| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2021/00228/И |
| Дугаар | 154/ШШ2021/00243 |
| Огноо | 2021-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 154/ШШ2021/00243
| 2021 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 154/ШШ2021/00243 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багт оршин суух, РД:*******,******* овогт*******ын*******гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Бямбасүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1978 онд 8 дугаар анги төгссөн. 1980-1983 онд Улаанбаатар хотод 0200 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 1983-1990 онд Ховд аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуульд сахиул, жижүүрийн албан тушаалд ажилласан. Архивын лавлагаагаар 1983 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тушаал хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн томилогдсон албан тушаал зөрүүтэй байгаа учраас 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Бямбасүрэн нь 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан болох нь:
- Ховд аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 58 тоот ...Дотуур байрны жижүүрээр Г.Хашхүү, Л.Бямбасүрэн нарыг томилсугай. Дээрх хүмүүст 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тарифт цалин олгохыг ня-бо Оюунчимэгт зөвшөөрсүгэй гэх тушаал,
- Ховд аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 105 тоот******* овогтой*******г 1990 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон сахиулын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэх тушаал,
- Ховд аймгийн МХЗЭ-ээс Л.Бямбасүрэнд олгосон Сайшаалын үнэмлэх /1985 он/, Дурсамж,
- Ховд аймгийн Алтай сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас Л.Бямбасүрэнд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 58 тоот тушаалаар Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн сахиулаар авч ажиллуулав, Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 105 тоот тушаалаар Алтай сумын 8 жилийн дунд сургуулийн сахиулын үүрэгт ажлаас чөлөөлж, сумын захиргааны мэдэлд шилжүүлэв гэх бичилт,
- Н.Дагвадоржийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Л.Бямбасүрэн 1983 оноос Ховд аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуульд сахиул, жижүүрээр 1990 он хүртэл ажиллаж байсан. Би тус сургуульд 1987 оноос 1993 он хүртэл няраваар ажиллаж байсан. Бид хоёр нэг байгууллагад хамт ажиллаж байсан. Бие биенээ сайн мэднэ. Манай сургуулийн захирлаар Гэндэн, Гансүх, сургуулийн эрхлэгчээр Өжин-Чоймбол нар ажиллаж байсан. Манай байгууллага нийт 50-60 орчим ажилчидтай байсан... гэх мэдүүлэг,
- Х.Алтанцэцэгийн шүүхэд гэрчээр өгсөн: Л.Бямбасүрэн 1980-1983 онд цэргийн алба хааж ирээд 1983 оноос хойш 1990 он хүртэл Ховд аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуульд жижүүрээр ажиллаж байсан. Би 1986 оноос 1989 он хүртэл тус сургуульд тогоочоор ажиллаж байсан. Бид хоёр нэг байгууллагад хамт ажиллаж байсан тул сайн мэднэ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч Л.Бямбасүрэнгийн хүсэлтээр Н.Дагвадорж,Х.Алтанцэцэг нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд хүсэлт гаргагч Л.Бямбасүрэнгийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зангийнхан овогт*******ын*******г 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын 8 жилийн дунд сургуульд жижүүр, сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Бямбасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ