй учир та тэр мөнгийг нь төлчих гэхээр нь... төлсөн энэ миний алдаа болсон, би хэн буруутай хүнээс нь 300.000 төгрөгөө нэхэмжилж авна. Гэтэл одоо намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр сэжигтнээр тооцож яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би яахаараа *******г “ах дүү нарын хооронд хов зөөлөө” гэсэн гуравхан үг хэлснийхээ төлөө ял сонсдог юм бэ, шударга хууль дүрэм гэдэг чинь хаана байгаа юм. Би бүхэл насаараа төрийн албанд ажиллаж амьдарч өдий хүрсэн энэ хугацаанд ял сонсох нь байтугай захиргааны арга хэмжээ ч авагдаж үзээгүйг төр засаг мэдэж байгаа. Би энэ аймгийн хэмжээнд хамгийн олон жил ажилласан ахмад малын эмч нарын нэг учир бусад малын эмч нар намайг хүндэлж явдаг гэтэл ганцхан ******* намайг доромжилж гүтгэж байгаад үнэхээр гомдолтой байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-185/,

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Хохирогч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн.

Би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны орой 16 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Дэлгэрэх” хүнсний зах дотор байрлах цагаан идээний худалдаа явуулдаг зааланд орох гээд явж байхад ...******* миний араас “хөөе чи муу хуурамч тамга ашигласан луйварчин минь чи энэ зах дээр ажиллах эрхгүй шүү” гээд араас хэрүүл нэхсэн. Би нэг их юм дуугараагүй шууд цагаан идээний зааланд яваад орсон. ******* миний араас орилоод ороод ирсэн. Би өрөөгөө онгойлгох гээд байж байхад миний ар нуруу руу барьж явсан тортой зүйлээрээ цохисон. Тэгэхээр нь би эргэж хараад чи яагаад хүн цохиж аваад байгаа юм гээд *******ыг өшиглөсөн. ******* миний толгойны ар хэсэгт барьж явсан тортой зүйлээрээ дахиад цохисон. Цагаан идээ зарж байсан хүмүүс болиоч гээд орилоод байсан. Би шууд өрөөндөө ороод хэсэг огиулж байгаад толгой өвдөөд байхаар нь гэр лүүгээ явсан.

Цагдаагийн газар очиж мэдүүлэг өгөөд шинжээч эмчид үзүүлээд гэртээ харьсан. Орой нь толгой өвдөөд ухаан балартаад байхаар нь түргэн дуудаж үзүүлэхэд шууд эмнэлэгт хэвт гээд гэмтлийн тасагт сахиуртай хэвтсэн.

...Би гомдолтой байна. Эмчилгээнд ямар хэмжээний зардал гарна түүнийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-116/,

...Гэмтлийн тасагт манай охин намайг сахиж 9 хоног эмчлүүлээд эмнэлгээс гарсан. Миний хувьд *******д олон хүний дэргэд зодуулсан байхад тэнд байсан хүмүүс мэдүүлэг өгөхдөө бүгд зодоон болоогүй мэтээр тайлбар өгсөн байна. Яагаад ингээд байгаа талаар асуугаад сонсоод байхаар бүгд *******оос айгаад байна амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол гэдэг, тэгэж хэрэгт холбогдоод яахав гэх зэргээр уг хэргийг нуун дарагдуулаад байна.

...******* бид хоёрын дунд өр авлагын зүйл байхгүй. 2014 онд би ажлыг нь авахад чи энд ажиллах эрхгүй гэж хэлээд маргаж зодоон хийж байсан. Түүнээс хойш *******той хувийн таарамжгүй байдаг болсон. Миний биеийн байдал тааруу байна. Байнга эм ууж байгаа толгой өвддөг болсон. Би өмнө нь тархиндаа гэмтэл авч байгаагүй. 2007 онд тархиндаа цус харваж байсан. Мэдрэлийн их эмчийн хяналтанд байдаг байсан. Тэр үед сонсгол муудсан. Би *******д гомдолтой байна. Миний хөл, гарыг гэмтээчихсэн бол яахав тархи, толгой гэмтээсэн болохоор гомдоод байгаа. Одоог хүртэл эмчилгээ хийлгэж байгаа эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилж байна... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 135-138/,

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн үед намайг өрөө рүүгээ орох гээд явж байхад ******* чи энд ажиллах эрхгүй байхгүй, хөөе уулзая гэж ирсэнээ ар нуруу руу тортой юмаар цохисон. Би яаж байна гээд эргээд харахад дахиад толгой руу цохисон.Тэр даруйдаа миний бие сонин болж, толгой манарсан.Би өрөөндөө сууж байгаад такси барьж гэртээ ирсэн.Ирээд нөхөртэйгөө хамт Цагдаагийн газар ирсэн.Дараа нь юу болсоныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан.Эмнэлэгээс гараад хот явж толгойны зураг авахуулсан. Одоо би *******той эвлэрч гомдлоо барагдуулсан тул надад өөр ярих зүйл байхгүй.

...Хохиролд 1300000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...Шүүгдэгчтэй эвлэрсэн...

Гэрч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

       2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн үед ажлаасаа гарах гээд явж байхад гаднаас ******* эгч түрүүлээд араас нь ******* эгч “Чи юу гээд байгаа балай авгай вэ” гээд ирж байсан. Би зөрөөд гараад явсан. Энэ хоёр хүнийг урьд нь маргаж байхыг хараагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20 /,

Гэрч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байхад “Дэлгэрэх” захын цагаан идээний зааланд манай тасгийн эмч ******* түрүүлээд араас нь ******* дагаад хэрэлдээд орж ирсэн. Тэр хоёр бие биенийгээ элдэв хараалын үгээр дайраад хэрэлдээд байсан. Бие биенийгээ түлхээд ******* нь *******гийн үснээс зулгааж байсан. Тэд хэрэлдээд салахгүй болохоор нь би боль гэхэд Т.Лхагвасүрэн өрөөндөө орсон. ******* заалнаас гараад явсан. Т.Лхагвасүрэн нь дараа нь зүгээр ажлаа хийгээд явж байсан... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 23/,

Гэрч Ц.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байхад 17 цагийн үед “Дэлгэрэх” захын цагаан идээний зааланд эхлээд *******, араас нь ******* дагаад “Чи яагаад ах дүү нарын хооронд хов яриад байдаг юм” гээд хэрэлдээд орж ирсэн. ******* нь нохойн хоол бариад явж байсан. Тэд маргалдаж байхдаа ******* нь *******ы нүүрэнд гараараа цохисон.Тэд биенийгээ түлхэлцэж байгаад Т.Лхагвасүрэн өрөөндөө орсон. ******* заалнаас гараад явсан.

...******* гартаа 10 төгрөгийн гялгар ууттай нохойны хоол барьсан харагдаж байсан. *******г гартаа барьсан зүйлээр цохиогүй. Тэр хоёр бие бинийгээ гэмтээхээр зодоон хийгээгүй... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 16-17/,

Гэрч ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр намайг чингэлэг дээрээ байж байхад *******, ******* нар чингэлэгийн урд тааралдаад ******* нь *******д “чи ах дүүсийн хооронд яагаад хов яриад байгаа юм” гээд хэрэлдээд байсан. ******* нь “Дэлгэрэх” захын цагаан идээний заал руу орсон араас нь ******* дагаад орж байсан.

Дотор юу болсон талаар мэдэхгүй байна. Удалгүй ******* гараад ирсэн. Миний дэргэд зодоон хийсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 29/,

Гэрч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн.

Намайг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн үед намайг “Дэлгэрэх” захын цагаан идээний зааланд байхад *******, ******* нар “чи яагаад ах дүү нарын хооронд хов яриад байдаг” юм гээд маргалдсан.

...Нэг харахад ******* нь өрөөндөө орсон байсан. ******* нь гараад явсан... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 30/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим манай эхнэр ******* гэртээ ирсэн. Ирэхдээ ******* гэдэг хүүхэн намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цагдаад дуудлага өгөөд эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Эмч үзээд хэвт гээд Гэмтлийн тасагт сахиултай хэвтсэн. Эмнэлэгт 9 хоног сахиултай хэвтсэн.

...”Дэлгэрэх” захын цагаан идээний зааланд ******* гэдэг хүүхэн зодсон. Миний толгойны ар руу цохисон... гэж хэлсэн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 47-48/,

Гэрч гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед цэцэрлэгээс дүүгээ аваад ирэхэд аав, ээж хоёр байхгүй байсан. Аав утсаар ээж чинь хүнд зодуулсан байна чи хурдан эмнэлэг дээр хүрээд ир гэсэн.

Эмч ээжийг даралт ихтэй байна гээд эм уулгасан. Ээж чичрээд байсан чинь тариа хийсэн. Эмч үзээд тархи хавантай байна гээд хаван буулгах дусал хийсэн.

Гэмтлийн тасагт 9 хоног сахиултай хэвтээд гарсан. Одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж байгаа.

...”Дэлгэрэх” захын цагаан идээний зааланд өрөөндөө орох гээд байж байхад нь араас ******* гэдэг хүүхэн барьж явсан зүйлээрээ толгойнд нь цохисон гэж байсан... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 49-50/

Гэрч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгөн:

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр *******г хүнд зодуулсан гэж сонсоод н.Цэцэгмаатай уулзаад юу болсон талаар асуухад *******, ******* хоёр хоорондоо маргалдаад бие биенийгээ цохиж аваад байсан. Тэгээд хамт гараад явсан. Нэг их сүртэй зүйл болоогүй гэж хэлсэн... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 88/,

Гэрч гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2017 оны 01 сард “Дэлгэрэх” захын цагаан идээний заал руу шагайхад *******, Т.Лхагвасүрэн нар хоорондоо маргалдаад бие биенийгээ түлхээд байж байсан... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 115-116/,

Гэрч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тархины цахилгаан бичлэг хийсэн тухайн үеийн бичлэгээр тархины био цахилгаан идэвхжил насны нормд дунд илэртэй гарсан бичлэгийн явцад өндөр далайцтай эмгэг өөрчлөлт илэрсэн өвчтөн тухайн үед гэмтлийн тасагт хэвтэн эмчлэгдэж байсан. Тухайн үеийн үзлэгийн дүгнэлтийг бичлэгийн ард тодорхой бичсэн байгаа. Тархины бичлэг нь үйлийн оношилгоо учир *******д хуучин эмгэг чинь байна шинээр ямар нэгэн хавдар, няцрал гэх сэжиглэх зүйл байхгүй байна гэдгийг хэлсэн байгаа... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 120/

Гэрч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад 18 цаг 30 минутад яаралтай тусламжийн тасагт ******* гэдэг эмэгтэй өөрийн биеэр ирж үзүүлсэн. Ирэхдээ хүнд зодуулсан гэж хэлсэн. Би өвчтөний биед үзлэг хийхэд ил харагдах шарх сорви байхгүй байсан ба гэмтлийн гаралтай тархины доргилт, няцралтын дунд зэрэгтэй тархины даралт нь өндөр байсан ба хуйх эмзэглэлтэй байсан. Өөрөөс нь зовиурыг нь асуухад дотор муухайрч гуйвж байна гэж байсан. Тэр үед өвчин намдаах тариа, тархины даралт бууруулах эмчилгээ хийгээд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул гэмтлийн тасагт хэвтүүлж эмчилсэн байгаа. Энэ үед биеийн байдал нь хүндэвтэр байсан тул сахиуртай байлгасан. Манай тасагт 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 9 хоног эмчилгээ хийлгээд гарсан. Улаанбаатар хот явж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн.

*******гийн биед учирсан гэмтлийг шууд гаднаас нь хараад тодорхойлох боломжгүй ямар ч байсан тархиндаа гэмтэл авсан байсан... гэх мэдүүлэг. /1-х хх-ийн 51/,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Баяртогтохын хэрэг бүртгэлтийн шатан өгсөн:

Иргэн ******* толгой тус газраа бусдад цохиулж гэмтэл авсан гээд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан талаар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн биеэр очиж биед нь үзлэг хийсэн.Тэр үед *******гийн биеийн зовиурыг өөрөөс нь асуухад толгой өвдөнө, хоол идэхэд огиулна, ар дагз, чихний ухархайгаар халуу оргино, босч зогсоход өвдөг чичирнэ гэсэн зовиуруудыг хэлж байсан. Үзлэгт биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, байрлал идэвхтэй, хүүхэн хараа хоёр талд ижил, хэлбэр зөв дугариг, гэрлийн урвалд жигд орлоно, нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрнэ, дагзны булчингийн хөшингө 2 хуруу, хамар уруулын нугалаас 2 талд ижил, хэл голын шугамаар мөчидөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдэрхүй хэвийн, ромбергийн сорилт тэнцвэртэй, хамар хурууны сорил алдагдаж байсан ба хэсэг газрын үзлэгт биед ил харагдах шарх, сорви, гэмтэл байгаагүй. Өвчтөний түүх болон Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, “Өгөөмөр” мэдрэлийн эмнэлгийн их эмч нар үзлэг хийсэн боловч өвчтөний биед тархи доргилт гэсэн онош тавигдаж тогтоогдож байгаа энэ гэмтэл нь цохигдох, унах болон гадны хүчин зүйлийн улмаас үүсгэгдэнэ. *******гийн биед учирсан гэмтлийг нарийн тогтоохын тулд толгойн компьютер томографийн шинжилгээнд орох шаардлагатай гэж зөвлөгөө өгсөн тул үзүүлэгч Б Лхагвасүрэн нь эрс татгалзаж байсан ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгөхөд явж чадахүй эндээ үхсэн нь дээр гэсэн хариулт өгч байсан тул өөрийн болон бусад эмч нарын үзлэгийг үндэслэн дүгнэлт гаргасан гэх мэдүүлэг.../1-р хх-ийн 91-92/,

...Өвчтөний түүх болон Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, “Өгөөмөр” мэдрэлийн эмнэлгийн их эмч нар үзлэг хийсэн боловч өвчтөний биед тархи доргилт гэсэн онош тавигдан тогтоогдож байгаа. Энэ гэмтэл нь цохигдох, унах болон гадны хүчин зүйлийн улмаас үүсгэгдэнэ. *******гийн биед учирсан гэмтлийг нарийн тогтоохын тулд толгойн компьютер томографийн шинжилгээнд орох шаардлагатай гэж зөвлөгөө өгсөн тул үзүүлэгч ******* нь эрс татгалзаж байсан ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгөхөд явж чадахүй гэсэн хариулт өгч байсан учир өөрийн болон бусад эмч нарын үзлэгийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Сүүлд нь ******* нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр толгойн томографийн зураг авахуулаад ирсэн, тэгэхдээ гарсан тархины 2 ширхэг зураг авчирсан боловч зурагнуудын хариу болон *******гийн тархины зураг авахуулж байгаа үеийн дүрс бичлэг, тайлбар зэрэг зүйлүүд хамт ирэх ёстой боловч ирээгүй байсан. Хохирогч нь өөрөө үрэгдүүлсэн гэсэн тул нэмэлт дүгнэлт гаргах боломжгүй. Дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч уг зургийг уншиж тайлбар гаргана. Манай аймагт дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч байхгүй учир ямар ч эмч зөвхөн зургийг уншиж дүгнэлт гаргахгүй.

...*******гийн өмнө тархинд даралт харвасан нь шинжээч эмчийн урд гаргасан 65 дугаартай дүгнэлтэд нөлөөлөхгүй. *******гийн биед учирсан тархи доргилт гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Тархи доргилт гэмтэл нь хугацааны хувьд хэзээ үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй. Тархи доргилт гэмтэл нь ахуйн хүрээнд буюу унах, юм мөргөх, юманд цохиулах гэх зэргээр үүсэх боломжтой. Тархи доргилт гэмтлийг хуучин шинээр нь ялгах боломжгүй гэх мэдүүлэг... /1-р хх-ийн 172-173 /,

...Урд гаргасан 65 дугаартай дүгнэлт үндэслэлтэй хэвээрээ, хохирогч *******гийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн толгойн томографийн авахуулсан зургийн дүгнэлт тайлбар хэсэгтэй танилцахад нэмэлтээр илрэх гэмтлийн гаралтай эмгэг өөрчлөлт тогтоогдоогүй байна. Хохирогч *******гийн тухайн үед авсан тархи доргилт гэмтэл нь томографийн зургаар илэрдэггүй тухайн үеийнхээ үзлэгээр тогтоогддог гэмтэл... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 237-238 /,

Гэрч Ц.Бат-Очирын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

...*******гийн биеийн байдал тухайн үед хүндэвтэр өвдөлт ихтэй дагзны булчин хөшингө, ил харагдах шарх гэмтэл байхгүй байсан. Урьдчилсан дүгнэлтээр тархины эдийн няцрал аалзавчин бүрхүүлэнд цус харвалт өгсөн байх магадлалтай гэж үзээд гэмтлийн тасагт хэвтүүлэн эмчилгээ хийгдсэн. Цаашид мэдрэлийн эмчийн хяналтад орох, тархины томографийн зураг авахуулах зөвлөгөө өгөөд 9 хоноод эмнэлгээс гаргасан. Тархинд гэмтэл авсан бол хаана ямар байдлаар авсан талаар тодорхойлох боломжгүй. Тухайн үед хүнд зодуулсан гэж байсан. Өвчтөнд тархины хаван бууруулах, эд эсийг нөхөн сэргээх тайвшруулах эмчилгээ хийгдсэн байгаа... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 121 /,

Хохирогч *******, Ж.Сүрэнхорлоо нарыг нүүрэлдүүлэн байцаасан:

1. *******гийн... Таны лангууны өмнө би *******той маргалдаж байх байсан. Та энэ талаар харсан байх ёстой.Та яагаад хараагүй юм. Та сайн харсан байх ёстой.

2. *******ийн...Би та хоёрыг зодолдож байхыг хараагүй. ******* та хоёр хоорондоо маргалдаад бие биенийгээ түлхээд байсан. Та хоёрын нэг нь нөгөөгийнхөө үснээс зулгаасан харагдсан. Би хэрүүл маргаан харахаараа их айдаг. *******ыг чиний толгой руу юмаар цохисон талаар хараагүй. ******* нь гартаа юу барьж явсан талаар анзаараагүй... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 212-213/

Хохирогч *******, гэрч ******* нарыг нүүрэлдүүлэн байцаасан:

1. Хохирогч *******гийн....******* бид хоёрыг зодолдож байхад н.Цэцэгмаа, н.Хандаа, н.*******, н.Сүрэнхорлоо, н.Булгаа, н.Мөнхөө, ******* нар байсан байх гэж бодож байна. Намайг зодуулж байхыг харсан л байх

2. Та нарын хэрүүл маргаан надад хамаагүй. Та хоёрыг маргалдаж байхад миний утас дуугараад би заалнаас гараад явсан. Би зодоон хийсэн эсэх талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 214-215/,

Хохирогч *******, гэрч Ч.Энэбиш нарыг нүүрэлдүүлэн байцаасан:

1. Хохирогч *******гийн...Намайг *******той маргалдаад гаднаас орж ирэхэд чи зааланд байсан биз дээ. Би өөрийг чинь байсан гэж бодож байна. ******* надтай утсаар ярихдаа таныг болиоч гэж орилж байсан гэж хэлсэн....

2. Гэрч Ч.Энэбишийн... би тухайн өдөр байгаагүй. Би тэр зааланд байнга суугаад байдаггүй. Орон гаран байдаг...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 216-217/

Хохирогч *******, гэрч Ц.******* нарыг нүүрэлдүүлэн байцаасан:

1. Хохирогч *******гийн...*******той маргалдаад цагаан идээний зааланд ороход чи тэнд байж байсан. Намайг зодуулж байхыг чи харсан биз дээ...Чи намайг толгойгоо хамгаалаад нүүрээ дарж байсныг харсан юм чинь би зодуулсан нь үнэн байгаа биз дээ.

2. Би тэр үед байсан. ******* та хоёрыг маргалдаад орж ирсэн талаар мэдэж байна. Та хоёр бие биенийгээ түлхээд байснаас өөр сүртэй зүйл болоогүй. Та *******ыг цохь гээд орилоод байсан. Харин ******* би чамайг цохиж яах юм гэхэд та *******ыг өөрөө алгадаад өөрөө хацраа бариад ёолоод байсан. Бид нар таныг хараад өөрөө хүн алгадчихаад ёолоод байхдаа яадаг юм гээд инээж байсан. Та хоёр ямар ч л байсан цагаан идээний зааланд зодолдоогүй. Түүнээс хойш зах тарах гэж байхад та өөрөө зүгээр ажлаа хийгээд заалны халаалт үзээд явж байсан. Тэр зааланд зодоон болоогүй. Би зодооныг хараагүй... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 218-219/,

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн:

“1. *******гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”... гэх дүгнэлт /1-р хх-ийн 33-34/

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 156 дугаартай шинжээчийн:

“1. Хохирогч ******* нь 10 жилийн өмнө даралт харваж байсан нь өмнөх 65 дугаартай дүгнэлтэнд хамаарахгүй болно.

2. Хохирогч *******гийн биед учирсан толгойн доргилтыг хэдийн үед үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хохирогч *******гийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод авахуулсан КТГ-ын 2 ширхэг зурагны тайлбарыг нарийн мэргэжлийн дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч байхгүй тул дүгнэлт гаргах боломжгүй”... гэх дүгнэлт /1-р хх-ийн 166-167/,

Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 198 дугаартай шинжээчийн:

“1. *******гийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод авахуулсан толгойн компьютер томографийн 2 ширхэг зургийн тайлбар ирсэн тул дүгнэлт гаргах боломжтой байна.

2. *******гийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод авахуулсан толгойн томографийн шинжилгээнд гэмтэл тогтоогдсонгүй”... гэх дүгнэлт. /1-р хх-ийн 232-234/,

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-14/, хохирогч *******гийн тайлбар, мэдүүлэг /1-р хх-ийн 14-17/, 102-103,113,135-135-138/, гэрч Ч.Энэбишийн тайлбар, мэдүүлэг /1-р хх-ийн 18, 149-150/, гэрч *******ийн тайлбар, мэдүүлэг /1-р хх-ийн 19-20, 90, 139-140/, гэрч Л.Цэцэгмаагийн тайлбар, мэдүүлэг /1-р хх-ийн 21-22, 89/, гэрч *******ийн тайлбар мэдүүлэг /1-р хх-ийн 23-24, 143-144/, гэрч Р.Булганаагийн тайлбар, мэдүүлэг /1-р хх-ийн 25/, гэрч Ц.*******ы тайлбар, мэдүүлэг /1-р хх-ийн 26-27, 141-142/, гэрч Б.Цэндсүрэнгийн тайлбар, мэдүүлэг /1-р хх-ийн 28/, гэрч ын тайлбар, мэдүүлэг /1-р хх-ийн 29/, гэрч ийн мэдүүлэг /1-р хх-ийн 30, 145-146/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 33-34/, сэрэнгэ үеийн тархины цахилгаан бичлэг /1-р хх-ийн 35-46/, гэрч гийн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48, 122, 156-157/, гэрч гийн мэдүүлэг /1-р хх-ийн 49-50, 119, 153-154/, гэрч ийн мэдүүлэг /1-р хх-ийн 51/, яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 52-70/, гэрч ийн мэдүүлэг /1-р хх-ийн 88/, гэрч Б.Баяртогтохын мэдүүлэг /1-р хх-ийн 91-92, 172-173, 237-238 /, хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 110-111/, гэрч Э.Цэнгэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 114/, гэрч гийн мэдүүлэг /1-р хх-ийн 115-116,158-159/, гэрч Б.Бямбажаргалын мэдүүлэг /1-р хх-ийн 117-118, 207-208/ , гэрч ийн мэдүүлэг /1-р хх-ийн 120, 147-148/ гэрч Ц.Бат-Очирын мэдүүлэг /1-р хх-ийн 121, 164-165/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 131-133/, гэрч Ж.Цэнгэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 151-152/, гэрч ийн мэдүүлэг /1-р хх-ийн 160-161/, гэрч М.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 162-163/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 156 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 166-167/, шүүгдэгч *******ы сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 179-180/, шүүгдэгч *******ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 184-185/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн 302 дугаар тодорхойлолт /хх-ийн 39/, шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 187/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 189/, хохирлын баримт /1-р хх-ийн 196-200/, гэрч Н.Цэдэвийн мэдүүлэг /1-р хх-ийн 205-206/, гэрч /1-р хх-ийн 210-211/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 212-221/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 198 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 232-234/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Дэлгэрэх” хүнсний захын цагаан идээний зааланд иргэн *******тэй хувийн таарамжгүй байдлаас марган улмаар толгойн тус газар нь цохиж биед нь “хөнгөн” гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч хохирогч *******гийн тайлбар, мэдүүлэг /1-р хх-ийн 14-17/, 102-103,113,135-135-138/, гэрч *******ийн мэдүүлэг /1-р хх-ийн 23-24, 143-144/, гэрч гийн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48, 122, 156-157/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн “*******гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 33-34/, сэрэнги үеийн тархины цахилгаан бичлэг /1-р хх-ийн 35-46/, гэрч ийн мэдүүлэг /1-р хх-ийн 51/, яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 52-70/, гэрч Б.Баяртогтохын мэдүүлэг /1-р хх-ийн 91-92, 172-173, 237-238 /, гэрч Ц.Бат-Очирын мэдүүлэг /1-р хх-ийн 121, 164-165/, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 198 дугаартай шинжээчийн “*******гийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод авахуулсан толгойн компьютер томографийн 2 ширхэг зургийн тайлбар ирсэн тул дүгнэлт гаргах боломжтой байна. *******гийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод авахуулсан толгойн томографийн шинжилгээнд гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 232-234/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилэн яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид “хөнгөн” гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь “...шүүгдэгч *******той сайн дураар эвлэрсэн, хохиролд 1300000 төгрөг авсан, цаашид хэргийн талаар хохирол, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан болохоо...” илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргалаас хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураар эвлэрсэн тухай бичгээр байгуулсан хэлцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготовоос шүүгдэгч нь хохирогчийн харилцах данс руу хохирлын мөнгө шилжүүлсэн тухай баримтыг тус тус гаргаж өгсөн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч *******д учирсан хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч *******ы эзэмшлийн “Samsung-S1” маркийн цагаан өнгийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи утсыг эзэмшигч *******д олгохоор шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******гийн толгойн томографийн 2 ширхэг зураг, эмчлүүлэгчийн карт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******д буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.3-д заасан “ гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн”, мөн хуулийн 55.1.9-д заасан “ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь “..хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн...” тухайгаа мэдүүлсэн, мөн хохирогч шүүгдэгч нар сайн дураар эвлэрч хэлцэл байгуулсан тухай бичгийн нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтыг тус тус үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 297 дугаар зүйлийн 297.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д -д заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы эзэмшлийн “Samsung-S1” маркийн цагаан өнгийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Samsung-S1” маркийн гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7, 298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******гийн толгойн томографийн зураг 2 ширхэг, эмчлүүлэгчийн карт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******д буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3,303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулсөн өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.              

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ