Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2021/00239

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 154/ШШ2021/00239

Булган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо эхлэл байрны 34 тоотод оршин суух, РД:*******,******* овогт*******ын*******ийн хүсэлттэй

Хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, өвлөх эрхийн хугацаа сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Алтангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Алтангэрэл нь Ховд аймгийн Булган суманд 1966 оны 03 дугаар сарын 03-ны өдөр*******ын 2 дахь хүү болон мэндэлсэн. Бид эцэг эхээс хоёулаа бөгөөд төрсөн ах Таакаа нь 1994 он нас барсан. Аав Б.Сунгарав 1990 онд, ээж М.Сүхээ 2017 онд нас барсан. Миний ээж Г.Сүхээ нь Ховд аймгийн Булган сумын Далт багийн 3 дугаар гудамжны 01 тоотод 200210215 нэгж талбарын дугаартай 1030 м2 тайлбайтай, өмчлөх эрхийн Г-1602000120 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар үл хөдлөх хөрөнгөтэй байсан. Одоо уг газрыг надаас өөр өвлөх хүн байхгүй. Тухайн үед би ээжийнхээ ажил төрлөөр ирээд уг газрыг өвлөж авах талаар Ховд аймгийн Булган сумын нотариатчид хандахад нэг жилийн дараа өвлөх эрх нээгдэхээр гэрчилгээ бичүүлж ав гэсэн. Тэгээд хотруу яваад түүнээс хойш корона гараад нутагтаа ирж чадаагүй юм.

Иймд С.Алтангэрэл намайг ээж М.Сүхээгийн Ховд аймгийн Булган сумын Далт багийн 3 дугаар гудамжны 01 тоотод байрлах 1030 м2 талбай бүхий өмчлөх эрхийн Г-1602000120 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Алтангэрэл шүүхэд хандаж үл хөдлөх эд хөрөнгийн өвлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийн хугацаа сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн төрүүлсэн эх М.Сүхээ нь Ховд аймгийн Булган сумын Далт багийн 3 дугаар гудамжны 01 тоотод байрлах 1030 м2 талбай бүхий өмчлөх эрхийн Г-1602000120 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч байсан байх ба тэрээр 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нас барсанаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.

Нэхэмжлэгч С.Алтангэрэл нь Ховд аймгийн Булган суманд 1966 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Бат-Өлзийгийн*******, Мэргэний Сүхээ нарын дундаас төрсөн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрсний бүртгэлийн лавлагаа болон 137 тоот төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Тэрээр нэхэмжлэгч С.Алтангэрэлийн эцэг Б.Сунгарав, эх М.Сүхээ нар нь хамт амьдарч байсан бөгөөд 1960 онд хүү С.Таакааг төрүүлсэн ба С.Таакаа нь 1994 онд нас барсан, нэхэмжлэгчийн эцэг Б.Сунгарав нь 1990 онд нас барсан ба эх М.Сүхээ нь Ховд аймгийн Булган сумын Далт багийн 3 дугаар гудамжны 01 тоотод ам бүл ганцаар амьдарч байгаад 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа, гэрч Ц.Даваажавын шүүхэд гэрчээр өгсөн: ...С.Алтангэрэл нь Ховд аймгийн Булган суманд төрсөн. Бид 1974 онд Ховд аймгийн Булган сумын 10-н жилийн дунд сургуульд Дүгэрсүрэн багштай 1 дүгээр ангид орж байсан. С.Алтангэрэлийн эцэг*******, эх Сүхээ нар нь насаараа Ховд аймгийн Булган сумын Далт багт 8-н жилийн багш нарын лагерьт амьдарч байсан хүмүүс.******* гэдэг хүн насаараа агент хийж байсан. С.Алтангэрэл нь төрсөн цагаасаа хойш Булган сумын Далт багт амьдарч байсныг нь би сайн мэднэ. Тэр үед манай суманд гудамж, хашааны хаяг байгаагүй. Айлууд лагерь лагериар байдаг байсан. С.Алтангэрэлийн эцэг, эх хоёр нь насан эцэс болтлоо тэр хашаандаа амьдарч байсан. Манайх малтай лагерьт байдаг байсан. С.Алтангэрэл бид хоёр нэг үеийн найз нөхөд тул маш сайн мэднэ... гэх мэдүүлэг,

гэрч Д.Лхагважавын шүүхэд гэрчээр өгсөн: ...С.Алтангэрэлийн эцэг Б.Сунгарав, эх М.Сүхээ нар нь Ховд аймгийн Булган сумын Далт багт амьдарч байсан. Б.Сунгаравын ганц хүү С.Алтангэрэл нь төрсөн цагаасаа хойш Булган сумын Далт багт амьдарч байсныг нь би сайн мэднэ. Тухайн үед манай суманд гудамж, хашааны хаяг байгаагүй. Хуучнаар багш нарын лагерь гэдэг байсан. С.Алтангэрэлийн эцэг, эх хоёр бурхан болтолоо тэр хашаандаа амьдарч байсан. Манай Булган сумын ард иргэд бүгд мэднэ. С.Алтангэрэлийн эх М.Сүхээ нь нас барсанаас хойш одоо хүртэл хашаандаа гэр нь бариатай байгаа юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д дор дурьдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.Алтангэрэл нь төрүүлсэн эх Мэргэний Сүхээгийн хууль ёсны өвлөгч болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа мэдэгдээгүй, түүнчлэн мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг,сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл өвлөгч нь хуульд заасан хугацаанд зохих байгуулллагад хүсэлтээ гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн байх тул өвлөх эрхээ алдсан байна.

Гэвч нэхэмжлэгч нь өвлөгдөх эд хөрөнийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд хуульд заасан хугацаанд гаргаагүй шалтгаанаа Ховд аймгийн Булган сумын нотариатчид хандахад нэг жилийн дараа өвлөх эрх нээгдэхээр гэрчилгээ бичүүлж ав гэсэн. Тэгээд хотруу яваад түүнээс хойш корона гараад нутагтаа ирж чадаагүй юм гэж тайлбарлаж байна. Ийнхүү нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-д зааснаар өвлөх хугацааг сэргээж, хууль ёсны өвлөгч бөгөөд өвлөх эрхтэй болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 528 дугаар зүйлийн 528.2-д заасныг баримтлан С.Алтангэрэлийн өв хүлээн авах хугацааг сэргээсүгэй.

2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 528 дугаар зүйлийн 528.2.2-т заасныг баримтлан С.Алтангэрэл нь талийгаач М.Сүхээгийн хууль ёсны өвлөгч бөгөөд түүний Ховд аймгийн Булган сумын Далт багийн 3 дугаар гудамжны 01 тоотод байрлах 1030 м2 талбай бүхий өмчлөх эрхийн Г-1602000120 улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өвлөх эрхтэй болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Алтангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ