| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2021/00226/И |
| Дугаар | 154/ШШ2021/00242 |
| Огноо | 2021-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 154/ШШ2021/00242
| 2021 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 154/ШШ2021/00242 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, РД:*******,******* овогт*******ийн*******ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч К.Харбас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч К.Харбас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1982 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар орж 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуустал эцэг, эхийн хамт туслах малчнаар ажиллаж байсан. 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдаж анхны 2 жилийн алба хааж 1988 оны 08 дугаар сард халагдаж ирээд тус нэгдэлдээ 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Цэрэгт явахаасаа өмнө эцэг эхийн хамт төрдөг мал маллаж байсан ба цэргээс ирээд бог мал маллаж байсан.
Иймд миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч К.Харбас нь 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуустал, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 90 тоот Ховд аймгийн Үенч сумын 3 дугаар бригадын 70 дугаар данснаас 1982-1986, 1989 оны хөдөлмөрийн хөлсийг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв гэх лавлагаа,
- Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлээс К.Харбаст олгосон 1980 оны хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: Үенч сумын Алтайн оргил нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар илгээлтээр гарсан тул Тайгын хар бригадад малчнаар томилов гэх бичилт, 1982-1990 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний бичилтүүд тэмдэглэгдсэн,
- Б.Чебекийн шүүхэд гэрчээр өгсөн: ...К.Харбас нь 1982 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 3 дугаар бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1986-1988 онд цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ тасралтгүй 1993 он хүртэл мал маллаж байсан. Би 1978- 1993 онд Алтайн Оргил нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Би К.Харбасын эцэг, эхтэй нь хамт олон жил айл хөрш мал маллаж байсан. Тухайн үед малчид 60-120 төгрөгний цалин хөлс авдаг байсан. Алтайн Оргил нэгдлийн даргаар Муушар, Бямбадорж, Сандаг, бригадын даргаар Хаябар, Ноосонхан нар ажиллаж байсан... гэх мэдүүлэг,
- Х.Хоёкегийн шүүхэд гэрчээр өгсөн: ...К.Харбас 1982-1992 онд Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 3 дугаар бригадад малчин байсан. К.Харбас нь 2 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Цэргээс ирээд нэгдлийн бог мал маллаж байсан. Би 1973-1990 онд тус нэгдлийн 3 дугаар бригадад малын эмчээр тасралтгүй ажиллаж байсан тул К.Харбасыг сайн мэднэ. Манай бригад 100 гаруй малчин өрхтэй байсан. Тухайн үед малчид 60-110 төгрөгний цалин хөлс авдаг байсан. Манай нэгдлийн даргаар Сандаг, бригадын даргаар Хаябар нар ажиллаж байсан. К.Харбас нь нэгдэлд тасралтгүй малчин байсан нь үнэн болно гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч К.Харбасын хүсэлтээр Б.Чебек, Х.Хоёке нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд хүсэлт гаргагч К.Харбасын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сарбас овогт*******ийн*******ыг 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуустал, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч К.Харбасын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ