| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00224/И |
| Дугаар | 154/ШШ2021/00246 |
| Огноо | 2021-11-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 154/ШШ2021/00246
| 2021 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 154/ШШ2021/00246 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Алтай сумын харъяат, 1966 оны 11 дүгээр сарын 22-нд төрсөн, 55 настай, эрэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Бодонч багт оршин суух, /РД:ПА66112217/ Хар сэрхтийнхэн овогт Хоролсүрэнгийн Ганбаатарын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Ганбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Алтай сумын 8 жилийн сургуулийг 1982 онд төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад 1985 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж явсан. 1988 оны 06 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд эх Хоролсүрэнгийн хамт малчнаар ажиллаж нэгдлийн бог мал маллаж байсан. 1990 онд гэр бүл болж тусдаа өрх толгойлон малчнаар ажилласан. Одоо миний шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн намайг 1982 оны 06 сараас 1985 оны 06 сар хүртэл, 1988 оны 06 сараас 1993 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би цэргийн 3 жилийн эхний 6 сард жолоочийн курсэд суралцаж төгсөж байсан гэв.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Ганбаатар нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Х.Ганбаатарын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Х.Ганбаатар нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн: Ховд аймгийн Алтай сумын 1 дүгээр бригадын 70 дугаар дансаас 1983-1985, 1988-1991 оны хөдөлмөрийн хөлсийг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв.
Мөн сумын 1992 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт ирээгүй болно гэх лавлагаа,
- Х.Ганбаатар, Ц.Хоролсүрэн нарын 1982-1985, 1988-1991 онуудын Алтай сумын 1 дүгээр бригадын хөдөлмөрийн хөлсний түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
С.Батсайханы шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1985 оноос эхлэн Ховд аймгийн Алтай сумын шатахуун түгээх станцад ажиллаж байсан. Х.Ганбаатар нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч эх Хоролсүрэнгийн хамт Ховд аймгийн Алтайн сумын Алтайн хөгжил нэгдэлд бог мал маллаж байгаад 1985 онд цэргийн албанд татагдаж яваад 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт мал малласан. Х.Ганбаатар нь 300 гаруй бог мал маллаж байсан. Малчид малын тоо толгойноос хамаарч цалин авдаг байсан. Малчид хөдөлмөрийн дэвтэртэй байсан. Х.Ганбаатарын хөдөлмөрийн дэвтэр яагаад байхгүй талаар мэдэхгүй байна. Өрхийн тэргүүний нэрээр цалин хөлсийг тооцдог байсан. Алтайн хөгжил нэгдлийн даргаар Дамиран, Найдан нар ажиллаж байсан. Х.Ганбаатар нь 1982 оноос 1993 оныг дуустал тасралтгүй мал малласан... гэх мэдүүлэг,
Д.Гантөмөрийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1997 оноос эхлэн Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд бог мал маллаж байсан. Х.Ганбаатар нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд бог мал маллаж байгаад 1985 онд цэргийн албанд татагдаж яваад 1988 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт мал малласан. Х.Ганбаатар нь 300 гаруй бог мал маллаж байсан. Х.Ганбаатар нь шагнал урамшуулал авч байгаагүй, Алтайн хөгжил нэгдлийн даргаар Найдан дарга ажиллаж байсан. Х.Ганбаатар нь Алтайн хөгжил нэгдлийн Бодонч багт 1982 оноос 1993 оныг дуустал тасралтгүй мал малласан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар сэрхтийнхэн овогт Хоролсүрэнгийн Ганбаатарыг 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ